Судрууд
Мормон 9


Бүлэг 9

Христэд үл итгэдэг тэднийг наманчлахыг Моронай уриалав—Илчлэлүүдийг өгч мөн үнэн итгэлтэй тэдний дээр бэлэг болон тэмдгүүдийг цутгадаг гайхамшгийн Бурханыг тэрбээр тунхаглав—Итгэлгүйн улмаас гайхамшгууд зогсдог—Итгэдэг тэднийг тэмдгүүд дагадаг—Хүмүүст ухаалаг байж, мөн зарлигуудыг сахихыг ухуулав. Ойролцоогоор МЭ 401–421 он.

1 Мөн эдүгээ, би түүнчлэн Христэд итгэдэггүй тэдний талаар ярья.

2 Болгоогтун, цээрлэлийн тэр өдөр та нар итгэх үү—болгоогтун, Их Эзэн ирэх тэр агуу өдөр, тийм ээ, бүр газар дэлхий хуйлмал бичиг мэт хуйлагдаж, мөн бодисууд гал халуунд хайлах тэр агуу өдөр, тийм ээ, та нар Бурханы Хурганы өмнө зогсохоор авчрагдахад—тэгэхэд та нар Бурхан гэж үгүй хэмээн хэлэх үү?

3 Тэгэхэд та нар цаашид Христийг үгүйсгэх үү, эсвээс Бурханы Хургыг та нар болгоож чадах уу? Гэмийнхээ ухамсартайгаар та нар түүнтэй цуг орших болно хэмээн та нар бодно уу? Түүний хуулиудыг үргэлж зөрчдөг байсан тэрхүү гэмийн ухамсраар та нарын сүнс тарчилж байхад, тэрхүү ариун Нэгэнтэй хамт оршихдоо аз жаргалтай байж чадна гэж та нар бодно уу?

4 Болгоогтун, би та нарт хэлнэ, та нарын хувьд ариун бөгөөд шударга Бурхантай хамт, түүний өмнө бохир бузрынхаа ухамсартайгаар орших нь, та нар тамд яллагдсан сүнснүүдтэй оршсоноос илүү гаслантай байх болно.

5 Учир нь болгоогтун, та нар Бурханы, түүнчлэн Бурханы сүр жавхлан, мөн Есүс Христийн ариун байдлын өмнө өөрсдийн нүцгэн байдлыг үзэхэд хүргэгдэх үед, энэ нь та нарын дээр унтаршгүй галын дөл асаах болно.

6 Ай тэгвэл үл итгэдэг та нар, та нар Их Эзэнд хандагтун; та нар Хурганы цусаар цэвэрлэгдэн, тэр агуу бөгөөд эцсийн өдөр толбогүй, цэвэр ариун, үзэсгэлэнтэй, мөн цагаанаар олдож болох нь магадын учир, Есүсийн нэрээр Эцэгт хандан хүчтэйгээр залбиран гуйгтун.

7 Мөн Бурханы илчлэлүүдийг үгүйсгэдэг, мөн тэдгээр нь байхаа больсон, илчлэл, бошиглолууд, бэлгүүд, мөн эдгээх хүч, хэлээр ярих, мөн хэлийг хөрвүүлэх нь үгүй болсон хэмээн хэлдэг та нарт би түүнчлэн ярина;

8 Болгоогтун би та нарт хэлнэ, эдгээр зүйлийг үгүйсгэдэг тэр нь Христийн сайн мэдээг мэддэггүй; тийм ээ, тэрээр судруудыг уншсан нь үгүй; хэрэв уншсан аваас, тэрээр тэдгээрийг ойлгодог нь үгүй.

9 Учир нь Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил, мөн түүнд хувиралт мөн өөрчлөлтийн сүүдэр ч үгүйг бид уншдаг бус уу?

10 Мөн эдүгээ, хэрэв та нар хувирдаг мөн өөрчлөлтийн сүүдэртэй тийм бурхныг өөрсдөдөө төсөөлсөн аваас, тэгвэл та нар өөрсдөдөө гайхамшгийн Бурхан биш болох тийм бурхныг төсөөлжээ.

11 Гэвч болгоогтун, би та нарт гайхамшгийн Бурханыг, бүр Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханыг үзүүлэх болно; мөн энэ нь тэнгэр ба дэлхийг, мөн тэдгээрт байх бүх зүйлийг бүтээсэн тэрхүү Бурхан болой.

12 Болгоогтун, тэрбээр Адамыг бүтээсэн, мөн Адамаар хүмүүний уналт ирсэн бөлгөө. Мөн хүмүүний уналтын улмаас Есүс Христ, бүр Эцэг мөн Хүү ирсэн билээ; мөн Есүс Христийн улмаас хүмүүний гэтэлгэл ирсэн юм.

