2010–2019
Сүнсээр өдөөгдсөн тохинуулал
2018 оны 4-р сар


Сүнсээр өдөөгдсөн тохинуулал

Бид бусдад үйлчлэхэд анхаарлаа төвлөрүүлсэн үедээ Ариун Сүнсийг хамгийн сайнаар хүлээж авдаг. Ийм учраас л бидэнд Аврагчийн төлөө үйлчлэх санваарын үүрэг байдаг.

Хайрт ах нар аа, энэхүү түүхэн Ерөнхий чуулганаар та бүхэнд хандан үг хэлэх боломжтой болсондоо би баяртай байна. Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгчөөр дэмжин баталлаа. Би түүнтэй өдөр бүр хамт ажиллахаар адислагдсаны хувьд, ерөнхийлөгч Нэлсонийг Их Эзэний үнэн Сүмийг удирдахаар Бурханаар дуудагдсан гэсэн Сүнсний баталгааг мэдэрсэн билээ.

Мөн би Их Эзэн ахлагч Гэррит В.Гонг, ахлагч Улиссэс Соарэс нарыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дуудсан гэдгийг гэрчилж байна. Би тэднийг хайрлаж, дэмжин баталдаг. Тэд тохинууллаараа дамжуулан дэлхий даяарх хүмүүсийн амьдралыг үеэс үед нь адислах болно.

Мөн өөр нэгэн шалтгаан энэ чуулганыг түүхэн болгож байна. Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэний Өөрийн Сүмд зориулан зохион байгуулсан төлөвлөгөөнд гарсан сүнсээр өдөөгдсөн нэгэн ахиц дэвшлийг зарлалаа. Энэ төлөвлөгөө нь тойрог, гадсан дахь санваарын чуулгын шинэ бүтцийг багтааж байгаа бөгөөд ингэснээр бид санваарын үүргээ илүү сайн биелүүлэх боломжтой болно. Эдгээр үүрэг нь Эцэгийнхээ хүүхдүүдийг халамжлах санваарын халамжтай холбоотой юм.

Их Эзэний гэгээнтнүүддээ зориулсан хайраар халамжлах төлөвлөгөө жилээс жилд олон янзын арга замаар хэрэгжсээр ирсэн. Науву дахь эхний жилүүдэд бошиглогч Иосеф Смит хотод ирж буй олон тооны ядуу тарчиг гэгээнтнийг халамжлах арга замыг зохион байгуулах шаардлагатай болсон. Айринг, Бэннион, Ромний, Смит зэрэг дөрвөн элэнц эцэг, эх маань тэдний дунд байсан юм. Бошиглогч тухайн гэгээнтнүүдийг халамжлахдаа газар зүйн бүсээр нь ангилан зохион байгуулж байлаа. Иллинойн хувьд хот доторх эдгээр ангиллыг “тойрог” гэж нэрлэдэг байв.

Гэгээнтнүүд тал хээрээр нүүдэллэх үедээ “бүлгүүдэд” хуваарилагдан зохион байгуулагдаж, бие биенээ халамжилдаг байжээ. Эцгийн талын нэгэн элэнц эцэг маань Оклахома дахь номлолоосоо буцах замдаа нэгэн ийм бүлэгтэй таарсан юм. Тэр маш хүндээр өвдсөн байсан бөгөөд хамтрагчтайгаа жижиг битүү тэргэн дотор хэвтэн явж байжээ.

Бүлгийн удирдагч тэр битүү тэргэнд явсан байж болох хүмүүст туслуулахаар хоёр залуу эмэгтэйг явуулсан байв. Тэдний нэг нь Швейцарьт хөрвөгдсөн залуу эгч байсан бөгөөд тэр тэнд байсан номлогчдын нэгийг өрөвдөн хайрлаж, асарч сувилжээ. Тэр номлогч гэгээнтнүүдийн уг бүлгийн ачаар амь аврагдсан юм. Түүний бие дээрдэж, алхаж явж чадахаар болоход, Солт Лэйк хөндий хүртэлх үлдсэн замыг залуу аврагчтайгаа хамт туулсан гэдэг. Тэд бие биедээ дурлаж, гэрлэсэн юм. Тэр залуу миний элэнц эцэг Хэнри Айринг, тэр эмэгтэй миний элэнц эх Мариа Боммэли Айринг байсан билээ.

