Номлолын дуудлагууд
1-р бүлэг: Номлогчийн зорилгоо биелүүл


“1-р бүлэг: Номлогчийн зорилгоо биелүүл,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“1-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Дан Жөүнс номлож байгаа нь

Энэ эрин үеийн хамгийн агуу номлогчдын нэг Дан Жөүнс Вэйлст сайн мэдээг номложээ.

© 1993 Clark Kelley Price. Хуулбарлахыг хориглоно.

1-р бүлэг

Номлогчийн зорилгоо биелүүл

Таны зорилго: Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь хүмүүст туслах замаар Христэд ирэхэд нь бусдыг урих явдал мөн.

Үүнийг эргэцүүлэн бод

  • Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?

  • Дуудлагатай минь хамт ямар эрх мэдэл, хүч ирдэг вэ?

  • Би хэрхэн Сүнсэнд найдаж, Түүнийг ялган таньж мөн хэрхэн Сүнсээр заах вэ?

  • Есүс Христийн сайн мэдээ гэж юу вэ?

  • Сэргээлтийн захиас гэж юу вэ? Яагаад энэ нь ийм чухал вэ?

  • Есүс Христийн Сүмийг байгуулж, барьж босгоход би ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Би амжилттай номлогч мөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах таны үүрэг

Та хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Та гудамжинд тэдний дэргэдүүр өнгөрч, дунд нь явдаг. Та тэдний гэрт зочлон очиж, онлайнаар холбогддог. Тэд бүгд Бурханы хүүхэд, таны ах, эгч, дүү юм. Бурхан таныг хайрладаг шиг тэднийг ч мөн хайрладаг.

Тэдний олон нь амьдралынхаа зорилгыг хайж байдаг. Тэд өөрсдийн ирээдүйд мөн гэр бүлдээ санаа зовнидог. Тэд Бурханы хүүхдүүд, Түүний мөнхийн гэр бүлийн гишүүд гэдгээ мэдсэнээр тэдний нэгэн хэсэг гэдгээ мэдрэх хэрэгтэй. Тэд үнэт зүйлс өөрчлөгдөж байдаг дэлхийд аюулгүй байхыг хүсдэг. Тэд “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдрал” (Сургаал ба Гэрээ 59:23) олж авахыг хүсдэг.

Олон хүн “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг” (Сургаал ба Гэрээ 123:12). Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Есүс Христийн сайн мэдээ мөнхийн үнэнийг өгдөг. Энэ үнэн нь хүмүүсийн сүнслэг хэрэгцээг хангаж, сэтгэлийн гүн дэх хүслийг нь биелүүлэхэд тусалдаг.

Есүс Христийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд та “Ариун Мессиа, түүнд мөн түүгээр гэтэлгэл ирнэ” (2 Нифай 2:6) гэдгийг заадаг. Та хүмүүсийг Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхийн тулд Түүн дээр ирэхэд урьдаг. Тэд таны урилгыг хүлээн авснаар илүү их аз жаргал, итгэл найдвар, амар амгалан, зорилготой болох болно.

Аврагчид ирэхийн тулд хүмүүс Түүнд итгэдэг байх хэрэгтэй. Та тэдэнд итгэлээ хөгжүүлэхэд нь дараах байдлаар тусалж чадна. Үүнд:

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг тэдэнд зааж, үнэн гэдгийг гэрчилснээр;

  • Тэднийг сургаалын дагуу амьдарна гэж амлахад урьснаар;

  • Тэдэнтэй эргэж холбогдон, өгсөн амлалтынхаа дагуу үйлдэхэд нь тусалснаар;

  • Ариун Сүнсний нөлөөг мэдрэх туршлагуудыг олж авахад нь тэдэнд тусалснаар (1 Нифай 10:17–19-ийг үзнэ үү) зэрэг юм.

Есүс Христэд итгэх нь хүмүүсийг наманчлахад хүргэдэг. Есүс бидний нүглийг цагаатгаснаар наманчлалыг боломжтой болгодог. Хүмүүс наманчилснаар нүглээсээ цэвэршигдэж; Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт улам ойртох болно. Тэд өршөөл хүлээн авахын баяр баясгалан, амар амгаланг мэдэрнэ.

Наманчлал нь хүмүүсийг баптисмын гэрээнд болон Ариун Сүнсний бэлэгт бэлтгэдэг. “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд” (3 Нифай 27:20) хэмээн Аврагч хэлсэн.

Аврагч, Түүний Цагаатгалын талаарх таны ойлголт, гэрчлэл өсөхийн хэрээр сайн мэдээг хуваалцах хүсэл тань өсөн нэмэгдэнэ. Лихайн нэгэн адил “эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хэчнээн их чухал болохыг” (2 Нифай 2:8) та мэдрэх болно.

Зураг
Амьдралын модны тухай үзэгдэл

Амьдралын мод, Дамир Кривэнко.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

1 Нифай 8, 11 дэх амьдралын модны талаарх үзэгдлийг судалж байхдаа та дагалдах зураглалыг судал.

  • Энэ үзэгдэл дээрх амьдралын мод юуг бэлгэддэг вэ? (1 Нифай 11:21–23-ыг үзнэ үү.)

  • Жимсийг идсэний дараа Лихай юу хүссэн бэ? (1 Нифай 8:10–18-ыг үзнэ үү.)

  • Уг үзэгдэлд жимснээс хүртэхийн тулд хүмүүс юу хийх хэрэгтэй байсан бэ? Аврагчийн Цагаатгалын бүх адислалаас хүртэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Амлалт, гэрээнүүд нь эдгээр адислалаас хүртэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Та бусдад сайн мэдээний жимснээс хүртэхэд нь хэрхэн тусалж болох вэ?

Таны дуудлагын эрх мэдэл ба хүч

Та “агуу баяр хөөрийн баярт мэдээг, бүр үүрдийн сайн мэдээг [тунхаглахаар]” (Сургаал ба Гэрээ 79:1) дуудагдан, онцгойлон адислагдсан. Мозаягийн хөвгүүд шиг та Бурханы эрх мэдэл, хүчээр зааж чадна (Алма 17:2–3-ыг үзнэ үү).