13 Мөн Есүс Христээр ирсэн хүмүүний гэтэлгэлийн улмаас, тэд Их Эзэний оршихуйд буцаан авчрагдана; тийм ээ, бүхий л хүмүүн гэтэлгэгдэх нь үүгээр ирэх болно, учир нь Христийн үхэл амилуулалтыг улируулан тохиолгодог буюу, бүрээ дуугарахад Бурханы хүчээр бүх хүн сэрээгдэх тэрхүү нойр болох нэгэн эцэсгүй нойрноос гэтэлгэлийг улируулан тохиолгодог тэр амилуулалтыг болой; мөн тэд, бага мөн агуу аль аль нь гарч ирж, мөн биеийн үхэл болох тэрхүү үхлийн мөнхийн хүлээснээс гэтэлгэгдэн мөн чөлөөлөгдөн, бүгдээрээ түүний индрийн өмнө зогсох болно.

14 Мөн тэгэхэд тэдний дээр Ариун Нэгэний шүүлт ирэх болно; мөн тэгээд бузар тэр нь бузраараа үлдэж; мөн зөв шударга тэр нь зөв шударгаараа байж, баяр хөөртэй тэр нь баяр хөөртэй хэвээр байж; мөн баяр хөөргүй тэр нь баяр хөөргүй хэвээр байх тэр цаг ирнэ.

15 Мөн эдүгээ, ай гайхамшгийг бүтээж эс чадах нэгэн бурхныг өөрсдөдөө төсөөлсөн та нар бүгд, би та нараас асууя, миний ярьсан эдгээр зүйл бүгд тохиосон уу? Төгсгөл ирчихсэн гэж үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; мөн Бурхан гайхамшгийн Бурхан байхаа болиогүй байна.

16 Болгоогтун, Бурханы үйлдсэн зүйлс бидний нүдэнд гайхамшигтай бус гэж үү? Тийм ээ, мөн Бурханы гайхамшигт ажлуудыг хэн ухаарч чадах билээ?

17 Түүний үгээр тэнгэр болон дэлхий бий болгогдсон нь; мөн түүний үгийн хүчээр дэлхийн тоосноос хүмүүн бүтээгдсэн нь; мөн түүний үгийн хүчээр гайхамшгууд үйлдэгдсэн нь гайхамшиг биш гэж хэн хэлэх билээ?

18 Мөн Есүс Христ олон хүчит гайхамшгийг үйлдээгүй хэмээн хэн хэлэх билээ? Мөн төлөөлөгчдийн гараар олон хүчит гайхамшиг үйлдэгдсэн бөлгөө.

19 Мөн хэрэв тэр үед гайхамшгууд үйлдэгдсэн аваас, яагаад Бурхан гайхамшгийн Бурхан байхаа больсон хэдий ч өөрчлөгдөшгүй Нэгэн хэвээр байх билээ? Мөн болгоогтун, би та нарт хэлнэ, тэр өөрчлөгддөггүй; хэрэв тэгдэг аваас тэрбээр Бурхан байхаа болино; мөн тэрбээр Бурхан байхаа болих нь үгүй; мөн тэр бол гайхамшгийн Бурхан болой.

20 Мөн тэрбээр хүмүүсийн үрсийн дунд гайхамшгуудыг үйлдэхээ больдгийн шалтгаан нь тэд итгэлээ алдан доройтож, зөв замаас холдон, мөн тэд найдвал зохих тэр Бурханыг мэддэггүйн учир буюу.

21 Болгоогтун, би та нарт хэлнэ, ямар ч эргэлзээгүйгээр Христэд итгэдэг хэн боловч, тэрбээр Эцэгээс Христийн нэрээр юуг ч гуйсан тэр нь түүнд өгөгдөх болно; мөн энэ амлалт нь бүгдэд, бүр дэлхийн хязгааруудад ч өгөгдсөн буюу.

22 Учир нь болгоогтун, Есүс Христ, Бурханы Хүү, үлдэх байсан өөрийн шавь нарт, тийм ээ, мөн түүнчлэн өөрийн бүх шавь нарт, цугларсан олонд сонсогдохоор ийн хэлжээ: Та нар бүх дэлхийгээр явагтун, мөн бүтээл бүрд сайн мэдээг номлогтун;

23 Мөн итгэдэг мөн баптисм хүртсэн тэр нь аврагдах болно, харин итгэдэггүй тэр нь яллагдах болно.

24 Мөн эдгээр тэмдэг итгэдэг тэднийг дагах болно—тэд миний нэрээр чөтгөрүүдийг зайлуулна; тэд шинэ хэлээр ярих болно; тэд могойнуудыг барьж авах болно; мөн тэд үхлийн аюулт юуг ч уусан тэр нь тэднийг гэмтээхгүй; тэд гараа өвчтөнүүд дээр тавихад мөн тэд нь эдгэнэ;

25 Мөн ямар ч эргэлзээгүйгээр миний нэрэнд итгэх хэнд боловч, түүнд, бүр дэлхийн хязгааруудад хүртэл би өөрийн бүх үгийг нотлох болно.

