2014
Ажил хөдөлмөр—хэнд хэрэгтэй вэ?
долоодугаар 2014


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Ажил хөдөлмөрхэнд хэрэгтэй вэ?

Зураг
Рандалл Л. Ридд

Ажил нь үргэлж сонирхолтой биш байж болно, гэвч энэ нь та нарыг ямар их аз жаргалтай, сайн сайхан мэдрэмжтэй болгодгийг мэдээд та нар гайхаж магадгүй.

Зураг
Man and boy pouring concrete.

Зураг чимэглэлийг Брайн Кол

Би өсвөр насандаа бусдын адил тоглож, хөгжилдөх дуртай байсан. 16 нас хүрсэн үедээ би гадуур болзоонд явж, найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай байлаа. Эдгээр үйл ажиллагаа надад ажлаас илүү таалагддаг байв.

Гэхдээ та нарын олонхтой адил би ажилтай байсан. Аав минь барилгын салбарт ажиллаж, байшин барьдаг байсан ба гурван ахыг минь болон намайг байнга ажиллуулдаг байсан юм. Энэ ажил их халуун бөгөөд бас их хүч шаарддаг байв. Заримдаа би үнэхээр ажиллах хүсэлгүй болдог байсан. Гэвч бидэнд ажлын хуваарь болон дуусгах ёстой төслүүд байсан учраас бид өдөр бүр ажлаа дуусгах хүртлээ шаргуу ажилладаг байв. Би тухайн үедээ анзаараагүй боловч гэр бүлийнхэнтэйгээ хамт ажилласнаар надад нэлээн их зүйл зааж сургасан байв.

Сайн хийсэн ажлаас сэтгэл хангалуун болдог

Байшин барих нь маш их цаг, хүч чармайлт, нарийн тооцоо шаарддаг. Байшингийн суурь ухах ажлыг би тийм их нарийвчлалтай хийх ёстой гэж боддоггүй байлаа. Харин аав минь үүнд өөрөөр ханддаг байсан юм.

Байшингийн суурийг тавихын тулд эхлээд газраа ухаж, дараа нь цемент цутгах ёстой. Суурь нь зузаан цемент байдаг бөгөөд байшингаас өргөн байдаг. Сууриа цутгасны дараа үүнийхээ дээр дахин суурь хийдэг. Тэгээд үүнийгээ дахин шороогоор булна.

Суурийг заавал дөрвөлжин тавих ёстой эсэх дээр би олонтоо эргэлздэг байсан. Үүнийг шороогоор булсан учраас хэн ч үүнийг харахгүй бөгөөд энэ нь байшингийн бат бөх байдлыг сулруулахгүй гэж би боддог байв. Гэвч аав минь энэ суурийг дөрвөлжин, тэгшхэн байлгахыг хүсэж, хэмжээг маш анхааралтай, зөв авдаг байсан бөгөөд байшин барих болгондоо ингэж нарийн хэмжилт хийдэг байсан юм.

Эргээд бодоход аав минь хийж буй бүх зүйлдээ, тэр ч байтугай байшингийн эзний хэзээ ч анзаарахгүй зүйлд ч мөн ийм байдлаар ханддаг байсныг би ойлгодог. Тэр жижиг зүйлүүдэд ч онцгой анхаарал тавьдаг байсан учраас түүний хийсэн ажилд бусад хүн итгэдэг байсан бөгөөд хийсэн ажил нь хамгийн сайн чанартай байвал захиалагчид үүнд талархана гэж сэтгэл хангалуун байдаг байсан.

Зарим тохиолдолд хийх хэрэгтэй ажлаа хэр сайн хийснийг тань Их Эзэнээс өөр хүн мэдэхгүй ч байж болно. Гэвч Их Эзэн та нарын хичээл зүтгэлийг мэддэг нь тодорхой юм. Та нар хамгийн сайнаараа хийх үедээ өөрсдийнхөө талаар сайхан сэтгэгдэлтэй байж, үнэнч шударга зан, бие даах чадвар болон хэрэгтэй ур чадваруудыг хөгжүүлсэндээ баярлах болно.

Та нар туршлагаараа дамжуулан Их Эзэний: “Хүн юу тарьснаа л хурааж авдаг” хэмээх ургац хураалтын хуулиас суралцах болно (Галат 6:7; түүнчлэн С ба Г 130:20–21-ийг үзнэ үү).

Хандлага бүх зүйлд нөлөөлдөг

Халуунд удаан хугацаагаар суурийн нүх ухах нь хэцүү бөгөөд би үүн дээр үргэлж сайн ханддаг байгаагүй гэдгээ хүлээж байна. Намайг ажлын талаар гомдоллож байхыг харах бүрдээ ээж минь “Болгоомжтой байгаарай. Чи адислалаа алдаж магадгүй шүү, чи тэртээ тэргүй ажиллах хэрэгтэй!” гэж хэлдэг байв (С ба Г 58: 28–29-ийг үзнэ үү.) Ээжийн минь зөв байлаа. Гомдоллосноор ажил хэзээ ч дуусдаггүй бөгөөд энэ нь сэтгэл хангалуун байдлыг болон ажил хийснээр ирдэг олон адислалыг холдуулдаг.

Ээжийнхээ үгийг дагаж, ажлаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр хийхэд цаг илүү хурдан өнгөрч, ажил ч илүү сайн үр дүнтэй болж, гомдоллодог үеийнхээсээ хавьгүй илүү аз жаргалтай болдгийг би олж мэдсэн юм. Хандлага бүх зүйлд нөлөөлдөг.

Хамгийн чухал ажил бол Бурханы ажил

Номлолд үйлчлэх нь миний хувьд чухал туршлага болсон юм. Би ямар ч ажил Тэнгэрлэг Эцэгийн ажлаас илүү чухал биш гэдгийг ойлгосон билээ. Энэ ажил Түүний хүүхдүүд болох бидний амьдралыг: “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” хэмээн адисалдаг (Moсе 1:39).

Та нар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислах Түүний ажилд оролцсоноор Алмагийн адил “бодгалиудыг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь … [та нарын] баясал” (Aлма 29:9) гэдгийг олж мэдэх болно.

Урилга

Тэгвэл ажил хөдөлмөр хэнд хэрэгтэй вэ? Бид бүгдэд! Ажил хөдөлмөр бол энэ амьдрал дахь бие даасан байдал, амжилт бүтээл, баяр баясгалангийн эх ундарга мөн. Таныг ажлаа урам зоригтой, ханцуй шамлан хийхэд эргэн тойрны тань бүх хүн арвин ургац хурааж авна. Учир нь та үрийг нь суулгасан шүү дээ.

Та нар долоо хоногийн турш ажиллах үедээ миний мэдэж авсан сургамжийн талаар бодож, туршиж үзэхийг би та нараас хүсч байна. Тухайлбал дараагийн удаа ямар нэг ажил аваад үүнийгээ хамгийн сайнаар, баяр хөөртэй хийгээд юу болохыг нь хараарай. Энэ нь та нарыг ямар их аз жаргалтай, сайхан мэдрэмжтэй болгосонд та бүхэн гайхаж магадгүй.