Номлолын дуудлагууд
3-р бүлэг: 2-р хичээл— Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө


“3-р бүлэг: 2-р хичээл—Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“3-р бүлэг: 2-р хичээл,” Миний сайн мэдээг номло

3-р бүлэг: 2-р хичээл

Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө

Зураг
Христийн хөшөө

Хүмүүсийн бодож байж болох асуулт

  • Амьдралын зорилго юу вэ?

  • Би хаанаас ирсэн бэ?

  • Миний төлөө санаа тавьдаг Бурхан байдаг уу? Тэр миний төлөө санаа тавьдгийг би хэрхэн мэдэрч болох вэ?

  • Ийм олон муу зүйл тохиолдож байхад би яаж Бурханд итгэж чадах вэ?

  • Яагаад амьдрал заримдаа ийм хэцүү байдаг вэ? Ийм үед би хэрхэн хүч чадал олж авч чадах вэ?

  • Би хэрхэн илүү сайн хүн болж чадах вэ?

  • Намайг нас барсны дараа юу болох вэ?

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бидэнд бодгалийн чухал асуултуудад хариулт олж авахад тусалдаг. Сайн мэдээгээр дамжуулан бид өөрсдийн бурханлаг мөн чанар, Бурханы хүүхдийн хувьд мөнхийн чадавхынхаа талаар мэдэж авдаг. Сайн мэдээ бидэнд итгэл найдвар өгч, амар амгалан, аз жаргал, утга учрыг олоход тусалдаг. Сайн мэдээний дагуу амьдрах нь амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарахдаа өсөж хөгжин, хүч чадал олж авахад бидэнд тусалдаг.

Бурхан хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг бөгөөд Өөрийн хамгийн агуу адислалуудыг буюу үхэшгүй байдал, мөнх амьдралыг бидэнд өгөхийг хүсдэг (Мосе 1:39; Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү). Тэр биднийг хайрладаг учраас эдгээр адислалыг хүлээн авах төлөвлөгөөг гаргаж өгсөн. Судруудад энэ төлөвлөгөөг авралын төлөвлөгөө, аз жаргалын агуу төлөвлөгөө, гэтэлгэлийн төлөвлөгөө гэж нэрлэдэг (Алма 42:5, 8, 11, 13, 15, 16, 31-ийг үзнэ үү).

Бурханы төлөвлөгөөнд бидний хүн нэг бүр мөнх бус оршихуйн өмнөх амьдрал, төрөлт, мөнх бус амьдрал, үхэл болон үхлийн дараах амьдралыг туулдаг. Бурхан биднийг нас барсныхаа дараа Өөрийнх нь оршихуйд эргэн очиж, баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн аваасай гэсэндээ энэхүү аяллын туршид хэрэгтэй зүйлсийг өгсөн.

Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Есүс Цагаатгал болон Амилалтаараа дамжуулан бидний хүн нэг бүрд үхэшгүй байдал, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг өгсөн.

Дэлхий дээрх амьдралынхаа туршид бид мөнх бус оршихуйн өмнөх амьдралаа санадаггүй. Мөн бид үхлийн дараах амьдралыг ч бүрэн ойлгодоггүй. Гэсэн ч Бурхан бидний мөнхийн аян замын эдгээр хэсгийн талаар олон үнэнийг илчилсэн байдаг. Эдгээр үнэн нь амьдралын зорилгоо ойлгож, баяр баясгаланг мэдэрч, сайн сайхан зүйлс ирнэ гэдэгт найдах хангалттай мэдлэгийг бидэнд өгдөг. Энэ мэдлэг нь дэлхий дээр байх хугацаанд маань удирдан чиглүүлэх ариун нандин эрдэнэ юм.

Заах зөвлөмж

Энэ хэсэгт хичээл бэлтгэхэд тань туслах жишээ тоймыг оруулав. Энд мөн таны ашиглаж болох асуулт, урилгуудын жишээ багтсан.

Хичээлд бэлдэж байхдаа та хүн бүрийн нөхцөл байдал, сүнслэг хэрэгцээ шаардлагын талаар залбирч байгаад бодож үз. Юуг заавал хамгийн их тустай болохыг шийд. Хүмүүс ойлгохгүй байж болох нэр томьёог тодорхойлоход бэлтгэ. Байгаа цагтаа багтаан төлөвлө. Хичээлүүдийг товчхон байлгахаа бүү март.

Заахдаа ашиглах судруудаа сонго. Хичээлийн “Сургаалын үндэс суурь” хэсэгт олон хэрэгтэй судар багтсан.

Заахдаа аль асуултуудыг тавихаа бодож үз. Хүн бүрийг үйлдэхэд уриалах урилгуудыг төлөвлө.

Бурханы амласан адислалуудыг онцлоод, зааж буй зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалц.

Зураг
Гэр бүлд зааж буй номлогчид

Та хүмүүст 15–25 минутад багтаан юу зааж болох вэ?

Авралын төлөвлөгөөний талаар заахдаа дараах зарчмуудаас нэгийг эсвэл олныг сонго. Зарчим бүрийн сургаалын үндэс суурийг энэ тоймын дараа өгсөн болно.

Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө

  • Бид бүгд Бурханы сүнсэн хүүхэд. Тэр Өөрийн дүр төрхөөр биднийг бүтээсэн.

  • Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Бурхантай хамт амьдарч байсан билээ. Бид Түүний гэр бүлийн гишүүн. Тэрээр бидний хүн нэг бүрийг хувь хүнийх нь хувьд мэддэг бөгөөд хайрладаг.

  • Бурхан бидний аз жаргал, энэ болон мөнх амьдралд өсөж хөгжихөд зориулсан төлөвлөгөөг өгсөн.

