Номлолын дуудлагууд
6-р бүлэг: Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийл


“6-р бүлэг: Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийл,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“6-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Загасчдыг дуудаж байгаа нь (Христ Петр, Андрей хоёрыг дуудаж байгаа нь), Харри Андэрсон

6-р бүлэг

Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийл

Үүнийг эргэцүүлэн бод

  • Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийлэх нь хэрхэн надад номлогчийн зорилгоо биелүүлэхэд туслах вэ?

  • Би хэрхэн Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийлэхийн зэрэгцээ хүлээн авч чадах вэ?

  • Би яг одоо ямар зан чанарт эсвэл зан чанаруудад анхаарлаа хандуулах ёстой вэ?

Оршил

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа эхэнд Галилын тэнгисийн эргээр алхаж байхдаа Андрей, Петр хэмээх хоёр загасчныг дууджээ. Тэр тэдэнд “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно” хэмээжээ (Матай 4:19-ийг мөн Марк 1:17-г үзнэ үү).

Их Эзэн мөн Өөрийн ажилд таныг дуудсан бөгөөд Өөрийг нь дагахад урьдаг. “Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” гэж Тэр асуусан. “Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээн Тэр хэлжээ.

Миний сайн мэдээг номло гарын авлагын зарим бүлэг номлогчийн хувьд та юу хийх хэрэгтэй буюу хэрхэн суралцах, заах, зорилго тавихад төвлөрсөн байгаа. Таны хийж байгаа зүйл чухал ч таны хэн болох мөн хэн болж байгаа нь мөн адил чухал. Үүн дээр энэ бүлэгт төвлөрнө.

Судруудад номлогчийн хувьд болон амьдралынхаа туршид хөгжүүлэхийг эрэлхийлэх ёстой нэн чухал Христийнхтэй адил зан чанаруудыг дүрсэлсэн байдаг. Христийнхтэй адил зан чанар гэдэг нь Аврагчийн мөн чанар, зан байдлын дүрслэл эсвэл шинж чанар юм. Энэ бүлэгт тэдгээр шинж чанарын заримыг тайлбарласан. Тэдгээрийг болон тэдгээртэй холбоотой судруудыг судал. Судрын бусад хэсгийг судлахдаа Христийнхтэй адил бусад зан чанарыг олж мэд.

Хувиараа судлах

Сургаал ба Гэрээ 4-ийг судал. Их Эзэн номлогчдын хувьд ямар зан чанарыг чухал гэж тодорхойлсон бэ? Тэдгээр зан чанарыг эрэлхийлэх нь хэрхэн танд номлогчийн зорилгоо биелүүлэхэд туслах вэ?

“Есүсийг эрэлхийл”

Бошиглогч Моронай “Мөн түүнчлэн бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэхэд” Ифер 12:41 биднийг урьсан билээ. Есүсийг эрэлхийлэх нэг чухал арга зам бол Түүний талаар сурч мэдэн, Түүнтэй илүү адилхан болохын тулд шаргуу хичээл зүтгэл гаргах явдал юм. Таны номлол үүнд анхаарлаа төвлөрүүлэхэд хамгийн тохиромжтой цаг юм.

Та Христтэй хэдий чинээ илүү адилхан болохыг хичээнэ, номлогчийн зорилгоо төдий чинээ илүү сайн биелүүлэх болно. Түүний зан чанарууд таны зан чанарын нэгэн хэсэг болох үед та баяр баясгалан, амар амгалан, сүнслэг өсөлтийг мэдрэх болно. Та мөн амьдралынхаа туршид Түүнийг үргэлжлүүлэн дагах үндэс сууриа тавина.

Бурханы бэлгүүд

Христийнхтэй адил зан чанарууд бол Бурханы бэлэг юм. Бүх сайн сайхан зүйлийн нэгэн адил эдгээр бэлэг нь “Бурхан Эцэг, Их Эзэн Есүс Христ, түүнчлэн Ариун Сүнс[ээр]” (Ифер 12:41) дамжин ирдэг.

Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг эрэлхийлэхдээ, Түүнд анхаарлаа төвлөрүүл (Сургаал ба Гэрээ 6:36-г үзнэ үү). Тэдгээр зан чанар нь хийвэл зохих ажлын жагсаалт дээрх зүйл биш. Тэдгээр нь өөрийгөө сайжруулах хөтөлбөрт сурдаг арга техник ч биш. Тэдгээрийг зөвхөн хувь хүний хувьд шийдэмгий байснаар олж авдаггүй. Харин та Есүс Христийн илүү үнэнч шавь болохын төлөө хичээхдээ тэдгээрийг хүлээн авах боломжтой.

Тэдгээр зан чанараар адислахыг хүсэн, Бурханд залбир. Өөрийн сул талыг болон амьдралд тань Түүний хүч хэрэгтэй гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөр. Ингэснээр Тэр “сул дорой зүйлсийг [тань] хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).

Аажим аажмаар явагддаг үйл явц

Аврагчтай илүү адилхан болох нь аажмаар, насан туршид явагддаг үйл явц юм. Бурханыг баярлуулах хүслийг тээн, нэг нэгээр шийдвэрээ сайжруул.

Өөртөө тэвчээртэй ханд. Өөрчлөлт, өсөлтөд цаг хугацаа шаардагддаг гэдгийг Бурхан мэддэг. Тэр таныг чин сэтгэлээсээ ийн хүсэж байгаад баярлаж байгаа бөгөөд гаргасан бүхий л хүчин чармайлтыг тань адислах болно.

Христтэй илүү адилхан болохыг эрэлхийлэх тусам таны хүсэл, бодол, үйлдэл өөрчлөгдөнө. Есүс Христийн Цагаатгалаар болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан таны мөн чанар цэвэршигдэх болно (Мозая 3:19-ийг үзнэ үү).