Христийн удирдлаган доор сайн мэдээг номлох эрх мэдэл бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн юм. Таныг номлогчоор онцгойлон адислахад та энэ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнтэй хамт Их Эзэнийг төлөөлж, Түүний сайн мэдээг заах эрх мэдэл, давуу эрх, үүрэг хариуцлага ирдэг.

Энэ эрх мэдэлд дуудлагынхаа дагуу зохистой амьдрах үүрэг хариуцлага ордог. Онцгойлон адислалдаа нухацтай ханд. Нүгэл болон бүдүүлэг, балмад зүйлээс хол бай. Мөн дэлхийн арга зам, бодол сэтгэхүйгээс хол бай. Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг дээрх жишгүүдийг дага. Их Эзэний төлөөлөгчийн хувьд та “итгэгчдэд үлгэр дуурайл” (1 Тимот 4:12) бол. Үйлдэл, үгээрээ Есүс Христийн нэрийг хүндэл.

Дуудлагаа биелүүлэхэд танд эрх мэдлээс гадна сүнслэг хүч хэрэгтэй. Бурхан, Есүс Христ хоёрын талаарх болон зааж буй сайн мэдээний үнэнүүдийнхээ талаарх гэрчлэлээ бэхжүүлэхээр тууштай ажиллах үед Бурхан танд сүнслэг хүчийг өгдөг. Мөн таныг залбирч, судраас судалж, номлолын зорилгоо биелүүлэхийг эрэлхийлэх үед Тэр сүнслэг хүчийг өгдөг. Тэр таныг Түүний зарлигуудыг болон авралын ёслолуудыг хүлээн авахдаа байгуулсан гэрээнүүдээ дагахыг хичээснээр сүнслэг хүчийг өгдөг (Сургаал ба Гэрээ 35:24-ийг үзнэ үү).

Дараах зүйлийг хийснээр сүнслэг хүчийг мэдэрч чадна. Үүнд:

Судраас судлах

Та гэрчлэлийг хэрхэн хүлээн авч, хүчирхэгжүүлэх вэ?

Та сүнслэг хүчийг хэрхэн хүлээн авдаг вэ?

Хувиараа судлах

Бурхантай байгуулсан дараах гэрээнүүдээ эргэн харж, тунгаан бод. Эдгээр гэрээг сахидаг хүмүүст амласан Бурханы адислалуудыг судал. Гэрээнүүдээ сахиснаар хүлээн авсан адислалуудаа эргэцүүлэн бод. Сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бич.

Баптисм ба гишүүний баталгаа

Санваарын томилгоо (ахлагчдад)

  • Итгэлтэй бай.

  • Дуудлагаа эрхэмлэн биелүүл.

  • Мөнх амьдралын үгсийг анхааралтай сонс.

  • (Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг үзнэ үү.)

Ариун сүмийн хишиг

  • Дуулгавартай байдлын хуулийг дагаж амьдар.

  • Золиослолын хуулийг сахь.

  • Есүс Христийн сайн мэдээний хуулийг сахь.

  • Ариун явдлын хуулийг сахь.

  • Бүхнээ зориулах хуулийг сахь.

  • (Ерөнхий гарын авлагын 27.2-ыг үзнэ үү.)

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Иохан 15:1–16-г унш. Яагаад Христийг усан үзмийн модтой зүйрлэдэг вэ? Та хэрхэн уг модны мөчир байдаг вэ? Таныг онцгойлон адисалсан явдал энэ харилцаатай ямар холбоотой вэ?

Тохинууллын гэрчилгээгээ унш. Уншсан зүйлийнхээ талаарх өөрийн мэдрэмж, бодол санааг бичиж тэмдэглэ. Энэ бүлгийг судлах бүрдээ энэ үйл явцыг давтахыг бодоорой. Цаг хугацаа өнгөрөх тусам таны бодол санаа хэрхэн өөрчлөгдсөнийг анзаар.

Хувиараа судлах

Сургаал ба Гэрээ 109:13–15, 21–30, 38–39, 55–57-г судал. Эдгээр шүлэг нь бошиглогч Иосеф Смитийн Көртландын ариун сүмд зориулан хэлсэн, сүнслэгээр өдөөгдсөн онцгойлон адислах залбирлын хэсэг юм.

Их Эзэний ариун өргөөнд хишиг хүртсэн итгэлтэй хүмүүст Иосеф Смитийн хүссэн адислалуудыг жагсаан бич. Эдгээр адислалын тухай та юу гэж бодож байна вэ?

Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгахыг эрэлхийлэх

Та Сүмийн гишүүнээр батлуулахдаа Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан. Номлогчийн хувьд төдийгүй амьдралынхаа туршид Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгах нь таны хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг байх болно (1 Нифай 10:17; 3 Нифай 19:9-ийг үзнэ үү). Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн.

Ариун Сүнс таныг удирдаж, зааж, тайтгаруулдаг. Тэр таныг цэвэршүүлж, ариусгадаг. Тэр үнэнийг мөн Эцэг, Хүү хоёрыг гэрчилдэг. Тэр таныг болон танаар хичээл заалгаж буй хүмүүсийг хөрвүүлдэг. (3 Нифай 27:20; 28:11; Ифер 12:41; Моронай 8:26; 10:5; Иохан 15:26-г үзнэ үү.)

Ариун Сүнс “та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:5). Тэр таны чадвар, үйлчлэлийг ганцаараа хийж чадахаас тань хавьгүй ихээр өсгөн нэмэгдүүлдэг.

Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгахыг эрэлхийлэх нь таны чин сэтгэлийн хүсэл байх ёстой. Та дараахыг хийснээр Түүний нөхөрлөлийг мэдрэх болно. Үүнд:

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго” гэж хэлсэн (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

Сүнсийг ялган таньж сур

Та Ариун Сүнсний удирдамжийг ялган таньж, дагаж сурснаар номлогчийн зорилгоо илүү сайн биелүүлнэ. Сүнс ихэвчлэн намуухнаар, таны мэдрэмж, бодлоор харилцдаг. Тэдгээр торгон мэдрэмжүүдийг эрэлхийлж, ялган таньж, дагахад өөрийгөө зориул. Тэд олон янзаар ирдэг (4-р бүлгийг мөн Сургаал ба Гэрээ 8:2–3; 11:12–14; Галат 5:22–23-ыг үзнэ үү).