  • Мөнх бус оршихуйн өмнөх амьдралдаа бид Бурханы төлөвлөгөөг дагахаар сонгосон. Энэ нь бид мөнхийн хөгжил дэвшлийн төлөө дараах алхмаа тавьж, дэлхийд ирнэ гэсэн үг байв.

  • Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Тэрээр бидэнд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралаас хүртэх боломжийг өгсөн.

Бүтээлт

  • Бурханы удирдлаган доор Есүс Христ дэлхийг бүтээсэн.

Адам, Ева хоёрын уналт

  • Адам, Ева хоёр дэлхий дээр ирсэн Бурханы анхны хүүхдүүд байсан юм. Бурхан тэдний бие махбодыг бүтээж, Едений цэцэрлэгт байрлуулжээ.

  • Адам, Ева хоёр зарлигуудыг зөрчиж, цэцэрлэгээс хөөгдөж, Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан. Энэ үйл явдлыг Уналт гэж нэрлэдэг.

  • Уналтын дараа Адам, Ева хоёр мөнх бус болсон юм. Мөнх бус хүмүүсийн хувьд тэд сурч, өсөж хөгжин, хүүхэдтэй болох боломжтой болов. Тэд бас уй гашуу, нүгэл, үхлийг амссан.

  • Уналт нь хүн төрөлхтний хувьд урагшилсан алхам байв. Уналт нь бидэнд дэлхий дээр төрж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өсөж хөгжих боломжийг олгосон юм.

Дэлхий дээрх бидний амьдрал

  • Бурханы төлөвлөгөөгөөр бид бие махбод хүлээн авч, суралцаж, өсөж хөгжихийн тулд дэлхий дээр ирэх ёстой байв.

  • Дэлхий дээр бид итгэлээр алхаж сурдаг. Хэдий тийм ч Тэнгэрлэг Эцэг биднийг ганцаар орхиогүй. Тэрээр биднийг Өөрийнх нь оршихуйд эргэн очиход туслах олон бэлэг, удирдамж заавар өгсөн.

Есүс Христийн Цагаатгал

  • Бидний хүн нэг бүр нүгэл үйлдэж мөн нас барна. Бурхан биднийг хайрладаг учраас нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Есүсийн цагаатгагч золиослолын ачаар бид уучлагдаж, нүглээсээ цэвэршигдэх боломжтой. Наманчлах үед бидний зүрх сэтгэл илүү сайн болон өөрчлөгддөг. Энэ нь бидэнд Бурханы оршихуйд буцаж очин, бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авах боломжийг олгодог.

  • Есүсийн Амилалтын ачаар бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдах болно. Энэ нь хүн бүрийн сүнс болон бие махбод дахин нэгдэж, бидний хүн нэг бүр төгс төгөлдөр, амилуулагдсан биетэй үүрд амьдрах болно гэсэн үг юм.

  • Есүс Христ тайтгарал, найдвар, эдгэрэлтийг өгдөг. Түүний цагаатгагч золиослол бол хайрынх нь төгс илрэл юм. Энэ амьдралын шударга бус бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдох болно.

Сүнсний дэлхий

  • Бидний бие махбод үхэх үед сүнс маань сүнсний дэлхийд үргэлжлүүлэн амьдарна. Энэ бол Амилуулалтын өмнөх суралцаж, бэлтгэгдэх түр зуурын төлөв байдал юм.

  • Есүс Христийн сайн мэдээг сүнсний дэлхийд заадаг бөгөөд бид үргэлжлүүлэн өсөж хөгжих боломжтой.

Амилуулалт, аврал, өргөмжлөл

  • Сүнсний дэлхийд байсны дараа амилуулагдах нь бидний мөнхийн аян замын дараагийн алхам.

  • Амилуулалтаар бидний сүнс, бие хоёр нэгдэнэ. Бидний хүн нэг бүр амилуулагдан, төгс бие махбодтой болно. Бид мөнхөд амьдарна. Энэ нь Аврагчийн Цагаатгал, Амилалтын ачаар боломжтой болсон.

Шүүлт ба алдар суугийн хаант улсууд

  • Биднийг амилуулагдахад Есүс Христ бидний шүүгч байна. Маш цөөхөн тохиолдлыг эс тооцвол, Бурханы бүх хүүхэд алдар суугийн хаант улсад өөрийн байрыг хүлээн авах болно.

  • Хэдийгээр бид бүгд амилуулагдах ч бүгд нэг ижил мөнхийн алдар сууг хүлээн авахгүй. Есүс биднийг мөнх бус амьдралд болон сүнслэг дэлхийд өөрсдийн итгэл, үйлс, наманчлалын дагуу шүүх болно. Хэрэв бид итгэлтэй байвал Бурханы оршихуйд эргэн очиж амьдрах боломжтой.

Хүмүүст тавьж болох асуулт

Дараах нь хүмүүсээс асууж болох асуултуудын жишээ юм. Эдгээр асуулт нь танд утга учир бүхий яриа өрнүүлж, тухайн хүний хэрэгцээ шаардлага, харах өнцгийг ойлгоход тусална.

  • Амьдралын зорилгыг та юу гэж бодож байна вэ?

  • Юу таныг аз жаргалтай болгодог вэ?

  • Бурхан танд ямар сорилт бэрхшээлийг даван туулахад туслах хэрэгтэй вэ?

  • Та тулгарсан бэрхшээлүүдээсээ юу сурсан бэ?