Олон жилийн дараа хүмүүс тивийн нэг захаас нөгөө зах руу хийсэн уг аяллын хүнд бэрхийг дурсан ярихад элэнц эх маань “Үгүй ээ. Хэцүү байгаагүй. Бид алхаж явахдаа Есүс Христийн сайн мэдээг олсон маань ямар гайхамшигтай зүйл болох талаар замын туршид ярилцаж явсан. Энэ бол миний дурсан санадаг хамгийн аз жаргалтай мөч юм” гэж хэлж билээ.

Түүнээс хойш Их Эзэн гэгээнтнүүддээ нэг нэгнээ халамжлахад нь туслахын тулд өөр олон арга замыг ашигласан. Одоо Тэрээр биднийг тойрог, гадасны хүчирхэг, нэгдмэл чуулгуудаар буюу тойргийн бүхий л байгууллагатай хамтран ажилладаг чуулгуудаар адисаллаа.

Газар зүйн хил хязгаараар зааглагдсан тойрог, бүлэг, хүчирхэг чуулгуудын хувьд Их Эзэний гэгээнтнүүдээсээ хүссэнчлэн бие биенээ Түүний арга замаар халамжлах ажлыг амжилттай биелүүлэхэд доод тал нь хоёр зүйл шаардлагатай. Гэгээнтнүүд өөрсдийн хувийн ашиг сонирхлыг бодохоос илүүтэй, нэг нэгнээ гэсэн Христийн хайрыг мэдрэх үед амжилтад хүрдэг. Судрууд үүнийг “энэрэл … Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) гэж нэрлэдэг. Мөн Ариун Сүнс уг халамжилж байгаа хүнийг удирдан чиглүүлж, тусламж хэрэгтэй байгаа хүнд ямар тусламж үзүүлбэл хамгийн сайн болох талаарх Их Эзэний мэдэж байгаа зүйлийг мэдэж авахад нь туслах үед тэд амжилт гаргадаг.

Өнгөрсөн долоо хоногуудад Сүмийн гишүүд Их Эзэний юу хийх гэж байгааг урьдаас тааварласан мэт үйлдлийг хэд хэдэн удаа хийхийг би харсан. Би та нарт хоёр жишээ ярьж өгье. Эхнийх нь, санваартнууд Их Эзэнд үйлчлэхдээ юу хийж чадахыг ойлгодог 14 настай Аароны санваартан багшийн ариун ёслол дээр хэлсэн үг. Хоёр дахь нь, нэгэн гэр бүлд Христийн хайраар үйлчлэх сүнслэг өдөөлт хүлээн авсан Мелкизедек санваартан юм.

Эхлээд би та бүхэнд уг залуу эрэгтэйн миний оролцсон нэгэн тойргийн ариун ёслол дээр хэлсэн үгээс хуваалцъя. Би тэнд байсан. Та нар 14 настай байхдаа ямар байснаа санахыг хичээгээд, түүний ийм бага залуу мөртлөө хавьгүй илүү зүйл мэддэг гэмээр ярьсан үгсийг сонс доо.

“Өнгөрсөн жил 14 нас хүрснийхээ дараа тойргийнхоо багш нарын чуулгын гишүүн болсон нь надад үнэхээр таалагдаж байгаа. Багш нь диконы бүх үүрэг хариуцлагыг хүлээхийн хамт бас давхар хэдэн шинэ үүрэгтэй болдог.

Бидний зарим нь багш мөн бусад нь удахгүй багш болох тул мөн Сүмийн бүх хүн санваараар адислагддаг тул багшийн үүргүүдийн талаар илүү сайн мэдэж авах нь хүн бүрийн хувьд чухал болоод байна.

Нэгдүгээрт, Сургаал ба Гэрээ 20:53-т ‘Багшийн үүрэг нь сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх нь болой’ гэсэн байдаг.

Дараа нь, Сургаал ба Гэрээ 20:54–55

‘Мөн сүмд алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах нь болой.

Мөн сүм хамтдаа олонтаа цуглахыг анхаарч, мөн тэрчлэн бүх гишүүд үүргээ биелүүлж байгааг анхаарах нь болой’ гэж гардаг” гэж хэлээд,

залуу эрэгтэй цааш үргэлжлүүлэн,

“Сүмийн гишүүд зөвхөн Сүмийг төдийгүй мөн Сүмийн доторх хүмүүсийг Христийн арга замаар халамжлах үүрэгтэй гэж Их Эзэн бидэнд хэлж байна. Учир нь энэ бол Түүний Сүм. Хэрэв бид зарлигуудыг сахиж, нэг нэгэндээ эелдэг хандан, шударга, сайн найз байж, хамтдаа байгаадаа баяртай байвал Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахаас гадна Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийгээсэй гэж хүсэж байгаа зүйлийг мэдэх боломжтой. Хэрэв бид үүнийг хийхгүй бол дуудлагаа биелүүлж чадахгүй” гэж хэлсэн юм.