Сүнсээр заа

Есүс Христийн сайн мэдээ бол “итгэгч болгоныг … аврах Бурханы хүч мөн” (Ром 1:16). Иймээс сайн мэдээний Сэргээлтийн захиасыг бурханлаг буюу Ариун Сүнсний хүчээр заах хэрэгтэй.

Их Эзэн “Сүнс итгэлийн залбирлаар та нарт өгөгдөх болно,” “Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 42:14; мөн 50:13–14, 17–22-ыг үзнэ үү). Ариун Сүнсний хүчээр заах үед Тэрээр:

  • Үнэнийг зааж, судалсан сургаалуудыг тань сануулна (Иохан 14:26-г үзнэ үү).

  • Хэрэгтэй үед хэлэх үгсийг тань өгнө (Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү).

  • Таны захиасыг зааж байгаа хүмүүсийн тань зүрх сэтгэлд хүргэнэ (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

  • Танд болон Сүнсээр хүлээн авах хүмүүст бие биеэ ойлгож, хамтдаа сэнхэрч, баясахад тусална (Сургаал ба Гэрээ 50:17–22-ыг үзнэ үү).

  • Захиас тань үнэн болохыг гэрчилж, үгсийг тань хүлээн авах хүмүүст батална (Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг үзнэ үү).

Таныг Ариун Сүнсээр эрэлхийлж, үүнд найдаж, заахад Их Эзэн таныг харамгүй адислах болно (4, 10-р бүлгийг үзнэ үү).

Зураг
Нэг нэгээр нь, Уолтэр Рэйн

Христийн сайн мэдээ ба Христийн сургаал

Есүс Христийн сайн мэдээ таны захиас болон зорилгын аль алиныг тодорхойлдог. Энэ нь таны номлогчийн үйлчлэл “юу” болохыг мөн “яагаад” гэдгийг хоёуланг тайлбарладаг. Түүний сайн мэдээнд аврал, өргөмжлөлд шаардлагатай бүх сургаал, зарчим, хууль, зарлиг, ёслол, гэрээ багтдаг.

Сайн мэдээний захиас нь бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих замаар Есүс Христийн аврах, гэтэлгэгч хүчийг олж авч чадах явдал юм (3 Нифай 27:13–22-ыг үзнэ үү) .

Үүнийг мөн Христийн сургаал гэж нэрлэдэг. Энэхүү сургаалын дагуу амьдрах нь бидний хэрхэн Христэд ирж, аврагдах арга зам юм (1 Нифай 15:14-ийг үзнэ үү). Үүнийг Мормоны Номд хүчтэй заасан байдаг (2 Нифай 31; 32:1–6; 3 Нифай 11:31–40-ийг үзнэ үү). Таны зорилго бол хүмүүст Христийн сургаалаар амьдрахад нь туслах замаар Түүн дээр ирэхэд нь туслах явдал юм.

Зураг
Хайрум Смит

“Сайн мэдээний анхны зарчмуудыг номло. Тэдгээрийг ахин дахин номло. Тэдгээрийн талаар шинэ санаа, нэмэлт гэрэл өдрөөс өдөрт танд илчлэгдэхийг та мэдэж авах болно. Тэдгээрийг илүү тодорхой ойлгохын тулд өргөжүүлэн судалж болно. Дараа нь та заадаг хүмүүстээ тэднийг илүү тодорхой ойлгуулах боломжтой болно” (Hyrum Smith, in History, 1838–1856, volume E-1 [1 July 1843–30 April 1844], 1994, josephsmithpapers.org).

Судраас судлах

Дараах судрууд болон тунхаглал Есүс Христийн сайн мэдээ болон сургаалын талаар юу заадаг вэ? Ойлгож, цаашид мартахгүй байхын тулд судлах тэмдэглэлдээ тэмдэглэл үйлд.

Зураг
Мормоны Номын хөрвүүлэх хүч, Бэн Сөвардс

Есүс Христэд итгэх итгэл

Итгэл бол сайн мэдээний бусад бүх зарчмын суурь юм. Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим.

Итгэл маань биднийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Христэд төвлөрөх ёстой. Аврагч: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16) хэмээн заасан.

Есүс Христэд итгэх итгэлд Тэр бол Бурханы цорын ганц Хүү гэдэгт итгэх итгэл багтдаг. Энэ нь Тэрээр бидний Аврагч, Гэтэлгэгч гэдэгт итгэх явдал юм (Мозая 3:17; 4:6–10; Алма 5:7–15-ыг үзнэ үү). Энэ нь Түүнд болон Түүний үг, сургаал, амлалтад бүрэн итгэхийг хэлнэ. Бид Түүний сургаал болон үлгэр жишээг зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор дагаснаар Христэд итгэх итгэл маань өсдөг (2 Нифай 31:6–13; 3 Нифай 27:21–22-ыг үзнэ үү).

Номлогчийн хувьд хүмүүст Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх амлалт өгч, түүнийгээ биелүүлэхэд нь тусал. Тэдгээр амлалт нь тэднийг ёслолуудыг хүлээн авч, Бурхантай ариун нандин гэрээ байгуулж, сахихад бэлтгэдэг.

Наманчлал

Есүс Христэд итгэх итгэл нь биднийг наманчлал руу хөтөлдөг (Хиламан 14:13-ыг үзнэ үү). Наманчлал бол Бурханд хандаж, нүглээс татгалзах үйл явц юм. Биднийг наманчлах тусам үйлдэл, хүсэл, бодол маань Бурханы таалалд илүү их нийцэн өөрчлөгддөг.

Аврагч Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан бидний нүглийн төлөөсийг төлсөн (Мозая 15:9; Алма 34:15–17-г үзнэ үү). Наманчилснаар бид Есүс Христ, Түүний золиослолын ачаар уучлагдах боломжтой. Учир нь Тэр гэмшигчдэд нигүүлсэл үзүүлэх эрхээ хэрэгжүүлдэг (Моронай 7:27–28-ыг үзнэ үү). Бошиглогч Лихайн хэлснээр “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр” “гэтэлгэл ир[дэг]” (2 Нифай 2:6, 8).