Зураг
Парли П.Пратт

Ариун Сүнс бидний чадварыг өргөжүүлэн, өсгөн нэмэгдүүлдэг. Тэр бас “ариун журам, эелдэг зан, сайн санаа, номхон дөлгөөн, даруу зан, нигүүлслийг төрүүлдэг. … Товчилбол, тэр бол ясан дахь чөмөг, зүрхэн дэх баяр баясал, нүдэн дэх гэрэл, чихэн дэх аялгуу, хүмүүний амь байсаар ирсэн, одоо ч гэсэн байгаа билээ” (Parley P. Pratt, Key to the Science of Theology [1855], 98–99).

Судраас судлах

Есүс Христийн жишээг дагах талаар эдгээр сударт юу заадаг вэ?

Та дараах судруудаас Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийлэх талаар юу сурч болох вэ?

Зураг
Бос мөн алх, Саймон Дюүи

Есүс Христэд итгэх итгэл

Итгэл тань аврал өөд таныг хөтлөхийн тулд та итгэлээ Их Эзэн Есүс Христ дээр төвлөрүүлэх ёстой (Үйлс 4:10–12; Moзая 3:17; Moронай 7:24–26-г үзнэ үү). Христэд итгэлтэй байхдаа та Тэрээр Бурханы Цорын ганц Хүү гэдэгт итгэдэг. Наманчилснаар Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан таны нүглүүд уучлагдаж, Ариун Сүнсээр ариусгагдана гэдэгт та итгэлтэй байна (3 Нифай 27:16, 20-ийг үзнэ үү).

Итгэлтэй байна гэдэг нь төгс мэдлэгтэй байна гэсэн үг биш юм. Харин энэ нь хараагүй ч гэсэн үнэн зүйлсийн талаар өгсөн Сүнсний баталгаа юм. (Алма 32:21-ийг үзнэ үү.)

Та үйлдлээр дамжуулан итгэлээ илэрхийлдэг. Тэдгээр үйлдэлд Аврагчийн сургаал, үлгэр жишээг дагах явдал багтдаг. Тэдгээрт бусдад үйлчлэх, Христийг дагахыг сонгоход нь туслах зэрэг багтдаг. Та мөн хичээнгүй байж, наманчлан, хайраар итгэлээ илэрхийлдэг.

Итгэл бол хүч чадлын зарчим. Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр өөрийн тань нөхцөл байдалд тохирсон Түүний хүчээр адислагдана. Та Их Эзэний тааллын дагуу гайхамшгуудыг харах боломжтой болно. (Иаков 4:4–7; Моронай 7:33; 10:7-г үзнэ үү.)

Есүс Христтэй болон Түүний сургаалтай илүү сайн танилцах тусам Түүнд итгэх таны итгэл улам бүр өснө. Судраас судалж, чин сэтгэлээсээ залбирч, зарлигуудыг дагахын хэрээр итгэл тань өсөн нэмэгдэх болно. Эргэлзээ, нүгэл нь итгэлийг сулруулдаг.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Итгэл зөвхөн мэдрэмж биш энэ бол шийдвэр юм. Залбирч, судалж, дуулгавартай байж, гэрээ байгуулснаар бид итгэлээ өсгөн нэмэгдүүлж, бэхжүүлдэг. Аврагчид болон Түүний хожмын өдрүүдийн үйл хэрэгт итгэх итгэл маань бүхнийг шүүдэг хүчирхэг дуран болдог. Дараа нь бид амьдралын шатах зууханд орсноор … зөв замаар явах хүчтэй болно” (Neil L. Andersen, “It’s True, Isn’t It? Then What Else Matters?Liahona, May 2007, 74).

Судраас судлах

Итгэл гэж юу вэ?

Итгэлийг хэрхэн олж авах мөн итгэлээр дамжуулан та юу хийж чадах вэ?

Итгэлээр дамжин ямар адислалууд ирдэг вэ?

Зураг
Үхлээс боссон найдвар, Жөүсэф Брики

Найдвар

Найдвар бол зүгээр нэг хоосон мөрөөдөл биш. Энэ нь харин Христэд итгэх итгэл дээр тань суурилсан, Бурхан танд өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэгт байнга итгэх итгэл (Моронай 7:42-ыг үзнэ үү). Энэ нь Христээр дамжин ирэх “сайн юмсын” хүлээлт (Еврей 9:11).

Таны найдварын эцсийн эх сурвалж бол Есүс Христ. Бошиглогч Мормон: “Мөн та нар юуны төлөө найдах билээ?” гэж асуугаад, “Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой” хэмээн хариулсан (Моронай 7:41; 40–43-р шүлгийг үзнэ үү).

Та найдвараа Христэд тавьснаар бүх зүйл таны сайн сайхны төлөө хамтран ажиллах болно гэдэгт баттай итгэх болно (Сургаал ба Гэрээ 90:24-ийг үзнэ үү). Энэхүү бат итгэл нь таныг сорилт бэрхшээлтэй тулгарах үед итгэлдээ тууштай байхад тусалдаг. Энэ нь таныг сорилт бэрхшээлийг даван туулж, сүнслэг байдлын хувьд сэтгэлийн хат, хүч чадлаа хөгжүүлэхэд тусална. Христэд найдах нь таны бодгальд зангуу болдог (Ифер 12:4-ийг үзнэ үү).

Найдвар нь Бурхан таны хичээл зүтгэл, зөв шударга хүчин чармайлтыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэх итгэлийг танд өгдөг (Сургаал ба Гэрээ 123:17-г үзнэ үү).

Найдварыг нэмэгдүүлэх нэг арга зам бол наманчлал юм. Есүс Христийн цагаатгагч золиослолоор цэвэршүүлэгдэн, уучлагдах нь найдварыг төрүүлж, сэргээдэг (Алма 22:16-г үзнэ үү).

Нифай: “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл” хэмээн уриалсан (2 Нифай 31:20). Та сайн мэдээгээр амьдарснаар “найдварт бялхах” (Ром 15:13) чадвараа хөгжүүлнэ.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Хүнд хэцүү үед бүх зүйл ‘[бидний] сайн сайхны төлөө хамтдаа ажиллах’ болно гэсэн итгэл найдвараа алдахгүй байх ёстой. Бурханд, Түүний сайн сайхан болон хүчинд найдах ийм найдвар хүнд сорилт бэрхшээлийн үед биднийг зоригжуулж, айдас, эргэлзээ, цөхрөлийн аюул заналхийллийг мэдэрсэн хүмүүст хүч чадал өгдөг билээ” (Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган , 25).

