Судрууд
Алма 5


Бурханы ариун жаягийн дагуу Дээд Прист болох Алмагийн уг нутаг даяар, хотууд мөн тосгод дахь хүмүүст хүргэсэн үгс оршвой.

5-р бүлгээс эхэлнэ.

Бүлэг 5

Авралыг олохын тулд, хүмүүс наманчилж мөн зарлигуудыг сахих, дахин төрөх, өмсгөлүүдээ Христийн цусаар цэвэрлэх, даруу байж мөн өөрсдийгөө бардамнал мөн атаа жөтөөнөөс ангижруулах, зөв шударгын ажлуудыг хийх ёстой—Сайн Хоньчин Өөрийн хүмүүсийг дууддаг—Хилэнцэт үйлүүдийг үйлдэх тэд чөтгөрийн хүүхдүүд болой—Алма сургаалынхаа үнэнийг гэрчилж мөн хүмүүст наманчлахыг зарлиглав—Зөв шударгыг үйлдэгчдийн нэрс амьдралын номд бичигдэх болно. Ойролцоогоор МЭӨ 83 он.

1 Эдүгээ улиран тохиох дор Алма эхлээд Зарахемла нутагт, мөн тэндээсээ бүх нутаг даяар хүмүүст Бурханы үгийг хүргэж эхлэв.

2 Мөн Зарахемла хотод байгуулагдсан сүмийн хүмүүст түүний ярьсан үгс нь, түүний өөрийнх нь цэдгийн дагуу эдгээр бөлгөө, өгүүлсэн нь:

3 Алма би, өөрийн эцэг Алмагаар Бурханы сүмийн дээрх дээд прист байхаар томилогдон адислагдсан билээ, учир нь түүнд эдгээр зүйлийг хийх хүч чадал мөн эрх мэдэл Бурханаас өгөгдсөн юм, болгоогтун, тэр Нифайн хилийн дотор байсан нутагт сүм байгуулж эхэлснийг би та нарт хэлнэ; тийм ээ, Мормоны нутаг гэж нэрлэгдсэн тэрхүү нутагт болой; тийм ээ, мөн тэрээр ах дүүстээ Мормоны усанд баптисм хүртээсэн болой.

4 Мөн болгоогтун, би та нарт хэлнэ, тэд Бурханы нигүүлсэл мөн хүчээр, Ноа хааны хүмүүсийн гараас чөлөөлөгдсөн билээ.

5 Мөн болгоогтун, дараа нь тэд аглаг буйдад леменчүүдийн гараар боолчлолд оруулагдсан юм; тийм ээ, би та нарт хэлнэ, тэд дарангуйлалд байв, мөн Их Эзэн тэднийг өөрийн үгийн хүчээр боолчлолоос дахин чөлөөлсөн болой; мөн бид энэ нутагт авчрагдаж, мөн энд бид түүнчлэн энэ бүх нутаг даяар Бурханы сүмийг байгуулж эхэлсэн билээ.

6 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, ах дүүс минь, энэ сүмд харьяалагддаг та нар, эцэг өвгөдийнхөө дарангуйлалд байсныг хангалттайгаар санаандаа хадгалсаар байна уу? Тийм ээ, мөн тэдэнд хандсан түүний нигүүлсэл болон тэсвэр тэвчээрийг та нар хангалттайгаар санаандаа хадгалсаар байна уу? Мөн түүнчлэн, тэдний бодгалиудыг тэрээр тамаас чөлөөлснийг та нар хангалттайгаар санаандаа хадгалсаар байна уу?

7 Болгоогтун, тэрээр тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн, тийм ээ, тэр тэднийг гүн нойрноос сэрээсэн, мөн тэд Бурханы хувьд сэрсэн. Болгоогтун, тэд харанхуйн дунд байсан; гэсэн хэдий ч, тэдний бодгалиуд үүрдийн үгийн гэрлээр гэрэлтүүлэгдсэн билээ; тийм ээ, тэд үхлийн хүлээсээр, бас тамын гинжээр ороогдсон байж, мөн үүрдийн устгал тэднийг хүлээж байв.

