Судрууд
Алма 20


Бүлэг 20

Их Эзэн шоронд орсон ах дүүсийг нь чөлөөлүүлэхээр Миддонай тийш Аммоныг илгээв—Аммон, Лемонай хоёр бүх нутгийн дээрх хаан болох Лемонайн эцэгтэй уулзав—Аммон ах дүүсээ суллуулахыг зөвшөөрүүлэхээр хөгшин хааныг албадав. Ойролцоогоор МЭӨ 90 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэд уг нутагт сүм байгуулаад, Лемонай хаан Аммоныг эцэгтээ үзүүлж болохын тулд түүнийг өөртэйгөө хамт Нифайн нутаг тийш явахыг хүсэв.

2 Мөн Их Эзэний дуу хоолой Аммонд ирж, хэлрүүн: Чи Нифайн нутаг өөд явах ёсгүй, учир нь болгоогтун, хаан амийг чинь эрэлхийлэх болно; гэвч чи Миддонай нутаг тийш явах ёстой; учир нь болгоогтун, чиний ах Аарон, түүнчлэн Мулокай мөн Амма нар шоронд байна.

3 Эдүгээ улиран тохиох дор Аммон үүнийг дуулаад, тэрээр Лемонайд хэлэв: Болгоогтун, ах минь мөн ах дүүс минь Миддонай дахь шоронд байна, мөн би тэднийг чөлөөлж болохын тулд явна.

4 Эдүгээ Лемонай Аммонд хэлэв: Их Эзэний хүчинд та бүх зүйлийг хийж чадна гэдгийг би мэднэ. Гэвч болгоогтун, би тантай Миддонай нутгийн зүг явах болно; учир нь Миддонай нутгийн хаан Антиомно нэртэй нэгэн, миний найз билээ; тиймийн тул би уг нутгийн хааныг зусардаж болохын тулд, би Миддонай нутгийн зүг явна, мөн тэрээр таны ах дүүсийг шоронгоос гаргах болно. Эдүгээ Лемонай түүнд хэлэв: Ах дүүс тань шоронд буйг танд хэн хэлэв?

5 Мөн Аммон түүнд хэлэв: Бурханаас өөр хэн ч надад хэлсэнгүй; мөн тэр надад—Яв мөн ах дүүсээ чөлөөл, учир нь тэд Миддонай нутаг дахь шоронд байна хэмээсэн болой.

6 Эдүгээ Лемонай үүнийг дуулаад тэрээр зарц нараараа морьд мөн сүйх тэргүүдээ бэлэн болгуулав.

7 Мөн тэрээр Аммонд хэлсэн нь: Ирэгтүн, би тантай хамт Миддонай нутаг руу явах болно, мөн таны ах дүүсийг шоронгоос гаргахыг хаанаас нь би гуйх болно.

8 Мөнхүү улиран тохиох дор Аммон, Лемонай хоёр тийш аялах зуураа, тэд бүх нутгийн дээрх хаан болох Лемонайн эцэгтэй дайралдав.

9 Мөн болгоогтун, Лемонайн эцэг түүнд хэлж: Би өөрийн хөвгүүд, мөн өөрийн хүмүүст зориулан хийсэн зоогийн их өдөр чи яагаад зоогт ирсэнгүй вэ?

10 Мөн түүнчлэн тэр хэлэв: Худалчийн хүүхдүүдийн нэг болох энэ Нифай үндэстэнтэй чи хааш явж байгаа юм бэ?

11 Мөнхүү улиран тохиох дор Лемонай хааш явж байгаагаа түүнд тоочин хэлэв, учир нь тэр түүнийг гомдоохоос эмээсэн ажээ.

12 Мөн түүнчлэн эцгийнхээ бэлтгэсэн түүний зоогт очоогүйн шалтгаан, хаант улсад нь өөрийг нь саатуулсан бүх учрыг тэрээр түүнд хэлэв.

13 Мөн эдүгээ Лемонай түүнд эдгээр бүх зүйлийг тоочиход, болгоогтун, түүний гайхлыг төрүүлж, эцэг нь түүнд уурлаж, мөн хэлэв: Лемонай чи худалчийн хөвгүүд болох эдгээр нифайчуудыг чөлөөлүүлэх гэж явна. Болгоогтун, тэр бидний эцэг өвгөдийг дээрэмдсэн; мөн эдүгээ түүнчлэн түүний хүүхдүүд, тэд биднээс бидний хөрөнгийг ахиад дээрэмдэж болохын тулд, тэд өөрсдийн башир арга мөн өөрсдийн худал хуурмагаараа биднийг мэхэлж болохын тулд бидний дунд иржээ.

14 Эдүгээ Лемонайн эцэг түүнд Аммоныг илдээр алахыг зарлиглав. Мөн түүнчлэн тэрээр тэр Миддонай нутаг тийш явах ёсгүй, харин тэр өөртэй нь хамт Ишмэилийн нутагт буцах ёстой хэмээн түүнд зарлиглав.

15 Гэвч Лемонай түүнд хэлэв: Би Аммоныг алахгүй бас Ишмэилийн нутагт ч буцахгүй, харин би Аммоны ах дүүсийг суллаж болохын тулд Миддонай нутаг тийш явна, учир нь тэд бол шударга эрчүүд мөн үнэн Бурханы ариун бошиглогчид гэдгийг би мэднэ.

16 Эдүгээ түүний эцэг эдгээр үгийг дуулаад, тэрээр түүнд уурлаж, мөн түүнийг цохин газарт унагаж болохын тулд илдээ сугалав.

