Хүүхдүүдэд заахад ашиглах нэмэлт эх сурвалж
Хавсралт А: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр насан туршдаа зогсоход бэлдэх нь—Эцэг эхчүүдэд зориулав


“Хавсралт А: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр насан туршдаа зогсоход бэлдэх нь—Эцэг эхчүүдэд зориулав.” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“Хавсралт A,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024

Хавсралт А

Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр насан туршдаа зогсоход бэлтгэх нь: Эцэг эхчүүдэд зориулав

Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг, танд итгэдэг, чадавхыг тань мэддэг тул хүүхдүүдээ Түүний гэрээний зам буюу мөнх амь руу хөтлөх замаар алхалж, өсөж хөгжихөд нь туслах боломжийг танд олгосон (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Үүнд баптисмын болон ариун сүмд байгуулдаг гэрээ гэх мэт ариун гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэхэд нь тэдэнд туслах явдал орно. Эдгээр гэрээгээр дамжуулан хүүхдүүд тань өөрсдийгөө Аврагч Есүс Христтэй холбох болно.

Гэрээний зам дээрх энэ аялалд хүүхдүүдээ бэлтгэх олон арга зам байдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэг тэдэнд туслах хамгийн сайн арга замыг олоход танд тусална. Сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхдээ, бүх суралцах үйл явц хуваарьт хичээлийн үеэр явагддаггүй гэдгийг санаж яв. Үнэндээ, гэртээ суралцах үйл явцыг маш хүчирхэг болгодог зүйлийн нэг хэсэг бол үлгэр жишээгээр мөн өдөр тутмын амьдралын явцад болж өнгөрдөг энгийн жижиг цаг мөчүүдээр дамжуулан суралцах боломж юм. Гэрээний замын талаар суралцах нь гэрээний замыг дагахтай адил насан турш үргэлжилдэг тууштай үйл явц билээ. (“Home and Family,” Teaching in the Savior’s Way [2022], 30–31-ийг үзнэ үү.)

Зураг
Ээж, хүүхэд хоёр

Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр аялахад бэлтгэх олон арга бий.

Цаашид сүнслэгээр өдөөх зарим санааг өгье. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Хавсралт Б: Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр насан туршдаа зогсоход бэлтгэх нь: Хүүхдийн хэсэгт зориулав”-аас авч болно.

Баптисм ба гишүүний баталгаа

Нифай гэрээний замд “[бидний] орох ёстой хаалга” нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой” (2 Нифай 31:17) хэмээн заасан. Хүүхдүүдээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь бэлтгэхэд туслахын тулд гаргасан таны хичээл зүтгэлийн ачаар тэд тэрхүү зам дээр хөлөө баттай тавих болно. Эдгээр хичээл зүтгэл нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлалын тухай заахаас эхэлдэг. Үүнд мөн хэрхэн долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр баптисмынхаа гэрээнүүдээ шинэчилдэг талаар заах орно.

Танд туслах хэдэн эх сурвалж бол 2 Нифай 31; баптисмын тухай Найз сэтгүүлийн тусгай дугаар зэрэг юм.

  • Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн үйл явдал тохиох бүрд үүнийгээ хүүхэдтэйгээ хуваалцаарай. Итгэл бол амьдралын туршид улам бүр хүчирхэгжиж байдаг зүйл гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Таны хүүхэд баптисм хүртэхээсээ өмнө Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Хүүхэд тань буруу сонголт хийвэл наманчлалын бэлгийн талаар баяртайяа ярьж өг. Мөн та буруу сонголт хийсэн үедээ наманчлахад ирдэг баяр баясгалангаа хуваалц. Есүс Христ бидний нүглийн улмаас зовж шаналж, амиа өгсөн тул бидэнд өөрчлөгдөх хүчийг өгсөн гэдгийг гэрчил. Хүүхэд тань уучлал хүсэх үед чөлөөтэй, баяр хөөртэйгөөр уучил.

  • Хүүхдэдээ баптисмынхаа тухай ярьж өг. Зургаа үзүүлж, дурсамжаа хуваалцаарай. Танд ямар мэдрэмж төрж байсан, баптисмын гэрээнүүд тань хэрхэн Есүс Христийг илүү сайн таньж мэдэхэд тусалсан мөн тэдгээр нь таны амьдралыг хэрхэн адисалсаар байгаа талаар ярь. Хүүхдээ асуулт тавихад урамшуул.

