Судрууд
Алма 42


Бүлэг 42

Зуурдын амьдрал нь наманчилж мөн Бурханд үйлчлэх боломжийг хүмүүнд олгодог сорилтын цаг юм—Уналт нь бүх хүн төрөлхтний дээр биеийн мөн сүнслэг үхлийг авчирсан бөлгөө—Гэтэлгэл наманчлалаар дамжин ирдэг—Бурхан Өөрөө дэлхийнхний нүглийг цагаатгана—Нигүүлсэл нь наманчлах тэдэнд зориулагдсан болой—Бусад бүгд нь Бурханы шударга ёсонд харьяалагдах бөлгөө—Цагаатгалын улмаас нигүүлсэл ирдэг—Зөвхөн чин үнэнээр гэмшигчид аврагддаг. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Мөн эдүгээ, хүү минь, чиний ойлгохгүй байгаа—нүгэлтнийг шийтгэх Бурханы шударга ёсны талаар чиний санааг зовоож буй илүү зарим зүйл байгааг би ухаарч байна; учир нь нүгэлтэн зовлонгийн байдалд хуваарилагдах нь шударга бус хэмээн итгэхийг чи оролдож байна.

2 Эдүгээ болгоогтун, хүү минь, би энэ зүйлийг чамд тайлбарлах болно. Учир нь болгоогтун, Их Эзэн Бурхан бидний анхны эцэг эхийг өөрсдийг нь гарган авсан тэрхүү газрыг хагалуулахаар Едений цэцэрлэгээс хөөсний дараа—тийм ээ, тэрээр хүмүүнийг гаргаж, мөн тэрээр Едений цэцэрлэгийн зүүн талд херубим, мөн зүг бүрд эргэх галт илдийг, амьдралын модыг хамгаалуулахаар байрлуулжээ—

3 Эдүгээ, хүмүүн Бурханы адил сайн ба мууг мэддэг болсныг бид харав; мөн тэрээр гараа сунган, мөн түүнчлэн амьдралын модноос авч, мөн идээд мөн үүрд амьдрах вий хэмээн, Их Эзэн Бурхан херубимыг мөн галт илдийг, тэрээр уг жимсийг хүртэхгүй байхын тулд байрлуулжээ—

4 Мөн тийн хүмүүнд наманчлах цаг, тийм ээ, сорилтын цаг, наманчлах болон Бурханд үйлчлэх цаг олгогдсоныг бид харав.

5 Учир нь болгоогтун, хэрэв Адам тэр даруй гараа сунган, мөн амьдралын модноос хүртсэн бол, Бурханы үгийн дагуу тэр, наманчлах хугацаагүйгээр үүрд амьдрах байсан; тийм ээ, мөн түүнчлэн Бурханы үг хүчингүй болж, мөн авралын агуу төлөвлөгөө бүтэхгүй болох байсан билээ.

6 Гэвч болгоогтун, үхэх нь хүмүүнд тохоогдсон юм—тиймийн тул, тэд амьдралын модноос тусгаарлагдсан шиг тэд дэлхийн гадаргуугаас тусгаарлагдах болно—мөн хүмүүн үүрд алдагдаж, тийм ээ, тэд унасан хүмүүн болжээ.

7 Мөн эдүгээ, чи үүгээр бидний анхны эцэг эх биеийн болон сүнслэг байдлын аль алинаар нь Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдсан байсныг харав; мөн тийн тэд, өөрсдийн хүсэл тааллыг дагагчид болсныг бид харав.

8 Эдүгээ болгоогтун, хүмүүн энэ зуурдын биеийн үхлээс чөлөөлөгдөх нь зүйтэй байсангүй, учир нь тэгэх нь аз жаргалын агуу төлөвлөгөөг устгах байв.

9 Тиймийн тул, сүнс хэзээ ч үхэж болдоггүй, мөн уналт нь бүх хүн төрөлхтний дээр биеийн мөн сүнслэг үхлийг авчирсан учир, тэгснээр тэд Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдсан билээ, хүн төрөлхтөн энэхүү сүнслэг үхлээс чөлөөлөгдөх нь зүйтэй байв.

