2020
Гэр бүлийн түүхээр дамжуулан тохинуулах нь
2020 оны 2-р сар


Тохинууллын зарчмууд, 2020 оны 2-р сар

Гэр бүлийн түүхээр дамжуулан тохинуулах нь

Зураг
ministering

Зураг чимэглэлийг Жошуа Деннис; арын дэвсгэр зураг болон гэрэл зургийг Getty Images-ээс авч ашиглав

Хэн нэгэнд гэр бүлийн түүхийн ажил хийхэд туслах нь тохинуулах хүчирхэг арга юм. Та бусад хүнтэй өөрсдийнх нь гэр бүлийн түүх болон мэдээллүүдийг хуваалцаж, тэднийг өвөг дээдэстэй нь холбож өгснөөр зүрх сэтгэлд нь байгаа гэдгийг өмнө мэдээгүй байсан орон зайг дүүргэж өгсөн байх болно (Малахи 4:5–6-г үзнэ үү).

Насан туршдаа Сүмийн гишүүн байсан эсвэл Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй гэдгээс үл хамааран, Бурханы хүүхэд бүр хаанаас ирсэн гэдгээ мэдэхийг хүсдэг.

Сэтгэлд гүн гүнзгий, удаан үргэлжлэх мэдрэмж төрүүлэхэд тэгтлээ удах шаардлагагүй байдаг гэдгийг дараах түүхүүд илэрхийлнэ.

9144 метрийн өндөрт гэр бүлээ олсон нь

Саяхан намайг гэр рүүгээ онгоцоор нисэж байхад, хажууд минь суусан зорчигч Стийв хувийнхаа түүхийн зарим хэсгээс хуваалцсан юм. Тэрээр ахлах сургуулиа төгссөний дараа АНУ-ын армид холбооны мэргэжилтнээр 18 настайдаа ажилд орсон бөгөөд удалгүй ерөнхийлөгчийн Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгчид харилцаа холбооны тал дээр дэмжлэг үзүүлэх ажил хийж эхэлсэн байна. 18-аас 26 хүртэлх насандаа тэрээр АНУ-ын хоёр ерөнхийлөгчид үйлчилжээ. Түүний түүхүүд гайхалтай байв!

Би түүнд “Стийв, чи энэ түүхүүдээ хойч үедээ зориулан бичиж үлдээх хэрэгтэй! Тэд эдгээр түүхийг чиний өнцгөөс өөрөөс чинь мэдэж авах ёстой” гэж хэлэв. Тэр зөвшөөрсөн юм.

Дараа нь Ариун Сүнс намайг түүнээс өвөг дээдсийнхээ тухай юу мэддэг талаар асуухад хөтөлсөн. Стийв ээжийнхээ талын түүхээс олон зүйл мэдэж байсан. Тухайлбал, түүний гэр бүл Абрахам Линкольныг 1860 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, хөдөө орон нутагт сурталчилгаа хийж байх үед нэгэн удаа түүнтэй хамт оройн хоол идсэн тухай түүх байв.

Харин аавынхаа талыг тийм ч сайн мэдэхгүй байлаа. Тэр илүү ихийг мэдэхийг хүсэж байв. Би гар утсаа гаргаж ирээд, FamilySearch аппликэйшныг нээлээ. “Стийв, бид таны гэр бүлийг яг одоо олж чадна!”

Би нислэгийн Wi-Fi сүлжээнд холбогдов. Бид хоёулаа харж болохын тулд гар утсаа урд талынхаа эвхдэг ширээн дээр тавилаа. Тэгээд бид FamilySearch дээр хайлт хийж эхлэв. Хэдхэн минутын дотор бид түүний элэнц өвөө, элэнц эмээ хоёрын гэрлэлтийн баталгааг олчихсон харж байв.

“Тийм ээ, тэд мөн байна” гэж тэр хэлэв. “Би элэнц эмээгийнхээ овгийг одоо саналаа!”

Бид хоёр хоёулаа их баяр хөөрийн сүнсэнд автлаа. Дараагийн 45 минутын туршид бид хоёр түүний сайн мэддэггүй байсан өвөг дээдсийнх нь хуудсыг нээхээр ажилласан юм. Колорадод хоёулаа үүнийг үргэлжлүүлж хийнэ шүү гэж амлахыг тэр надаас хүсэв. Онгоц газардах үед бид холбоо барих мэдээллээ солилцсон юм.

Бид 9145 метрийн өндөрт, миний гартай адил жижигхэн төхөөрөмжтэй агаарт нисэж байхдаа ч хүртэл түүний болон гэр бүлийнх нь хувьд мартагдсан байсан, 100 жилийн өмнө гэр бүл болсон эрэгтэй, эмэгтэй хүнийг хайсан юм. Итгэхийн аргагүй! Гэвч бид тэднийг олсон. Гэр бүлүүд холбогдсон. Түүхийг эргэн дурсаж, технологи болон хэрэгслүүдэд талархах мэдрэмж бидэнд төрсөн. Энэ бол гайхамшгаас дутахааргүй зүйл болсон юм.

