Судрууд
4 Нифай 1


Дөрөвдүгээр Нифай

Есүс Христийн шавь нарын нэг болох Нифайн хүү
Нифайн Ном

Түүний цэдгийн дагуу, Нифайн ард түмний шастир оршвой.

Бүлэг 1

Нифайчууд мөн леменчүүд бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдэв—Тэд бүх зүйлийг нийтээр эзэмшин, гайхамшгийг үйлдэж, мөн уг нутагт дэгжив—Хоёр зууны дараа хагарлууд, хилэнцүүд, хуурамч сүмүүд, мөн хавчлагууд бий болов—Гурван зуун жилийн дараа, нифайчууд мөн леменчүүд аль аль нь ёс бус болсон байв—Аммарон ариун нандин цэдгүүдийг нуув. Ойролцоогоор МЭ 35–321 он.

1 Мөнхүү улиран тохиох дор гучин дөрөв дэх он, мөн гучин тав дахь он улиран одож, мөн болгоогтун Есүсийн шавь нар Христийн сүмийг эргэн тойрны бүх нутагт байгуулсан байв. Мөн тэдэн дээр ирсэн, мөн нүглүүдээсээ үнэнээр наманчилсан болгон нь Есүсийн нэрээр баптисм хүртэв; мөн тэд түүнчлэн Ариун Сүнсийг хүлээн авав.

2 Мөнхүү улиран тохиох дор гучин зургаа дахь онд, нутгийн бүх гадаргуу дээр, уг хүмүүс, нифайчууд болон леменчүүд аль аль нь, бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдсэн байв, мөн тэдний дунд зөрчилдөөн мөн маргалдаан байсангүй, мөн хүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байлаа.

3 Мөн тэд өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшиж байв; тиймийн тул баян ба ядуу, боол ба чөлөөт гэж байсангүй, харин тэд бүгдээр эрх чөлөөтэй, мөн тэнгэрлэг бэлгээс хүртэгчид болсон байв.

4 Мөнхүү улиран тохиох дор гучин долоо дахь он түүнчлэн улиран одож, мөн уг нутагт амар амгалан үргэлжилсээр байв.

5 Мөн Есүсийн шавь нараар агуу болон гайхамшигтай ажлууд үйлдэгдэж байв, үүний хэрээр тэд өвчтэйг эдгээж, үхсэнийг босгож, доголонг алхдаг, мөн сохрыг хараатай, мөн дүлийг сонсдог болгож байв; мөн бүх төрлийн гайхамшгийг тэд хүмүүсийн үрсийн дунд үйлдсэн буюу; мөн Есүсийн нэрээр бус аваас тэд өөр юугаар ч гайхамшгуудыг үйлдсэн нь үгүй.

6 Мөн тийн гучин найм дахь, түүнчлэн гучин ес дэх, мөн дөчин нэг дэх, дөчин хоёр дахь он улиран одов, тийм ээ, бүр дөчин есөн он хүртэл улирч одов, мөн түүнчлэн тавин нэг дэх, мөн тавин хоёр дахь; тийм ээ, мөн бүр тавин есөн он хүртэл улирч одсон ажгуу.

7 Мөн Их Эзэн тэднийг уг нутагт үлэмж дэгжүүлэв; тийм ээ, үүний хэрээр тэд хотууд нь шатаагдсан газруудад хотуудыг дахин барьсан буюу.

8 Тийм ээ, бүр агуу хот Зарахемлаг тэд дахин баригдах болгов.

9 Гэвч живүүлэгдсэн олон хот байв, мөн тэдгээрийн оронд ус байх болжээ; тиймийн тул эдгээр хот дахин шинэчлэгдэх аргагүй байв.

10 Мөн эдүгээ, болгоогтун, улиран тохиох дор Нифайн ард түмэн хүчирхэгжиж, мөн үлэмж түргэнээр өнөржиж, мөн тэд үлэмж үзэсгэлэнт мөн тааламжит хүмүүс болов.

11 Мөн тэд гэрлэж, мөн гэрлэлтэд өгөгдөж, мөн Их Эзэний тэдэнд өгсөн олон тооны амлалтуудын дагуу адислагдсан болой.