  • Танай гэр бүл эсвэл тойрогт баптисм болбол хүүхдээ дагуулж очин үзээрэй. Та хүүхэдтэйгээ харсан, мэдэрсэн зүйлсээ ярилц. Боломжтой бол баптисм хүртэж буй хүнтэй ярилцаж, “Та энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Та хэрхэн бэлдсэн бэ?” гэх мэтчилэн асуу.

  • Хүүхэд тань амласан зүйлээ хийж байгааг олж харах бүрд чин сэтгэлээсээ магтан сайшаа. Амлалтаа биелүүлэх нь баптисм хүртэх үедээ байгуулсан гэрээнүүдээ сахихад бэлтгэхэд тусалдаг гэдгийг онцол. Бид баптисм хүртэхдээ Бурханд ямар амлалт өгдөг вэ? Тэр бидэнд юу амласан бэ? (Мозая 18:8–10, 13-ыг үзнэ үү).

  • Та хүүхэдтэйгээ хамт ариун нандин туршлага хуримтлуулах үедээ (сүм дээр, судруудыг уншиж байхдаа эсвэл хэн нэгэнд үйлчилж байхдаа гэх мэт) өөрт төрж байгаа сүнслэг мэдрэмж, сэтгэгдлээ түүнд хэлээрэй. Хүүхдээ юу мэдэрч байгаагаа хуваалцахад урь. Сүнс хүмүүстэй ярьж болох янз бүрийн арга замыг, тэр дундаа тантай биечлэн ярьдаг арга замуудыг онцол. Хүүхдэдээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байгаа тэр мөчөө таньж мэдэхэд нь тусал.

  • Gospel Library дахь “Түүнийг сонс!” цуглуулгын видеонуудаас хэдийг хамтдаа үз. Их Эзэний үйлчлэгчдийн Түүний дуу хоолойг хэрхэн сонсдог өөр өөр арга замын талаар ярилц. Хүүхдээ Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаар зураг зурахад юм уу видео бүтээхэд урь.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон явдал нь таныг хэрхэн адисалсан тухай ярилц. Та бусдад үйлчилж мөн бусад хүн танд үйлчилснээр хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртсон бэ? Сүмийн гишүүний хувьд бусдад үйлчлэх, хүчирхэгжүүлэх арга замуудын талаар бодоход нь хүүхдэдээ тусал.

  • Ариун ёслолыг гэр бүлдээ ариун нандин, баяр баясгалант үйл явдал болго. Хүүхдэдээ ариун ёслолын үеэр Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх арга замаа төлөвлөхөд нь тусал. Ариун ёслол бидний хувьд ариун гэдгийг бид хэрхэн харуулах вэ?

  • Найз сэтгүүлийн олон дугаарт хүүхдүүдийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлтгэхэд туслах нийтлэл, түүх, үйл ажиллагаанууд орсон байдаг. Хүүхдээрээ сонгуулж байгаад хамт уншиж цагийг сайхан өнгөрүүлэх боломж олго.  

    Зураг
    Баптисм хүртэж буй хүү

    Нифай гэрээний замд “[бидний] орох ёстой хаалга” нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой” (2 Нифай 31:17) гэж заасан.

Санваарын хүч чадал, эрх мэдэл, түлхүүр

Санваар бол хүүхдүүдээ адисалдаг Бурханы эрх мэдэл, хүч юм. Өнөөдөр дэлхий дээрх Бурханы санваар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байгаа. Хүүхдүүдийг оролцуулаад, гэрээгээ сахидаг Сүмийн бүх гишүүн өөрсдийг нь болон гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх Бурханы санваарын хүчийг гэр орондоо байлгахаар адислагддаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.5-ыг Gospel Library-аас үзнэ үү). Энэ хүч гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хувийн болон гэр бүлийнхээ амьдралд хийж гүйцэтгэхэд тусална (Ерөнхий гарын авлага, 2.2-ыг үзнэ үү).

Бид санваарын эрх мэдлээр ёслолуудыг хүлээн авдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Сүмийн дуудлагад санваартнуудын удирдлаган доор санваарын эрх мэдлээр үйлчилдэг. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд буюу Түүний хөвгүүд, охид санваарыг илүү сайн ойлгохын хэрээр адислагдана.

Санваарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 82–86; Рассэлл М.Нэлсоны “Санваарын хүчний үнэ цэн” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 53–56-аас үзнэ үү.

