2016
Итгэл, эрх чөлөөний төлөө оргон гарсан нь
2016 оны арванхоёрдугаар сар


Итгэл, эрх чөлөөний төлөө оргон гарсан нь

Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

Эцэг эх маань шашны эрх чөлөөг эрэлхийлж байхдаа тэднийг хүрээлэн байсан Чехословак, Канадын хожмын үеийн гэгээнтнүүдийн сайхан сэтгэл, найрсаг хүлээн авалтаар адислагдсан юм.

Зураг
fleeing the country at nighttime

Миний эцэг эх сайн мэдээний дагуу амьдрахын тулд хэрхэн золиослол гаргасан мөн гаргасан хичээл зүтгэлийнхээ хариуд хэрхэн адислагдсан тухай түүхийг би ах дүү нартайгаа хамт сонсож өссөн. Би тэдний болон чех хожмын үеийн гэгээнтнүүдийн үр удамдаа сайн мэдээний адислалыг өгөхийн тулд хийсэн бүх зүйлд гүнээ талархах болсон билээ.

Ээж маань Чехословакийн (одоогийн Словак улс) Попрад хотод төрсөн. Түүний аав Дэлхийн хоёрдугаар дайны үед Чехийн армид алба хааж байсан бөгөөд тэднийх холгүй орших ой мод руу орж нуугдан, германы түрэмгийлэгчдээс зугтсан цэргийн олон гэр бүлийн нэг байв. Өвөө, эмээ хоёр маань тухайн үед тав ба нэг настай байсан ээж, ээжийн эмэгтэй дүү хоёртой хамт таван өдрийг хөнжил нөмрөн, нормын ёотон идэж өнгөрүүлсэн гэдэг.

Эмээ, өвөө маань Сүмийн гишүүд байгаагүй бөгөөд үргэлж залбирдаггүй байв. Гэхдээ тэр хүнд хэцүү цаг үед тэдний зүрх сэтгэл зөөлөрсөн юм. Эмээ маань тэмдэглэлийн дэвтэр дээрээ: “Тэр шөнө надад өвдөг сөгдөн сууж, дээд тэнгэрээс тусламж гуйх хүсэл төрж билээ. Тэгээд би зайдуухан ой руу очоод, өвдөг сөгдөн сууж, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр залбирсан. Би тусламж хүсэн гуйсан” гэж бичсэн байдаг.

Түүний залбирал хариулагдсан. Зарим гэр бүлийг олж устгасан бол өвөө, эмээ хоёр маань хоёр охинтойгоо гайхалтайгаар амьд үлдсэн юм. Энэхүү хэцүү бэрх үйл явдлаар дамжуулан Их Эзэн итгэл, найдварын үрийг өвөө, эмээгийн маань зүрх сэтгэлд суулгажээ.

Итгэл болон хавчлага

Дэлхийн хоёрдугаар дайн өнгөрснөөс хэдэн жилийн дараа өвөө, эмээ хоёр Чехословакт амьдарч байсан бөгөөд нэг өдөр хоёр залуу номлогч үүдийг нь тогшсон байна. Тэд жижигхэн салбарт очиж, хичээл заалгасныхаа дараа сайн мэдээ үнэн гэсэн гэрчлэл хүлээн авч, баптисм хүртэхээр шийджээ. Харин баптисмын ярилцлага хийх орой номлогчид, Сүмийн удирдагчийн аль нь ч ирсэнгүй. Салбарын дараагийн цуглаанаар бүх номлогч улс төрийн эргэлт гарсны улмаас тухайн улс орныг орхин гарах шаардлагатай болсон талаар тэд олж мэдэв. Мөн тэр явдлаас хойш шашны эрх чөлөө хаагдсан байна. Гэсэн хэдий ч тухайн орон нутагт оршин сууж байсан цөөн тооны гэгээнтний бүлгийг орон нутгийн удирдлага, санваарын түлхүүрээр удирдах болжээ. Өвөө, эмээ хоёр нагац эгчтэй маань хамт 1950 онд нууцаар баптисм хүртсэн юм.

Дараагийн хэдэн жилийн туршид эмээ, ээж (өсвөр насанд хүрсэн) гээд салбарын гишүүдийг үе үе шашны зан үйлийнх нь талаар байцаахаар цагдаагийн нууц албаныхан баривчлах болов. Нэг удаа эмээг таван цагийн турш ширүүн байцаасан гэдэг. Байцааж байсан хүмүүс хүүхдүүддээ шашны сургаал заасан гэдгийг нь олж мэдэх л юм бол таван жил шоронд хорино гэж түүнд хэлсэн байна.