12 Мөн тэд Мосегийн хуулийн гүйцэтгэл болон ёслолуудын дагуу цаашид алхсангүй; харин тэд өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Бурханаас хүлээн авсан зарлигуудын дагуу алхаж, мацаг барилт мөн залбирлаа, мөн Их Эзэний үгийг сонсохоор мөн залбирахаар хамтдаа ойр ойрхон цугларахаа үргэлжлүүлсээр байв.

13 Мөнхүү улиран тохиох дор бүх нутагт, бүх хүний дунд зөрчилдөөн огт үгүй байв; харин Есүсийн шавь нараар сүр хүчит гайхамшгууд үйлдэгдэж байв.

14 Мөнхүү улиран тохиох дор далан нэгдүгээр он улирч одов, мөн түүнчлэн далан хоёрдугаар он, тийм ээ, мөн дүгнэж хэлэхэд, далан есдүгээр оныг хүртэл улирч одов; тийм ээ, бүр зуун жил улирч одсон байв, мөн Есүсийн сонгосон шавь нар нь, үлдэх гурваас бусад нь бүгд Бурханы диваажинд одсон байв; мөн тэдний оронд өөр шавь нар томилогдсон байв; мөн түүнчлэн уг үеийнхнээс олон нь талийгаач болжээ.

15 Мөнхүү улиран тохиох дор Бурханыг хайрлах хайр хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж байсан учир, уг нутагт ямар ч зөрчилдөөн байсангүй.

16 Мөн атаа жөтөө, хэрүүл маргаан, бас үймээн, садар самуун ч, худал хэлэх нь ч, аллага ч, ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүний дунд илүү аз жаргалтай хүмүүс байгаагүй нь баттай болой.

17 Дээрэмчид ч, алуурчингууд ч, бас леменчүүд ч, бүр ямар ч -чууд байсангүй, харин тэд Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсыг өвлөгчид гэгдэн нэг болсон байв.

18 Мөн хэчнээн их адислагдсан билээ тэд! Учир нь Их Эзэн бүх үйлсэд нь тэднийг адисалсан болой; тийм ээ, бүр зуун арван жил улирч одох хүртэл тэд адислагдан мөн дэгжээгдсэн буюу; мөн Христээс хойш эхний үе улирч одсон байв, мөн бүх нутагт ямар ч зөрчилдөөн байсангүй.

19 Мөнхүү улиран тохиох дор Нифай, энэхүү сүүлчийн цэдгийг хөтөлсөн тэрээр (мөн тэрбээр үүнийг Нифайн ялтаснууд дээр хөтөлсөн буюу) нас нөгчив, мөн түүний хүү Амос түүний оронд үүнийг хөтлөв; мөн тэрбээр үүнийг түүнчлэн Нифайн ялтаснууд дээр хөтөлсөн ажээ.

20 Мөн тэрбээр үүнийг наян дөрвөн жил хөтөлж, мөн уг нутагт, сүмээс дайжиж мөн леменчүүдийн нэрийг өөрсөд дээрээ авсан хүмүүсийн багахан хэсгээс бусдаар, амар амгалан байсаар байв; тиймийн тул уг нутагт дахин леменчүүд гэж бий болов.

21 Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн Амос нас нөгчиж, (мөн Христийн ирснээс хойш зуун ерэн дөрвөн жил болсон байсан буюу) мөн түүний хүү Амос түүний оронд уг цэдгийг хөтлөв; мөн тэрбээр үүнийг Нифайн ялтаснууд дээр хөтлөв; мөн энэ нь бас энэ ном болох Нифайн номд бичигдсэн бөлгөө.

22 Мөнхүү улиран тохиох дор хоёр зуун жил улирч одсон байв; мөн хоёр дахь үеийнхний цөөхөн хэдээс бусад нь бүгд насан өөд болсон байв.

23 Мөн эдүгээ Мормон би, уг хүмүүс өнөржин, үүний хэрээр уг нутгийн бүхэл гадаргуу дээгүүр тархан, мөн Христээр дамжин ирсэн дэгжлийнхээ улмаас тэд үлэмж баян болсон байсныг та нар мэдээсэй хэмээнэ.

