Судрууд
Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаа


“Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаа,” Судар судлах санаа (2021)

“Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаа,” Судар судлах санаа

Зураг
судар судалж буй эмэгтэй

Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаа

Судрууд дахь Бурханы үгсийг илүү үр дүнтэй судлах зарим энгийн арга байдаг. Үүнд:

Сүнслэг удирдамж авахаар залбирах

Судрууд Бурханы үгсийг агуулдаг. Та судруудыг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж болон тэдгээрийг ойлгоход туслах Түүний Сүнсийг хүлээн авахыг гуйгаарай.

Есүс Христийн тухай үнэнийг эрж хайх

Судрууд бидэнд бүх зүйл Христийг гэрчилдэг гэдгийг заадаг (2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг үзнэ үү) учраас судрууд дахь үйл явдал, түүх, сургаалуудаас Түүнийг эрж хай. Аврагчийн тухай болон Түүнийг хэрхэн дагах тухай заадаг шүлгүүдийг онцолж эсвэл тэмдэглэж болно.

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг эрж хайх

Танд онцгойлон зориулан бичсэн мэт нөлөөлж байгаа тодорхой үг, хэллэгүүдийг судруудаас олж болно. Тэдгээр нь хувь хүний хувьд танд хамаатай, сүнслэг нөлөө, урам зориг төрүүлэхүйц санагдаж магадгүй. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.

Сайн мэдээний үнэнийг эрж хайх

Заримдаа сайн мэдээний үнэнүүдийг (ихэнхдээ сургаал эсвэл зарчмууд гэгддэг) шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан тайлбарладаг. “Эдгээр шүлэгт ямар сайн мэдээний үнэнүүдийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.

Сүнсийг сонсох

Уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл. Тэдгээр мэдрэмж нь Тэнгэрлэг Эцэгийн таныг сурч, мэдрээсэй хэмээн хүссэн зүйл ч байж магадгүй.

Зураг
судар судалж буй эмэгтэй

Судруудыг өөрийн амьдралтай адилтгах

Та уншиж буй түүх, сургаалаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл, та өөрөөсөө “Надад уншиж буй зүйлтэй маань адил юу тохиолдсон билээ?” эсвэл “Судар дээрх энэ хүний үлгэр жишээг би хэрхэн дагаж чадах вэ?” гэж асууж болно.

Асуулт тавих

Сайн мэдээний талаар асуух нь юу судлахаа шийдэхэд тань тусална. Таныг судруудаас судалж байхад оюун бодолд тань асуултууд орж ирж болно. Эдгээр асуулт таны уншиж байгаа зүйлтэй эсвэл ерөнхийдөө таны амьдралтай холбоотой байж болох юм. Та үргэлжлүүлэн судраас суралцаж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь эрж хай. Судраас суралцсаныхаа дараа, Бурхан танаас өөр юу сурахыг хүсэж байгааг асууж, ирэх цаг, өдрүүдэд хариултыг нь ажиглаарай.

Судар судлах тусламжийг ашиглах

Уншиж буй шүлгүүдийнхээ талаар нэмэлт ойлголт олж авахын тулд зүүлт тайлбар, Topical Guide, Bible Dictionary, Судруудын удирдамж, (scriptures.ChurchofJesusChrist.org) болон бусад суралцахад туслах материалыг ашигла.

Судрын түүхэн нөхцөл байдлыг бодож үзэх

Та тухайн судрын түүхэн нөхцөл байдал буюу орчинг бодож үзэх юм бол уг судрын талаар гүн гүнзгий ойлголт олж авах боломжтой. Жишээлбэл, бошиглогчийн хандан ярьсан хүмүүсийн нөхцөл байдал, итгэл үнэмшлийн талаар мэдэх нь түүний үгийн зорилгыг ойлгоход танд тусална.

Зураг
судар уншиж буй эрэгтэй

Төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэх

Суралцаж байхад төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж авах олон арга зам бий. Жишээлбэл, та утга учир бүхий үг, хэллэгийг тэмдэглэж, төрсөн сэтгэгдлээ судар дээрээ бичиж болно. Мөн та хүлээж авсан ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бичиж болно. Эсвэл та суралцахаасаа өмнө асуусан асуултаа, хүлээж авсан хариултын хамт бичиж тэмдэглэж болно.

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судлах

Таны судраас олдог зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу гэж заасныг унш. Тэдний захиасыг “Ерөнхий чуулган,” “Сэтгүүлүүд” болон Сайн мэдээний номын сан дээрх бусад цуглуулгаас олж болно.

Түүхүүдийг унших

Судрын түүхүүдийг уншихдаа, агуулгыг нь (цаг хугацаа, газар, ярьж мөн сонсож буй хүн) ойлгохыг хичээж унш. Зурагтай судрын түүхүүд нь ялангуяа хүүхдүүдэд болон судрыг төдийлөн мэддэггүй гишүүдэд маш сайн эх сурвалж болдог.

Ойлгосон зүйлээ хуваалцах

Хувиараа судалж мэдсэн зүйлсийнхээ талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ талаар илүү сайн ойлгож авахад тусалдаг.

Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрах

Судар судлах нь бидэнд сүнслэгээр нөлөөлж, амьдрах арга замаа өөрчлөхөд хөтөлдөг. Уншиж байхад тань Сүнс юу хийхэд өдөөж байгааг сонс, дараа нь эдгээр өдөөлтийн дагуу үйлдэх амлалт өг.