26 Мөн эдүгээ, болгоогтун, Их Эзэний ажлуудын эсрэг хэн зогсож чадах билээ? Түүний хэлсэн үгсийг хэн үгүйсгэж чадах билээ? Их Эзэний бүхнийг чадагч хүчийн эсрэг хэн босох билээ? Их Эзэний ажлуудыг хэн ад үзэх билээ? Христийн хүүхдүүдийг хэн ад үзэх билээ? Болгоогтун, Их Эзэний ажлыг ад үзэгч та нар бүгд, учир нь та нар гайхширч мөн мөхөх болно.

27 Ай тэгвэл бүү ад үз, мөн бүү гайхшир, харин Их Эзэний үгсийг анхааран сонс, мөн өөрт хэрэгцээтэй ямар ч зүйлийн төлөө Эцэгээс, Есүсийн нэрээр гуй. Бүү эргэлз, харин итгэлтэй бай, мөн эрт цагийнхны адилаар эхэл, мөн бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд ирэгтүн, мөн өөрийн авралыг түүний өмнө айж мөн дагжин биелүүлэгтүн.

28 Сорилтынхоо өдрүүдэд ухаалаг бай; өөрсдөөсөө бүх цэвэр бусыг хуу татан зайлуул; шунал хүслээрээ үүнийг даруй үрэн дуусгаж болохын тулд бүү гуй, харин та нар ямар ч уруу таталтад бууж өгөлгүй, харин та нар үнэн бөгөөд амьд Бурханд үйлчилнэ гэсэн гуйвшгүй шийдмэг байдалтайгаар гуй.

29 Зохисгүйгээр баптисм хүртэхгүй байхаа мэд; зохисгүйгээр Христийн ариун ёслолоос хүртэхгүй байхаа мэд; харин бүх зүйлийг зохистойгоор хийхээ, мөн амьд Бурханы Хүү, Есүс Христийн нэрээр хийхээ мэд; мөн хэрэв та нар үүнийг хийж, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, та нар яавч зайлуулагдахгүй болой.

30 Болгоогтун, би нас барагсдаас ярьж буй мэтээр би та нарт ярьж байна; учир нь та нар миний үгсийг авна гэдгийг би мэднэ.

31 Миний төгс бусын улмаас намайг, бас эцгийн минь төгс бусын улмаас түүнийг ч, бас түүнээс урьд бичсэн тэднийг ч бүү шүүмжил; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа илэрхийл.

32 Мөн эдүгээ, болгоогтун, бид энэ цэдгийг өөрсдийн мэдлэгийн дагуу, бидний дунд шинэчлэгдсэн Египет хэмээн нэрлэгддэг тэмдэгт үсгүүдээр бичсэн болой, энэ нь доош дамжигдан, мөн бидний ярианы маягийн дагуу биднээр өөрчлөгдсөн буюу.

33 Мөн хэрэв бидний ялтаснууд хангалттай том байсан аваас бид еврей хэл дээр бичих байсан; гэвч еврей хэл биднээр түүнчлэн өөрчлөгдсөн бөлгөө; мөн хэрэв бид еврей хэл дээр бичиж чадсан бол, болгоогтун, бидний цэдэгт та нар төгс бус юуг ч эс олох байсан.

34 Гэвч Их Эзэн бидний бичсэн зүйлсийг мэддэг, мөн түүнчлэн өөр ямар ч хүмүүс бидний хэлийг мэддэггүй гэдгийг мэднэ; мөн бидний хэлийг өөр ямар ч хүмүүс мэддэггүй учир, тиймийн тул тэрбээр үүнийг хөрвүүлэхийн тулд хэрэгслийг бэлтгэсэн болой.

35 Мөн итгэлээ алдан доройтсон ах дүүсийнхээ цусыг бид өмсгөлөөсөө арилгаж болохын тулд эдгээр зүйл бичигдсэн бөлгөө.

36 Мөн болгоогтун, ах дүүсийнхээ талаар бидний хүссэн эдгээр зүйл нь, тийм ээ, бүр Христийн талаарх мэдлэгт тэд сэргээгдэх нь, уг нутагт оршин сууж асан бүх гэгээнтний залбирлуудын дагуу байх болой.

37 Мөн тэдний итгэлийн дагуу залбирлууд нь хариулагдаж болохыг Их Эзэн Есүс Христ соёрхох болтугай; мөн Бурхан Эцэг Израилын угсаатай хийсэн гэрээгээ санах болтугай; мөн тэрбээр тэднийг, Есүс Христийн нэрэнд итгэх итгэлээр нь дамжуулан үүрд адислах болтугай. Амен.