  • Та Есүс Христийн талаар юу мэдэх вэ? Түүний амьдрал, үйл хэрэг таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Өгч болох урилга

  • Бидний заасан зүйл үнэн гэдгийг мэдэхийн тулд та Бурханд хандан залбирч асуух уу? (1-р хичээлийн сүүлийн хэсэг дэх “Заах санаа: Залбирал”-ыг үзнэ үү.)

  • Та бидний заасан зүйлийн талаар илүү ихийг мэдэхийн тулд энэ ням гарагт бидэнтэй хамт сүмд явах уу?

  • Та Мормоны Номыг уншин, уг ном Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд залбирах уу? (Та тодорхой бүлэг эсвэл шүлгийг санал болгож болно.)

  • Та Есүсийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэх үү? (“Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга” гэх 1-р хичээлийн өмнөх хичээлийг үзнэ үү.)

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

Зураг
авралын төлөвлөгөөний график

Сургаалын үндэс суурь

Энэ хэсэгт сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэлээ бэхжүүлэхэд мөн хичээлд тань туслах судлах сургаал, судруудыг өгсөн болно.

Зураг
галактик

Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө

Бид Бурханы хүүхдүүд бөгөөд төрөхөөсөө өмнө Түүнтэй хамт амьдарч байсан

Бурхан бол бидний сүнсний Эцэг. Бид маргаангүй Түүний хүүхдүүд бөгөөд Түүний дүр төрхөөр бүтээгдсэн. Бурханы хүүхдийн хувьд бидний хүн нэг бүр тэнгэрлэг мөн чанартай. Энэхүү мэдлэг нь хүнд хэцүү үеийг даван туулахад бидэнд тусалж, болж чадах хамгийн сайн хүнээ болоход сүнслэгээр өдөөдөг.

Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Бурхантай хамт Түүний сүнслэг хүүхдийн хувьд амьдарч байсан. Бид Түүний гэр бүлийн гишүүн.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

“Бидэнд хэзээ ч мартаж болохгүй, мөн талархах ёстой нэгэн онцгой мөн чанар байдаг ба бид бүгдээрээ үүнийг одоо болон үүрд мөнхөд тээж явдаг. Энэ бол та мөнхөд үргэлжлэх сүнслэг үндсээр Бурхантай холбогдсон Түүний хүү эсвэл охин бөгөөд ийн байсаар ирсэн гэсэн үг юм.

… Энэ үнэнийг ухаарч буюу үнэхээр ойлгож, хүлээн авах нь амьдралыг өөрчилдөг. Энэ нь хэн ч танаас булаан авч чадахгүй онцгой мөн чанарыг танд өгдөг. Гэхдээ үүнээс ч илүү нь энэ нь өөрийн асар их үнэ цэн, хязгааргүй ач холбогдлыг мэдрэхэд танд туслах ёстой. Эцэст нь энэ нь таны амьдралд тэнгэрлэг, эрхэм дээд, зохистой зорилгыг өгдөг” (M. Russell Ballard, “Children of Heavenly Father” [Brigham Young University devotional, Mar. 3, 2020], 2, speeches.byu.edu).

Бид дэлхий дээр ирэхийг сонгосон

Тэнгэрлэг Эцэг маань биднийг хайрладаг бөгөөд Өөртэй нь адил болоосой хэмээн хүсдэг. Тэр бол алдар суу бүхий бие махбодтой өргөмжлөгдсөн хүн юм.

Бурханд биднийг Түүнтэй адилхан болгох төлөвлөгөө байгааг бид мөнх бус оршихуйн өмнөх амьдралд мэдсэн. Түүний төлөвлөгөөний нэгэн хэсэг бол бид тэнгэрлэг гэр орноо орхиж, дэлхий дээр ирэн бие махбодыг хүлээн авах явдал байв. Бид мөн Бурханы оршихуйгаас хол байх хугацаандаа туршлага хуримтлуулж, итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй байсан. Бид Бурхантай хамт байснаа санахгүй байв. Гэсэн ч Тэр биднийг Түүнтэй хамт амьдрахаар эргэн очиход шаардлагатай зүйлсээр хангахаар болсон.

Сонгох эрх буюу сонгох эрх чөлөө, чадвар нь бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд бидний хүн нэг бүр мөнхийн хөгжил дэвшлийн дараагийн алхмаа хийхийн тулд Бурханы төлөвлөгөөг дагаж, дэлхий дээр ирэхийг сонгосон. Бид энд байх хугацаандаа өсөж хөгжин, баяр баясгаланг мэдрэх олон шинэ боломжтой байна гэдгийг ойлгосон. Бид бас эсэргүүцэлтэй тулгарч; уруу таталт, сорилт бэрхшээл, уй гашуу, үхлийг мэдэрнэ гэдгээ ойлгож байсан билээ.

Дэлхийд ирэхээр сонгохдоо бид Бурханы хайр, тусламжид найдаж, бидний авралын төлөөх Түүний төлөвлөгөөнд итгэсэн.

Тэнгэрлэг Эцэг биднийг гэтэлгэхээр Есүс Христийг сонгосон

Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Дэлхийд ирэхээсээ өмнө бид Бурханы оршихуйд өөрийн чадлаар эргэн очих боломжгүй гэдгээ мэдэж байв. Тэнгэрлэг Эцэг бидэнд Түүн дээр эргэн ирж, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгох ажилд Өөрийн ууган Хүү Есүс Христийг сонгосон.

Есүс үүнийг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Тэр дэлхийд ирж, Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан биднийг гэтэлгэхийг зөвшөөрсөн. Түүний Цагаатгал болон Амилалт Бурханы бидэнд зориулсан зорилгуудыг гүйцэлдүүлэх боломжийг олгох байв.