Тэрээр цааш нь

“Багш сүм дээр гишүүдтэй мэндлэн, ариун ёслолыг бэлтгэж мөн гэр орныхондоо тусалж, амар тайвныг тогтоогч байж бас сайн гэрийн багш болж, зөв үлгэр жишээ үзүүлэхийг сонгож байгаа нь санваараа хүндэтгэн, дуудлагаа биелүүлэхийг сонгож байгаа хэрэг юм.

Сайн багш байна гэдэг нь зөвхөн сүм дээр юм уу Сүмийн үйл ажиллагаан дээр хариуцлагатай байна гэсэн үг биш. Төлөөлөгч Паул ‘Чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол’ (1 Тимот 4:12) хэмээн заасан.

Уг залуу эрэгтэй үргэлжлүүлэн

Бид хаана юу хийж байгаагаасаа үл шалтгаалан бүх цагт мөн бүх газарт зөв шударга байдлын сайн үлгэр жишээ болж чадна” гэж хэлсэн юм.

“Би аавтайгаа хамт Брауны гэр бүлийнхэнд гэрийн багшаар очдог.1 Биднийг тэднийд айлчлах бүрд, би тэдэнтэй ярилцан, тэдний тухай мэдэж авч, цагийг сайхан өнгөрүүлдэг. Брауны гэр бүлийн надад таалагддаг нэг зүйл нь биднийг очих бүрд тэд сонсоход бэлэн байдаг бөгөөд үргэлж гоё түүхүүд хуваалцдаг явдал юм.

Бид гэрийн багшаар явж, тойргийнхоо хүмүүсийг сайн мэдэж авснаар багшийн дараагийн үүрэг болох сүм дээрх гишүүдтэй мэндлэх үүргээ биелүүлэхэд хялбар болдог. Бид хүмүүст сүм дээр таатай, халуун дулаан мэдрэмжтэй байхад нь тусалснаар тойргийн бүх гишүүнд хайрыг мэдэрч, ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхэд тусалдаг.

Ням гараг бүрд багш нар сүмд ирсэн хүмүүстэй мэндэлснийхээ дараа ариун ёслолыг бэлтгэхэд тусалдаг. Бүх хүн хүндэтгэл бишрэлтэй байдаг учраас би энэ тойрогт ариун ёслол бэлтгэж, түгээх дуртай. Мөн би ариун ёслолыг бэлтгэж, түгээхдээ үргэлж Сүнсийг мэдэрдэг. Үүнийг Ням гараг бүр хийх боломжтой байгаа нь жинхэнэ адислал юм.

Ариун ёслолыг түгээх зэрэг зарим үйлчлэл хүмүүст харагддаг бөгөөд тэд бидэнд талархдаг. Гэхдээ ариун ёслолыг бэлтгэх зэрэг бусад үйлчлэл хэнд ч анзаарагдахгүй өнгөрдөг. Бидний үйлчилж байгааг хүмүүс харах эсэх нь чухал зүйл биш.. Харин Их Эзэн Өөрт нь үйлчилж байгааг мэдэж байгаа нь л чухал.

Багш нарын хувьд бид санваарын үүргүүдээ биелүүлснээр Сүмийг болон найз нөхөд, гэр бүлийнхнээ үргэлж хүчирхэгжүүлэхийг хичээх ёстой. Энэ нь үргэлж амар хялбар байхгүй ч Их Эзэн ‘өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг [бидэнд] зэхэлгүйгээр’ (1 Нифай 3:7) ямар ч зарлиг өгдөггүй.”

Тэр залуу эрэгтэйг үгээ хэлж дуусах үед би түүний төлөвшсөн байсныг бас мэргэн ухааныг нь гайхан биширсэн. “Бид [Есүс Христийг] дагахаар сонговол илүү сайн хүн болж чадна гэдгийг би мэднэ” гэж хэлээд, тэр үгээ төгсгөж билээ.

Сарын өмнө нэг санваартан ариун ёслолын цуглаан дээр санваарын үйлчлэлийн тухай өөр нэгэн түүхийг хэлсэн юм. Би бас л тэнд байсан. Энэ туршлагатай санваартан үгээ хэлж байхдаа Их Эзэний хүчирхэгжсэн санваарын чуулгуудаасаа хүсэж байгаа зүйлийг тайлбарлаж байгаагаа мэдээгүй. Түүний түүхээс хэдэн тодорхой мэдээллийг хуваалцъя.