Наманчлал нь сэтгэлийн тэнхээ гарган зан авирыг өөрчлөх эсвэл сул талаа ялан дийлэхээс хавьгүй илүү зүйл. Наманчлал нь зүрх сэтгэлдээ “хүчирхэг өөрчлөлт[ийг]” мэдрэх хүчийг бидэнд өгдөг Христэд чин сэтгэлээсээ хандах явдал юм (Алма 5:12–14-ийг үзнэ үү). Үүнд Сүнсэнд даруухнаар бууж өгөн, Бурханы таалалд захирагдах явдал багтдаг. Бид наманчилснаар Бурханд үйлчлэх, Түүний зарлигуудыг дуулгавартай дагаж мөрдөх хүслээ нэмэгдүүлдэг. Бид Христ дотор сүнслэг байдлаар дахин төрдөг.

Наманчлал нь баяр баясгалан, амар амгаланг авчирдаг эерэг зарчим юм. Энэ нь “[бидний] бодгал[ийн] авралд хүргэх” “Гэтэлгэгчийн хүчинд” (Хиламан 5:11) биднийг авчирдаг.

Яагаад наманчлах ёстойг ойлгоход нь хүмүүст туслахдаа зоригтой байж, тэднийг хайрла. Зааж байгаа хүмүүсээ амлалт өгөхөд урьснаар та тэднийг наманчлахад урьж, итгэж найдахад хүргэдэг.

Судраас судлах

Та наманчлалыг тунхаглах талаар дараах судруудаас юу сурч болох вэ?

Баптисм

Есүс Христэд итгэх итгэл болон наманчлал нь биднийг баптисмын ёслолд бэлтгэдэг. “Наманчлалын анхны үр жимс нь баптисм” (Моронай 8:25). Бид Бурханы эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулах замаар баптисм хүртэх үедээ мөнх амьдралын үүдээр ордог.

Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээгээ сахиснаар Бурхан биднийг Ариун Сүнстэй нөхөрлүүлж, нүглийг маань уучилж, Есүс Христийн Сүмийн гишүүн болгохоор амласан (Сургаал ба Гэрээ 20:77, 79; Моронай 6:4-ийг үзнэ үү). Бид энэхүү баяр баясгалант, итгэл найдвар бүхий ёслолоор дамжуулан Их Эзэнд цугларч, сүнслэг байдлын хувьд дахин төрдөг.

Зааж байгаа хүмүүстээ баптисм хүртээх, тэднийг гишүүнээр батлах нь таны зорилго юм. Баптисм хүртэхийн тулд Сургаал ба Гэрээ 20:37 дахь шаардлагуудыг хангасан байх ёстой гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Хамтрагчтайгаа судлах

Дараах судруудыг судал. Үүнд:

Дээрх судруудаас судалж мэдсэн зүйл дээрээ үндэслэн хоёр жагсаалт гарган бич. Үүнд:

  1. Баптисм хүртэхэд тавигддаг шаардлагууд

  2. Баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээнүүд

Үүнийг хэрхэн бусдад заахаа хамтрагчтайгаа ярилц.

Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг

Баптисм нь усан баптисм, Сүнсний баптисм гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Усаар баптисм хүртсэний дараа Бурханы эрх мэдэлтэй нэгэн гар тавин гишүүнээр баталснаар баптисм дуусна. Гишүүнээр батлуулснаар бид Ариун Сүнсний бэлэг болон нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авдаг.

Бошиглогч Иосеф Смит: “Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).

Алма: “Бүх хүн төрөлхтөн …эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурхан, түүний хөвгүүд мөн охид болох нь нүглээсээ эдгэрч буйн шинж тэмдэг юм. Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болдог” (Мозая 27:25–26) гэж заасан.

Гэмшигчдийн хувьд ус болон Сүнсээр баптисм хүртэх нь сүнслэг байдлын хувьд дахин төрж буй хэрэг юм.

Судраас судлах

Ариун Сүнсний бэлгийг ямар ямар адислал дагалддаг вэ?

Яагаад бид Ариун Сүнсний бэлгийг хүсэх ёстой вэ?

Эцсээ хүртэл тэвч

Есүс Христийг дагах нь насан туршийн үүрэг амлалт юм. Бид амьдралынхаа туршид Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, өдөр бүр наманчилж, сайн мэдээний бүх ёслол, гэрээг хүлээн авч, гэрээнүүдээ сахиж, Ариун Сүнстэй нөхөрлөхийн тулд эцсээ хүртэл тэвчдэг. Үүнд ариун ёслолоос хүртэх замаар, байгуулсан гэрээнүүдээ шинэчлэх явдал ордог.

Зураг
Их Эзэн миний Хоньчин, Ким Ёнсунг

Их Эзэн миний Хоньчин, Ким Ёнсунг; зургийг Havenlight-аас авав.

Сайн мэдээ—Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд өгсөн, Түүн рүү буцаж очих зам

Есүс Христийн сайн мэдээ бидний хэрхэн амьдрах, хэн болохыг өөрчилж чадна. Үүний зарчмууд нь амьдралдаа ганцхан удаа хийдэг алхмууд биш юм. Амьдралынхаа туршид тэдгээрийг давтах нь биднийг Бурханд улам ойртуулж, ихээхэн үр өгөөжтэй амьдралын хэв маягийг бий болгодог. Тэдгээр нь амар амгалан, эдгэрэлт, уучлалыг авчирдаг. Тэдгээр нь мөн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд Түүнтэй хамт мөнх амьдрахад зориулан бэлдсэн замыг тодорхойлдог.

Есүс Христийн сайн мэдээ номлогчийн хувьд хэрхэн ажиллах зүг чигийг тань заадаг. Энэ нь бас таны гаргаж буй хүчин чармайлтыг төвлөрүүлдэг. Хүмүүст наманчлалд хүргэх Есүс Христэд итгэх итгэлтэй болоход нь тусал (Алма 34:15–17-г үзнэ үү). Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал болон санваарын эрх мэдэл сэргээгдсэн гэдгийг зааж, гэрчил. Хүмүүсийг баптисм хүртэж, Аврагчийн сургаалын дагуу амьдрахад урь.