Судраас судлах

Найдвар гэж юу вэ мөн бид юунд найддаг вэ?

Зураг
Христ ба хүүхдүүд, Минэрва Тэйчэрт

Энэрэл ба хайр

Нэгэн хүн Есүсээс “Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуув. Есүс түүнд “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм” (Матай 22:36–39) гэжээ.

Энэрэл бол “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) юм. Үүнд өөрийн бүх хүүхдийг гэх Бурханы мөнхийн хайр багтдаг.

Мормон: “Та түүний хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбир” хэмээн заасан (Моронай 7:48). Та зүрх сэтгэлээ энэрлээр дүүргэхийн тулд залбирахдаа Бурханы хайрыг амтална. Хүмүүсийг хайрлах хайр тань өсөж, та тэдний мөнхийн аз жаргалын төлөө чин сэтгэлээсээ санаа тавих болно. Та тэднийг Бурхантай адилхан болох чадавхтай Түүний хүүхэд гэдгээр нь харж, тэдний төлөө хөдөлмөрлөнө.

Та энэрлийн бэлгийг авахын төлөө залбирснаар уур хилэн, атаа жөтөө гэх мэт сөрөг мэдрэмж дээр төвлөрөх хандлага тань багасна. Бусдыг шүүж, шүүмжлэх тань багасна. Та тэднийг болон тэдний харах өнцгийг ойлгохыг хичээх болно. Та илүү тэвчээртэй болж, зовж зүдрэн мөн сэтгэлээр унах үед нь хүмүүст туслахыг хичээнэ. (Моронай 7:45-ыг үзнэ үү.)

Итгэлийн нэгэн адил, энэрэл нь үйлдэл рүү хөтөлдөг. Бусдад үйлчилж, өөрийгөө зориулахдаа та хүчирхэгжинэ.

Энэрэл хувиран өөрчлөгддөг. Тэнгэрлэг Эцэг “Түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр; … тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, … түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд” үүнийг өгдөг (Моронай 7:48).

Судраас судлах

Энэрэл гэж юу вэ?

Есүс Христ хэрхэн энэрлээ үзүүлсэн бэ?

Та дараах судруудаас энэрлийн талаар юу сурч чадах вэ?

Зураг
Естер (Естер хатан), Минэрва Тэйчэрт

Ариун журам

Итгэлийн тунхагт “Бид шударга байдалд итгэдэг” хэмээсэн байдаг (1:13). Ариун журам бол ёс суртахууны өндөр жишигт суурилсан бодол санаа, зан төлөвийн хэв загвар юм. Энэ нь Бурханд болон бусдад үнэнч байх явдал. Сүнслэг байдал болон бие махбодын хувьд цэвэр ариун байхыг эрмэлзэх нь ариун журмын чухал хэсэг мөн.

Ариун журам таны дотоод сэтгэл, хүслээс эхтэй. “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” хэмээн Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 121:45). Зөв шударга, өөдрөг бодолд анхаарлаа төвлөрүүл. Зохисгүй бодлоосоо салж чадахгүй байхын оронд толгойноосоо авч хая.

Таны оюун ухаан театрын тайзтай адил. Хэрэв та буруу бодлуудыг оюун ухааныхаа тайзан дээр байлгаад байвал нүгэл үйлдэх магадлал өсдөг. Харин та оюун ухаанаа сайн сайхан зүйлсээр идэвхтэй дүүргэж чадвал сайн үйлийг хүлээн авч, муугаас зайлсхийх магадлал өсдөг. Та оюун ухааныхаа тайзан дээр юу гаргаж, юу үлдээхийг зөвшөөрөхдөө ухаалаг бай.

Таныг ариун үйл хийн амьдрахыг хүсэн тэмүүлэхэд “итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй бай[ж]” мөн “Ариун Сүнс чиний байнгын хамтрагч бай[на]” (Сургаал ба Гэрээ 121:45–46) .

Судраас судлах

Ариун журамтай байна гэдэг нь ямар утгатай вэ?

Үнэнч байдал

Үнэнч байдал нь Бурханыг хайрлах анхны агуу зарлигаас үүдэлтэй (Матай 22:37-г үзнэ үү). Та Бурханыг хайрладаг тул Түүнд ямар ч үед үнэнч байдаг. Хиламаны хөвгүүдийн нэгэн адил та “ Түүний өмнө зөв шударгаар алх[даг]” (Алма 53:21).

Та үнэнч байснаар зөв, буруу мөн туйлын үнэн буюу Бурханы үнэн байдаг гэдгийг ойлгодог. Та сонгох эрхээ Бурханы үнэний дагуу ашигладаг бөгөөд тэгээгүй бол тэр даруй наманчилдаг. Бодохоор сонгосон мөн хүний нүднээс далд үйлдэхээр сонгосон зүйл тань таны үнэнч байдлын хүчирхэг хэмжүүр юм.

Зураг
Даниел арслангийн үүрэнд, Кларк Кэлли Прайс

Үнэнч байдал нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж эсвэл хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийн жишгийг бууруулдаггүй, биеэ авч явах байдлаа өөрчилдөггүй гэсэн үг юм. Бурханд үнэнч байх хүслийг чинь бусад хүн шоолж байсан ч та зөвийг үйлддэг (1 Нифай 8:24–28-ыг үзнэ үү). Та бүх орчинд, тэр дундаа онлайнаар өөрийгөө нэр төртэй авч явдаг.

Та үнэнч байхдаа Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиж, бусдын өмнө хүлээсэн зөв шударга үүрэг амлалтаа биелүүлдэг.

Үнэнч байдал гэдэг нь Бурханд, өөртөө, удирдагчдадаа болон бусад хүнд үнэнч шударга хандах явдал юм. Та худал хэлж, хулгай хийж, хуурч мэхэлдэггүй. Буруу зүйл хийсэн үедээ та үүнийгээ зөвтгөж, шалтаг тоочилгүй, хариуцлага хүлээж, наманчилдаг.