Судраас судлах

Бурханы хүүхдүүд

Бурханы зорилго

Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Далай дээгүүр нар жаргаж байгаа нь

Бүтээлт

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу, Түүний сүнслэг хүүхдүүд бие махбодыг хүлээн авч, туршлага хуримтлуулж болох дэлхий бүтээгдэв. Хөгжин дэвшиж, Бурхантай адилхан болохын тулд бид дэлхий дээр зайлшгүй амьдрах шаардлагатай.

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор дэлхийг мөн дэлхий дээрх бүх амьтныг бүтээсэн. Тэнгэрлэг Эцэг дараа нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээв. Бүтээлт нь Бурханы хайрын, мөн өсөж хөгжих боломжийг бидэнд олгох гэсэн Түүний хүслийн илрэл юм.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Едений цэцэрлэгийг орхисон нь, Жөүсэф Брики

Адам, Ева хоёрын уналт

Уналтын өмнө

Адам, Ева хоёр бол энэ дэлхийд ирсэн Тэнгэрлэг Эцэгийн анхны сүнсэн хүүхдүүд юм. Бурхан тэдний махан биеийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Едений цэцэрлэгт байрлуулжээ. Цэцэрлэгт тэд гэмгүй байсан бөгөөд Бурхан тэдний хэрэгцээг хангаж байлаа.

Адам, Ева хоёрыг цэцэрлэгт байхад Бурхан тэдэнд сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс бүү ид хэмээн зарлиглажээ. Хэрэв уг зарлигийг дагавал тэд цэцэрлэгт үлдэх байв. Гэвч ингэснээр тэд мөнх бус амьдралын эсрэг тэсрэг байдал, сорилт бэрхшээлээс суралцах замаар хөгжиж дэвшихгүй байх байлаа. Тэд уй гашуу, өвчин шаналлыг мэдрэх боломжгүй тул баяр баясгалан гэж юу болохыг ч мэдэхгүй байх байв.

Сатан Адам, Ева хоёрыг хориглосон жимсийг идэхэд уруу татсан ба тэд идэхийг сонгожээ. Энэ сонголтын улмаас тэд цэцэрлэгээс хөөгдөж, Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан юм. Энэ үйл явдлыг Уналт гэж нэрлэдэг.

Уналтын дараа

Уналтын дараа Адам, Ева хоёр мөнх бус болсон юм. Гэм зэмгүй байхаа больсон тэд сайн, муугийн аль алиныг нь ойлгож, туулж өнгөрүүлсэн. Тэд өөрсдийн сонгох эрхийг ашиглан аль нэгийг нь сонгох боломжтой болсон юм. Адам, Ева хоёр эсрэг тэсрэг байдал, сорилт бэрхшээлтэй тулгарсан тул суралцаж, өсөж хөгжиж чадсан. Тэд уй гашууг амссан тул баяр баясгаланг ч бас мэдэрч байсан. (2 Нифай 2:22–25-ыг үзнэ үү.)

Хүнд хэцүү байсан ч Адам, Ева хоёр мөнх бус амьдрал бол агуу адислал гэдгийг мэдэрчээ. Нэг адислал нь тэд үр хүүхэдтэй болох боломжтой болсон явдал юм. Ингэснээр Бурханы бусад сүнслэг хүүхдэд дэлхий дээр ирж, бие махбод хүлээн авах боломжийг олгосон.

Уналтын адислалуудад Адам, Ева хоёр хоёулаа баярлажээ. Ева: “Хэрэв бидний зөрчил байгаагүйсэн бол бид хэзээ ч [үр удамгүй] байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан” гэж хэлсэн (Moсе 5:11; мөн 10-р шүлгийг үзнэ үү).

Судраас судлах

Цэцэрлэгт

Уналт

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Дэлхий дээрх бидний амьдрал

Олон хүн “Би яагаад энэ дэлхий дээр байгаа юм бэ?” гэж боддог. Дэлхий дээрх бидний амьдрал бол бидний мөнхийн хөгжил дэвшилд зориулсан Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Бидний эцсийн зорилго бол Бурханы оршихуйд эргэн очиж, баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдлыг хүлээн авахад бэлтгэх явдал. Дэлхий дээрх амьдрал биднийг үүнд бэлтгэдэг зарим арга замыг доор өгөв.

Зураг
Инээмсэглэж буй хүү

Бие махбод хүлээн авах

Дэлхий дээр ирэх бидний нэг зорилго бол өөрсдийн маань сүнс оршиж болох бие махбодыг хүлээн авах явдал юм. Бидний бие махбод бол Бурханы ариун нандин, гайхамшигт бүтээл. Бие махбодын тусламжтайгаар бид сүнснийхээ хийж чадахгүй олон зүйлийг хийж, сурч, мэдрэх боломжтой. Бид сүнсний хувьд хийж чадахгүй байх байсан арга замуудаар өсөж хөгжих боломжтой.

Бидний бие махбод мөнх бус учраас бид өвдөлт, өвчин эмгэг болон бусад сорилт бэрхшээлийг мэдэрдэг. Эдгээр туршлага нь бидэнд тэвчээр, энэрэл болон бусад бурханлаг зан чанарыг сурахад тусалдаг. Тэдгээр нь бидний баяр баясгаланд хүрэх замын маань нэгэн хэсэг болж болох юм. Зөвийг сонгоход хэцүү үед үүнийг сонгох замаар бид ихэвчлэн итгэл, найдвар, энэрлийг өөрсдийн зан чанарын нэгэн хэсэг болгодог.