17 Гэвч Аммон урагш зогсож мөн түүнд хэлэв: Болгоогтун, та хүүгээ алах ёсгүй; гэсэн хэдий ч, танаас илүү тэр унавал дээр, учир нь болгоогтун, тэр нүглүүдээ наманчилсан; харин хэрэв та энэ цагт, уур хилэндээ байхад унах юм бол, сүнс тань аврагдаж чадахгүй.

18 Мөн үүнчлэн, та биеэ барих нь зүйд нийцнэ, учир нь хэрэв та хүүгээ албал, тэр гэмгүй хүн байсны учир, таны дээр өшөө авалтыг ирүүлэхийн төлөө түүний цус газраас Их Эзэн Бурхандаа хашхирах болой; мөн та сүнсний үхэлд ч орж болзошгүй.

19 Эдүгээ Аммон эдгээр үгийг түүнд хэлэхэд, тэр түүнд хариулж, хэлрүүн: Хэрэв би хүүгээ алах аваас би гэмгүй цусыг урсгах болно гэдгээ мэднэ; учир нь түүнийг устгахыг эрэлхийлсэн нь чи болой.

20 Мөн тэрээр Аммоныг алахаар гараа сунгав. Гэвч Аммон түүний дайралтыг сөрөн зогсож мөн түүнчлэн тэр хэрэглэж чадахгүй болгож гарыг нь цохив.

21 Эдүгээ Аммон өөрийг нь алж чадахыг хаан хараад, тэрээр амиа хэлтрүүлэхийг Аммоноос гуйж эхлэв.

22 Гэвч Аммон илдээ өргөж, мөн түүнд хэлэв: Болгоогтун, миний ах дүүс шоронгоос суллагдаж болно гэдгийг та зөвшөөрөхгүй бол би таныг цохих болно.

23 Эдүгээ хаан, тэрээр амиа алдах нь хэмээн айсан учир, хэлсэн нь: Хэрэв чи намайг хэлтрүүлбэл би юу гуйсныг чинь, бүр хаант улсынхаа хагасыг ч чамд олгох болно гэв.

24 Эдүгээ Аммон хөгшин хаанд хүслийнхээ дагуу нөлөөлснөө хараад, тэрээр түүнд хэлсэн нь: Хэрэв та ах дүүс минь шоронгоос суллагдаж болохыг, мөн түүнчлэн Лемонай өөрийн хаант улсыг хадгалж болохыг, мөн та түүнд үл дургүйцэж, харин хүслийнхээ дагуу юу бодсоноо хийж болохыг түүнд зөвшөөрвөл, тэгвэл би таныг хэлтрүүлэх болно; үгүй бол би таныг цохин газарт унагах болно.

25 Эдүгээ Аммон эдгээр үгийг хэлэхэд, хаан өөрийн амийн төлөө баясаж эхлэв.

26 Мөн Аммон өөрийг нь устгах хүсэлгүй байгааг тэр хараад, мөн түүнчлэн тэр өөрийнх нь хүү Лемонайд их хайртайг хараад, тэр үлэмж гайхширан мөн хэлэв: Би чиний ах дүүсийг чөлөөлж мөн хүү Лемонайдаа хаант улсаа хадгалахыг зөвшөөрөх нь чиний бүх хүсэл учир, болгоогтун, миний хүү хаант улсаа энэ цагаас хойш мөн үүрд хадгалж болохыг би зөвшөөрч байна; мөн би түүнийг хойшид захирах нь үгүй—

27 Мөн түүнчлэн би ах дүүс чинь шоронгоос суллагдаж болохыг зөвшөөрье, тэгээд чи ах дүүстэйгээ над дээр миний хаант улсад ирж болох юм; учир нь би чамтай уулзахыг маш ихээр хүсэх болно. Учир нь хаан түүний ярьсан мөн түүнчлэн өөрийн хүү Лемонайн ярьсан үгсэд ихээр гайхширсан ажгуу, тиймийн тул тэрээр тэдгээрийг сурах хүсэлтэй байв.

28 Мөнхүү улиран тохиох дор Аммон, Лемонай хоёр Миддонай нутгийн зүг өөрсдийн аянаа үргэлжлүүлэв. Мөн Лемонай уг нутгийн хааны мэлмийд тааллыг олжээ; тиймийн тул Аммоны ах дүүс шоронгоос гаргагдаж авчрагдав.

29 Мөн Аммон тэдэнтэй уулзахдаа тэр үлэмж харамсав, учир нь болгоогтун тэд нүцгэн мөн бөх олсоор хүлэгдсэн байсан учир арьс нь үлэмж зулбарсан байв. Мөн тэд түүнчлэн өлсөж цанган, мөн бүхий л төрлийн зүдгүүрийг тэвчсэн байв; гэсэн хэдий ч тэд бүх зовлондоо тэвчээртэй байжээ.

30 Мөн тохиолдсоны дагуу, илүү хатуу мөн илүү гөжүүд хүмүүсийн гарт орсон нь тэдний хувь тавилан байжээ; тиймийн тул тэд тэдний үгийг анхаарахгүй байсан аж, мөн тэд тэднийг гарган хаяж, мөн цохисон аж, мөн тэднийг байшингаас байшинд, газраас газарт хүртэл, бүр тэд Миддонай нутагт хүрч ирэх хүртэл хөөсөн байв; мөн тэнд тэд баривчлагдаж, мөн шоронд хаягдаж, мөн бөх олсоор хүлэгдэж, тэгээд олон хоногийн турш шоронд хоригдсон ажээ, мөн Лемонай, Аммон хоёроор чөлөөлөгдсөн болой.