Та үнэнч шударга амьдарснаар сэтгэлийн амар амгаланг эдэлж, өөрийгөө хүндэлнэ. Их Эзэн болон бусад хүн танд итгэх болно.

Судраас судлах

Есүс хамгийн эмзэг үедээ ч үнэнч шударга гэдгээ хэрхэн харуулсан бэ?

Хиламаны их цэргийн залуу дайчид үнэнч байдлаа хэрхэн харуулсан бэ?

Даниел үнэнч байдлаа хэрхэн харуулсан бэ? Даниелыг үнэнч байдлынх нь төлөө Бурхан хэрхэн адисалсан бэ?

Их Эзэн яагаад Иосеф Смитийн ах Хайрумд хайртай байсан бэ?

Зураг
Итгэл, ариун журам дээрээ, Волтэр Рэйн

Мэдлэг

“Судлахаар мөн түүнчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл” (Сургаал ба Гэрээ 88:118) хэмээн Их Эзэн зөвлөжээ. Номлолынхоо болон амьдралынхаа туршид та мэдлэг, ялангуяа сүнслэг мэдлэгийг эрэлхийл.

Судраас мөн амьд бошиглогчдын үгсээс өдөр бүр судал. Тэдгээр үг болон залбирлаар дамжуулан тодорхой асуулт, бэрхшээл, боломжийн төлөө тусламж эрэлхийл. Хичээлдээ болон сайн мэдээний талаарх асуултад хариулахад ашиглаж болох судрын хэсгүүдийг хайж ол.

Таныг хичээнгүйлэн залбирч судлахад Ариун Сүнс оюун ухааныг тань гэрэлтүүлнэ. Тэр танд зааж, ойлголт өгөх болно. Тэрээр танд судрын болон хожмын үеийн бошиглогчдын сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд тусална. Нифайн адил та:

“Дотоод сэтгэл минь судруудад баясна, мөн зүрх минь тэдгээрийг тунгаана … Болгоогтун, сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясаж; мөн зүрх минь өөрийн үзсэн мөн сонссон зүйлийг үргэлж тунгаадаг” хэмээн хэлж болно (2 Нифай 4:15–16).

Судраас судлах

Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэхэд мэдлэг танд хэрхэн тусалдаг вэ?

Мэдлэгийг хэрхэн олж авах вэ?

Зураг
Нарны гэрэл өөд харж зогссон хүний сүүдэр дүрс

Тэвчээр

Тэвчээр бол саад, эсэргүүцэл, зовлон зүдгүүртэй тулгарах үед Бурханд итгэх чадамж юм. Итгэлээрээ дамжуулан та Бурханы амласан адислалууд цаг нь болоход биелнэ гэдэгт итгэж найддаг.

Тэвчээртэй байвал та амьдралыг мөнхийн талаас нь хардаг. Та адислал эсвэл үр дүнг шууд авна хэмээн хүсэн хүлээдэггүй. Чиний зөвт хүслүүд ихэвчлэн “шат шатаар, дүрэм дүрмээр энд бяцхан мөн тэнд бяцхан”-аар биелэх болно (2 Нифай 28:30). Зарим зөвт хүсэл энэ амьдралын дараа л биелж болох юм.

Тэвчээр бол юу ч хийхгүй, идэвхгүй бууж өгөх гэсэн үг биш. Энэ нь Бурханд үйлчлэхдээ “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хий[хийг]” хэлнэ (Сургаал ба Гэрээ 123:17). Та үрийг тарьж, усалж, арчилдаг ба Бурхан өсөлт хөгжлийг “бага багаар” өгдөг (Алма 32:42; мөн 1 Коринт 3:6–8-ыг үзнэ үү). Та Бурхантай хамтрагчийн хувьд ажиллаж, өөрийн үүргээ гүйцэтгэвэл Тэр ажлаа Өөрийн цаг хугацаанд мөн хувь хүний сонгох эрхийн дагуу гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг.

Тэвчээр гэдэг нь мөн ямар нэгэн зүйлийг өөрчлөх боломжгүй бол та үүнийг зоригтой, нигүүлсэл, итгэлээр хүлээж авдаг гэсэн үг юм.

Бусдад, тэр дундаа хамтрагчдаа болон үйлчилдэг хүмүүстээ тэвчээртэй ханд. Өөртөө ч гэсэн тэвчээртэй бай. Алхам алхмаар өсөж хөгжинө гэдгээ ухамсарлаж, дотроо хамгийн сайн сайхны төлөө тэмүүл.

Христийнхтэй адил бусад зан чанарын нэгэн адил тэвчээрээ хөгжүүлэх нь насан туршийн үйл явц юм. Тэвчээрээ хэрэгжүүлэх нь таны бодгальд болон эргэн тойрны тань хүмүүст эдгээх нөлөө үзүүлж болно.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Тэвчээр бол идэвхтэйгээр хүлээн, тэвчих явдал мөн. Энэ нь зүрх сэтгэлийн хүслээ хойш тавих үед ч тууштай байж, ажиллаж, найдаж, итгэлээ хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, хэцүү бэрхийг талархалтай угтана гэсэн үг. Тэвчээр гэдэг бол зүгээр нэг тэвчихийг хэлж байгаа бус, харин дажгүй давахыг хэлдэг!” (Дийтр Ф.Угдорф, “Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68.)

Хувиараа судлах

Мозая 28:1–9-ийг судал.

  • Мозаягийн хөвгүүдийн хүсэл юу байсан бэ?

  • Их Эзэн тэдгээр номлогчид юу гэж зөвлөсөн бэ? (Алма 17:10–11; 26:27-г үзнэ үү.)

  • Тэдний тэвчээр, хичээл зүтгэлийн зарим үр дүн юу байсан бэ? (Алма 26-г үзнэ үү.)

Судлах тэмдэглэлдээ хариултаа бич.