Сонгох эрхийг ухаалгаар ашиглаж сурах

Мөнх бус оршихуйн өөр нэгэн зорилго бол сонгох эрхээ ухаалгаар ашиглаж сурах буюу зөвийг сонгох явдал юм. Сонгох эрхээ ухаалгаар ашиглаж сурах нь Бурхантай адилхан болоход зайлшгүй шаардлагатай.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд зөвийг зааж, аз жаргалд хүргэх зарлигуудыг өгдөг. Сатан биднийг буруу зүйл хийлгэхээр уруу татдаг бөгөөд биднийг өөртэйгөө адил зовлонтой байлгахыг хүсдэг. Сонгох эрхээ ашиглаж сурахад зайлшгүй шаардлагатай сайн ба муугийн хоорондох эсрэг тэсрэг байдалтай бид тулгардаг (2 Нифай 2:11-ийг үзнэ үү).

Бид Бурханд дуулгавартай байснаар өсөж хөгжин, Түүний амласан адислалуудыг хүлээн авдаг. Харин бид дуулгаваргүй байснаар Түүнээс өөрсдийгөө холдуулж, нүглийн үр дагаврыг хүлээн авдаг. Хэдийгээр энэ нь заримдаа өөр мэт санагдаж болох ч яваандаа нүгэл зовлон руу хөтөлдөг. Ихэнхдээ дуулгавартай байдлын адислалууд болон нүглийн үр дагаврууд тэр даруй эсвэл гаднаасаа шууд харагддаггүй. Гэхдээ тэдгээр нь бодитой. Учир нь Бурхан шударга.

Бид хамгийн сайнаараа хичээж зүтгэсэн ч нүгэл үйлдэж, “Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23). Үүнийг мэдсэн Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрт нь эргэж ирэх боломжийг олгохын тулд наманчлах арга замыг гаргаж өгсөн.

Наманчлал нь бидний Гэтэлгэгч, Есүс Христийн хүчийг амьдралд маань авчирдаг (Хиламан 5:11-ийг үзнэ үү). Бид наманчилснаар Есүс Христийн цагаатгагч золиослол, Ариун Сүнсний бэлэг зэргээр дамжуулан нүглээсээ цэвэршүүлэгддэг (3 Нифай 27:16–20-ийг үзнэ үү). Наманчлалаар дамжуулан бид баяр баясгаланг мэдэрдэг. Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих зам бидэнд нээлттэй. Учир нь Тэр нигүүлсэнгүй. (3-р хичээл дэх “Наманчлал”-ыг үзнэ үү.)

Итгэлээр алхаж сурах

Энэ амьдралын өөр нэгэн зорилго бол зөвхөн Тэнгэрлэг Эцэгээс тусгаарлагдсанаар олж авах боломжтой туршлагыг хуримтлуулах явдал юм. Бид Түүнийг хардаггүй тул итгэлээр алхаж сурах хэрэгтэй (2 Коринт 5:6–7-г үзнэ үү).

Бурхан биднийг энэ аян замд ганцааранг нь явуулаагүй. Тэр биднийг чиглүүлж, тайвшруулж, урамшуулан дэмжих Ариун Сүнсийг илгээсэн. Тэр мөн судар, бошиглогч, залбирал болон Есүс Христийн сайн мэдээг өгсөн.

Бидний баяр баясгалан, уйтгар гуниг, амжилт ололт, бүтэлгүйтэл гээд мөнх бус амьдралд болж өнгөрсөн үйл явдал бүр Бурханд эргэн очиход бэлтгэх үедээ өсөж хөгжихөд маань тусалдаг.

Судраас судлах

Өсөн хөгжиж, ахиж дэвших цаг

Сонголт

Сайн ба хилэнц

Нүгэл

Бид Бурхантай хамт байхын тулд цэвэр ариун байх ёстой

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Есүс Христийн Цагаатгал

Адам, Ева хоёрын уналтаас болж бид бүгд нүгэл, үхэлтэй тулгардаг. Бид нүгэл, үхлийн үр дагаврыг өөрсдийн хүчээр даван гарч чадахгүй. Бидний Тэнгэрлэг Эцэг авралын төлөвлөгөөндөө Уналтын үр дагаврыг даван гарах арга замыг өгсөн бөгөөд ингэснээр бидэнд Түүн рүү эргэж очих боломжийг олгосон. Дэлхийг бүтээхээс өмнө Тэр Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар сонгосон.

Зөвхөн Есүс Христ биднийг нүгэл, үхлээс гэтэлгэж чадна. Тэрээр шууд утгаараа Бурханы Хүү юм. Тэр нүгэлгүй, Өөрийн Эцэгт төгс дуулгавартай байсан. Тэр Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхэд бэлэн, ийн үйлдэх хүсэл зоригтой байсан.

Аврагчийн Цагаатгалд Гетсеманийн цэцэрлэг дэх болон загалмай дээрх зовлон шаналал, үхэл, Амилалт багтдаг. Тэрээр төсөөлөхийн аргагүй асар ихээр зовж шаналан, нүх сүв бүрээс нь цус урсаж байсан (Сургаал ба Гэрээ 19:18-ыг үзнэ үү).

Есүс Христийн Цагаатгал бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу үйл явдал мөн. Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан Есүс Эцэгийнхээ төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Бид өөрсдийгөө нүгэл, үхлээс аварч чадахгүй учраас Есүс Христийн Цагаатгалгүйгээр аврагдахгүй байх байсан (Алма 22:12–15-ыг үзнэ үү).

Бидний Аврагчийн золиослол Түүний Эцэгээ болон биднийг гэх хайрын дээд илрэл байсан юм. Христийн хайрын “өргөн, урт, гүн, өндөр” нь бидний ойлгох хэр хэмжээнээс давж гардаг (Ефес 3:18, 19-р шүлгийг үзнэ үү).