  • Санваарын ёслолуудыг гэр бүлийнхээ амьдралын байнгын нэгэн хэсэг болго. Жишээлбэл: Хүүхдэдээ долоо хоног бүр ариун ёслолд сүнслэг байдлаар бэлтгэхэд нь тусал. Хүүхдээ өвчтэй байхдаа эсвэл тайтгарал, удирдамж авах хэрэгтэй үедээ санваарын адислал эрэлхийлэхэд урамшуул. Их Эзэн танай гэр бүлийг санваарын хүчээр адисалж буй арга замуудыг зааж сургаж заншаарай.

  • Та хамтдаа судраас уншихдаа, Бурхан Өөрийн хүчээр дамжуулан хүмүүсийг хэрхэн адисалдаг талаар ярилцах боломжийг эрэлхийл. Бурхан таныг санваараараа дамжуулан адисалсан тухай туршлагаасаа хуваалц. Санваараар дамжуулан Бурханаас хүлээн авдаг адислалуудын жишээг Ерөнхий гарын авлагын 3.2, 3.5-аас үзнэ үү.

  • Гэр бүлийнхээ хэн нэгний санваарын эрх мэдлийн шугамыг судал. (Мелкизедек санваартнууд LineofAuthority@ChurchofJesusChrist.org вэбсайтаас эрх мэдлийнхээ шугамыг харуулсан баримтын хуулбарыг авч болно. Санваарын эрх мэдэл Есүс Христээс Өөрөөс нь ирдэг гэдгийг мэдэх нь яагаад чухал болохыг ярилц. Тэрээр яагаад үүнийг бидэнтэй хуваалцдаг вэ?

  • Баптисм хүртсэнийхээ дараа баптисмынхаа гэрээг сахиснаар санваарын хүчийг хүлээн авч чадна гэдгийг хүүхдэдээ заа. Хамтдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг уншина уу (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86). Санваарын ёслолууд Бурханы хүчийг таны амьдралд хэрхэн авчирсныг хүүхдэдээ хэлж өг. Санваарын хүчээр адислагдах зарим арга замын жагсаалтыг Ерөнхий гарын авлагын 3.5-аас үзнэ үү.

  • “Их Эзэний үйлчлэгч гэж ямар хүн байдаг вэ?” гэсэн асуултын талаар ярилц. Сургаал ба Гэрээ 121:36–42-ыг хамтдаа уншаад, хариултуудыг олж мэд. Та хүүхдээ (эсвэл өөр хэн нэгнийг) эдгээр шүлэгт заасан зарчим, зан чанаруудын аль нэгийг хэрэгжүүлж байгааг харах бүрдээ түүнд энэ талаар онцолж хэл.

  • Та эсвэл таны хүүхэд хаалганы түгжээг тайлах эсвэл машин асаахад түлхүүр ашиглах үед тэдгээр түлхүүрийг санваарын удирдагчдын атгадаг түлхүүрүүдтэй харьцуулаарай. (Санваарын түлхүүрүүдийн тодорхойлолтыг Ерөнхий гарын авлагын 3.4.1-ээс үзнэ үү). Санваарын түлхүүрүүд бидний хувьд юуг “нээж өгдөг” эсвэл “асаадаг” вэ? Түүнчлэн Гари Э.Стивэнсоны “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 13–16-аас үзнэ үү.

  • Таныг дуудлагад онцгойлон адислах үед боломжтой бол хүүхдээ байлцуул. Таныг дуудлагаа биелүүлж байгааг харах боломжийг хүүхдэдээ олго. Тэр ч байтугай танд туслах тохиромжтой арга замыг тэр хайж олж болох юм. Дуудлагадаа Их Эзэний хүчийг хэрхэн мэдэрч байгаагаа дүрслэн хэл.

Ариун сүмд орох—Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

Ариун сүм нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Ариун сүмд бид Есүс Христ рүү чиглүүлдэг бүх ариун ёслолд оролцохдоо Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээ байгуулдаг. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхэдтэйгээ гэрээ байгуулж; ёслолуудад, тэр дундаа энэ амьдралдаа хүлээн авч чадаагүй хүмүүст зориулсан ёслолуудад оролцох арга замыг тэдэнд гаргаж өгсөн. Таны хүүхэд 12 нас хүрэх жилийнхээ эхэнд нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах насанд хүрсэн байна.