Жонатан Петти, АНУ, Колорадо

Шинэ гэр бүлээр хүрээлүүлсэн нь

Мариа сүмд идэвхгүй болоод 20 гаруй жил болсон байлаа. Хэдхэн сарын өмнө бид түүнтэй хамт хоёр орчим цагийг гэртээ өнгөрүүлэхдээ, гэр бүлийнх нь талаар хүн амын тооллого болон бусад бүртгэлээс хайсан юм. Ингэх үеэр тэр “би гэр бүлийнхээ талаар хоёрхон цагийн дотор амьдралынхаа туршид мэддэггүй байсан зүйлсийг олж авлаа” гэж нулимс дуслуулан дуу алдсан билээ.

Бид хамтдаа цагийг өнгөрүүлээд, эцэст нь түүнд FamilyTree аппликэйшны Эргэн тойронд минь байгаа хамаатнууд гэсэн функцийг танилцуулав. Нөхөр бид хоёр хоёулаа Мариатай холын хамаатан болж таарсан. Тэр дахиад нулимс урсган, өөрийгөө ганцаараа гэж боддог байсан гэж хэлэв. Тэр ойр орчимд нь гэр бүлийнх нь гишүүд байдаг гэдгийг хэзээ ч мэддэггүй байжээ. Хэдэн долоо хоногийн дараа Мариа бишоптой маань уулзсан. Тэрээр одоо ариун сүмд орохоор бэлдэж байгаа бөгөөд манай тойрогт олон “шинэ” үеэлүүдтэйгээ танилцсан юм!

Кэрол Ринер Эвэрэтт, АНУ, Хойд Каролина

Тохинууллын жор

Миний тохинуулдаг эгч Ашли бид хоёр эмээ нараасаа авсан хоолны жорын номуудтай. Түүний ном элэнц эмээгээс нь дамжин ирсэн бол, харин би Грийнвүүд эмээгээ нас барах үед түүний жорын хайрцгийг өвлөн авахдаа жоруудыг нь цэгцлэн ном болгож авсан байдаг.

Ашли бид хоёр жорынхоо номнуудаас жор сонгон авч, ажлынхаа дараа нэг шөнө хамт туршиж үзэхээр уулзсан юм. Тэр маань амттаны жор сонгон авсан тул эхлээд бид энэ жорын дагуу хийгээд, шарах зуухандаа жигнэв. Би Грийнвүүдийнхний цугларалт болгон дээр заавал хийдэг дүрлэгийг хийхээр сонгосон байлаа. Ашлигийн охин Алис бидний хоолыг амтлан, бидэнд тусалж байлаа. Дараа нь Ашли бүх амттанг хүүхдүүд нь идэж дуусгахыг хүсээгүй тул заримыг нь авч, өөрийнхөө тохинуулдаг эгч нарт хүргэж өгөв.

Бидний жор туршсан энэ үдшийн хамгийн гоё зүйл нь хамтдаа хоол хийж, амттан жигнэнгээ тогтмол хийдэг тохинууллынхаа сэдвүүдийн талаар ярилцсан явдал байсан бөгөөд түүнд болон өөртөө тулгардаг бэрхшээлийн тухай ярилцах хамгийн сайхан байсан. Бид бас бидний сэтгэл зүрхэнд хамгийн дотно байдаг эмээ, ээжүүдийнхээ тухай ярилцсан юм.

Жэнифер Грийнвүүд, АНУ, Юта

Туслах тодорхой арга замууд

Өөр юу ч тус болохгүй гэж санагдах үед гэр бүлийн түүх нь тохинуулах боломжуудыг нээж өгдөг. Та дараах зарим санааг туршиж үзэж болно.

  • Гэр бүлийнхээ түүх бүхий дуу бичлэгүүдийг татаж, ялангуяа тохирох гэрэл зургийн хамт оруулахад нь тэдэнд тусал.

  • Сэнсэн хүснэгт эсвэл гэр бүлийн түүхийн бусад хэвлэж болохуйц баримт бичгүүдийг хэвлээд, бэлэг болгож өг.

  • Өөрсдөдөө тааламжтай аргаар өдрийн тэмдэглэлээ хөтөлж, түүхээ тэмдэглэн үлдээх талаар тэдэнд зааж өг. Дуу бичлэг, гэрэл зураг, видео бичлэгийн тэмдэглэл алийг нь ч ашиглаж болно. Өдрийн тэмдэглэлийг жишгийн дагуу бичих дургүй хүмүүст зориулсан өөр олон сонголт байдаг.

  • Ариун сүм рүү өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг үйлдэхээр цуг яв. Эсвэл тэдэнд хэтэрхий олон нэр байгаа бол гэр бүлийнх нь нэрсийг авч, өмнөөс нь ёслолуудыг гүйцэтгэж өгөхийг санал болго.

  • Гэр бүлийнхээ уламжлалыг хуваалцахын тулд хамт цуглар.

  • Гэр бүлийн түүхийн хичээлд хамт суу.