Ерөнхий чуулган
Хатуужил нь төгс үйл байг мөн үүнийг бүрэн баяр хөөр гэж үз
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хатуужил нь төгс үйл байг мөн бүгдийг баяр хөөрт тооц

Биднийг тэсвэр хатуужилтай байх үед итгэл өсөн нэмэгддэг. Бидний итгэл өсөн нэмэгдэхийн хэрээр баяр баясгалан маань ч өсөн нэмэгддэг.

Хоёр жилийн өмнө отгон дүү Чаад маань хөшигний нөгөө тал руу одсон юм. Энэ нь бэр дүү Стэфанийн маань болон бяцхан хүүхдүүд нь болох Брэйдэн, Бэлла хоёрын мөн гэр бүлийн бусад хүний зүрх сэтгэлд том орон зай үлдээж билээ. Чаадыг нас барахын өмнөх долоо хоногт бид ерөнхий чуулган дээр ахлагч Нийл.Л.Андэрсэны “Дэлхийн саад бэрхшээл хуйларсан үед тэвчээртэй урагш тэмүүл. Мөн Аврагчийн эдгээгч хүч танд гэрэл, ойлголт, амар амгалан, найдвар авчирна” хэмээн хэлсэн үгсээс тайтгарал олж авсан (“Шархадсан тэд,2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

Зураг
Чаад ба түүний гэр бүл

Бид Есүс Христэд итгэдэг бөгөөд Чаадтай дахин нэгдэх болно гэдгээ мэдэж байгаа ч түүнийг бидний хажууд байхгүй гэж бодоход бидэнд их хэцүү байв. Олон хүн хайртай хүмүүсээ алдсан. Тэдэнтэйгээ дахин нэгдэх цагийг хүлээх хэцүү.

Түүнийг нас барснаас хойш жилийн дараа хар үүлc биднийг бүрхсэн мэт санагдаж байлаа. Бид судраас суралцан, эрч хүчтэй залбирч, ариун сүмд ойр ойрхон орох замаар тайтгарал эрэлхийлсэн юм. “Үүр цайж, өвч дэлхийнхэн гүн нойрноосоо сэрэн, Үүлэрхэг бүрхэг харанхуй тэнгэр гийв” гэх дууллын мөрүүд тэр үед бидэнд төрсөн мэдрэмжийг илэрхийлдэг (“The Day Dawn is Breaking,“ Hymns, д 52).

Манай гэр бүлийнхэн 2020 оныг шинэлэг болгохоор шийдсэн юм. Биднийг 2019 оны 11-р сарын сүүлээр Ирээд, Намайг дага гарын авлагын хичээлээр Шинэ Гэрээний Иаковын номыг судалж байхад энэ сэдэв урган гарч ирсэн юм. Иаковын номын 1, 2 дугаар шүлэгт “Ах дүүc минь, та нар олон гай зовлонд унасан үедээ ч үүнийг бүгдийг нь баяр хөөрт тооц” хэмээн бичсэн байдаг (Joseph Smith Translation, James 1:2 [in James 1:2, footnote a]). Шинэ он, шинэ арван жилийг баяр баясгалантай эхлүүлэх гэсэн хүслээр бид 2020 оныг “бүрэн баяр хөөр гэж үзэхээр” шийдсэн. Бид энэ тал дээр шийдвэр төгс байсан тул өнгөрсөн Христийн мэндэлсний баяраар ах дүү нартаа “Бүгдийг нь баяр хөөрт тооц” гэж тодоор бичсэн цамцнуудыг бэлэглэж билээ. 2020 он үнэхээр л баяр жаргал, хөөр баяраар дүүрэн жил болно гэдэгт эргэлзэхгүй байв.

Гэтэл 2020 он дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахал, иргэний эмх замбараагүй байдал, байгалийн гамшгийн илүү олон тохиолдол, эдийн засгийн сорилт бэрхшээлийг авчирлаа. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд тэвчээрийн талаарх өөрсдийн ойлголтыг болон баяр баясгаланг өөрсдийн ухамсраар сонгох шийдвэрээ эргэн харж, эргэцүүлэн бодох цаг хугацаа олгосон байж болох юм.

Иаковын ном нь тэр үеэс хойш бидний хувьд өөр утга учиртай болсон. Иаковын 1-р бүлгийн 3, 4-р шүлэгт цааш нь

“Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ.

Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна” гэж заадаг.

Бид сорилт бэрхшээл дунд баяр баясгаланг олохыг хичээхдээ тэвчээр, хатуужилтай байх нь тэдгээр сорилтыг өөрсдийн сайн сайхны төлөө ажиллуулах гол түлхүүр юм гэдгийг мартчихсан байв.

Хаан Бенжамин эгэл хүнийг хойш тавьж, “Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, … бүх зүйлийг хүлцэхэд бэлэн” байхыг заасан (Мозая 3:19).

Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэгт бидний үлгэрлэж болох Христийн чухал зан чанаруудыг “Тэвчээр нь саад, зовлон, эсэргүүцэл эсвэл шаналлыг уурлаж, гутрахгүй эсвэл айдас түгшүүргүйгээр даван туулах чадвар юм. Энэ нь Бурханы хүсэл зоригийн дагуу үйлдэж мөн Түүний цаг хугацааг хүлээн зөвшөөрөх чадвар юм. Тэвчээртэй байснаар та зовлон зүдүүрт тэсвэртэй байж, өрсөлдөгчтэй тайвнаар мөн найдвартайгаар тулгарах боломжтой байна” хэмээн заадаг (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж, дах. хэв. [2019], 136).

Тэвчээр хатуужлын төгс үйлийг Христийн анхны шавь нарын нэг болох канаан хүн Симоны амьдрал мөн харуулдаг. Зеалотууд нь Ромын засаглалыг эрс эсэргүүцдэг еврей үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэл байв. Зеалотуудын хөдөлгөөн нь ромчууд, тэдний еврей хамтран зүтгэгчдийн мөн садукайчуудын эсрэг хүчирхийллийг сурталчилдаг байсан ба өөрсдийн зорилгод хүрэхийн тулд хоол хүнс олохоор мөн өөр бусад зорилгоор дайралт довтолгоо хийдэг байжээ (Encyclopedia Britannica, “Zealot,” britannica.com/topic/Zealot-ийг үзнэ үү). Канаан хүн Симон нь зеалот хүн байв (Лук 6:15-ыг үзнэ үү). Симон Аврагчийг зэвсэг барин, зэвсэгт бүлэглэлийг удирдаж, Иерусалимд эмх замбараагүй байдал үүсгэхэд өдөөн хатгахыг оролдож байна гээд төсөөл дөө. Есүс:

“Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.

Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно.

Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” (Матай 5:5, 7, 9).

Симон өөрийн үзэл санаанд тууштай зогсож, урам зоригтой хамгаалдаг байсан байж болох ч Аврагчийн нөлөөлөл, үлгэр жишээний ачаар үзэл санаа нь өөрчлөгдсөнийг судрууд харуулдаг. Христийн шавь байх нь түүний амьдралын хүчин чармайлтын гол төв нь болсон юм.

Биднийг Бурхантай гэрээнд орж, гэрээгээ сахихад Аврагч бидэнд “дахин төр[ж]; … тийм ээ, Бурханаар төрж, эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид бол[оход]” тусалж чадна (Мозая 27:25).

Өнөө үеийн нийгэм, шашин, улс төрийн бүхий л хүчин зүтгэл дундаас Есүс Христийн шавь байх нь бидний хамгийн чухал, нэр хүндтэй хүчин зүтгэл юм. “Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно” (Матай 6:21). Мөн бүгдээрээ “Бурханы хүслийг биелүүл[сний]” дараа ч итгэлтэй шавь нарт “тэвчээр хэрэгтэй [байсан]” гэдгийг мартахгүй байцгаая (Еврей 10:36).

Бидний итгэлийн шалгуур тэсвэр хатуужилд хүргэдэгтэй адил тэсвэр хатуужилтай байх үед бидний итгэл өсөн нэмэгддэг. Бидний итгэл өсөн нэмэгдэхийн хэрээр баяр баясгалан маань ч өсөн нэмэгддэг.

Өнгөрсөн 3-р сард манай хоёр дахь охин Эмма Сүмийн бусад номлогчийн нэгэн адил зайлшгүй тусгаарлагдах хэрэгтэй болсон. Олон номлогч гэртээ эргэн ирж, олон номлогч дахин хуваарилагдахыг хүлээх хэрэг гарсан. Олон нь номлолын талбар луу явахынхаа өмнө ариун сүмийн адислалаа хүлээн авч чадаагүй. Ахлагч, эгч нар аа, та нартаа баярлалаа. Бид та нарт хайртай.

Эммад болон Нидерланд дахь түүний хамтрагчид эхний хэдэн долоо хоног маш хүнд байсан ба олон удаа нулимс унагажээ. Биечлэн уулзах боломж цөөн, гадуур гарах боломж хязгаарлагдмал байсан нь Эммагийн Бурханд найдах найдварыг нэмжээ. Бид онлайнаар түүнтэй хамт залбирч, хэрхэн туслахаа асуудаг байлаа. Тэр биднээс онлайнаар зааж байгаа найзуудтай нь холбогдохыг хүссэн юм.

