2014
Мормоны Ном, Израилын цугларалт ба Хоёр дахь ирэлт
долоодугаар 2014


Мормоны Ном, Израилын цугларалт ба Хоёр дахь ирэлт

2013 оны 6-р сарын 26-нд Провогийн Номлогчийг бэлтгэх төвд болсон номлолын шинэ ерөнхийлөгчдөд зориулсан сургалт дээр хэлсэн үгээс авав.

Зураг
Ахлагч Рассэлл М. Нэлсон

Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилыг цуглуулж эхэлснийг болон Абрахам, Исаак, Иаков нарт өгсөн амлалтаа биелүүлж байгаагаа дэлхий дахинд нотлон харуулж буй бодит тэмдэг юм.

Зураг
Large group of sister missionaries standing on stairs holding up signs showing what language they speak.

Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж номын 5-р бүлэг бүхэлдээ Мормоны Номонд зориулагдсан байдаг. Энэ бүлэгт Мормоны Номын талаар дараах зүйлүүдийг заадаг. Мормоны Ном нь:

  • Манай шашны тулгуур чулуу.

  • Есүс Христийг гэрчилдэг.

  • Библийг дэмждэг.

  • Бидний санаа бодлын гүн дэх зүрх сэтгэлийн асуултуудад хариулдаг.

  • Хүмүүсийг Бурханд илүү ойртуулдаг.

Эдгээр мэдэгдэл нь туйлын үнэн боловч бүгд мөнх бус хүмүүс бидний үзэл бодлоос үүдэлтэй юм. Тэнгэр дэх Эцэг, Түүний Хайртай Хүү Есүс Христ хоёр Мормоны Номын талаар ямар үзэл баримтлалтай юм бол?

Тэдний үзэл баримтлалд эрт дээр үед бүх хүн төрөлхтөнд өгсөн хоёр амлалт нөлөөлсөн нь дамжиггүй. Хоорондоо холбоотой, баримт нотолгоотой, хүчин төгөлдөр хэвээр байгаа энэхүү хоёр амлалт хожмын нэгэн өдөр гүйцэлдэх болно. Эхнийх нь тараагдсан Израилыг цуглуулах Тэдний эртний амлалт билээ. Хоёр дахь нь Тэдний удаан хүлээж буй амлалт болох Их Эзэний Хоёр дахь ирэлт юм.

Абрахамын гэрээ ба Израилын угсаа

Абрахамын эрин үед Бурхан Абрахамын үр удмаар дамжуулан бүх үндэстэн адислагдах болно гэсэн гэрээг Абрахам эцэгтэй хийсэн билээ. Энэхүү амлалтын бусад чухал бүрэлдэхүүн хэсгүүд мөн өгөгдсөн юм. Анх Абрахамд өгөгдсөн эдгээр амлалт хожим нь Исаак, Иаков хоёрт мөн дахин баталгаажсан билээ:

  • Тоо томшгүй үр удам.1

  • Tодорхой нутгийг өвлөх амлалт.2

  • Абрахамын үр удам санваарыг бүх үндэстэнд хүргэснээр бүх хүн Абрахамын удам угсаагаар дамжуулан адислагдаж болно.3

  • Абрахамын шууд удам биш боловч сайн мэдээг хүлээн авсан хүмүүс үрчлэлтээр дамжуулан Абрахамын үр удам болдог.4

  • Дэлхийн Аврагч Абрахамын үр удмаар дамжин ирнэ.5

Эртний Израилын овгууд болох Абрахамын үр удмынхнаас олон нь аажимдаа Их Эзэний заасан зүйлсийг эсэргүүцэж, бошиглогчдыг хөнөөсөн юм. Арван овог Ассирт боолчлолд аваачигдсан билээ. Тэр цагаас хойш тэд хүн төрөлхтний цэдгүүдээс алдагдсан ч Их Эзэний хувьд алдагдаагүй юм. Хоёр овог богино хугацаагаар оршин тогтнож байсан ч эсэргүүцлийнхээ улмаас Вавилонд боолчлолд аваачигдсан билээ. Тэд эргэж ирэх үедээ Их Эзэний ивээлд байсан ч Түүнийг дахин эсэргүүцсэн юм!

Израилын тараагдалт ба цугларалт

Хайраар дүүрэн хэдий ч харамсан гашуудсан Эцэг Израилыг газар сайгүй тараасан ч нэгэн цагт тараагдсан Израил сүрэгтээ буцаан цуглуулагдах болно хэмээн амласан юм. Энэхүү амлалт нь Израилыг тараах амлалттай адил тов тодорхой байлаа.6 Жишээ нь, Их Эзэн хожмын өдрүүдэд энэхүү “тараагдсан мөн гөжүүд” хүмүүс рүү “шуурхай элч нарыг” (Исаиа 18:2, 7) илгээх болно гэдгийг Исаиа угтан харсан юм.