24 Мөн эдүгээ, энэхүү хоёр зуун нэг дэх онд тэдний дунд үнэтэй өмсгөл, бүх төрлийн тансаг сувд, мөн ертөнцийн тансаг эдлэлүүд өмсөх гэх мэтээр бардамналд хөөрсөн тэд байж эхлэв.

25 Мөн тэр цагаас хойш тэд өөрсдийн эд зүйлс болон өмч хөрөнгөө дундаа нийтээр эзэмшихээ болив.

26 Мөн тэд анги давхаргад хуваагдаж эхлэв; мөн тэд баяжихын тулд өөрсдөдөө сүм барьж эхлэв, мөн Христийн үнэн сүмийг үгүйсгэж эхлэв.

27 Мөнхүү улиран тохиох дор хоёр зуун арван жил улирч одсон үед уг нутагт олон сүм байв; тийм ээ, Христийг мэднэ хэмээн зүтгэдэг олон сүм байв, гэсэн хэдий ч тэдгээр нь түүний сайн мэдээний ихээхэн хэсгийг үгүйсгэж, тэгснээр тэд бүх төрлийн ёс бусын үйлийг хүлээн зөвшөөрч, мөн зохисгүй байдлынх нь улмаас хүртэх нь хориглогдсон нэгэнд ариун нандин болох түүнийг хүртээж байсан болой.

28 Мөн энэ сүм алдсын улмаас, мөн тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн Сатаны хүчний улмаас үлэмж дэвжив.

29 Мөн түүнчлэн, Христийг үгүйсгэсэн өөр нэгэн сүм байв; мөн тэд Христийн үнэн сүмийнхнийг, тэдний даруу байдал болон Христэд итгэх тэдний итгэлийнх нь улмаас хавчиж байв; мөн тэдний дунд үйлдэгдсэн олон гайхамшгийн улмаас тэд тэднийг ад үздэг байв.

30 Тиймийн тул тэдэнтэй үлдсэн Есүсийн шавь нарын дээр хүч болон эрх мэдлийг тэд үзүүлэн, мөн тэднийг шоронд хаяв; гэвч тэдэнд байсан Бурханы үгийн хүч чадлаар, шоронгууд хоёр хуваагдан цуурч, мөн тэдний дунд хүчит гайхамшгуудыг тэд үйлдэн явцгаасан бөлгөө.

31 Гэсэн хэдий ч, мөн эдгээр бүх гайхамшиг байсан хэдий ч, хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулж, мөн өөрийнх нь үгийн дагуу, Иерусалим дахь иудейчүүд Есүсийг хөнөөхөөр эрэлхийлсний адилаар, тэднийг алахаар эрэлхийлж байв.

32 Мөн тэд тэднийг галт зууханд хаяж, мөн тэд гэмтэлгүйгээр гарч иржээ.

33 Мөн тэд түүнчлэн тэднийг зэрлэг араатны үүрэнд хаяж, мөн тэд хургатай тоглож буй хүүхэд адил зэрлэг араатнуудтай тоглов; мөн тэд гэмтэл авалгүйгээр тэдний дундаас гарч ирэв.

34 Гэсэн хэдий ч, хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулав, учир нь тэд олон сүм барихад, мөн бүх төрлийн алдсыг үйлдэхэд олон прист мөн хуурамч бошиглогчдоор удирдагдсан байв. Мөн тэд Есүсийн хүмүүсийг цохив; гэвч Есүсийн хүмүүс буцааж цохисонгүй. Мөн тэд жилээс жилд, бүр хоёр зуун гучин жил улирч одох хүртэл, итгэлгүй байдалдаа мөн ёс бусын үйлдээ ийн бууран доройтов.

35 Мөн эдүгээ улиран тохиох дор тэр онд, тийм ээ, хоёр зуун гучин нэг дэх онд, хүмүүсийн дунд нэгэн агуу хуваагдал болов.