Есүс Христийн сайн мэдээ Бурханы бүх хүүхдийг адисалдаг

Есүс Христийн сайн мэдээг Бурханы бүх хүүхдэд зориулсан юм. Судруудад Бурханд бүгд адил хэмээн заадаг. Тэрээр “бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; … түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33).

Сайн мэдээ мөнх бус амьдралын маань туршид болон үүрд мөнхөд биднийг адисалдаг. Бид Есүс Христийн сургаалын дагуу амьдарснаар хувь хүний хувьд болон гэр бүлээрээ аз жаргалтай байх магадлал өндөр (Мозая 2:41; “Гэр бүл: Дэлхий дахинд өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Сайн мэдээний дагуу амьдрах нь бидний баяр баясгаланг гүнзгийрүүлж, үйлдлийг сүнслэгээр өдөөж, харилцааг баяжуулдаг.

Бид бүгд Бурханы гэр бүлийн нэг хэсэг юм гэдэг нь сэргээгдсэн сайн мэдээний агуу захиаснуудын нэг нь юм. Бид бол Түүний хайртай охид, хөвгүүд. Дэлхий дээрх гэр бүлийн нөхцөл байдал маань ямар байгаагаас үл хамааран бидний хүн нэг бүр Бурханы гэр бүлийн гишүүн байдаг.

Бидний бас нэгэн агуу захиас бол гэр бүлүүд үүрд мөнхөд хамт байж чадна гэх ойлголт юм. Гэр бүл Бурханаас заяагддаг. Хожмын үеийн бошиглогчид ийн заасан.

“[Тэнгэрлэг Эцэгийн] аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмд үйлддэг ариун нандин ёслол, гэрээнүүд нь хувь хүн бүрийг Бурханд эргэн очиж, гэр бүлүүдийг мөнхөд хамт байлгах боломжийг олгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

Гэр бүл зохиох эсвэл гэр бүлийн хайраар дүүрэн харилцаа үүсгэх боломжгүй олон хүн бий. Олон гэр бүл салж, гэр бүлийн өөр бусад хүнд хэцүү нөхцөл байдлыг туулж байсан. Гэхдээ сайн мэдээ нь гэр бүлийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран биднийг хувь хүний маань хувьд адисалдаг. Биднийг итгэлтэй байх үед Бурхан бидэнд энэ амьдралд байна уу, ирэх амьдралд байна уу хайраар дүүрэн гэр бүлийн адислалуудаас хүртэх арга замыг өгөх болно (Мозая 2:41-ийг үзнэ үү.)

Сэргээлтийн захиас: Итгэлийн суурь

Та хаана үйлчилж эсвэл хэнд зааж байгаагаас үл хамааран зааж буй зүйлээ Есүс Христэд болон Түүний сайн мэдээний Сэргээлтэд төвлөрүүл. Та номлогчийн хичээлүүд дээрх сургаалыг судлахдаа Есүс бол Христ, бидний Аврагч, Гэтэлгэгч гэсэн нэг захиасыг бидэнд өгч буйг олж харах болно. Тэнгэрлэг Эцэг орчин үеийн бошиглогчоор дамжуулан бидний авралд зориулсан Өөрийн төлөвлөгөөний талаарх мэдлэгийг сэргээсэн. Энэхүү төлөвлөгөө нь Есүс Христ дээр төвлөрдөг. Аврагч Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан бид бүхэнд нүгэл, үхлээс аврагдаж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих боломжийг олгодог.

Зааж байгаа хүмүүстээ дараах зүйлийг ойлгоход нь тусал. Үүнд:

  • Бурхан бол Тэнгэр дэх бидний бодит Эцэг мөн. Тэр биднийг төгс хайрладаг. Дэлхийн хүн бүр Бурханы хүүхэд, Түүний гэр бүлийн гишүүн юм.

  • Тэнгэрлэг Эцэг бидэнд зориулан Өөрийн хамгийн агуу адислал болох үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүлээн авах төлөвлөгөөг өгсөн (Мосе 1:39-ийг үзнэ үү). Бид энэ дэлхийд сурч, өсөж хөгжин, Түүний адислалуудын бүрэн дүүрэн байдалд бэлтгэгдэхийн тулд ирсэн.

  • Тэнгэрлэг Эцэг төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон, биднийг энэ амьдралын туршид удирдан чиглүүлж, Түүнд эргэж очиход туслах зарлигуудыг өгсөн (Жишээлбэл: Гэтлэл 20:3–17-г үзнэ үү).

  • Энэ амьдралд бид бүгд нүгэл үйлддэг бас үхдэг. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учраас биднийг нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн.

  • Есүсийн цагаатгагч золиослолын ачаар бид наманчилж, баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар нүглээсээ цэвэршүүлэгдэж чадна. Энэ нь бидэнд амар амгаланг авчирч, Бурханы оршихуйд эргэн очих, баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдлыг хүлээн авах боломжийг олгодог.

  • Есүс амилсны ачаар бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдах болно. Энэ нь хүн бүрийн сүнс, бие махбод ахин нэгдэж, мөнх амьдрах болно гэсэн үг юм.

  • Библийн түүхэн цаг үеийн туршид Их Эзэн Өөрийн сайн мэдээг илчилж, Сүмээ бошиглогчдоор дамжуулан зохион байгуулж байсан. Ихэнх хүн удаа дараа үүнийг хүлээн аваагүй. Сайн мэдээнээс нүүр буруулсан учраас Сүмийг сэргээх хэрэгцээ Хуучин Гэрээний цаг үед эхэлжээ.

  • Аврагчийг нас барж, амилсны дараа Түүний төлөөлөгчид хэсэг хугацаанд Сүмийг удирдсан. Эцэст нь тэд нас барж, санваарын эрх мэдэл алдагдаж, Аврагчийн сургаалаас дахин урвасан ба хүмүүс сургаал, ёслолуудыг өөрчилжээ.

  • Есүс Христийн сайн мэдээг Тэнгэрлэг Эцэг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосефт 1820 оны хавар үзэгдсэн. Дараа нь Иосеф Смит санваарын эрх мэдэл хүлээн авч, Есүс Христийн Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах удирдамжийг хүлээн авав.