Бошиглогдсоны дагуу бүх зүйл энэ эрин үед сэргээгдэх ёстой байлаа. Тиймээс, тараагдсан Израилын удаан хүлээгдсэн цугларалт нь сэргээлтийн нэг хэсэг болж ирэх ёстой.7 Израилын цугларалт нь хоёр дахь амлалттай харилцан холбоотой юм. Учир нь цугларалт бол Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх зайлшгүй шаардлагатай удиртгал мөн.8 Тэнгэрлэг үзэл баримтлал ямагт тодорхой байдаг нь ахин харагдаж байна.

Цугларалттай холбоотой энэхүү үзэл баримтлал нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн заадаг хамгийн чухал зүйлсийн нэг мөн. Их Эзэн “би та нарт нэгэн тэмдэг өгье-үүнд би өөрийн хүмүүсийг, Ай Израилын угсааг удаан хугацааны тараагдалтаас нь дотогш цуглуулах болно, мөн тэдний дунд өөрийн Сионыг дахин байгуулах болно” (3 Нифай 21:1) хэмээн тунхаглажээ.

Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилыг цуглуулж эхэлснийг болон Абрахам, Исаак, Иаков нарт өгсөн амлалтаа биелүүлж байгааг дэлхий дахинд нотлон харуулж буй бодит тэмдэг мөн.9 Бид энэхүү үзэл баримтлалыг заагаад зогсохгүй бас үүнд оролцдог билээ! Бид Их Эзэний сонгомол хүмүүсийг хөшигний хоёр талаас цуглуулахад туслах замаар үүнийг хийдэг.

“Христэд ирэх” (Иаков 1:7)10 урилга нь сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүст ч боломжтой гэдэг нь үнэхээр нигүүлсэнгүй хэрэг юм.11 Хөшигний нөгөө талд буй хүмүүсийн өмнөөс хийгдэх бэлтгэлийн нэг хэсэг нь хөшигний наана амьдардаг хүмүүсийн зүгээс хүчин чармайлт шаарддаг. Бид угийн бичгээ хөтлөн цуглуулж, гэр бүлийн хуудсуудаа бэлтгэн, нас барагсдын өмнөөс ариун сүмийн ажил хийснээр хувь хүмүүсийг Их Эзэнд болон гэр бүлүүдэд нь цуглуулдаг.12

Цаг хугацааны бүрэн байдлын энэ эрин үе нь тэнгэр, газрын аль алинд нь цуглуулах цаг үе байх болно гэдгийг Бурхан угтан харсан юм. Төлөөлөгч Петр хэсэг хугацааны урвалтын дараа сэргээлт ирнэ гэдгийг мэдэж байжээ. Тэрээр:

“Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд; …

“Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм” хэмээн тунхаглажээ (Үйлс 3:19, 21).

Бидний үед Петр, Иаков, Иохан нарт “[Түүний] хаант улсын түлхүүрүүдийг, мөн эцсийн үеүдэд зориулсан сайн мэдээний эрин үеийг … цаг хугацааны бүрэн байдлын тулд” Их Эзэнээр илгээгдсэн бөгөөд үүнд Тэрээр “тэнгэр дэх, мөн дэлхий дээрх аль алиныг … цуглуулах… юм” (С ба Г 27:13).13

Абрахамын гэрээний олон хэсэг аль хэдийн гүйцэлдсэн юм. Дэлхийн Аврагч үнэхээр Абрахамын үр удам болох Иаковын хүү Иудагаар дамжин ирсэн билээ. Өвлөх нутаг урт хугацааны өмнө хуваарилагдсан ажээ. Библийн ХҮГ хувилбарын газрын зураг дээр овгуудын өвлөж авсан нутаг нь Реубен, Симеон, Иуда, Иссахар, Зебулун, Дан, Нафтали, Гад, Ашер, Бениамин ба Иосефын (түүний хөвгүүд болох Ефраим ба Maнассегийн хооронд хуваагдсан) үр удмуудын дунд хэрхэн хуваагдсаныг харуулдаг.14 Ариун нутаг дахь Иосефын өвийн нутгаас гадна Америк тив нь Иосефын үлдэгдэлд зориулан хадгалагдсан нутаг гэдгийг бид Мормоны Номоос мэддэг билээ.15

Абрахам, Исаак, Иаковын үр удмаар дамжуулан бүх үндэстэн адислагдах агуу амлалт хожмын нэгэн цагт биелэгдэх болно. Гэхдээ Израилыг тараах бошиглол баттай байсантай адил бүх сударт гардаг цугларалтын тухай амлалт мөн биелэх болно.16

Зураг
Church members and missionaries of the Abuakwa Branch in Africa.