8 Мөн эдүгээ би та нараас асууя, ах дүүс минь, тэд устгагдсан уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй, тэд устгагдаагүй.

9 Мөн үүнчлэн би асууя, үхлийн хүлээс таслагдаж мөн тэднийг ороосон тамын гинжүүд нь тайлагдсан уу? Би та нарт хэлнэ, Тийм ээ, тэдгээр нь тайлагдсан, мөн тэдний зүрх сэтгэл тэлж, мөн тэд гэтэлгэх хайрыг дуулсан болой. Мөн тэд аврагдсаныг би та нарт хэлнэ.

10 Мөн эдүгээ тэд ямар нөхцөлийн дор аврагдсаныг би та нараас асууя? Тийм ээ, авралын төлөө найдах ямар үндэслэл тэдэнд байсан билээ? Тэдний үхлийн хүлээснээс, тийм ээ, мөн түүнчлэн тамын гинжнээс суллагдсан шалтгаан нь юу билээ?

11 Болгоогтун, би та нарт хэлж чадна—Абинадайн амаар яригдсан үгсэд миний эцэг Алма итгээгүй гэж үү? Мөн тэрээр ариун бошиглогч байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы үгсийг ярьж, мөн миний эцэг Алма тэдгээрт итгээгүй гэж үү?

12 Мөн өөрийнх нь итгэлийн дагуу түүний зүрх сэтгэлд хүчит өөрчлөлт бий болсон бөлгөө. Болгоогтун, энэ бүгд үнэнийг би та нарт хэлнэ.

13 Мөн болгоогтун, тэрээр та нарын эцэг өвгөдөд үгийг номлож, мөн тэгээд тэдний зүрх сэтгэлд ч хүчит өөрчлөлт бий болж, мөн тэд өөрсдийгөө даруусган мөн үнэн болоод амьд Бурханд найдлагаа тавьсан бөлгөө. Мөн болгоогтун, тэд эцсийг хүртэл үнэнч байсан; тиймийн тул тэд аврагдсан болой.

14 Мөн эдүгээ болгоогтун, би та нараас асууя, сүмийн ах дүүс минь, та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн үү?

15 Та нарыг бүтээсэн түүний гэтэлгэлд та нар итгэлийг хэрэгжүүлдэг үү? Та нар итгэлийн нүдээр харуулдан хүлээж, энэ зуурдын бие үхэшгүй байдалд босгогдохыг, мөн энэ ялзрал нь ялзаршгүй болохыг, зуурдын биед байхдаа хийсэн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр Бурханы өмнө зогсох талаар эргэцүүлдэг үү?

16 Би та нарт хэлнэ, тэр өдөр: Адислагдсан та нар надад ирэгтүн, учир нь болгоогтун, дэлхийн гадаргуу дээрх та нарын үйлүүд зөв шударгын үйлс байлаа хэмээн та нарт хэлэх Их Эзэний дуу хоолойг сонсож байна хэмээн та нар өөрсдөдөө төсөөлж чадах уу?

17 Эсвээс та нар тэр өдөр—Их Эзээн, бидний үйлс газар дэлхийн гадаргуу дээр зөв шударга үйлс байсан шүү дээ хэмээн Их Эзэнд худал хэлэхэд—мөн тэр та нарыг аврах болно хэмээн өөрсдөдөө төсөөлдөг үү?

18 Эсвээс өөрөөр, та нар Бурханы шүүлтийн өмнө өөрсдийн бүх гэмийн дурсамж, тийм ээ, өөрсдийн бүх ёс бусын төгс дурсамж, тийм ээ, Бурханы зарлигуудыг ил эсэргүүцсэнийхээ дурсамжтайгаар, гэмшил болоод харамслаар дүүрэн сүнстэй аваачигдаж байгаагаар өөрсдийгөө төсөөлж чадах уу?

19 Би та нарт хэлнэ, тэр өдөр та нар ариун зүрх мөн цэвэр гартайгаар Бурхан өөд харж чадах уу? Би та нарт хэлнэ, Бурханы дүр төрхийг шингээсэн царай төрхтэйгөөр өөд харж чадах уу?