Судраас судлах

Яагаад тэвчээр чухал вэ? Тэвчээр, итгэл хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

Зураг
“Бурханы таалалд” (Есүс ээжтэйгээ залбирч байгаа нь), Саймон Дюүи

Даруу байдал

Даруу байдал бол Их Эзэний таалалд захирагдахад бэлэн байх явдал юм. Энэ нь хийж бүтээсэн зүйлээ Түүний хүчээр хийснээ хүлээхэд бэлэн байх явдал. Энэ нь заасан зүйлийг хүлээж авах чадвартай байхыг хэлдэг (Сургаал ба Гэрээ 136:32-ыг үзнэ үү). Даруу байдалд Бурханы адислалд талархах, Түүний бурханлаг тусламж танд байнга хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал багтдаг. Бурхан даруу хүмүүст тусалдаг.

Даруу байдал нь сул дорой байдлын биш, харин сүнслэг хүч чадлын шинж тэмдэг юм. Даруу байдал нь сүнслэг өсөлт хөгжлийн амин чухал хурдасгуур (Ифер 12:27).

Их Эзэнд даруухнаар итгэж найдсанаар Түүний зарлигууд таны сайн сайхны төлөө өгөгдсөн гэдгийг баттай мэдэх болно. Түүнд итгэж найдсанаар та Түүний шаардсан аливаа зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байх болно. Түүнчлэн та Түүний үйлчлэгчдэд итгэж, тэдний зөвлөгөөг дагахад бэлэн байх болно. Даруу байдал нь танд дуулгавартай байж, хичээнгүйлэн ажиллаж, үйлчлэхэд тусална.

Даруу байдлын эсрэг тал нь бардамнал юм. Бардамнал нь Бурханы биш өөрийнхөө хүчинд итгэх гэсэн үг. Энэ нь түүнчлэн дэлхийн зүйлсийг Бурханы зүйлсээс дээгүүрт тавих гэсэн утгатай. Бардамнал бол өрсөлдөгч тал. Бардам хүмүүс илүү их эд хөрөнгөтэй болохыг эрэлхийлж, өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг. Бардамнал бол асар том бүдрэх чулуу юм.

Судраас судлах

Даруу байх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Та өөрийгөө даруусгаснаар ямар адислалуудыг хүлээн авдаг вэ?

Та бардамнаж байгаагаа хэрхэн танин мэдэж чадах вэ?

Зураг
Төлөөлөгч Паул цугларсан олонд зааж байгаа нь

Хичээнгүй байдал

Хичээнгүй байдал бол тууштай, сэтгэлийн угаас гардаг хүчин чармайлт юм. Хичээнгүй байдал нь номлогчийн ажилд бол таны Их Эзэнийг хайрлах хайрын илрэл юм. Та хичээнгүй байснаар Их Эзэний ажлаас баяр баясгалан, сэтгэл ханамжийг олж авдаг (Алма 26:16-г үзнэ үү).

Хичээнгүй байдалд удирдагчдынхаа юу хийхийг тань танд хэлэхийг хүлээлгүйгээр өөрийн хүслээр олон сайн зүйлийг хийх явдал багтдаг (Сургаал ба Гэрээ 58:27–29-ийг үзнэ үү).

Хэцүү байсан ч, ядарсан ч сайныг үргэлжлүүлэн хий. Гэхдээ “өөрт буй хүчнээс илүү хурдан гүйх[гүйн тулд]” (Мозая 4:27) ажил, амралтаа зохицуулж, амрах хэрэгтэйг ухаар.

Өөрийн зүрх сэтгэл, сонирхлыг Их Эзэнд болон Түүний ажилд төвлөрүүл. Таны нэн тэргүүнд тавьдаг зүйлээс анхаарлыг тань сатааруулах зүйлсээс зайлсхий. Танай бүсэд хамгийн үр дүнтэй, зааж байгаа хүмүүст тань хамгийн их тустай үйл ажиллагаанд цаг зав, хүчин чармайлтаа төвлөрүүл.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Энэ Сүм бол Их Эзэний Сүм. Тэр бидний дутагдлыг мэддэг байсан ч бидэнд итгэл найдвар хүлээлгэн, биднийг дуудсан юм. Тэр бидэнд тулгарах саад бэрхшээлийг мэдэж байсан. Итгэлтэй үйлчлэл болон Түүний Цагаатгалаар дамжуулан бид Түүний хүсдэг зүйлийг хүсэж, Түүний өмнөөс өөрсдийн үйлчилдэг хүмүүсийг адисалж чадна. Бид түүнд урт удаан, хичээл зүтгэлтэйгээр үйлчилснээр өөрсдөө өөрчлөгдөх болно. Бид Түүнтэй илүү адилхан болно” (Хэнри Б.Айринг, “Бүхий л хичээл зүтгэлээр ажилла,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74).

Судраас судлах

Хичээнгүй байх гэдэг нь ямар утгатай вэ?

Яагаад Их Эзэн танаас хичээнгүй байхыг хүсэн хүлээдэг вэ?

Хичээнгүй байдал нь сонгох эрхтэй хэрхэн холбоотой вэ?

Зураг
Хоёр мянган залуу дайчин (Хоёр мянган зоригт дайчин), Арнолд Фрибэрг

Дуулгавартай байдал

Номлогчийн хувьд таны үзүүлэх үйлчлэл бол баптисм хүртэхдээ мөн ариун сүмд Бурхантай байгуулсан гэрээний тань үргэлжлэл юм. Та баптисмын ёслолуудыг хүлээн авч, хишиг хүртэхдээ Түүний зарлигуудыг сахина гэж гэрээ байгуулсан.

Хаан Бенжамин “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно” хэмээн заасан (Мозая 2:41).

3арлигуудад дуулгавартай байх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайрын илэрхийлэл юм (Иохан 14:15.) Есүс: “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно” (Иохан 15:10) хэмээсэн.

Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг дэх удирдамж зааврыг дага. Мөн номлолын ерөнхийлөгчийнхөө болон түүний эхнэрийн зөв шударгаар өгсөн зөвлөгөөг дага.

