Наманчлалын бэлэг
    Footnotes

    Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

    Наманчлалын бэлэг

    Painting of Christ

    Beside Still Waters-ээс авав. Саймон Дьюий

    “Бидний үүрэг хариуцлага бол дундаж түвшнээс чадварлаг руу, бүтэлгүйтлээс амжилт өөд өгсөх явдал юм. Бидний үүрэг даалгавар бол өөрсдийгөө байж болох хамгийн сайн түвшинд аваачих явдал юм. Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг бол дахин оролдож үзэх баяр баясгалан билээ. Яагаад гэвэл, бүтэлгүйтэл бол төгсгөл биш” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон заасан.1

    Бид ихэнхдээ шинэ оны эхлэлийг зоримог шийдвэр, зорилго зорилттой холбож үздэг. Бид сайжран, өөрчлөгдөж, дахин оролдож үзэхээр шийддэг. Бидний дахин оролдоод үзэх хамгийн чухал арга зам бол ерөнхийлөгч Монсоны нэрлэснээр “наманчлалын бэлгийг”2 хүлээн авах явдал юм.

    Ерөнхийлөгч Монсон Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш бидэнд “нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүл”3 гэх зөвлөгөөг өгсөн билээ.

    Өршөөлийн гайхамшиг

    “Бид бүгдээрээ буруу сонголт хийж байсан. Хэрвээ бид эдгээр сонголтоо засаж залруулаагүй бол гарах арга зам бий хэмээн би та нарт амлаж байна. Энэ үйл явцыг наманчлал гэдэг. Би та нараас алдаагаа залруулахыг гуйж байна. Та нарт болон надад адислагдсан уг бэлгийг хүртээхийн тулд бидний Аврагч нас барсан билээ. Хэдийгээр зам нь хэцүү боловч ‘Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно.’ [Исаиа 1:18]. ‘Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй’ гэсэн амлалт бодит юм [С ба Г 58:42]. Мөнх амьдралаа бүү эрсдэлд оруул. Хэрвээ та нар нүгэл үйлдсэн бол үүнээсээ буцан, зөв зам дээрээ гарч ирснээр өршөөлийн гайхамшгаас ирэх амар амгалан, баяр баяслыг мэдрэх болно.”4

    Зам руугаа буцаж ор

    “Бид ухаалаг сонголт хийх шаардлагатай ч бидэнд ухаалаг бус сонголт хийх үе байдаг. Аврагчийн өгсөн наманчлалын бэлэг нь бидний эрэлхийлж буй селестиел алдар суу руу удирдах тэр зам дээр биднийг эргэн ирж болохын тулд амьдралаа засаж залруулах боломжийг олгодог.”5

    Буцах зам

    “Хэрэв та нарын зарим нь аян замдаа бүдрэн, алдаа гаргасан бол эргэж ирэх зам байгаа гэдгийг би батлан хэлж байна. Энэ үйл явцыг наманчлал гэж нэрлэдэг. Энэ зам хэцүү ч гэлээ, та нарын мөнхийн аврал үүнээс шалтгаалах болно. Үүнээс илүү үнэ цэнтэй зүйл байдаг гэж үү? Би та бүхнээс бүрэн наманчлахад шаардагдах алхмуудыг хийх шийдвэрийг яг энд, одоо гаргахыг гуйж байна. Та нар үүнийг хэдий чинээ хурдан хийнэ, Исаиагийн өгүүлсэн амар амгалан, нам тайван байдал, баталгааг төдий чинээ хурдан авах болно [Исаиа 1:18-ыг үзнэ үү].”6

    Хүмүүс өөрчлөгдөх боломжтой

    “Хүмүүс өөрчлөгдөж чадна гэдгийг бид байнга санаж явах хэрэгтэй. Тэд муу зуршлаа орхиж чадна. Тэд гэм нүглээ наманчилж чадна. Мөн тэд санваараа зохистой авч явж, Их Эзэнд хичээнгүйлэн үйлчилж чадна.”7

    Дахин цэвэр болох нь

    “Хэрвээ та нарын амьдралд ямар нэг буруу зүйл байгаа бол үүнээс гарах арга зам бий. Зөв шударга бус зүйлс хийхээ зогсоо. Бишоптойгоо ярилц. Ямар ч асуудлыг зөв зүйтэй наманчлалаар шийдвэрлэж болно. Та нар эргээд цэвэр болж чадна.”8

    Аврагчийн зайлшгүй чухал үүрэг

    “Бидний Аврагч, Есүс Христ [авралын] төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр бүх хүн төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан. Зүгээр л Түүнд болон Түүний номлолд итгэх нь хангалтгүй юм. Бид хөдөлмөрлөж, суралцаж, эрэлхийлж мөн залбирч, наманчилж, өсөж хөгжих хэрэгтэй. Бид Бурханы хуулиудыг мэдэж, тэдгээрийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид Түүний авралын ёслолуудыг хүлээн авах хэрэгтэй. Бид эдгээрийг хийснээр л жинхэнэ, мөнхийн аз жаргалыг олж авах болно.” 9

    Эшлэлүүд

    1. “The Will Within,” Ensign, 1987 оны 5-р сар, 68.

    2. “Сонголтууд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69.

    3. Moзая 4:2

    4. “Гурван сонголт,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72.

    5. “Сонголтууд,” 69.

    6. “Зарлигуудыг сахь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 70.

    7. “Бусдыг ирээдүйд ямар болсон байхаар нь харж сур,”2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80.

    8. “Санваарын хүч,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73.

    9. “Аз жаргалд хүргэх төгс зам,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69.