20 Би та нарт хэлнэ, та нар өөрсдийгөө чөтгөрийн харьяат болгохоор бууж өгчихөөд аврагдах талаар бодож чадах уу?

21 Би та нарт хэлнэ, та нар аврагдаж чадахгүйгээ тэр өдөр мэдэх болно; учир нь өмсгөлүүд нь цагаан болгож угаагдсан байхаас бусдаар нэгээхэн ч хүмүүн аврагдаж чадахгүй; тийм ээ, өөрийн хүмүүсийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирэх, бидний эцэг өвгөдөөр яригдсан тэрхүү нэгний цусаар бүх толбоноос цэвэршигдэх хүртлээ түүний өмсгөлүүд ариутгагдах ёстой.

22 Мөн эдүгээ би та нараас асууя, ах дүүс минь, цусаар мөн бүх төрлийн бузар муухайгаар толботсон өмсгөлтэйгээр та нар Бурханы индрийн өмнө зогсох болбол та нарын хэнд чинь ч гэсэн ямар санагдах билээ? Болгоогтун, эдгээр зүйл та нарын эсрэг юуг гэрчлэх билээ?

23 Болгоогтун тэдгээр нь та нарыг алуурчид болохыг, тийм ээ, мөн түүнчлэн та нарыг зүйл бүрийн ёс бусын гэмтэйг гэрчлэхгүй гэж үү?

24 Болгоогтун, ах дүүс минь, Бурханы хаант улсад, өмсгөлүүд нь цэвэрлэгдсэн мөн ямар ч толбогүй, цэвэр мөн цагаан болох тэрхүү Абрахамтай, Исаактай, мөн Иаковтой хамт мөн түүнчлэн бүх ариун бошиглогчтой хамт суух газрыг тийм нэгэн нь хүлээж авч чадна гэж та нар бодож байна уу?

25 Би та нарт хэлнэ, Үгүй; Бүтээгчийг минь эхлэлээс худалч болгохоос бусдаар, эсвэл эхлэлээс худалч байсан гэж бодохоос бусдаар, тийм хүмүүс нь тэнгэрийн хаант улсад байрлаж чадна хэмээн та нар бодож чадахгүй; харин тэд чөтгөрийн хаант улсын хүүхдүүд учраас хаягдах болой.

26 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, ах дүүс минь, хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч байсан бол, мөн хэрэв та нарт гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдаж байсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?

27 Та нар Бурханы өмнө өөрсдийгөө өө сэвгүй байлган, алхалсан уу? Хэрэв та нар энэ цагт үхэхээр дуудагдвал, та нар хангалттай даруухан байсан хэмээн дотроо бодож чадах уу? Өөрийн хүмүүсийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирэх Христийн цусаар өмсгөлүүд тань цэвэршигдэж, цагаан болгогдсон гэж хэлж чадах уу?

28 Болгоогтун, та нар бардамналаасаа ангижирсан уу? Би та нарт хэлнэ, хэрэв та нар тэгээгүй бол та нар Бурхантай уулзахад бэлтгэгдээгүй байна. Болгоогтун, та нар хурдхан бэлтгэх ёстой; учир нь тэнгэрийн хаант улс удахгүй ирнэ, мөн тийм нэгэн нь мөнх амьдралыг авахгүй бөлгөө.

29 Болгоогтун, би хэлнэ, та нарын дунд атаа жөтөөнөөсөө ангижраагүй нэгэн байна уу? Тийм нэгэн нь бэлтгэгдээгүй хэмээн би та нарт хэлнэ; мөн би түүнийг хурдхан бэлтгээсэй хэмээнэ, учир нь цаг ойрхон, мөн тэрээр цаг нь хэзээ ирэхийг мэдэхгүй болой; учир нь тийм нэг нь гэмгүй хэмээн тогтоогдохгүй.

30 Мөн түүнчлэн би та нарт хэлнэ, та нарын дунд ах дүүсээрээ доог хийдэг, эсвээс түүний дээр хавчлага овоолдог нэгэн нь байна уу?

31 Тийм нэгэнд халаг, учир нь тэр бэлтгэгдээгүй, мөн тэрээр наманчлах ёстой, эс бөгөөс тэр аврагдаж чадахгүй тэр цаг ойрхон болжээ!