10 Тиймийн тул, тэд эгэл байдлаараа зуурдын, тачаангуй, чөтгөр мэт болсон учраас, энэхүү сорилтын байдал нь тэдний хувьд бэлтгэх үе болсон ажгуу; энэ нь бэлтгэлийн үе болсон билээ.

11 Мөн эдүгээ санагтун, хүү минь, хэрэв гэтэлгэлийн энэ төлөвлөгөө байгаагүй аваас (үүнийг эс тооцвол) үхсэн даруйдаа тэдний сүнс, Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдах учир гаслант байх байсан.

12 Мөн эдүгээ, хүмүүн өөрийнхөө дуулгаваргүйн учир өөрийн дээр авчирсан тэрхүү уналтын байдлаас хүмүүсийг чөлөөлөх ямар ч арга байхгүй байв;

13 Тиймийн тул, шударга ёсны дагуу, энэхүү сорилтын үе дэх, тийм ээ, энэ бэлтгэлийн үе дэх хүмүүсийн наманчлалын нөхцөлөөс бусдаар бол гэтэлгэлийн төлөвлөгөө нь үйлчилж чадахгүй; учир нь эдгээр нөхцөл үгүй бол, шударга ёсны ажлыг устгахгүйгээр нигүүлсэл нь үр дүнтэй байж чадахгүй. Эдүгээ шударга ёсны ажил устгагдаж чадахгүй; хэрэв тэгвэл, Бурхан нь Бурхан байхаа болихсон.

14 Мөн бүх хүн төрөлхтөн унасан байсныг, мөн тэд шударга ёсны хяналтан дор байсныг бид ийн харав; тийм ээ, тэднийг үүрд түүний оршихуйгаас тусгаарлагдахаар хуваарилсан Бурханы тэрхүү шударга ёсны буюу.

15 Мөн эдүгээ, нигүүлслийн төлөвлөгөө нь цагаатгал хийгдэхгүйгээр улиран тохиолгогдох боломжгүй байв; тиймийн тул Бурхан нь төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болохын тулд нигүүлслийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр, шударга ёсны шаардлагыг хангахаар Бурхан өөрөө дэлхийнхний нүглийн төлөө цагаатгадаг.

16 Эдүгээ, шийтгэл үгүй аваас наманчлал нь хүмүүст ирж чадахгүй, сүнсний амьдралын адил мөнх байх аз жаргалын төлөвлөгөөний сөрөг талд тавигдсан, сүнсний амьдралын адил мөнх байх тэрхүү шийтгэл үгүй аваас буюу.

17 Эдүгээ, нүгэл үйлддэггүй аваас хүмүүн яаж наманчлах билээ? Хууль үгүй бол тэр яаж нүгэл үйлдэж чадахсан билээ? Шийтгэл үгүй бол хууль хэрхэн байж чадах билээ?

18 Эдүгээ, шийтгэл нь тогтоогдсон, мөн хүмүүнд ухамсрын гэмшлийг авчирсан тэрхүү шударга хууль өгөгдсөн билээ.

19 Эдүгээ, хэрэв хууль—хэрэв хүмүүн аллага үйлдсэн бол үхэх ёстой хэмээх хууль—өгөгдөөгүй байсан бол, тийм байсан бол тэрээр аллага үйлдвэл үхнэ хэмээн айх гэж үү?

20 Мөн түүнчлэн, хэрэв нүглийн эсрэг хууль өгөгдөөгүй байсан бол хүмүүс нь нүгэл үйлдэхээс айхгүй байхсан.

21 Мөн хэрэв хууль өгөгдөөгүй байсан бол, хэрэв хүмүүс нь нүгэл үйлдсэн бол шударга ёс эсвээс нигүүлсэл юу хийж чадах вэ? Учир нь тэдгээр нь тэр хүний дээр харьяалалгүй байх болно.