Зураг
Цовдлуулалт, Харри Андэрсон

Есүс Христ бүгдийн төлөө үхлийг ялан дийлсэн

Есүс Христийг загалмай дээр амьсгал хураахад Түүний сүнс биеэс нь салсан. Гурав дахь өдөр нь Түүний бие сүнстэйгээ дахин хэзээ ч салахгүйгээр нэгдсэн юм. Тэр олон хүнд үзэгдэн, мах яснаас бүтсэн үхэшгүй биетэй болсноо үзүүлсэн. Энэхүү бие махбод, сүнсний нэгдлийг Амилуулалт гэж нэрлэдэг.

Мөнх бус хүмүүний хувьд бидний хүн нэг бүр үхнэ. Гэсэн ч Есүс үхлийг ялан дийлсэн тул дэлхий дээр төрсөн хүн бүр амилуулагдана. Амилуулалт бол Аврагчийн нигүүлсэл, ач ивээлээрээ дамжуулан хүн бүрд өгсөн бурханлаг бэлэг юм. Хүн бүрийн сүнс, бие махбод дахин нэгдэж, бидний хүн нэг бүр төгс төгөлдөр, амилуулагдсан биетэй үүрд амьдрах болно. Хэрэв Есүс Христ байгаагүй бол үхэл нь ирээдүйд Тэнгэрлэг Эцэгтэй хамт байх бүх найдварыг үгүй хийх байсан (2 Нифай 9:8–12-ыг үзнэ үү).

Есүс бидэнд гэм нүглээсээ цэвэрших боломжийг олгосон

Христээр дамжуулан хүлээн авах итгэл найдварыг ойлгохын тулд бид шударга ёсны хуулийг ойлгох хэрэгтэй. Энэ нь үйлдлийн үр дагаврыг авчирдаг хувиршгүй хууль билээ. Бурханд дуулгавартай байх нь эерэг үр дагаврыг авчирдаг бол дуулгаваргүй байх нь сөрөг үр дагаврыг авчирдаг. (Aлма 42:14–18-ыг үзнэ үү.) Бид нүгэл үйлдэхдээ сүнслэг байдлын хувьд бузар болдог ба ямар ч бузар зүйл Бурханы оршихуйд амьдарч чадахгүй (3 Нифай 27:19-ийг үзнэ үү).

Зураг
Есүс Гетсеманид залбирч байгаа нь, Харри Андэрсон

Есүс Христ цагаатгагч золиослолынхоо үеэр бидний оронд Өөрийгөө тавьж, зовж шаналж, нүглийн маань шийтгэлийн төлөөсийг төлсөн (3 Нифай 27:16–20-ийг үзнэ үү). Бурханы төлөвлөгөө нь Есүс Христэд бидний өмгөөлөгч болох буюу бидний болон шударга ёсны хооронд зогсох хүчийг өгдөг (Мозая 15:9-ийг үзнэ үү). Есүсийн цагаатгагч золиослолын ачаар Тэр биднийг наманчлалд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед бидний өмнөөс нигүүлслийн эрхээ шаардаж чадна (Моронай 7:27; Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг үзнэ үү). “Тиймээс нигүүлсэл шударга ёсны шаардлагыг хангаж, [биднийг] аюулгүй байдлын гарт бүсэлж чадна” (Алма 34:16).

Зөвхөн Аврагчийн Цагаатгалын бэлгээр дамжуулан мөн наманчлалаараа дамжуулан бид Бурхантай хамт амьдрахаар эргэн очиж чадна. Бид наманчилснаар уучлагдаж, сүнслэг байдлын хувьд цэвэршдэг. Бид нүглээс маань үүдэлтэй гэм буруугийн мэдрэмжийн дарамтаас салдаг. Бидний шархадсан сүнс эдгэрдэг. Бид баяр баясгалангаар дүүрдэг (Алма 36:24-ийг үзнэ үү).

Хэдийгээр бид төгс бус, дахин алдаж болох ч Есүс Христ дотор бүтэлгүйтэл, алдаа дутагдал, гэм нүглээс илүү ач ивээл, хайр, нигүүлсэл байдаг. Бурханд хандаж, наманчлахад Тэрээр биднийг тэврэн авахад үргэлж бэлэн байдаг ба ийн тэврэхийг хүсэн тэмүүлдэг (Лук 15:11–32-ыг үзнэ үү). Юу ч, хэн ч “бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй” (Ром 8:39).

Есүс Христ бидний өвчин шаналал, зовлон зүдгүүр, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан.

Тэр цагаатгагч золиослолоороо бидний өвчин шаналал, зовлон зүдгүүр, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Иймээс Тэр “бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг” мэддэг (Алма 7:12, 11-р шүлгийг үзнэ үү). Тэр “Над дээр ир” гэж урьдаг бөгөөд биднийг ийн ирэхэд Тэр бидэнд амралт, найдвар, хүч чадал, харах өнцөг, эдгэрэлтийг өгдөг (Матай 11:28, 29–30-р шүлгийг үзнэ үү).

Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж найдсанаар Тэр бидэнд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр, өвчин эмгэгээ даван гарахад тусалж чадна. Бид баяр баясгалан, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байх болно. Амьдралын шударга бус гэсэн юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдож болно.

Судраас судлах

Аврагчийн Цагаатгал

Амилалт ба Амилуулалт

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Гэр бүлийнхэн булшин дээр ирсэн нь

Сүнсний дэлхий

Олон хүн “Намайг нас барсны дараа юу болох вэ?” гэж боддог. Авралын төлөвлөгөө нь энэ асуултад зарим нэгэн чухал хариулт өгдөг.