Есүс Христийн Сүм бол өөр шашин төдий зүйл биш, бас америк сүм ч биш, харин энэ нь Есүс Христийн “сайн мэдээний бүрэн байдлын” сэргээлт гэдгийг заа (Сургаал ба Гэрээ 1:23). Энэ нь дахиж хэзээ ч дэлхийгээс авагдахгүй.

“Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” нь Есүс Христийн болон дэлхийн Аврагч болох Түүний тэнгэрлэг үйл хэргийн талаар гэрчилдэг. Энэ нь мөн Есүс Христ бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сайн мэдээ болон Сүмийг сэргээсний хүчирхэг гэрч юм. Мормоны Номыг уншиж, захиасных нь талаар залбирахад хүмүүсийг урьж, тэдэнд тусал.

Моронай 10:3–5 дахь гайхамшигт амлалтад итгэ. Мормоны Ном Бурханы үг мөн эсэхийг мэдэхийн тулд чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуухад хүмүүсийг урамшуул. Үнэн хүсэлтэйгээр залбирна гэдэг нь Ариун Сүнсний гэрчээс ирэх хариултын дагуу үйлдэхэд бэлэн байна гэсэн үг юм. Уг гэрч нь Христ Сүмээ сэргээсэн гэсэн хүмүүний итгэлийн үндэс болдог. Зааж байгаа хүмүүстээ тэрхүү сүнслэг баталгааг хүлээн авахад тусал.

Судраас судлах

Та номлогчийн ажилдаа Мормоны Номыг хэрхэн ашиглах ёстой вэ?

Хувиараа судлах

Та олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл орон нутгийн мэдээгээр Сэргээлтийн захиасны тухай нэг догол мөр бичих боллоо гэж төсөөл. Гол захиасыг тайлбарласан гарчгийг судлах тэмдэглэлдээ бич. Дараа нь тухайн захиасны талаарх бодол, мэдрэмжээ бич. Үүнийг илүү сайн ойлгох нь таны амьдралын арга барил, эргэн тойрныхоо ертөнцийг үзэх үзлийг хэрхэн өөрчилснийг оруулна уу.

Сүмийг байгуулж, өсгөн бэхжүүлэх

Есүс Христ Сүмээ сэргээснийхээ дараа бошиглогч Иосеф Смитэд болон бусад хүнд Сүмийг “байгуул” мөн “өсгөн бэхжүүл” (Сургаал ба Гэрээ 31:7; 39:13) хэмээн зааварласан. Гэрчлэлтэй хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, гэрээгээ сахиж, ариун сүмд орохоор бэлтгэн, тойрог, салбараа бэхжүүлэхэд туслахын хэрээр Сүм төлөвшиж, өсөн бэхэждэг.

Зураг
Залбирч буй хүн

Номлогчийн хувьд та Аврагчийн Сүмийг байгуулж, өсгөн бэхжүүлэхэд тусалдаг. Ийн үйлдэх олон арга зам бий. Та гишүүдийг хайрлах, хуваалцах, урих зарчмаар сайн мэдээг хуваалцахад нь дэмжиж болно (Ерөнхий гарын авлагын 23.1-ийг үзнэ үү). Та хүмүүст баптисм хүртэж, итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд нь тусалж чадна. Та шинэ гишүүддээ шинэ амьдралдаа дасан зохицож, сүнслэг байдлын хувьд цаашид өсөж хөгжихөд нь тусалж болно. Та мөн эргэж ирсэн гишүүдэд Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь туслах боломжтой.

Сайн мэдээ амьдралд нь хэрэгжиж байгааг мэдрэх үед шинэ болон эргэж ирсэн гишүүд гэрчлэл болон итгэлээрээ өсдөг. Үүнийг мэдрэхэд нь туслахын тулд тэд дараах зүйлсийг хийх нь чухал. Үүнд:

  • Сүмийн гишүүн найзуудтай байх;

  • Сүмд үүрэгт ажил өгсөн байх;

  • Бурханы үгээр тэжээгдсэн байх хэрэгтэй.

(Gordon B. Hinckley, “Converts and Young Men,” Ensign, May 1997, 47-г үзнэ үү.)

Номлогчид, орон нутгийн удирдагчид болон Сүмийн бусад гишүүн шинэ болон эргэн ирж буй гишүүдийг дэмжин тэтгэж, хүчирхэгжүүлэх боломжийг баярлан хүлээж авах ёстой. Энэ үйлчлэл нь тэднийг “зөв замд байлгахад” (Моронай 6:4) тусалдаг.

Сайныг үйлдэхээр явах

Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Аврагч бусдад үйлчилсэн. Тэрээр “сайныг үйлдэж,” “сайн мэдээг тунхаглахаар” явсан (Үйлс 10:38; Матай 4:23). Түүний үлгэр жишээг дагаснаар та өөрийн үйлчлэх, таныг хүлээн авах хүмүүсийг олох болно.

Та үйлчлэлээр дамжуулан Бурханыг болон хөршөө хайрла гэх хоёр агуу зарлигийг биелүүлдэг (Матай 22:36–40; 25:40; Мозая 2:17-г үзнэ үү). Үйлчлэлээр дамжуулан та болон бусад хүн хүчирхэг, урам зоригтойгоор нэгдэж болно.

Номлогчийн хувьд та долоо хоног бүр төлөвлөсөн үйлчлэлийг үзүүлдэг (мэдээлэл, удирдамж авах бол Номлогчийн жишиг дэх 2.7, 7.2-ыг үзнэ үү). Номлолын ерөнхийлөгчийнхөө удирдлаган доор та JustServe (зөвшөөрөгдсөн газарт) ба Сүмийн хүмүүнлэгийн болон гамшгийн хариуд үзүүлэх тусламжаар дамжуулан орон нутагтаа үйлчлэх боломжуудыг олж болно.

Өдөр бүр залбирч, сайныг үйлдэх төлөвлөөгүй боломжуудыг эрэлхийл. Сайхан сэтгэлийн үүднээс жижиг үйлдлүүдээр үйлчлэх боломж бололцоог таньж мэдэхийн тулд Сүнсийг сонс.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Та аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Өөрсдийгөө умартан, энэ агуу үйл хэрэгт бүхнээ зориул. Хүмүүст туслахын тулд хүчин чармайлт гарга. … Илүү цэх зогс. Хөл нь сульдаж, гар нь доош унжсан хүмүүсийг өргөн дэмж. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдар” (Gordon B. Hinckley, Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley [2016], 209).