  • Боломж гарах болгонд ариун сүмд тогтмол ордог бай. Хүүхэдтэйгээ яагаад ариун сүм рүү явдгаа мөн ариун сүм Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойртоход тань хэрхэн тусалдаг талаар ярилц.

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултуудыг хамтдаа уншиж, ярилц. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагаар юу болдгийг хүүхдэдээ ярьж өг. Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх нь яагаад танд чухал болохыг хуваалц.

  • Малахи 4:6-г хамтдаа унш. Таны зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ хэрхэн эргэж болох талаар ярилц. FamilySearch.org дээрээс гэр бүлийнхээ түүхийг хамтдаа судалж, өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэж аваарай. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах шаардлагатай өвөг дээдсээ хайж ол. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх танд тусалж чадна.

Патриархын адислал хүлээн авах

Патриархын адислал нь удирдамж, тайтгарал, сүнслэг удирдамжийн эх сурвалж болдог. Энэ нь Тэнгэрлэг Эцэгээс бидэнд өгсөн хувийн зөвлөгөөг агуулсан бөгөөд мөнхийн мөн чанар, зорилгоо ойлгоход тусалдаг. Хүүхдэдээ патриархын адислалын ач холбогдол, ариун мөн чанарын тухай заах замаар патриархын адислал хүлээн авахад бэлтгэхэд нь тусал.

  • Патриархын адислал авсан туршлагаасаа хүүхэдтэйгээ хуваалц. Та үүнийг хүлээн авахад өөрийгөө хэрхэн бэлдсэн, энэ нь таныг Бурханд ойртоход хэрхэн тусалсан мөн адислалыг нь амьдралдаа хэрхэн ашигладаг гэх мэт зүйлсийн талаар хуваалцаж болно. Та мөн хүүхдээ патриархын адислалыг хүлээн авсан гэр бүлийнхээ бусад гишүүнтэй ярилцахад урьж болно.

  • Судруудын удирдамжийн “Патриархын адислалууд” дээрх зарим эх сурвалжийг хамтдаа судлахад цаг гарга. Патриархын адислалыг хүлээн авах үйл явцын талаар мэдэхийг хүсвэл Ерөнхий гарын авлагын 18.17-г үзнэ үү.

  • Хэрэв танд патриархын адислал хүртсэн өвөг дээдэс байвал заримыг нь хүүхэдтэйгээ хамт унших нь урам зориг өгч болох юм. Нас барсан өвөг дээдсийнхээ адислалыг авахын тулд ChurchofJesusChrist.org сайт руу орж, дэлгэцийн баруун дээд буланд байрлах бүртгэлийн шигтгээ зураг дүрс дээр дарж, “Патриархын адислал”-ыг сонгоно уу.

  • Хүүхэд тань патриархын адислалаа хүлээн авсны дараа, тэнд байсан гэр бүлийн гишүүдээ төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд уриад, тэдгээрийг хүүхэдтэйгээ хуваалц.

Ариун сүмд орох—Хишиг хүртэх

Бурхан Өөрийн бүх хүүхдэд “тэнгэрийн хүчийг” (Сургаал ба Гэрээ 95:8) өгч, адислахыг хүсдэг. Бид ариун сүмд хишгээ нэг л удаа авдаг ч Бурхантай байгуулсан гэрээнүүд болон Түүний өгдөг сүнслэг хүч бидний амьдралыг өдөр бүр адисалдаг.

  • Гэртээ ариун сүмийн зураг тавь. Хүүхдэдээ ариун сүмд мэдэрдэг мэдрэмжийнхээ талаар ярьж өг. Их Эзэнийг болон Түүний өргөөг хайрлах хайр, тэнд байгуулсан гэрээнүүдийнхээ тухай байнга ярь.

  • Хамтдаа temples.ChurchofJesusChrist.org-ийг судлаарай.   Хүүхдэд тань ариун сүмийн талаар асуух зүйл байвал ямар ч үед асуух боломжийг олго. Ариун сүмийн гадна юуны талаар ярьж болох тухай зааварчилгааг авахыг хүсвэл ахлагч Дэвид А.Бэднарын “Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь” захиасыг үзнэ үү (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123–127; ялангуяа “Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн суралцах хөтөлбөр ба ариун сүмийн бэлтгэл” гэсэн хэсгийг үз.)