32 Тийм ээ, бүр алдсыг үйлдэгчид та нарт бүгдэд нь халаг; наманчлагтун, наманчлагтун, учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ!

33 Болгоогтун, тэрээр бүх хүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдсан болой, мөн тэрээр: Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно хэмээн хэлдэг.

34 Тийм ээ, тэрээр хэлдэг: Надад ирэгтүн мөн та нар амьдралын модны жимснээс хүртэх болно; тийм ээ, та нар чөлөөтэйгээр амьдралын талх, уснаас идэж мөн уух болно;

35 Тийм ээ, надад ирэгтүн мөн зөв шударгын үйлүүдийг хийгтүн, мөн та нар цавчигдаж мөн галд хаягдахгүй байх болно—

36 Учир нь болгоогтун, сайн жимсийг гаргадаггүй хэн боловч, өөрөөр хэлбэл зөв шударгын үйлүүдийг хийдэггүй хэн боловч, мөнхүү тэр нь орь дуу тавих мөн гашуудах шалтгаан бүхий байх тэр цаг ойрхон байнам.

37 Ай алдсыг үйлдэгчид та нар; дэлхийн хоосон зүйлсэд хөөрсөн та нар, зөв шударгын замуудыг мэдсэн дүр эсгэдэг хэдий ч хоньчингүй хонь мэт, хоньчин та нарын араас дуудаж байсан ч мөн та нарын араас дуудсаар байхад ч, харин түүний дуу хоолойг анхаарахгүйгээр төөрч одсон та нар!

38 Болгоогтун, би та нарт хэлнэ, сайн хоньчин та нарыг дууддаг; тийм ээ, мөн Христийн нэр болох өөрийнхөө нэрээр та нарыг тэр дууддаг; мөн хэрэв та нар сайн хоньчны дуу хоолойг, өөрсдийн дуудагдах тэрхүү нэрийг анхаарахгүй бол, болгоогтун, та нар сайн хоньчны хоньд биш болой.

39 Мөн эдүгээ хэрэв та нар сайн хоньчны хонь бус аваас, та нар аль сүргийнх вэ? Болгоогтун, би та нарт хэлнэ, чөтгөр бол та нарын хоньчин, мөн та нар түүний сүргийнх; мөн эдүгээ, үүнийг хэн үгүйсгэж чадах билээ? Болгоогтун, би та нарт хэлнэ, үүнийг үгүйсгэгч хэн боловч худалч мөн чөтгөрийн хүүхэд болой.

40 Учир нь сайн болох юу боловч Бурханаас ирдэг, мөн хилэнцэт болох юу боловч чөтгөрөөс ирдгийг би та нарт хэлнэ.

41 Тиймийн тул, хэрэв хүмүүн нь сайн үйлүүдийг хийдэг аваас тэрээр сайн хоньчны дуу хоолойг анхаарч, мөн түүнийг дагадаг; харин хилэнцэт үйлүүдийг хийх хэн боловч, мөнхүү тэр нь чөтгөрийн хүүхэд болдог, учир нь тэрээр түүний дуу хоолойг анхаарч, мөн түүнийг дагадаг.

42 Мөн үүнийг үйлдэгч хэн боловч шан хөлсөө түүнээс хүлээн авах ёстой; тиймийн тул, тэрээр бүх сайн үйлийн хувьд үхмэл байдаг учир зөв шударгад хамаарагдах зүйлсийн хувьд хөлсөндөө үхлийг хүлээн авдаг бөлгөө.

43 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар намайг сонсоосой хэмээнэ би, учир нь би бодгалийнхаа эрч хүчээр ярьж байна; учир нь болгоогтун, та нар алдах боломжгүйгээр би та нарт тодорхой ярьсан, эсвээс Бурханы зарлигуудын дагуу ярьсан.

44 Учир нь би энэ маягаар, Христ Есүс дэх, Бурханы тэрхүү ариун жаягийн дагуу ярихаар дуудагдсан; тийм ээ, би босож мөн энэ хүмүүст ирэх тэр зүйлсийн талаар бидний эцэг өвгөдөөр яригдсан тэр зүйлсийг гэрчлэхээр зарлигдуулсан юм.

