2014
Бидний орон зай
долоодугаар 2014


Бидний орон зай

Өвөөгийнхөө төлөө хийсэн баптисм

Өсвөр үеийнхний удирдагчид маань ариун сүмд очихоор төлөвлөсөнд би талархалтай байна. Бид Самоагийн Апиа руу явах аялалдаа бэлдэж байхдаа энэ ховор боломжийн төлөө баяртай байсан. Сүнсний дэлхийд байгаа нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхээр бид ариун сүм рүү баяр хөөртэй явцгаасан. Тэд биднийг гэр бүлийн түүхээ олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ажлыг хийгээсэй гэж хүлээж байсан юм.

Баптисмын үеэр манай бүлгийн нэг залуу эрэгтэй миний өвөө Фаатага Агавалэгийн өмнөөс баптисм хүртэхийг би харсан. Нүдэнд минь баярын нулимс цийлэгнэж, түүний сүнс тэнд байгаа гэдгийг би мэдэрч байлаа. Бид ариун сүмд түүний өмнөөс ажил хийх боломжтой байсандаа би маш их баярласан.

Самао, Саини Агавалэ

Найзаас минь ирсэн чухал мэдээлэл

Өсвөр насандаа би сүмд явах дургүй байсан учраас Библи эсвэл Бурханы талаар ихийг мэддэггүй байсан бөгөөд мэдэхийг ч хүсээгүй юм. Намайг 17 настай байхад нэг найз маань өөрийгөө Мормон гэж надад хэлсэн. Мормон гэж юу байдаг талаар ямар ч ойлголт надад тэр үед байгаагүй. Би найздаа “Хэрэв би тэр сүмийн талаар ямар нэг зүйл мэдэхийг хүсвэл өөрөө олоод авчихна” гэж хэлсэн юм.

Намайг шашны талаар тийм ч их анхаарал хандуулахгүй байгааг хараад тэр надад Мормоны Ном өгч, үүнийг уншаад энэ талаар залбирахыг хүслээ. Тэр намайг хүчлээгүй. Орой нь би уг номыг нээгээд урд талд нь бичсэн түүний гэрчлэлийг олж харлаа. Түүний гэрчлэлийг унштал Мормоны Номын талаар би илүү ихийг мэдэх ёстой гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Тэгээд би 1 Нифайг уншиж эхлэв. Би номыг гараасаа ч салгаж чадахгүй уншлаа. Би илүү ихийг мэдэх хэрэгтэй байв.

Нэг гэр бүлийн үдэш дээр түүний гэр бүл надад Есүс Христийн сайн мэдээний талаар заасан юм. Бүх зүйл ойлгомжтой байлаа. Удалгүй би номлогчдоор заалгаж, баптисм хүртэн, Их Эзэний үнэн сүмийн гишүүнээр батлагдсан. Сайн мэдээ надад өөрийгөө хэн болохыг, хаанаас ирснийг мөн би итгэлтэй байж чадвал хаана очиж болохыгоо мэдэхэд тусалсан.

Би энэ бүхнийг эргэж хараад Ариун Сүнс надад илүү ихийг мэдэхээр хүсэхэд тусалсан гэдгийг ойлгодог. Би илүү ихийг сурах тусам сүм болон Бурханы талаарх миний хандлага өөрчлөгдсөн. Амьдралдаа анх удаа би Түүний намайг хийгээсэй гэж хүссэн зүйлийг хийхийг хүссэн.

Мормоны Ном миний амьдралыг өөрчилсөн ба үүнийг надтай хуваалцсан найздаа би талархаж байна. Жинхэнэ найз л иймэрхүү чухал мэдээллийг хуваалцдаг билээ.

АНУ, Огайо, Майкл П.