  • Та болон таны хүүхэд бусад ёслолд (жишээ нь, ариун ёслол эсвэл эдгээх адислал) оролцохдоо эсвэл гэрчлэхдээ уг ёслолд хамаатай бэлгэдлийн талаар цаг гарган хамтдаа ярилцаарай. Бэлгэдлүүд юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь Есүс Христийг хэрхэн гэрчилдэг вэ? Энэ нь таны хүүхдэд Есүс Христийг гэрчилдэг ариун сүмийн ёслолуудын бэлгэдлийн утгыг тунгаан бодоход тусална.

  • Мозая 18:8–10, 13-т дүрсэлсэн баптисмын гэрээг хэрхэн сахиж байгаагаа анзаарахад нь хүүхдэдээ тусал. Мөн Их Эзэн түүнийг хэрхэн адисалж байгааг олж харахад нь хүүхдэдээ тусал. Хүүхдийнхээ гэрээгээ сахиж чадна гэсэн итгэлийг бэхжүүл.

  • Таны ариун сүмийн гэрээнүүд сонголтыг тань хэрхэн чиглүүлж, Есүс Христтэй илүү ойртоход тусалдаг талаар байнга нээлттэй ярилцаж бай. Та ариун сүмд байгуулдаг гэрээнүүдийг авч үзэхдээ, Ерөнхий гарын авлагын 27.2-ыг ашиглаж болно.

Номлолд үйлчлэх

Ахлагч Дэвид А.Бэднар: “Миний хайрт залуу ах нар аа, үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд хийж болох хамгийн чухал цорын ганц зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм шүү. Хамгийн чухал нь номлолд явах биш, харин номлогч болж, амьдралынхаа туршид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх явдал юм. … Та номлолын ажилд насан туршдаа бэлтгэгдэж байгаа” гэж заасан (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45–46). Хүүхдийн тань номлогч болж байгаа туршлага зөвхөн номлогчоор үйлчлэх хугацаанд нь биш харин мөнхөд түүнийг адислах болно.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл Рассэлл М.Нэлсоны “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь” захиасыг 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 6–7; М.Рассэлл Баллардын “Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан” захиасыг 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 8–10-аас үз мөн Номлогчийн бэлтгэл: Номлогчийн амьдралд дасан зохицох нь-ыг үзнэ үү.

  • Сайн мэдээг хүчлэхгүйгээр хэрхэн хуваалцахыг үзүүл. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тухай болон Түүний Сүмийн гишүүний хувьд хүлээн авсан адислалуудынхаа талаарх мэдрэмжээ бусадтай хуваалцах боломжуудыг үргэлж эрэлхийлж бай. Бусад хүнийг Сүмийн болон гэр бүлийн үйл ажиллагаанд хамт оролцоход урь.

  • Гэр бүлийнхэндээ номлогчидтой харилцах боломжийг эрэлхийл. Тэднийг найзууддаа заахад урь эсвэл өөрийнхөө гэрт хүмүүст тэднээр заалгах боломж олго. Номлогчдоос туршлага болон номлогчийн үйлчлэл нь хэрхэн тэднийг Есүс Христтэй илүү ойртоход тусалж байгааг асуу. Мөн номлогч болохын тулд хийсэн бэлтгэлийнх нь талаар (эсвэл хийсэн ч болоосой гэж бодож байгаа зүйлийг) асуу.

  • Хэрэв та номлолд үйлчилсэн бол туршлагаа байнга илэн далангүй хуваалцаж бай. Эсвэл номлолд үйлчилж байсан найз нөхөд, гэр бүлийнхээ гишүүдийг ярихад урь. Та мөн амьдралынхаа туршид сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан арга замынхаа талаар ярьж болно. Хүүхдэдээ сайн мэдээг хуваалцаж болох арга замуудын талаар бодоход тусал.

  • Мөн сайн мэдээний зарчмуудыг гэр бүлийнхэндээ заах боломжийг хүүхдэдээ олго. Түүнчлэн таны хүүхэд итгэл үнэмшлээ бусадтай хуваалцан, дадлага хийж болно. Жишээлбэл: Та “Бид Мормоны Номын талаар огт сонсож байгаагүй хүнд үүнийг хэрхэн танилцуулах вэ?” эсвэл “Христэд итгэдэггүй хүнд Аврагч хэрэгтэй гэдгийг бид хэрхэн тайлбарлах вэ?” гэх мэт асуултуудын дагуу ярилцаж болно.