Эмээ: “Би тайван байх гэж хичээн, ‘Хүүхдүүддээ шашны сургаал заах нь буруу гэж бодож байвал намайг шорондоо хий’ гэж хэлэхэд тэд юу ч гэж хариулаагүй. Тэр үеэс хойш тэд намайг дахин дахин дуудах болсон. Тэд Сүмийн эсрэг зүйл ярьж, итгэлээс маань урвуулах гэж оролдох болсон. Үнэн Сүм үргэлж хавчигддаг байсан учраас намайг гаргах гэж оролдох тусам би Сүмээс улам бүр зууран барих болж билээ” гэж тэмдэглэлдээ бичжээ.

Ээж тэмдэглэл дээрээ: “Тэр хүнд хэцүү цаг үед гишүүд салбарын ерөнхийлөгчийн гэрт ням гарагт цуглардаг байлаа. Чанга дуулж болохгүй учраас бид шивнэж дуулдаг байв. Бид салбарынхаа ерөнхийлөгчийг шоронд оруулахыг хүсэхгүй шүү дээ. 18 жилийн турш бид энэ маягаар цугларан, бүгдээрээ хэзээ нэгэн цагт Хадат уул руу явж, [Солт Лэйк хотод] суурьшин амьдрах тухай мөрөөддөг байлаа” гэж бичсэн байдаг. Хэдийгээр тэр үед гэр бүлүүдэд улсаас гарах зөвшөөрлийн бичиг ховорхон олгодог байсан ч тэдний горьдлого тасраагүй л байв.

Ээж хорин нас хүрэхдээ Сүмийн гишүүнтэй гэрлэж, ямар нэгэн байдлаар ариун сүмд лацдан холбогдохыг хүсэж залбирдаг байлаа.

Шинэ амьдралыг олсон нь

Аав маань тариачдын тосгонд өссөн бөгөөд ээжтэй танилцах үед хотод амьдарч, сургуульд сурдаг байсан юм. Харин тэр үед ээж дуурийн дуучны мэргэжлээрээ ажлын гараагаа эхэлж байв. Тэд танилцан, ээж аавыг Сүмтэй танилцуулсан. Хэдийгээр аав баптисм хүртээгүй байсан ч аав, ээж хоёр 1967 оны 2-р сарын 18-нд гэрлэсэн юм.

Тэр жилийн сүүлээр миний ах төрж, тэд адислагдав. Төрөөд найман сар болсных нь дараа салбарынх нь ерөнхийлөгч гишүүдийг улс орноос гарч, эрх чөлөөтэй шүтэн бишрэх боломжтой газар руу явахад өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн илчлэлт хүлээн авчээ. 1968 оны 8-р сард оросууд Чехословак улс руу дайрч, хил хавийн газраар, улмаар улс орон даяар үймээн самуун дэгдэв. Дуулгавартайгаар бэлтгэлээ базаасан гишүүд Австрийн Вена хот руу оргон гарсан юм.

Эмээ маань аав, ээж хоёртой хамт улсаа орхин гарсан бөгөөд “Шөнө байрны бүх хүнийг унтсаны дараа бид гэр оронтойгоо салах ёс гүйцэтгээд, нялх хүүхэд уйлж магадгүй хэмээн болгоомжлон, чимээгүйхэн гарч одож билээ. Цагдаагийн нууц албанд ажилладаг тагнуулчид манай байранд амьдардаг байсан тул бид нууцаар зугтах хэрэгтэй байсан юм. Их Эзэн биднийг адисалж, бид ч оргон гарч чадсан билээ. Зугтаж байхдаа хэзээ ч эргэж ирэхгүй гэдгээ мэдэж байсан ч Венагаас цааш хаашаа явахаа бас л мэдэхгүй байв. Тухайн үед бид тэр талаар бодох ч сөхөөгүй байлаа” гэж бичсэн байдаг. Их Эзэнд итгэлтэй байснаар бидний авах адислалуудыг салбарын ерөнхийлөгчид илчилсэн байв.

Шинэ газар угтан авсан нь

Эмээ болон эцэг эх маань өөр хоёр гэр бүлийн хамт Вена дахь Бөклинштрасс сүмийн байранд сар гаруй амьдарсан байна. Тухайн сарын туршид аав маань номлогчийн хичээл авч, баптисм хүртсэн юм. Гурван гэр бүлээс олон хүн ажилд орж, Канадын Альберта, Калгари руу цагаачлах боломжтой болох хүртлээ цалингаа нийлүүлэн хадгалдаг байсан гэдэг. 1968 оны 11-р сарын 5-нд Калгарид цаг агаарын байдал муу байсан тул онгоц нь Эдмонтонд газарджээ.