Үхэл бол бидэнд зориулсан Бурханы “нигүүлсэнгүй төлөвлөгөөний” нэг хэсэг юм (2 Нифай 9:6). Үхэл нь бидний амьдралын төгсгөл биш, харин мөнхийн хөгжил дэвшлийн маань дараагийн алхам юм. Бурхантай адилхан болохын тулд бид үхлийг амсан, хожим нь төгс хийгээд амилуулагдсан биеийг хүлээн авах ёстой.

Бидний бие махбод үхэх үед сүнс маань сүнсний дэлхийд үргэлжлүүлэн амьдарна. Энэ бол Амилалт болон Эцсийн шүүлтийн өмнөх суралцах, бэлтгэх түр зуурын төлөв байдал юм. Мөнх бус амьдралын талаарх бидний мэдлэг бидэнтэй хамт үлддэг.

Сүнсний дэлхийд Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, үүний дагуу амьдарч байсан хүмүүс “диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдалд” хүлээн авагдах болно (Алма 40:12). Бяцхан хүүхдүүдийг нас барахад мөн диваажинд хүлээн авдаг.

Диваажин дахь сүнснүүд зовлон зүдгүүр, уй гашуугаасаа салан, амар тайван байх болно. Тэд Бурханы ажлыг хийж, бусдад тохинуулж, сүнслэг байдлын хувьд үргэлжлүүлэн өсөж хөгждөг. Тэд мөнх бус амьдралынхаа туршид сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүст сайн мэдээг заах болно (Сургаал ба Гэрээ 138:32–37, 57–59-ийг үзнэ үү).

Сүнсний дэлхийд сайн мэдээг дэлхий дээр байхдаа хүлээн авах боломжгүй байсан эсвэл зарлигуудыг дагахгүй байхаар сонгосон хүмүүс зарим хязгаарлалтыг мэдэрнэ (Сургаал ба Гэрээ 138:6–37; Алма 40:6–14-ийг үзнэ үү). Гэхдээ Бурхан шударга бөгөөд нигүүлсэнгүй учраас тэдэнд Есүс Христийн сайн мэдээг заалгах боломж олдоно. Хэрэв тэд үүнийг хүлээн зөвшөөрч, наманчилбал нүглээсээ гэтэлгэгдэх болно (Сургаал ба Гэрээ 138:58; мөн 138:31–35; 128:22-ыг үзнэ үү). Тэднийг диваажингийн амар амгаланд угтан авна. Тэд эцэст нь мөнх бус амьдралдаа болон сүнсний дэлхийд хийсэн сонголтууд дээрээ үндэслэн алдар суугийн хаант улсад өөрийн байрыг хүлээн авах болно.

Бид амилуулагдах хүртлээ сүнсний дэлхийд үлддэг.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Амилуулалт, аврал, өргөмжлөл

Амилуулалт

Бурханы төлөвлөгөө бидэнд өсөж хөгжин, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгодог. Сүнсний дэлхийд амьдарсны дараах өсөлт хөгжилд хүргэх алхам бол Амилуулалт юм.

Амилуулалт гэж бидний бие болон сүнс нэгдэхийг хэлдэг. Бидний хүн нэг бүр амилуулагдана. Энэ нь Аврагчийн Цагаатгал, Амилалтын ачаар боломжтой болсон. (Алма 11:42–44 -ийг үзнэ үү.)

Бид амилуулагдахдаа өвдөлт, өвчин эмгэггүй төгс бие махбодтой болсон байна. Бид үхэшгүй мөнх болж, мөнх амьдрах болно.

Аврал

Бид бүгдээрээ амилуулагдах учраас бүгд бие махбодын үхлээс аврагдана. Энэ бэлгийг бид зөвхөн Есүс Христийн ач ивээлээр дамжуулан хүлээн авсан.

Бид бас шударга ёсны хуулиар бидний нүглийн хариуд өгөгддөг үр дагавраас аврагдах буюу авралыг олж авах боломжтой. Бид наманчилснаар Есүс Христийн сайн үйл хийгээд ач ивээлээр энэхүү бэлгийг хүлээн авах боломжтой болдог. (Алма 42:13–15, 21–25-ыг үзнэ үү.)

Өргөмжлөл

Өргөмжлөл буюу мөнх амьдрал нь селестиел хаант улс дахь аз жаргал, алдар суугийн хамгийн дээд түвшин юм. Өргөмжлөл бол нөхцөл заасан бэлэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Заасан нөхцөлд нь Их Эзэнд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах, ариун сүмийн ёслол, гэрээнд итгэлтэй хэвээр үлдэх зэрэг нь ордог” гэж заасан (“Salvation and Exaltation,” Liahona, May 2008, 9).

Өргөмжлөл нь мөнхийн гэр бүлийн хувьд Бурхантай хамт үүрд мөнхөд амьдарна гэсэн үг юм. Энэ нь Бурхан, Есүс Христ хоёрыг танин мэдэж, Тэдэнтэй адилхан болж, Тэдний эдэлдэг амьдралыг биеэр үзэх явдал мөн.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Үүлэн чөлөөгөөр тусах нар

Шүүлт ба алдар суугийн хаант улсууд

Тайлбар: Алдар суугийн хаант улсуудын талаар анх заахдаа тухайн хүний хэрэгцээ шаардлага, ойлголтын дагуу суурь түвшинд заа.