  • Хүүхдэдээ хүмүүстэй чөлөөтэй ярилцаж сурахад нь тусал. Харилцан яриа эхлүүлэх ямар ямар сайн арга байдаг вэ? Бусдын хэлэх үгийг сонсож, тэдний зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, амьдралыг нь адислах сайн мэдээний үнэнийг хуваалцаж сурахад нь хүүхдээ урамшуул.

  • Хүүхдэдээ бусад соёл, шашны талаар суралцах боломжийг эрж хай. Бусдын итгэл үнэмшлийн сайн сайхан, үнэн зөв зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болоход нь тусал.

Ариун сүмд орох—Лацдан холбуулах

Ариун сүмд нөхөр, эхнэр хоёр мөнхөд гэрлэдэг. Үүнийг лацдан холболт гэж нэрлэгддэг ёслолоор гүйцэтгэдэг. Хэдийгээр энэ ёслолыг таны хүү эсвэл охины хувьд олон жилийн дараа үйлдэж болох ч тэр хүртэл хамтдаа жижиг, энгийн, тууштай хийсэн зүйлс нь түүнийг энэхүү гайхамшигт адислалд бэлтгэхэд тусалж чадна.

  • Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг Gospel Library-аас үзнэ үү. Энэхүү тунхаг нь гэр бүлийн амьдралын аз жаргал, амжилттай гэрлэлт зэргийн талаар юу зааж байна вэ? Хүүхэдтэйгээ хамт тунхагт дурдсан зарчмуудын аль нэгийг сонгон суралц. Та энэ зарчимтай холбоотой судруудыг Судруудын удирдамжаас хайж болно. Та мөн энэ зарчмыг гэр бүлдээ бүрэн хэрэгжүүлэх зорилго тавьж болно. Зорилгодоо хүрэхээр ажиллаж байхдаа энэ зарчмыг хэрэгжүүлэх нь гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай хамтдаа ярилц.

  • Хүүхэдтэйгээ хамт ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Авран хадгалдаг тэднийг магтъя” захиасыг унш (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–64). “Амархан хаяж, орхидог нийгэм” гэсэн хэсэг дээр ирэхдээ, гэртээ байгаа нэг удаагийн хэрэглээний болон урт хугацааны хэрэглээний бусад зүйлийг хайж ол. Аливаа зүйлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хүсэж байгаа тохиолдолд хэрхэн өөрөөр хандах талаар ярилц. Энэ нь гэрлэлт, гэр бүлийн харилцаанд хэрхэн хандах ёстой талаар бидэнд юу зөвлөж байна вэ? Аврагч бидэнд бат бөх гэрлэлт, гэр бүлийг бий болгоход хэрхэн тусалдаг тухай ерөнхийлөгч Угдорфын захиаснаас бид өөр юу сурч болох вэ?

  • Хэрэв та гэрлэсэн бол хосуудын хувьд сайн хийж, сурч мэдэж, сайжруулахын тулд ажиллаж байгаа зүйлээ хүүхэдтэйгээ илэн далангүй ярьдаг бай. Хэрэв та болон таны хань ариун сүмд лацдан холбуулсан бол бие биетэйгээ болон Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахихыг хэрхэн хичээж байгаагаа хүүхдэдээ үлгэр жишээгээрээ харуул. Хүүхдэдээ Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг харилцааныхаа төвд байлгахын тулд хэрхэн хичээж байгаагаа мөн Тэд танд хэрхэн тусалж байгааг хэл.

  • Гэр бүлийн шийдвэр гаргах шаардлагатай бол гэр бүлийн зөвлөл, хэлэлцүүлэг зохион байгуул. Гэр бүлийн бүх гишүүний санал бодлыг сонсож, үнэлж байгаагаа харуулахад анхаар. Хүн бүр санаа нийлэхгүй байсан ч эдгээр хэлэлцүүлгийг гэр бүлийн харилцаагаа эрүүл, эелдэг уур амьсгалтай байлгах боломж гэж хар.

  • Гэр бүлд санал зөрөх, ам мурийх зүйл гарч ирвэл тэвчээр, өрөвч сэтгэлийг харуул. Зөрчилдөөнийг Христийнхтэй адил арга замаар зохицуулах нь тэднийг хэрхэн аз жаргалтай гэр бүлтэй болоход тусалдгийг олж мэдэхэд нь хүүхдэдээ тусал. Сургаал ба Гэрээ 121:41–42-ыг хамт уншаад, эдгээр шүлгэн дээрх зарчмуудыг гэрлэлтэд хэрхэн хэрэгжүүлж болох талаар ярилц.