Зураг
Ахлагч Дэйл Г.Рэнланд

“Дуулгавартай байдал нь бидний сонголт юм. Аврагч үүнийг тодорхой тайлбарласан. Иосеф Смитийн Орчуулгын Лук 14:28-д дурдсанчлан, Есүс ‘Иймийн тул та нар миний зааж, та нарт тушаах зүйлсийг үйлдэхийн тулд үүнийг зүрх сэтгэлдээ тогтоогтун’ гэж зааварласан. Ийм л энгийн. … Биднийг ийнхүү үйлдэхэд бид сүнслэг байдлын хувьд илүү тогтвортой байх болно. Бид Бурханы өгсөн нөөц баялгийг үрэн таран хийж, амьдралдаа үр ашиггүй, хор хөнөөлтэй тойруу замаар явахаас зайлсхийх болно” (Dale G. Renlund, “Constructing Spiritual Stability” [Brigham Young University devotional, Sept. 16, 2014], 2, speeches.byu.edu).

Судраас судлах

Та дараах судруудаас дуулгавартай байдлын талаар юу сурч болох вэ?

Зураг
Христ ба загасчид (Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?), Ж.Көрк Ричардс

Христтэй илүү адилхан болох загвар

Дараах загвар нь энэ бүлэгт дүрсэлсэн мөн судруудад дүрсэлсэн өөр бусад шинж чанарыг хөгжүүлж, хүлээн авахад танд тусална.

  • Хөгжүүлэхийг хүсэж буй зан чанараа тодорхойл.

  • Уг зан чанарынхаа тодорхойлолтыг бич.

  • Уг зан чанарын жишээг харуулсан эсвэл үүний талаар заадаг судрын хэсгүүдийг жагсаан бичиж, судал.

  • Бодол санаа, төрсөн сэтгэгдлээ бич.

  • Зорилго тавьж, уг зан чанараа хөгжүүлэх төлөвлөгөө гарга.

  • Уг зан чанарыг хөгжүүлж, хүлээн авахад тань туслахыг Бурханаас залбиран гуй.

  • Гаргаж буй ахицаа үе үе үнэл.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Их Эзэн сайжрахыг хүсдэг, зарлигууд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөн тэдгээрийг дагахыг хичээдэг, Христийнхтэй адил ариун журмуудыг эрхэмлэн дээдэлж, тэдгээрийг олж авахыг бүх хүч чадлаараа хичээдэг хүмүүсийг адисалдаг гэдгийг санаарай. Хэрвээ та нар бусад хүн бүрд тохиолддогтой адил тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бүдэрвэл Аврагч та нарт үргэлжлүүлэхэд тань туслахад бэлэн. Тун удалгүй та зорьсон амжилтдаа хүрсэн байна” (Жэффри Р.Холланд, “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114).

Хувиараа судлах

Энэ бүлгээс эсвэл судруудаас нэг зан чанарыг тодорхойл. Зан чанарыг илүү сайн ойлгож, эрэлхийлэхийн тулд дээрх загварыг дага.

Номлогчийн нэрийн тэмдгээ хар Энэ нь компанийн ажилчдын зүүдэг тэмдгээс юугаараа ялгаатай байна вэ? Хамгийн чухал хоёр хэсэг бол өөрийн тань мөн Аврагчийн нэр гэдгийг анхаар.

  • Шавь нарынх нь нэгний хувьд та Аврагчийг хэрхэн илүү сайн төлөөлж чадах вэ?

  • Яагаад хүмүүсийн хувьд өөрийн тань нэрийг Аврагчийнхтай эерэг талаар холбох нь чухал вэ?

Судлах тэмдэглэлдээ бодол санаагаа бич.

Судраас судлах

Дараах судруудад жагсаасан зан чанаруудыг авч үз. Төрсөн аливаа сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бич.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Энэ бүлгийн төгсгөл дэх “Зан чанарын үйл ажиллагаа”-г тогтмол бөглө.

  • Энэ бүлэг дээрээс нэг зан чанарыг тодорхойл. Өөртөө дараах асуултуудыг тавь.

    • Би энэ зан чанарын талаар хаанаас илүү ихийг сурах боломжтой вэ?

    • Энэ зан чанарыг эрэлхийлэх нь хэрхэн надад Есүс Христийн сайн мэдээний илүү хүчирхэг тохинуулагч болоход туслах вэ?

  • Судрууд дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралаас Христийнхтэй адил зан чанарын жишээг ол. Төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бич.

  • Сүмийн ариун дуу хөгжмөөс Христийнхтэй адил зан чанарын жишээг ол. Та аливаа зан чанарыг эрэлхийлэхдээ эрч хүч, хүч чадал олж авахын тулд дуулал эсвэл дууны үгсийг цээжил. Сүнслэгээр өдөөгдөж, Сүнсний нөлөөг урин авчрахын тулд үгсийг дотроо давт эсвэл дуул.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Gospel Library болон бусад зөвшөөрөгдсөн эх сурвалжаас Христийнхтэй адил зан чанаруудын тухай эшлэлүүдийг судал. Сурсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэхээ ярилц. Та нар мөн Христтэй адилхан болохын тулд хувь хүнийхээ зүгээс сурч мэдсэн зүйлээ ярилцаж болно.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Зөвлөлийн хурал эсвэл чуулган болохоос хэд хоногийн өмнө номлогч бүрээс Христийнхтэй адил зан чанарын талаар таван минутын үг бэлдэж ирэхийг хүс. Хурлын үеэр хэдэн номлогчид өөрсдийн бэлдэж ирсэн үгийг хуваалцах цаг гарга.

  • Номлогчдыг гурван бүлэгт хуваагаад, дараах даалгавруудыг оноож өг. Үүнд:

    1-р бүлэг: 1 Нифай 17:7–16-г уншаад, доорх асуултуудад хариул.

    • Нифай итгэлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

    • Нифай Христийнхтэй адил ямар зүйлийг хийсэн бэ?

    • Их Эзэн Нифайд ямар ямар амлалт өгсөн бэ?

    • Энэ түүх номлогчийн ажилтай хэрхэн холбоотой вэ?

    2-р бүлэг: Марк 5:24–34-ийг уншаад, доорх асуултуудад хариул.

