Институт ба семинар
Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа


“Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа,” Аврагчийн арга барилаар заах нь

Зураг
Есүс Христ Сүүлчийн зоог дээр дагалдагчидтайгаа

Амар амгаланг Би та нарт үлдээнэ, Волтэр Рэйн

Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа

Зарчим, зарлиг, бошиглол, судрын түүх гээд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар заах олон зүйл бий. Гэвч эдгээр нь бүх хүнийг Христэд ирж, Түүгээр төгөлдөржихөд (Жером 1:11; Моронай 10:32-ыг үзнэ үү) туслах ганц л зорилготой тул бүгдээрээ нэг л модны мөчрүүд юм. Тиймээс та ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн тухай болон Түүнтэй хэрхэн адил болох талаар зааж байна уу гэдгээ санаарай. Сайн мэдээний зарчим, зарлиг, бошиглолын сургаал бүр дээрх Аврагчийн тухай болон Түүний гэтэлгэх хүчний талаарх үнэнийг таньж мэдэхэд тань Ариун Сүнс туслах болно (Иаков 7:10–11-ийг үзнэ үү).

Та золиосны тухай зааж байна уу? Бидний гаргадаг золиоснууд бидний бодгалийг Аврагчийн “агуу их бөгөөд эцсийн золиос” (Алма 34:10) руу хэрхэн чиглүүлдэг болохыг суралцагчидтай хамт судлах талаар бодож үз. Та эв нэгдлийн тухай зааж байна уу? Есүс Христийн Эцэгтэйгээ тогтоосон эв нэгдэл болон биднийг Тэдэнтэй нэг байлгах (Иохан 17-г үзнэ үү) урилгын талаар ярилцахыг бодож үз. Сайн мэдээний сэдэв бүрийг Есүс Христийн тухай зааж мөн суралцах боломж гэж хар.

Зарлиг бүр ийм боломжийг олгодог. Сайн мэдээний хуулиудад анхаарлаа хандуулаад зогсохгүй, Хууль тогтоогчийн талаар бас суралц. Хэрэв та Мэргэн ухааны үгийг заахдаа эрүүл амьдрахын тулд хийж болох, болохгүй зүйлсийг дурдаад л зогсвол энэ хуулийг бидэнд өгөхийн тулд Есүс Христ сүнсний болон бие махбодын маань сайн сайхан байдлын төлөө хэчнээн гүн гүнзгий санаа тавьж байсныг тунгаан бодох боломжийг алдана. Аврагч Өөрийнх нь хуулиудын дагуу амьдрахад нь хүмүүст туслахын тулд Өөрийнхөө хүч чадлаар адислахыг ямар их хүсэж, эрмэлздэг гэдэгт анхаарлаа төвлөрүүл. Түүний бидэнд өгсөн зарлиг бүр нь Түүний зүрх сэтгэл, оюун хийгээд тааллын талаарх ямар нэг зүйлийг илчилдэг. Үүнийг хамтдаа олж мэдээд, баяр баяслыг олж аваарай!

Есүс Христийн үлгэр жишээг онцол

Бид Есүс Христийг сайн мэдээний бүх зарчмын төгс үлгэр жишээ гэдгийг хүлээн зөвшөөрч, онцолсноор Түүнийг заах, суралцах үйл ажиллагааныхаа төвд байлгаж чадна. Шавь нарын хувьд бид зүгээр л зарчмуудыг дагадаггүй, харин Есүс Христийг дагадаг. Биднийг Аврагчийн төгс үлгэр жишээн дээр анхаарлаа төвлөрүүлэх үед Ариун Сүнс Түүнийг гэрчилж, Түүнийг дагахад сүнслэгээр нөлөөлнө.

Та өөрийгөө эцсээ хүртэл тэвчих зарчмыг зааж байна гэж төсөөл. Аврагч бол эцсээ хүртэл тэвчихийн үлгэр жишээ гэдгийг ярилцах нь Түүнийг хүндэтгэх сайхан мэдрэмжийг төрүүлж чадна. Таны зааж байгаа хүмүүс Түүний үлгэр жишээнээс юу сурч, мэдэрч болох вэ?

Зураг
Аврагч газарт хэвтэж буй хүнийг эдгээж байгаа нь

Аврагч бид бүгдэд төгс үлгэр жишээ үзүүлсэн. Тэр бүгдийг эдгээсэн, Майкл Малм

Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа.

Есүс Христийг сударт олон нэрээр нэрлэдэг. Нэр бүр нь Бурханы төлөвлөгөөн дэх Түүний аль нэг үүргийг илэрхийлж, бурханлаг зан чанарынх нь талаар бидэнд заадаг. Бурханы Хурга, Өмгөөлөгч, Бидний итгэлийг төгсгөгч, Ертөнцийн гэрэл зэрэг нэрс Есүс Христийн тухай бидэнд юу зааж байгааг суралцагчидтайгаа хамт судлахыг бод. Түүнчлэн суралцагчдад Аврагчийн талаар илүү ихийг мэдэхэд нь туслахын тулд хэлсэн, хийсэн зүйлээс нь илүүтэй Түүний хэн болох, бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэхийг хүсдэг талаар гүнзгий мэдэж ав. Та нарыг Аврагчийн зан чанар, үйлдлийн талаар хамтдаа суралцах үед Ариун Сүнс Түүний талаарх таны ойлголт, хайрыг гүнзгийрүүлэх болно.

Есүс Христийн тухай гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай

“Бүх зүйл миний тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн хийгдсэн” гэж Их Эзэн тунхагласан (Мосе 6:63-ыг мөн 2 Нифай 11:4-ийг үзнэ үү). Үүнийг мэдсэнээр бид Аврагчийг гэрчилдэг судруудаас олон тооны бэлгэдлийг харж сурах боломжтой. Ийм бэлгэдлүүдэд талх, ус, гэрэл гэх мэт зүйлс орно. Эдгээр зүйл Аврагчтай хэрхэн холбогдож байгааг ойлгосноор, тэд Түүний хүч, зан чанарыг бидэнд зааж өгч чадна. Та бошиглогчдын болон судрууд дахь өөр итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийн амьдралаас Аврагчийн амьдралтай ижил төстэй зүйлийг олж харах болно. Бэлгэдлүүдийг хайснаар Аврагчийн тухай үнэнийг олж харж чадахааргүй газруудаас ч илчлэлтийг олж авч чадна.