45 Мөн энэ нь бүгд биш. Би эдгээр зүйлийн тухай өөрөө мэддэг хэмээн та нар бодохгүй байна гэж үү? Болгоогтун, миний ярьсан эдгээр зүйл үнэнийг би мэднэ хэмээн би та нарт гэрчилж байна. Мөн би тэдгээрийн гарцаагүйг яаж мэдсэн гэж та нар бодож байна вэ?

46 Болгоогтун, би та нарт хэлнэ, тэдгээр нь Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг илэрхийлсэн юм; мөн энэ нь надад байгаа тэрхүү илчлэлийн суу билиг бөлгөө.

47 Мөн үүнээс гадна, бидний эцэг өвгөдөөр яригдсан тэрхүү үгс үнэн гэдэг нь надад тийн илчлэгдсэн гэдгийг би та нарт хэлнэ, Бурханы Сүнсний үзүүлэлтээр, түүнчлэн надад буй бошиглолын суу билгийн дагуу ийн илчлэгдсэн буюу.

48 Би та нарт хэлнэ, тохиох зүйлсийн тухайд миний та нарт хэлэх юу боловч, тэдгээр нь үнэн гэдгийг би өөрөө мэднэ; мөн би та нарт хэлнэ, Есүс Христ, тийм ээ, Хүү, Эцэгийн Төрсөн Ганц, ач ивээл, нигүүлсэл мөн үнэнээр дүүрэн тэрбээр ирэх болно гэдгийг би мэднэ. Мөн болгоогтун, дэлхийнхний нүглүүдийг, тийм ээ, түүний нэрэнд гуйвшгүйгээр итгэдэг хүн бүрийн нүглийг үүрэн холдуулахаар ирэх нь тэр бөлгөө.

49 Мөн эдүгээ би та нарт хэлнэ, миний дуудагдсан тэрхүү жаяг нь энэ буюу, тийм ээ, хайрт ах дүү нартаа, тийм ээ, энэ нутагт орших хүн бүрд номлохоор; тийм ээ, настай болон залуу аль алинд нь, боол болон чөлөөт аль алинд нь бүгдэд номлохоор; тийм ээ, ахмад, мөн түүнчлэн дунд насныханд, мөн өсвөр залуу үеийнхэнд, би та нарт хэлнэ; тийм ээ, тэд наманчилж мөн дахин төрөх ёстой хэмээн тэдэнд номлохоор болой.

50 Тийм ээ, Сүнс ийн хэлж байна: Наманчлагтун, газар дэлхийн бүх хязгаарууд та нар, учир нь тэнгэрийн хаант улс удахгүй ирнэ; тийм ээ, Бурханы Хүү өөрийн алдар суу, чадал, сүр жавхлан, хүч мөн ноёрхолд ирэх болно. Тийм ээ, хайрт ах дүү нар минь, би та нарт хэлнэ, Сүнс ийн хэлдэг: Бүх газар дэлхийн Хааны алдар сууг болгоогтун; мөн түүнчлэн тэнгэрийн Хаан тун удахгүй хүмүүсийн бүх үрсийн дунд гэрэлтэх болно.

51 Мөн түүнчлэн Сүнс надад хэлэв, тийм ээ, надад хүчит дуугаар хашхирч өгүүлсэн нь: Явагтун мөн энэ ард түмэнд—Наманчлагтун, учир нь та нар наманчлахгүй аваас та нар тэнгэрийн хаант улсыг өвлөж яавч чадахгүй хэмээн хэл гэв.

52 Мөн үүнчлэн би та нарт хэлнэ: Болгоогтун, модны үндсэн дээр сүх тавигдсан; тиймийн тул сайн жимс гаргадаггүй мод болгон цавчигдаж мөн галд, тийм ээ, шатаж үл дуусах тэр галд, бүр унтраагдашгүй галд хаягдах болно хэмээн Сүнс хэлнэм. Болгоогтун, мөн санагтун, Ариун Нэгэн үүнийг ярьсан бөлгөө.