Цугларалт Хоёр дахь ирэлтийн урьдал болох нь

Энэхүү цуглуулах амлалт яагаад туйлын чухал вэ? Учир нь Израилын цугларалт дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд шаардлагатай юм! Мормоны Ном бол эдгээр бурханлаг зорилгыг хоёуланг гүйцэлдүүлэхэд шаардлагатай Бурханы зэмсэг юм.17

Мормоны Ном бол бүх дэлхийд өгч буй Бурханы бэлэг мөн. Энэ нь Их Эзэний үнэн хэмээн гэрчилсэн цорын ганц ном билээ.18 Энэ нь Нифай, Иаков, Мормон, Моронай нараас болон сүнслэгээр нөлөөлөгдөж мөн егүүтгэгдсэн орчуулагч, бошиглогч Иосеф Смитээс ирсэн бэлэг мөн. Мормоны Ном Израилын угсааны үлдэгдэл рүү зориуд хандсан байдаг.19

Хоёр дахь ирэлтийн тухайд бид энэ нь “эдүгээ тэдгээр нь ойрхон байна, мөн ирэх цагт” (С ба Г 63:53) гэдгийг мэддэг. Аврагч дахин ирэхэд энэ нь нууц биш байх болно.20 Энэ хооронд Израилыг цуглуулж, дэлхийг алдар суут Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд хийгдэх ёстой ажил их байна.

Энэ эрин үе дэх Израилын цугларалт

Бид Мормоны Номын ачаар цугларалтын энэхүү амлалт хэзээ тохиохыг мэддэг: “Иймийн тул, бидний эцэг зөвхөн бидний үр удмын тухай бус, харин эцсийн өдрүүдэд биелэгдэх ёстой гэрээг дурдан, бүх Израилын угсааны тухай түүнчлэн ярьсан бөлгөө; Их Эзэнээс бидний эцэг Абрахамтай хийсэн, чиний үр удмаар газар дэлхийн бүх үндэстэн адислагдах болно хэмээн өгүүлэх тэрхүү гэрээ буюу” (1 Нифай 15:18; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Есүсийг Бетлехемд мэндлэхээс зургаан зуун жилийн өмнө бошиглогчид Израилын цугларалт “хожмын өдрүүдэд” тохиох болно гэдгийг мэдэж байсан юм.

Абрахам хэмээх хүндтэй нэр нь хожмын үеийн гэгээнтнүүдэд чухал юм. Сүмийн гишүүн бүр Абрахамтай холбогддог.21 Их Эзэн өнөө үед бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Абрахамын гэрээг дахин баталгаажуулсан билээ.22 Бид ариун сүмд Абрахам, Исаак, Иаковын үр садад амлагдсан хамгийн агуу, хамгийн дээд адислалуудыг хүлээн авдаг.23

Бид энэхүү тэнгэрлэг үзэл баримтлалыг олж авах хэрэгтэй. Бид Абрахамын гэрээний тухай мэдэж, Израилын амлагдсан цугларалтыг тохиолгон авчрахад туслах үүрэг хариуцлагаа ойлгох хэрэгтэй. Яагаад бид патриархын адислал хүлээн авах онцгой боломжтой байдгаа мөн эртний патриархуудтай юуны учир холбоотой байдгаа мэдэх хэрэгтэй. Реубенийг өв залгамжлах эрхээ алдсаны дараа Иаковын хүү Иосеф өв залгамжлагч болсныг бид мэддэг байх хэрэгтэй.24 Иосеф болон түүний 2 хүү Ефраим, Манассе нар Израилын цугларалтад удирдах үүрэг бүхий үр удам нь болсон юм.25 Харин бусад овог тэднийг дагах болсон билээ.