Биднийг амилуулагдахад Есүс Христ бидний шударга бөгөөд нигүүлсэнгүй шүүгч байх болно. Маш цөөхөн тохиолдлыг эс тооцвол, бидний хүн нэг бүр алдар суугийн хаант улсад өөрийн байрыг хүлээн авах болно. Хэдийгээр бид бүгд амилуулагдах ч бүгд нэг ижил мөнхийн алдар сууг хүлээн авахгүй (Сургаал ба Гэрээ 88:22–24, 29–34; 130:20–21; 132:5-ыг үзнэ үү).

Мөнх бус амьдралынхаа туршид Бурханы зарлигуудыг бүрэн ойлгож, дуулгавартай дагах боломж олдоогүй хүмүүст сүнсний дэлхийд ийм боломж олгогдоно. Есүс хүн нэг бүрийг мөнх бус амьдрал дахь болон сүнсний дэлхий дэх итгэл, ажил, хүсэл, наманчлалынх нь дагуу шүүнэ (Сургаал ба Гэрээ 138:32–34, 57–59-ийг үзнэ үү).

Сударт алдар суугийн селестиел, террестриел, телестиел хаант улсын тухай заадаг. Тэд тус бүрдээ Бурханы хайр, шударга ёс, нигүүлслийн илрэл юм.

Христэд итгэж, нүглээ наманчилж, сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ сахиж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчдэг хүмүүс селестиел хаант улсад аврагдах болно. Энэ хаант улсад мөнх бус амьдралынхаа туршид сайн мэдээг хүлээн авах боломж байгаагүй ч “бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авах байсан” мөн сүнсний ертөнцөд үүнийг хүлээн авсан хүмүүсийг хамруулах болно (Сургаал ба Гэрээ 137:8; мөн 7-р шүлгийг үзнэ үү). Хариуцлага хүлээх наснаасаа (найман нас) өмнө нас барсан хүүхдүүд мөн селестиел хаант улсад аврагдана (Сургаал ба Гэрээ 137:10-ыг үзнэ үү).

Сударт селестиел хаант улсыг нарны алдар суутай эсвэл хурц гэрэлтэй зүйрлэсэн байдаг (Сургаал ба Гэрээ 76:50–70-ыг үзнэ үү.)

Нэр төртэй амьдарч, “Есүсийн тухай гэрчлэлийг махан бодид хүлээн аваагүй, харин хожим нь үүнийг хүлээн авсан” хүмүүс террестриел хаант улсад байрыг хүлээн авах болно (Сургаал ба Гэрээ 76:74). Есүсийн тухай гэрчлэлдээ бат байгаагүй хүмүүсийн хувьд ч мөн адил. Сударт энэ хаант улсыг сарны алдар суутай зүйрлэсэн байдаг. (Сургаал ба Гэрээ 71–80-ыг үзнэ үү.)

Нүгэлт байдалдаа хэвээр үлдэж, энэ амьдралдаа наманчлаагүй эсвэл сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүс телестиел хаант улсад шагналаа хүлээн авах болно. Сударт энэ хаант улсыг оддын алдар суутай зүйрлэсэн байдаг. (Сургаал ба Гэрээ 76:81–86-г үзнэ үү.)

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Богино болон дунд хэмжээний хичээлийн тойм

Дараах тойм нь цаг бага байхад хэн нэгэнд юу зааж болохыг үзүүлсэн жишээ юм. Энэ тоймыг ашиглахдаа, заах нэг буюу хэд хэдэн зарчмыг сонго. Зарчим бүрийн сургаалын үндэс суурийг хичээлийн эхэнд өгсөн байгаа.

Заахдаа асуу мөн сонс. Бурханд хэрхэн илүү ойртох талаар суралцахад нь туслах урилгыг хүмүүст өг. Тухайн хүнийг тантай дахин уулзахад урих нь чухал урилга юм. Хичээлийн үргэлжлэх хугацаа таны асуух асуулт, сонсож байгаа зүйлээс хамаарна.

Хүмүүст 3–10 минутад багтаан юу зааж болох вэ?

  • Бид бүгд Бурханы сүнсэн хүүхэд. Бид Түүний гэр бүлийн гишүүн. Тэрээр бидний хүн нэг бүрийг хувь хүнийх нь хувьд мэддэг бөгөөд хайрладаг.

  • Бурхан бидэнд энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд аз жаргалтай байж, өсөж хөгжихөд зориулсан төлөвлөгөөг өгсөн билээ.

  • Бурханы төлөвлөгөөгөөр бид бие махбод хүлээн авч, суралцаж, өсөхийн тулд дэлхий дээр ирэх ёстой байв.

  • Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Тэр бидэнд мөнх амьдралтай болох боломжийг өгсөн.

  • Бурханы удирдлаган доор Есүс дэлхийг бүтээсэн.

  • Дэлхий дээрх бидний туршлага Бурханы оршихуйд эргэж очиход бидэнд туслах зорилготой юм.

  • Бидний хүн нэг бүр нүгэл үйлдэж мөн нас барна. Бурхан биднийг хайрладаг учраас нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Энэ амьдралын шударга бус бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдох болно.

  • Бие махбод үхэх үед сүнс маань үргэлжлүүлэн амьдардаг. Эцэст нь бид бүгд амилуулагдана. Энэ нь хүн бүрийн сүнс болон бие махбод дахин нэгдэж, бидний хүн нэг бүр төгс төгөлдөр, амилуулагдсан биетэй үүрд амьдрах болно гэсэн үг юм.

  • Биднийг амилуулагдахад Есүс Христ бидний шүүгч байна. Маш цөөхөн тохиолдлыг эс тооцвол, Бурханы бүх хүүхэд алдар суугийн хаант улсад өөрийн байрыг хүлээн авах болно. Хэрэв бид итгэлтэй байвал Бурханы оршихуйд эргэн очиж амьдрах боломжтой.