    • Энэ эмэгтэй хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлсэн бэ?

    • Тэр яагаад эдгэрсэн бэ?

    • Бид номлогчийн ажилдаа хэрхэн түүний үлгэр жишээг дагаж чадах вэ?

    3-р бүлэг: Иаков 7:1–15-ыг уншаад, доорх асуултуудад хариул.

    • Шеремийн довтолгоог эсэргүүцэхэд Иаковын итгэл яагаад хангалттай хүчтэй байсан бэ?

    • Шеремтэй ярьж байхдаа Иаков итгэлээ хэрхэн ашигласан бэ?

    • Иаковын үйлдлүүд хэрхэн Христийнхтэй адил байсан бэ?

    4-р бүлэг: Иосеф Смит—Түүх 1:8–18–ыг уншаад, доорх асуултуудад хариул.

    • Ямар арга замаар Иосеф Смит Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлсэн бэ?

    • Түүний итгэлийг хэрхэн сорьсон бэ?

    • Тэр Христийнхтэй адил ямар зүйл хийсэн бэ?

    • Бид Иосеф Смитийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

    Бүлгүүдийг ажиллаж дууссаны дараа номлогчдыг цуглуулаад, ярилцсан зүйлсээ хуваалцахыг хүс.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Шинэ Гэрээн дээрх дөрвөн сайн мэдээний нэгийг эсвэл 3 Нифай 11–28-ыг уншихыг номлогчдоос хүс. Өөрсдийн хийж чадах, Аврагчийн хийсэн зүйлийг тэднээр доогуур нь зуруул.

  • Номлогчдод хичээнгүй байдлын талаар заахдаа, зорилго тавих болон хэрхэн төлөвлөхийг ашигла. Хүмүүст хандахдаа анхааралтай байх нь хэрхэн хайрын илрэл болохыг үзүүл.

  • Ярилцлагын үеэр эсвэл ярилцаж байхдаа хөгжүүлэхийг эрэлхийлж буй зан чанарынхаа талаар ярилцахыг номлогчдоос хүс.

Зан чанарын үйл ажиллагаа

Энэхүү үйл ажиллагааны зорилго бол сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих боломжуудыг тодорхойлоход танд туслах явдал юм. Доорх зүйлсийг нэг бүрчлэн анхааралтай унш. Доорх мэдэгдэл таны хувьд хэр үнэн болохыг шийдээд, зохих хариултыг сонго. Судлах тэмдэглэлдээ хариултуудаа бич.

Хэн ч мэдэгдэл болгонд “үргэлж” гэж хариулах боломжгүй. Сүнслэг өсөлт бол насан туршийн үйл явц. Энэ нь сэтгэл хөдөлгөм, өгөөжтэй байдгийн нэг шалтгаан юм. Учир нь өсөж хөгжих, үүний адислалуудыг мэдрэх тоо томшгүй олон боломж бий.

Байгаа газраасаа эхлэхээс бүү санаа зов. Өсөж хөгжихөд шаардлагатай сүнслэг ажлыг хийхэд өөрийгөө зориул. Бурханы тусламжийг эрэлхийл. Төлөвлөсний дагуу болохгүй бол Түүнийг танд тусална гэдэгт итгэлтэй бай. Та залбирахдаа номлолынхоо өөр өөр цаг үед аль зан чанарт анхаарлаа хандуулах талаар удирдамж эрэлхийл.

Хариултын хувилбар

  • 1 = хэзээ ч үгүй

  • 2 = заримдаа

  • 3 = ихэвчлэн

  • 4 = бараг үргэлж

  • 5 = үргэлж

Итгэл

  1. Би Христэд итгэдэг бөгөөд Түүнийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг. (2 Нифай 25:29)

  2. Бурхан намайг хайрладаг гэдэгт би итгэдэг. (1 Нифай 11:17)

  3. Би Аврагчид хангалттай итгэдэг тул Түүний таалал, хийлгэхийг хүссэн зүйлийг хүлээн авдаг. (1 Нифай 3:7)

  4. Наманчилснаар Есүс Христийн Цагаатгалаар болон Ариун Сүнсний хүчээр би гэм нүглээсээ уучлан өршөөгдөж, ариусгагдаж чадна гэдэгт би итгэдэг. (Инос 1:2–8)

  5. Бурхан миний залбирлыг сонсож, хариулдаг гэдэгт би итгэдэг. (Мозая 27:14)

  6. Би өдрийн туршид Аврагчийн тухай бодож, миний төлөө юу хийснийг нь дурсан санадаг. (Сургаал ба Гэрээ 20:77, 79)

  7. Бид Түүнд болон Түүний Хүүд өөрсдийгөө зориулснаар Бурхан миний болон бусдын амьдралд сайн сайхан зүйлсийг авчирна гэдэгт би итгэдэг. (Ифер 12:12).

  8. Ариун Сүнсний хүчээр би Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ. (Моронай 10:3–5)

  9. Би Христийн надаас хийхийг хүссэн зүйлийг биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна (Моронай 7:33)

Найдвар

  1. Миний хамгийн агуу хүслүүдийн нэг бол Бурханы селестиел хаант улсад мөнх амьдралыг өвлөн авах явдал юм. (Моронай 7:41)

  2. Би номлолдоо амжилттай, аз жаргалтай байна гэдэгтээ итгэлтэй байна. (Сургаал ба Гэрээ 31:3–5)

  3. Би ирээдүйнхээ талаар амар амгалан, өөдрөг үзэлтэй байдаг. (Сургаал ба Гэрээ 59:23)

  4. Би хэзээ нэгэн өдөр Бурхантай хамт амьдарч, Түүнтэй адилхан болно гэдэгт итгэдэг. (Ифер 12:4)

Энэрэл ба хайр

  1. Би бусдыг мөнхөд сайн сайхан, аз жаргалтай байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг. (Мозая 28:3)

  2. Би залбирахдаа Христийн цэвэр хайр болох энэрлийг гуйдаг. (Моронай 7:47–48)

  3. Би бусдын сэтгэлийг ойлгож, аливааг тэдний өнцгөөс харахыг хичээдэг. (Иуда 1:22)

  4. Намайг гомдоож, надад буруу зүйл хийсэн хүмүүсийг би уучилдаг. (Eфес 4:32).