Судраас судлах

Аврагчийн амьдралд үйлчлэл ямар үүрэгтэй байсан бэ?

Аммон, Аарон хоёрын номлолд үйлчлэл ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Их Эзэн юу хийхийг танаас хүсдэг вэ?

Амжилттай номлогч

Номлогчийн хувьд таны амжилт үндсэндээ хөрвөгчдийг олж, зааж, баптисм хүртээж, гишүүнээр батлах, мөн тэдэнд Христийн үнэнч шавь, Түүний Сүмийн гишүүн болоход нь туслах хүсэл, хүчин чармайлтаар тодорхойлогддог (Алма 41:3-ыг үзнэ үү).

Таны амжилт хэдэн хүнд зааснаар эсвэл баптисм хүртэхэд тусалснаар тодорхойлогддоггүй. Удирдах албанд байснаар ч тодорхойлогддоггүй.

Таны амжилт бусад хүн таныг болон таны урилгыг мөн сэтгэлийнхээ угаас үзүүлсэн үйлчлэлийг тань хэрхэн хүлээж авснаас шалтгаалахгүй. Хүмүүс сайн мэдээний захиасыг хүлээн авах эсэхээ сонгох эрхтэй. Таны үүрэг бол тэдэнд өөрсдийг нь адислах мэдээлэл дээр үндэслэсэн сонголт хийхэд нь туслахын тулд тодорхой, хүчтэй заах явдал мөн.

Матай 25:14–28 дахь Аврагчийн талантын тухай сургаалт зүйрлэлийг бод. Их Эзэнийг төлөөлсөн эзэн нь өргөлүүдийнх нь хэмжээ өөр байсан ч Өөрийн үнэнч хоёр үйлчлэгчийг магтсан (Матай 25:21, 23-ыг үзнэ үү). Тэрээр мөн өгснийг нь арвижуулсан тул тэр хоёрт хоёуланд ижил шагнал өгсөн буюу “Эзнийхээ баяр баясгаланд ор” хэмээн урьсан.

Бурхан танд үйлчлэлд нь ашиглах авьяас, бэлгүүдийг өгсөн. Таны авьяас, бэлэг бусдынхаас ялгаатай. Тэдгээр нь бүгд чухал ба ил бус нь ч чухал гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийн авьяас, бэлгүүдийг Түүнд зориулах үед Тэрээр тэдгээрийг өсгөн нэмэгдүүлж, таны өгч чадах зүйлээр гайхамшгийг үйлдэх болно.

Өөрийгөө бусадтай харьцуулж, өөрийн хүчин чармайлтын шууд үр дүнг бусдынхтай жишихээс зайлсхий. Харьцуулах нь ихэнхдээ урам хугарах, бардамнах гэх мэт сөрөг үр дагаварт хүргэдэг. Харьцуулах нь мөн байнга буруу зүйлд хөтөлдөг. Их Эзэн танаас хамгийн сайнаараа хичээхийг буюу өөрийн “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Түүнд үйлчл[ээсэй]” хэмээн хүсдэг (Сургаал ба Гэрээ 4:2; тодотгол нэмэгдсэн).

Хүмүүс сайн мэдээг хүлээн авахгүй байгаад та харамсаж магад. Заримдаа та сэтгэлээр унаж ч магад. Судрууд дахь агуу номлогч, бошиглогчид ч гэсэн заримдаа урам хугарч байсан (2 Нифай 4:17–19; Алма 26:27-г үзнэ үү). Ийм үед Их Эзэнд хандан, Түүнд найдаж, хүч чадлын төлөө залбирч, таны төлөө Түүний үйлдсэн сайн сайхан зүйлсийг санах замаар Нифайн үлгэр жишээг дага (2 Нифай 4:16–35-ыг үзнэ үү).

Зураг
Залбирч буй хоёр номлогч

Хүнд хэцүү үед Их Эзэнд хандах үед Тэрээр “Чамайг Би тэнхрүүлнэ; Чамд үнэхээр тусална; Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ” (Исаиа 41:10) хэмээн амласан. Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр та гаргасан хичээл зүтгэлдээ сэтгэл амар байж болно. Итгэл нь таныг цаашид урагш тэмүүлж, зөв шударга хүсэл эрмэлзэлтэй байхад тусална.

Гадна харагдах үр дүнд бус, Христэд үнэнч байхад болон номлогчийнхоо зорилгод анхаарлаа төвлөрүүл. Эдгээр үр дүн ихэвчлэн шууд гарч ирдэггүй. Үүний зэрэгцээ тулгарч буй саад бэрхшээлүүдээс үл хамааран хүлээлтээ өндөр байлга. Өндөр хүлээлт таны бүтээмж, хүсэл эрмэлзэл, Сүнсийг дагах чадварыг нэмэгдүүлнэ.

Их Эзэнд үнэнч байж, амжилттай номлогч байхын тулд гаргаж буй хичээл зүтгэлээ үнэлэх зарим арга замыг дурдвал:

  • Есүс Христийн шавь байж, Түүнээс суралцаж, бага багаар сайжрахыг хичээнгүйлэн эрэлхийл (Иохан 8:31; 2 Нифай 28:30-ыг үзнэ үү).

  • Христийнхтэй адил зан чанаруудыг өөртөө цогцлоохыг эрэлхийл (2 Петр 1:2–9; Сургаал ба Гэрээ 4:5–6-г үзнэ үү).

  • Хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаж, Христэд бодгалиудыг авчрахын тулд өдөр бүр чадах бүхнээ хий (1 Коринт 13; Моронай 7:45–48-ыг үзнэ үү).

  • Аврагчид итгэх итгэлтэй болох амлалт өгөх, үүнийгээ биелүүлэхэд хүмүүсийг урьж, тэдэнд тусал.

  • Судруудыг судалж, чин сэтгэлээсээ талархаж, бурханлаг тусламж хүсэн залбир (Иохан 5:39; 2 Нифай 32:3; Инос 1:4; Алма 37:37; Сургаал ба Гэрээ 26:1-ийг үзнэ үү).

  • Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж, номлогчийн жишгүүдийг чанд мөрд (Сургаал ба Гэрээ 35:24-ийг үзнэ үү).

  • Сүнс таны хаашаа явах, юу хийх, юу хэлэхийг удирдан чиглүүлж байхуйц амьдар (Сургаал ба Гэрээ 18:18; 42:14-ийг үзнэ үү).

  • Залбирч байгаад зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж, тэдгээртээ хүрэхийн төлөө ажилла (Лук 14:28; Сургаал ба Гэрээ 88:119-ийг үзнэ үү).

  • Томилогдсон тойрог эсвэл салбараа бэхжүүлэн босгож, хүчирхэгжүүл (Сургаал ба Гэрээ 18:5-ыг үзнэ үү).

  • Хүмүүс таны захиасыг хүлээн авах эсэхээс үл хамааран, боломж гарах бүрд сайныг үйлдэж, тэдэнд үйлчил (Үйлс 10:38-ыг үзнэ үү).

Та чадах бүхнээ хийсэн ч урам хугарах зүйл тохиолдож болох ба тэр үед та өөртөө сэтгэл дундуур байхгүй байх болно. Өөрөөр тань дамжуулан Сүнс ажиллаж байгааг мэдрэх үед Их Эзэний танд баярлаж байгааг та баттай мэдэрнэ.

Судраас судлах

Их Эзэний үйлчлэгчид ажлынхаа талаар ямар бодолтой байдаг вэ? Их Эзэний үйлчлэгчид өөрсдийнхөө үйлчилдэг хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ? Та ажлынхаа талаар ямар бодолтой байдаг вэ?

Хувиараа судлах

  • Хиламан 10:1–5, 3 Нифай 7:17–18-ыг уншина уу. Энэ номлогчдын талаар мөн тэдний үйлчлэлийн тухай Их Эзэн ямар бодолтой байсан бэ?

  • Абинадай, Аммон хоёрын номлогчийн хүчин чармайлтуудын талаар бод (Мозая 11–18; Алма 17–20; 23–24-ийг үзнэ үү). Хоёр номлогчийн гаргасан хүчин чармайлтын шууд үр дүн өөр өөр байсан ч яагаад Их Эзэн тэр хоёрыг хоёуланг хүлээн зөвшөөрсөн бэ?

  • Юу сурснаа судлах тэмдэглэлдээ бич.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх гэдэг нь ямар утгатай болохыг бодож үз (Иаков 3:12; Сургаал ба Гэрээ 1:4; 38:41; 63:57–58; 88:81; 112:5; Езекиел 3:17–21; 33:1–12-ыг үзнэ үү). Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай талаар мөн үүнийг хэрхэн үйлдэхээ өөрийн үгээр бич.

  • Иосеф Смитийн талаарх болон Сэргээлтийн тухай гэрчлэлийг тань бэхжүүлсэн, амьдралд тохиолдсон үйл явдлуудаа бодож үз. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Хамтрагчтайгаа судалж, харилцан ярилцах

  • Дараах агуу номлогчдоос нэгийг нь сонгоод, жагсаасан судруудыг унш. Уншихдаа, энэ номлогч (1) дуудлагаа хэрхэн ойлгож, үүнд өөрийгөө хэрхэн зориулсныг, (2) уг ажилд хандах хандлага, хүслээ хэрхэн харуулсныг мөн (3) сайн мэдээг хүлээн авахад бусдад хэрхэн тусалсныг ярилц.

  • Сайн мэдээний Сэргээлтийн тухай хоёр дууллыг сонго. Дууллуудын үгсийг унш эсвэл дуул. Үгсийн утгыг ярилц.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Хөрвөгдсөн түүхээ хуваалцахыг хоёр, гурван шинэ хөрвөгчөөс хүс. Тэд номлогчдын талаар юу гэж боддог байсан бэ? Номлогчдын заасан зүйл тэдэнд ямар санагдсан бэ? Амлалтаа биелүүлэхэд нь юу тэдэнд тусалсан бэ? Тэднийг хөрвөгдөхөд юу хамгийн хүчтэй нөлөөлсөн бэ?

  • Хурлаас хэд хоногийн өмнө, бүлгийн эхэн дэх “Үүнийг эргэцүүлэн бод” хэсгээс сонгож авсан асуултуудыг тунгаан бодох даалгаврыг хэдэн номлогчид өг. Оногдсон асуултаараа хоёроос гурван минутын үг бэлдэхийг номлогч бүрээс хүс. Дүүргийн хурал, бүсийн чуулганы үеэр бэлтгэсэн үгээ хэлэхэд номлогчдыг урь. Үг хэлснийх нь дараа юу сурсан мөн үүнийг номлогчийн ажилд хэрхэн ашиглаж болох талаар ярилц.

  • Номлогчдыг дөрвөн бүлэгт хуваа. Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдэж, илчлэгдсэн үнэн, гэрээ болон ёслолуудын аль болох олныг багтаасан жагсаалт гаргахыг бүлэг бүрээс хүс. Бүлэг бүрээр жагсаалтыг нь хуваалцуул. Сэргээлтээр дамжуулан илчлэгдсэн аль нэг үнэн амьдралд нь хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахад номлогчдыг урь.

  • Амжилттай номлогч байх нь юу гэсэн үг болохыг ярилц. Номлогчдыг тодорхой жишээ өгөхөд урь.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Ярилцлагын үеэр эсвэл номлогчидтой ярилцаж байхдаа дараах зүйлсийн талаар хуваалцахыг үе үе хүс. Үүнд:

    • Есүс Христийн талаарх тэдний гэрчлэл;

    • Сэргээгдсэн сайн мэдээ болон Иосеф Смитийн зорилгын талаарх тэдний гэрчлэл;

    • Мормоны Номын талаарх тэдний гэрчлэл;

    • Номлогчийн хувьд зорилго нь юу болох талаарх тэдний бодол санаа.

  • Номлолынх нь зорилго юу болох талаар өөрийн бодол санааг судлах тэмдэглэлдээ бичихэд номлогчдыг урь. Ярилцлагын үеэр эсвэл харилцан ярилцаж байхдаа бичсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Шинэ гишүүдэд баяр хүргэсэн захидал илгээ.