Манай гэр бүл Нидерланд дахь Эммагийн найзуудтай онлайнаар нэг нэгээр нь холбогдож эхлэв. Бид тэднийг гэр бүлийнхээ Ирээд, Намайг дага гарын авлагаас суралцах долоо хоног бүрийн онлайн сургалтад нэгдэхийг урьсан. Флор, Лаура, Рэнскэ, Фрийк, Бэнжамин, Сталь, Мухаммад нар бүгдээрээ бидний найзууд болсон. Нидерланд дахь найзуудын маань зарим нь “давчуу хаалгаар” орсон юм (3 Нифай 14:13). Харин заримд нь “тэдний орох ёстой замын давчууг, мөн хаалганы нарийныг” үзүүлж байгаа (2 Нифай 31:9). Тэд бол Христ доторх бидний ах, эгч, дүүс юм. Бид долоо хоног бүр гэрээний зам дээрээ өсөж хөгжихөөр хамтдаа ажиллахдаа “үүнийг бүрэн баяр хөөр гэж үздэг”.

Бид тойргийн гэр бүлүүдтэйгээ хэсэг хугацаанд биечлэн уулзах боломжгүй байхдаа “Хатуужил нь төгс үйл байг” хэмээх үгийг дагасан (Иаков 1:4). Бид нэг нэгэнтэйгээ харилцах шинэ технологиор болон Мормоны Номын хүчээр дамжуулан гэр бүлийнхээ итгэл өсөж байгааг баяр хөөр гэж үздэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та нар тийм ч сайн амжилт гаргахгүй байна даа гэж бодогдох цаг мөчдөө ч гэсэн энэ үйл хэрэгт тууштай хичээл зүтгэл гаргах юм бол энэ нь таны, танай гэр бүлийн амьдралыг мөн дэлхийг өөрчлөх болно” хэмээн амласан (“Итгэлээр үргэлжлүүл,” 2020 оын 4-р сарын Ерөнхий чуулган, 114).

Бурхантай ариун нандин гэрээ байгуулдаг газар болох ариун сүм түр хугацаагаар хаагдсан ч Бурхантай хийсэн гэрээгээ сахидаг газар болох гэр орон маань нээлттэй байна! Бидэнд гэр орондоо ариун сүмийн гэрээ ямар онцгой сайхан болохыг суралцаж, тунгаан бодох боломж бий. Хэдийгээр тэрхүү ариун газарт орох боломжгүй байгаа ч “юүлэгдэх адислалуудын улмаас [бидний] зүрх сэтгэл … агуу ихээр баясах болно” (Сургаал ба Гэрээ 110:9).

Олон хүн ажлын байраа алдаж, зарим нь боломж бололцоогоо алдсан. Гэсэн ч “гишүүдийн маань сайн дурын мацгийн өргөлүүд мөн хүмүүнлэгийн санд сайн дураараа хандивласан хандивын хэмжээ нэмэгдсэн. … Энэхүү хүнд хэцүү цаг үеийг бид хамтдаа даван туулах болно. Та бусдыг үргэлжлүүлэн адислахын хэрээр Их Эзэн таныг адислах болно” хэмээн ерөнхийлөгч Нэлсоны саяхан хэлснээр бид үүнд түүнтэй хамт баярлаж байна (Russell M. Nelson’s Facebook page, post from Aug. 16, 2020, facebook.com/russell.m.nelson).

“Зоригтой бай” гэдэг нь айх хэрэггүй гэсэн үг биш харин Их Эзэний зарлиг юм (Матай 14:27).

Заримдаа бид “бүх зүйлийг зөв хийж байна” гэж бодон, хүссэн адислалаа авахгүй байвал тэвчээр алдаж эхэлдэг. Енох өөрийн хүмүүстэй хамт дээш аваачигдахын өмнө Бурхантай хамт 365 жил алхсан. Гурван зуун жаран таван жилийн туршид бүх зүйлийг зөв хийхийг хичээсний эцэст энэ үйл явдал болсон юм! (Сургаал ба Гэрээ 107:49-ийг үзнэ үү.)

Биднийг Юта Огден номлолыг тэргүүлэн удирдах дуудлагаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хэдхэн сарын дараа миний дүү Чаад нас барсан юм. Биднийг өмнөд Калифорнид амьдарч байхад томилогдож болох 417 номлолын дундаас Ютагийн хойд хэсэгт 2015 онд дуудсан нь гайхамшиг байсан. Номлолын гэр маань Чаадын гэрээс 30 минутын зайтай байдаг байв. Биднийг номлолынхоо дуудлагыг хүлээн авсны дараахан Чаад хорт хавдартай болох нь тогтоогдсон. Хамгийн хүнд нөхцөл байдалд ч гэсэн Тэнгэрлэг Эцэг биднийг бодож, баяр баясгаланг олж авахад тусалж байсныг бид мэдэж байсан.

Би Аврагч Есүс Христийн гэтэлгэгч, ариусгагч, даруусгагч, баяр баясгалан өгөгч хүчийг гэрчилж байна. Биднийг Тэнгэрлэг Эцэгтээ хандан, Есүс Христийн нэрээр залбирах үед Түүнийг хариулна гэдгийг би гэрчилж байна. Бид Их Эзэний болон Түүний амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дуу хоолойг анхаарч, чих тавин сонсвол “хатуужил нь төгс үйл байж” мөн “үүнийг бүрэн баяр хөөр гэж үзэж” чадна гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.