Зураг
arriving in Canada

Элгэн садан, ёс заншил, эх нутгаасаа дайжин гарах нь томоохон золиослол байсан ч зовлон бэрхшээл дөнгөж эхэлж байлаа. Калгарид ганцхан чемодан, хүүхдийн цүнх, 32 канад доллартой буусан эцэг эхэд маань юм бүхэн хэрэгтэй байв.

Канадын гишүүд цаг алдалгүй гэр бүлд маань үйлчилж, өгөөмөр сэтгэл гарган унаагаар үйлчилж, хэрэгцээт зүйлсээ худалдан авах, хөлслөн суух байр олоход тусалсан. Ганцхан долоо хоногийн дотор эмээ, аав, ээж нар маань ор, ширээ сандал, буйдан, ор дэрний хэрэгсэл, аяга таваг болон шүүгээндээ идэх хоол ундтай болсон байлаа. Ээж маань тэмдэглэлийн дэвтэртээ гэв гэнэт тавилгатай болж, үйлчлэл хүлээн авах нь хэрхэн сэтгэлийг нь догдлуулан, гайхалтай сайхан байсан талаар бичсэн байдаг.

Маш их баярлан, талархахын зэрэгцээ тэдэнд өөр мэдрэмжүүд ч гэсэн төрж байсан юм. Соёлын ялгаа бодит зүйл байсан бөгөөд дасан зохицоход хэцүү байв. Калгарид амьдарсан эхний жил аав маань англи хэлний хичээлд сууж, гэр, ажил хоёрын хооронд алхах хэрэг гарч байжээ. Тэд гэр орноо тохинуулах гэж боломжтой бүхнийг хийж байсан ч ийм олон өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх хэцүү байлаа. Калгари дахь шинэ тойргийнх нь гишүүд хэл усаар ойлголцон, шинээр ирсэн гишүүддээ тус дэм болж чадсан юм. Ням гараг бүр гэрийнхэн маань гэрээгээ шинэчлэхээр ариун ёслолд очиж, англи хэл сурахад нь Сүнс тусална гэж найддаг байв.

Мөнхийн адислал

Таван гишүүнтэй гэр бүл маань 1976 оны 10-р сард Кардстон Альберта ариун сүмд хамтдаа лацдан холбогдсон. Ээж маань тэр өдрийг 20 жилийн тэртээгээс хүсэн хүлээж байсан бөгөөд залбирлынх нь хариуг өсвөр насандаа бодож ч байгаагүй улс оронд, харь хэлээр өгсөн юм. Би тэр үед найм хүрч байсан бөгөөд хүүхдүүд биднийг лацдан холбох өрөөнд орж ирэхэд гялалзсан нүдээр инээмсэглэн угтсан аав, ээжийн маань тухай сайхан дурсамж надад үлдсэн байдаг.

Эмээ тэр өдөр бас бидэнтэй цуг ариун сүмд байсан. Биднийг Кардстонд ирэхэд эмээ ариун сүмийн гэрлийг хараад, хэрхэн баярлаж байсан нь санаанаас ер гардаггүй. Олон жил өнгөрч, Калгари дахь ажлаасаа тэтгэвэрт гарсныхаа дараа эмээ Кардстон руу нүүж, ариун сүмд олон цагаар үйлчлэх болсон билээ. Эмээ маань бадралт бишгүүр хөгжим тоглож, бишрэл хүндэтгэлтэй байдал төрүүлэхэд тусалдаг байсан. Тэр эргэн тойрныхоо бүх хүнд сайхан сэтгэлээр хандаж, гэрчлэлээ болон Аврагчийг хайрлах хайраа илэрхийлдэг байв. Миний хувьд эмээ маань хүчирхэг хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйн үлгэр жишээ юм.

Манай гэр бүлийн анхдагчид болсон аав, ээж маань ажил мэргэжил, гэр бүлийн гишүүд, төрсөн нутаг, эд хөрөнгөө золиосолсонд би гүнээ талархдаг. Тухайн үед тэд олон зүйлээс татгалзсан мэт боловч сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарсных нь төлөө Их Эзэн тэднийг болон тэдний үр удмыг асар их адисалсан.