36 Мөнхүү улиран тохиох дор тэрхүү онд нифайчууд хэмээн нэрлэгдсэн хүмүүс гарч ирэв, мөн тэд Христэд үнэн итгэгчид байв; мөн тэдний дунд леменчүүдээр нэрлэгдсэнээр—иаковчууд, иосефчууд, зорамчууд болох тэд байв;

37 Тиймийн тул Христэд үнэн итгэгчид, мөн Христийг үнэн бишрэн шүтэгчид (үлдэх болсон Есүсийн гурван шавь тэдний дунд байсан буюу) нь нифайчууд, иаковчууд, иосефчууд мөн зорамчууд хэмээн нэрлэгддэг байв.

38 Мөнхүү улиран тохиох дор сайн мэдээг эсэргүүцсэн тэд леменчүүд, лемүелчүүд, мөн ишмэилчүүд хэмээн нэрлэгддэг байв; мөн тэдний эцэг өвгөд нь эхлэлээс бууран доройтсоны адилаар тэд итгэлээ алдан доройтсон бус байв, харин тэд Христийн сайн мэдээний эсрэг санаатайгаар эсэргүүцэж байв; мөн тэд итгэх ёсгүй хэмээн хүүхдүүддээ заадаг байв.

39 Мөн энэ нь бүр эхлэлд байсны адилаар, тэдний эцэг өвгөдийн ёс бус болон жигшүүрт явдлын улмаас байсан буюу. Мөн, эхлэлээс леменчүүд Нифайн хүүхдүүдийг үзэн ядахыг заалгасны адилаар, тэд Бурханы хүүхдүүдийг үзэн ядахыг заалгасан ажгуу.

40 Мөнхүү улиран тохиох дор хоёр зуун дөчин дөрвөн жил улирч одсон байв, мөн хүмүүсийн хэрэг явдал тийн байв. Мөн хүмүүсийн илүү ёс бус хэсэг нь хүчирхэгжиж, мөн Бурханы хүмүүсээс үлэмж илүү олон тоотой болов.

41 Мөн тэд өөрсдөдөө сүмүүдийг барьсаар, мөн тэдгээрийг бүх төрлийн үнэт зүйлээр чимэглэсээр байв. Мөн хоёр зуун тавин жил, мөн түүнчлэн хоёр зуун жаран жил тийн улиран одов.

42 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн ёс бус хэсэг нь Гадиантоны нууц тангараг болон хуйвалдаануудыг дахин байгуулж эхлэв.

43 Мөн түүнчлэн Нифайн хүмүүс гэж нэрлэгддэг асан тэр хүмүүс үлэмж баялгийнхаа улмаас зүрх сэтгэлдээ бардамнаж эхлэв, мөн өөрсдийн ах дүүс леменчүүдийн адилаар ихэмсэг болов.

44 Мөн энэ цагаас шавь нар дэлхийнхний нүглүүдийн улмаас гашуудаж эхлэв.

45 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жил улирч одоход, Нифайн хүмүүс болоод леменчүүдийн аль аль нь, нэг нь нөгөөгийнхөө адилаар үлэмж ёс бус болцгоосон байв.

46 Мөнхүү улиран тохиох дор Гадиантоны дээрэмчид нутгийн бүх гадаргуу дээгүүр тархав; мөн Есүсийн шавь нараас өөр зөв шударга хэн ч байсангүй. Мөн алт мөн мөнгийг тэд элбэг дэлбэгээр хадгалж, мөн бүх төрлийн арилжаанд наймаалцаж байлаа.

47 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун таван жил улирч одсоны дараа, (мөн уг хүмүүс ёс бус хэвээр үлдсэн байв) Амос нас нөгчив; мөн түүний дүү Аммарон, түүний оронд цэдгийг хөтлөв.

48 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун хорин жил улирч одсоны дараа, Аммарон, Ариун Сүнсээр албадуулагдан, бүр Христийн ирэлтээс гурван зуун хорь дахь оныг хүртэлх ариун нандин цэдгүүдийг—тийм ээ, бүр ариун нандин болох, үеэс үед гардуулагдан ирсэн, тэрхүү бүх ариун нандин цэдгийг—нуув.

49 Мөн тэдгээр нь Их Эзэний бошиглол мөн амлалтуудын дагуу, Иаковын угсааны үлдэгдэлд дахин ирж болохын тул, тэрбээр тэдгээрийг Их Эзэний төлөө нуусан бөлгөө. Мөн Аммароны цэдгийн төгсгөл ийн байв.