53 Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, би та нарт хэлнэ, та нар энэ хэлсэн үгсийг сөрж чадна гэж үү; тийм ээ, та нар эдгээр зүйлийг хойш тавьж, мөн Ариун Нэгэнийг хөл дороо дэвсэлж чадна гэж үү; тийм ээ, та нар зүрх сэтгэлийн бардамналдаа хөөрч чадна гэж үү; тийм ээ, та нар үнэт хувцас хунар өмсөж мөн зүрх сэтгэлээ дэлхийн хоосон зүйлс дээр, баялгууд дээрээ тавьсаар л байх уу?

54 Тийм ээ, та нар өөрсдийгөө нөгөөгөөс илүү дээр хэмээн бодсоор л байх уу; тийм ээ, өөрсдийгөө даруусган мөн энэ сүмд авчрагдсан жаяг буюу Бурханы тэрхүү ариун жаягийн дагуу тэд алхалж, Ариун Сүнсээр ариусгагдаж, мөн наманчлалд нийцэх үйлүүдийг хийх ах дүүсээ та нар хавчсаар л байх уу—

55 Тийм ээ, мөн та нар ядууст болон гачигдагсдад араа харуулж, хөрөнгөө тэднээс харамласаар л байх уу?

56 Мөн эцэст нь, ёс бус байдлаа үргэлжлүүлсээр л байх та нар бүгд, эдгээр нь даруй наманчлахгүй аваас тас цавчигдаж мөн галд хаягдах тэдгээр юм гэдгийг би та нарт хэлье.

57 Мөн эдүгээ би та нарт хэлнэ, сайн хоньчны дуу хоолойг дагахыг хүсэх та нар бүгд, ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарч ирцгээ, мөн та нар тусдаа байгтун, мөн тэдний цэвэр бус зүйлсэд бүү хүрэгтүн; мөн болгоогтун, тэдний нэрс хасагдах болно, ёс бусыг үйлдэгчдийн нэрс зөв шударгыг үйлдэгчдийн нэрсийн дунд тоологдохгүйн тулд, Бурханы дараах үг гүйцэлдэж болохын тулд бөлгөө: Ёс бусыг үйлдэгчдийн нэрс миний хүмүүсийн нэрстэй холилдохгүй байх болно;

58 Учир нь зөв шударгыг үйлдэгчдийн нэрс амьдралын номд бичигдэх болно, мөн би тэдэнд өөрийн баруун гар дахь өвийг хайрлах болно. Мөн эдүгээ, ах дүүс минь, үүний эсрэг хэлэх юу та нарт буй билээ? Би та нарт хэлнэ, хэрэв та нар үүний эсрэг ярих аваас, тэр нь хамаагүй, учир нь Бурханы үг гүйцэлдэх ёстой.

59 Учир нь та нарын дунд чононууд орж мөн сүргийг нь цөлмөхгүйн тулд олон хоньтой ч тэднийгээ хариулдаггүй ямар хоньчин байх билээ? Мөн болгоогтун, хэрэв чоно сүрэгт нь орвол тэрээр түүнийг хөөхгүй гэж үү? Тийм ээ, мөн эцэст нь хэрэв тэр чадвал, тэрээр түүнийг устгах болно.

60 Мөн эдүгээ сайн хоньчин та нарын араас дууддагийг би та нарт хэлнэ; мөн хэрэв та нар түүний дуу хоолойг анхаарвал тэрээр та нарыг сүрэгтээ авчрах болно, мөн та нар түүний хоньд билээ; мөн та нар устгагдахгүй байж болохын тулд өөрсдийнхөө дунд араатан чоно орохыг үл зөвшөөр хэмээн тэрээр та нарт зарлигласан билээ.

61 Мөн эдүгээ Алма би, надад зарлигласан түүний хэлээр, та нарт миний ярьсан үгсийг мөрдөхийг та нарт зарлиглаж байна.

62 Сүмд харьяалагдах та нарт би зарлиг болгон ярина; мөн сүмд харьяалагдаагүй тэдэнд би урилга болгон ярина, хэлрүүн: Та нар түүнчлэн амьдралын модны жимснээс хүртэгчид байж болохын тулд ирэгтүн мөн наманчлалын төлөө баптисм хүртэгтүн.