22 Гэвч нэгэн хууль өгөгдсөн, мөн шийтгэл нь тогтоогдсон, мөн наманчлал өгөгдсөн юм; тэрхүү наманчлал нь нигүүлсэлд харьяалагддаг; өөрөөр бол, шударга ёс нь уг хүнийг харьяалуулж мөн хуулийг хэрэгжүүлж, мөн хууль нь шийтгэлийг оноодог; хэрвээ тийм бус аваас, шударга ёсны ажлууд устгагдаж, мөн Бурхан нь Бурхан байхаа болихсон.

23 Гэвч Бурхан нь Бурхан байхаа больдоггүй, мөн нигүүлсэл нь гэмшигчийг харьяалуулдаг, мөн нигүүлсэл нь цагаатгалын учир ирдэг; мөн цагаатгал нь нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгодог; мөн нас барагсдын амилуулалт нь хүмүүнийг Бурханы оршихуйд буцаан авчирдаг; мөн ийн тэд, өөрсдийн үйлүүдийн дагуу, хууль болоод шударга ёсны дагуу шүүгдэхийн тулд түүний оршихуйд байхаар буцаан авчрагддаг.

24 Учир нь болгоогтун, шударга ёс нь өөрийн бүх шаардлагыг гүйцээж, мөн түүнчлэн нигүүлсэл нь өөрийн болох бүгдийг харьяалуулдаг; мөн тийн, үнэнээр гэмшигчээс өөр хэн ч аврагдахгүй.

25 Ингэхэд, чи нигүүлсэл нь шударга ёсыг дээрэмдэж чадна хэмээн бодно уу? Би чамд хэлнэ, Үгүй; бүр багаар ч чадахгүй. Хэрэв тийм аваас, Бурхан нь Бурхан байхаа болихсон.

26 Мөн тийн Бурхан дэлхийн үүслээс бэлтгэгдсэн өөрийн тэр агуу их бөгөөд мөнхийн зорилгуудыг гүйцээдэг. Мөн тийн хүмүүсийн аврал болон гэтэлгэл нь, мөн түүнчлэн тэдний устгал мөн зовлон нь тохиодог.

27 Тиймийн тул, ай хүү минь, ирэхийг хүсдэг хэн боловч ирж мөн амьдралын уснаас чөлөөтэйгээр хүртэж болно; мөн ирэхийг хүсдэггүй хэн боловч мөнхүү тэр нь ирэхээр үл албадуулагддаг; гэвч эцсийн өдөр түүнд хийснийх нь дагуу сэргээгдэх болно.

28 Хэрэв тэр хилэнц үйлдэхийг хүссэн, мөн өөрийн өдрүүдэд наманчлаагүй аваас, болгоогтун, Бурханы сэргээлтийн дагуу түүнд хилэнц нь тохиох болно.

29 Мөн эдүгээ, хүү минь, чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой, мөн чамайг доош наманчлалд авчрах тэрхүү зовлонгоор зөвхөн нүглүүд чинь чамайг зовоогоосой хэмээн би хүснэ.

30 Ай хүү минь, чамайг Бурханы шударга ёсыг дахин бүү үгүйсгээсэй хэмээн би хүснэ. Бурханы шударга ёсыг үгүйсгэснээр, нүглүүдээсээ болж өөрийгөө зөвтгөхийг огтхон ч бүү хичээ; харин Бурханы шударга ёс, мөн түүний нигүүлсэл болон тэсвэр тэвчээр нь зүрх сэтгэлд чинь бүрэн дүүрнээр нөлөөлөхийг чи зөвшөөр; мөн энэ нь чамайг даруу байдалд, тоос шороонд доош авчрахыг зөвшөөр.

31 Мөн эдүгээ, ай хүү минь, чи энэ хүмүүст үгийг номлохоор Бурханаар дуудагдсан билээ. Мөн эдүгээ, хүү минь, чи өөрийн замаар явж, бодгалиудыг наманчлалд авчирч болохын тулд, нигүүлслийн агуу төлөвлөгөө тэднийг харьяалуулж болохын тулд үгийг үнэнээр мөн чанд тунхагла. Мөн бүр миний үгсийн дагуу Бурхан чамд соёрхох болтугай. Амен.