Их Эзэний сэргээгдсэн сүмд үнэ цэнэтэй санваарын түлхүүрүүдийг авчирсан тэнгэрлэг элчүүдийн тухай бодоод үз дээ. 1836 оны 4-р сарын 3-нд Их Эзэн Көртландийн ариун сүмийг хүлээн авсны дараа Мосе ирж, “Израилыг цуглуулах түлхүүрүүдийг” сэргээсэн юм (С ба Г 110:11). Дараа нь “Елиас хүрч ирэн, мөн бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлэн Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав” (С ба Г 110:12). Ийнхүү Абрахамын гэрээ сэргээлтийн нэг хэсэг болж, дахин шинэчлэгдсэн билээ! Дараа нь Елиа Малахийн бошиглосон лацдах эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээсэн.26 Эдгээр түлхүүр нь цугларсан Израилын гэр бүлүүдийг лацдан холбосон бөгөөд тэд бүх адислалаас хамгийн агуу нь болох мөнх амьдралыг хүлээн авахад зайлшгүй шаардлагатай юм.

Эцэг, Хүү хоёрын Мормоны Номын талаарх үзэл баримтлал юу вэ? Тэд үүнийг Иосеф Смитийн бошиглолын суу билгээр ирсэн дуудлагын нотолгоо хэмээн үздэг. Мөн Тэд үүнийг хүмүүс Есүс Христийн тухай илүү ихийг мэдэж, Түүний сайн мэдээнд итгэн, Түүний сүмд нэгдэхэд туслах зэмсэг хэмээн үздэг. Тэд үүнийг Библи дэх Израилын угсааг болон бидний хоорондын холбоог тодруулж өгдөг бичээс хэмээн үздэг. Мормоны Ном цугларалтын эхлэлийг тунхагладаг27 бөгөөд энэхүү цугларалтыг тохиолгон авчрах Бурханы зэмсэг мөн. Мормоны Номгүйгээр Израилын цугларалт тохиохгүй байх байсан.28

Мормоны Ном сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг. Мормоны Ном байхгүй байсан бол бид Есүс Христийн Цагаатгалын талаар маш бага зүйл мэдэж авах байсан.29 Мормоны Ном Цагаатгалын тухай заадаг учраас энэ нь бидэнд наманчлах, ариун нандин гэрээнүүд хийх болон тэдгээрийг сахихад мөн авралын болон өргөмжлөлийн ёслолуудын ач тусыг хүртэхэд тусалдаг. Энэ ном мөнх амьдралд тэнцэх боломжийг бидэнд олгож, ариун сүм рүү хөтлөн удирддаг.

Бид дэлхий дээр хийдэг бүх зүйлдээ энэхүү тэнгэрлэг үзэл баримтлалтай байж чадна. Энэхүү үзэл баримтлалыг ойлгосноор бид номлогчийн ажил нь Израилын цугларалтад нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг олж мэддэг. Манай номлогчид олон үндэстний дотроос тараагдсан Израилын хүмүүсийг эрж хайдаг.

Зөв шударга гэгээнтнүүд цугларсан газар бүрд Сион оршиж байдаг.30 Газар нутгийн байршлаас үл хамааран хэвлэл материал, харилцаа холбоо, цуглаанууд нь сүмийн бараг бүх гишүүнд сургаал, түлхүүр, ёслолууд ба сайн мэдээний адислалуудыг хүлээн авах боломж олгодог.31

Газар бүрийн гэгээнтнүүд Их Эзэний адислалуудыг хүртэх адил тэгш эрхтэй. Сүнслэг аюулгүй байдал нь бидний хаана амьдарч байгаагаас биш харин хэрхэн амьдарч байгаагаас шалтгаалдаг.

Израилын цугларалт нь төгсгөл биш юм. Энэ бол эхлэл. Бидний тэвчиж хүрэх ёстой төгсгөл нь ариун сүмийн хишиг болон лацдан холбох ёслолуудыг багтаадаг. Энэ нь бид удам угсаагаараа эсвэл үрчлүүлэх замаар Бурхантай гэрээний харилцаанд орж, Түүнтэй болон гэр бүлийнхэнтэйгээ үүрд мөнхөд хамт байх алхмыг багтаадаг. Энэ бол Бурханы алдар суу—Түүний хүүхдүүдийн мөнх амьдрал мөн.32

Хайраар дүүрэн бидний Тэнгэр дэх Эцэг хүүхдүүдээ албадлагаар бус харин хувийн сонголт болон хувийн бэлтгэлээр дамжуулан Өөртөө эргэж ирээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг. Мөн Тэрээр тэднийг мөнхийн гэр бүлүүд болж, лацдан холбогдоосой хэмээн хүсдэг.

Энэ бол бидний Тэнгэрлэг Эцэгийн үзэл баримтлал. Энэ бол Хайртай Хүүгийн үзэл бодол. Энэ нь мөн бидний үзэл баримтлал байж чадна.