  5. Би ганцаардсан, зовж зүдэрч буй эсвэл сэтгэлээр унасан хүмүүст тусламжийн гараа хайраар сунгадаг. (Мозая 18:9)

  6. Тохиромжтой үед би бусдад үг, үйлдлээрээ дамжуулан хайр, халамжаа илэрхийлдэг. (Лук 7:12–15)

  7. Би бусдад үйлчлэх боломжуудыг хайдаг. (Мозая 2:17)

  8. Би бусдын талаар эерэг зүйлс ярьдаг. (Сургаал ба Гэрээ 42:27)

  9. Хэдийгээр хүмүүстэй таарч тохироход хэцүү байсан ч би тэдэнд найрсаг бас тэвчээртэй ханддаг. (Моронай 7:45)

  10. Би бусдын амжилтад баярладаг. (Алма 17:2–4)

Ариун журам

  1. Би зүрх сэтгэлдээ цэвэр, ариун. (Дуулал 24:3–4)

  2. Би сайныг үйлдэхийг хүсдэг. (Мозая 5:2)

  3. Би зөв шударга, өөдрөг бодолд анхаарлаа хандуулж, муу муухай бодлыг оюун санаанаасаа гаргаж хаядаг. (Сургаал ба Гэрээ 121:45)

  4. Би нүглээ наманчилж, сул дорой байдлаа ялан дийлэхийг хичээдэг. (Сургаал ба Гэрээ 49:26–28; Ифер 12:27)

  5. Би Ариун Сүнсний нөлөөг өөрийн амьдралд мэдэрдэг. (Сургаал ба Гэрээ 11:12–13)

Үнэнч байдал

  1. Би ямар ч үед Бурханд үнэнч байдаг. (Мозая 18:9)

  2. Би бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх юм уу хүлээн зөвшөөрөгдөхийн тулд жишгээ бууруулж, биеэ авч явах байдлаа өөрчилдөггүй. (1 Нифай 8:24–28)

  3. Би Бурханд, өөртөө, удирдагчдадаа болон бусдад үнэнч ханддаг. (Сургаал ба Гэрээ 51:9)

  4. Би итгэл даадаг. (Aлмa 53:20)

Мэдлэг

  1. Би сайн мэдээний сургаал, зарчмуудын талаарх ойлголтдоо эргэлздэггүй. (Алма 17:2–3)

  2. Би судраас өдөр бүр судалдаг. (2 Tимот 3:16–17)

  3. Би үнэнийг ойлгож, асуултынхаа хариултыг олохыг эрэлхийлдэг. (Сургаал ба Гэрээ 6:7)

  4. Би Сүнсээр дамжуулан мэдлэг, удирдамж заавар хүлээн авдаг. (1 Нифай 4:6)

  5. Би сайн мэдээний сургаал, зарчмуудыг эрхэмлэн дээдэлдэг. (2 Нифай 4:15)

Тэвчээр

  1. Би Их Эзэний адислал, амлалтууд биелэхийг тэвчээртэй хүлээдэг. (2 Нифай 10:17)

  2. Би бухимдаж, сэтгэлээр уналгүй аливаа зүйлийг хүлээж чаддаг. (Ром 8:25)

  3. Би номлогч байхад тохиолддог бэрхшээлүүдэд тэвчээртэй ханддаг. (Алма 17:11)

  4. Би бусдад тэвчээртэй ханддаг. (Ром 15:1)

  5. Би өөртөө тэвчээртэй хандаж, сул дорой байдлаа ялан дийлэхийг хичээхдээ Их Эзэнд найддаг. (Ифер 12:27)

  6. Би тэвчээр, итгэлээр бэрхшээлийг даван туулдаг. (Алма 34:40–41)

Даруу байдал

  1. Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу. (Maтай 11:29)

  2. Би Бурханаас тусламж хүсэн, Түүнд найддаг. (Алма 26:12)

  3. Би Бурханаас хүлээн авсан адислалууддаа талархдаг. (Алма 7:23)

  4. Би чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ залбирдаг. (Инос 1:4)

  5. Би багш, удирдагчдынхаа удирдамж зааварт талархдаг. (2 Нифай 9:28–29)

  6. Би Бурханы таалалд хүлцэнгүй байхыг хичээдэг. (Мозая 24:15)

Хичээнгүй байдал

  1. Би бусад хүн намайг хянаагүй байхад ч үр дүнтэй ажилладаг. (Сургаал ба Гэрээ 58:26–27)

  2. Би хүч чармайлтаа хамгийн чухал зүйлс дээр төвлөрүүлдэг. (Maтай 23:23)

  3. Би өдөрт хамгийн багадаа хоёр удаа ганцаарчлан залбирдаг. (Алма 34:17–27)

  4. Би бодол санаагаа номлогчийн дуудлагадаа төвлөрүүлдэг. (Сургаал ба Гэрээ 4:2, 5)

  5. Би зорилго тавьж, байнга төлөвлөгөө гаргадаг. (Сургаал ба Гэрээ 88:119)

  6. Би ажлаа хийж дуустлаа шаргуу хөдөлмөрлөдөг. (Сургаал ба Гэрээ 10:4)

  7. Би ажлаасаа баяр баясгалан, сэтгэл ханамж авдаг. (Алма 36:24–25)

Дуулгавартай байдал

  1. Би залбирахдаа, уруу таталтыг эсэргүүцэх, зөвийг хийх хүч чадал гуйдаг. (3 Нифай 18:15)

  2. Би ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхуйц зохистой. (Сургаал ба Гэрээ 97:8)

  3. Би номлолын дүрмээ сахиж, удирдагчдынхаа зөвлөгөөг өөрийн хүслээр дагадаг. (Еврей 13:17)

  4. Би сайн мэдээний хууль, зарчмуудын дагуу амьдрахыг хичээдэг. (Сургаал ба Гэрээ 41:5)