Тэр гэрийн багшийн хамтрагчтайгаа хамт долоон гэр бүлд үйлчлэхээр томилогджээ. Тэд бараг бүгд гэртээ тэднийг хүлээж авахыг хүсэхгүй байв. Гэрийн багш нар тэднийд очиход тэд хаалгаа тайлдаггүй байж. Тэдэн рүү залгахад утсаа ч авдаггүй байлаа. Мессеж үлдээх үед ч хариу бичдэггүй байв. Эцэст нь, ахмад хамтрагч нь захидал бичих замаар тэдэнд тохинуулахаар шийджээ. Тэр хариу захидал хүлээн авна гэж найдан, тод шар өнгийн дугтуйг хүртэл ашиглаж эхэлжээ.

Долоон гэр бүлийн нэг нь Европоос цагаачилж ирсэн идэвх султай ганц бие эгч байв. Тэр бага насны хоёр хүүхэдтэй байлаа.

Түүнтэй холбоо барих гэж ахин дахин оролдсоны эцэст түүнээс мессеж хүлээн авчээ. Тэр гэрийн багш нартай уулзах завгүй байгаагаа шулуухан хэлсэн байна. Тэр давхар ажил хийж бас цэргийн албанд үйлчилж байв. Түүний үндсэн ажил цагдаагийн офицерын ажил байсан бөгөөд тэр ажил мэргэжлийн хувьд, мөрдөгч болоод эх орон руугаа буцан, ажиллаж амьдрах зорилготой байв.

Гэрийн багшид түүний гэрт зочлох боломж хэзээ ч олдоогүй бөгөөд тэр үе үе түүн рүү мессеж бичдэг байлаа. Тэр сар бүр түүн рүү гараар бичсэн захидал илгээдэг байсан ба хүүхэд бүрд нь баярын мэндчилгээ бүхий карт явуулдаг байсан.

Тэр ямар ч хариу аваагүй. Гэхдээ тэр эгч хэн гэрийн багш нь болохыг мөн хэрхэн тэдэнтэй холбогдохыг, тэд санваарын үйлчлэлдээ шаргуу үйлчилдэг гэдгийг мэддэг байсан.

Нэгэн өдөр тэр түүнээс яаралтай гэсэн мессеж хүлээн авчээ. Түүнд тусламж маш их хэрэгтэй байв. Тэр бишоп нь хэн болохыг мэдэхгүй ч гэрийн багшаа мэддэг байсан.

Хэдэн өдрийн дараа тэр цэргийн бэлтгэл сургуулилтандаа гарахаар бүтэн сар мужаас гарах ёстой болов. Тэр хүүхдүүдээ авч явах боломжгүй байлаа. Түүний ээж хүүхдүүдийг нь харах байсан ч эрүүл мэндийн яаралтай тусламж хэрэгтэй болсон нөхрөө асрахаар Европ руу нисжээ.

Уг идэвх султай ганц бие эгч бага хүүхдээ Европ руу явуулах тасалбар худалдаж авах мөнгөтэй байсан ч 12 настай Эрик хүүдээ тасалбар авч өгөх боломжгүй байв.2 Тэр гэрийн багшаасаа 30 өдөр Эрикийг гэртээ байлгах сайн ХҮГ гэр бүл олж өгч чадах эсэхийг асуусан байжээ.

Гэрийн багш чадах бүхнээ хийх болно гэж хариу бичээд, санваарын удирдагчидтайгаа холбоо барив. Дээд санваартнуудыг тэргүүлж байсан бишоп түүнд тойргийн зөвлөлийн гишүүд болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид хандах зөвшөөрөл өгсөн байна.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Эрикийг долоо долоо хоногоор гэртээ байлгах Эрикийн насны хүүхэдтэй дөрвөн ХҮГ сайн гэр бүлийг нэн даруй олсон байна. Дараагийн сард нь эдгээр гэр бүл Эрикийг асран, хөл хөдөлгөөнтэй жижиг байшиндаа өрөө гарган өгч, гэр бүлийн урьдчилан төлөвлөсөн зуны үйл ажиллагаанууддаа дагуулж яван, сүмд авчирч, гэр бүлийн үдэштээ оролцуулжээ.

Эрикийн насны хөвгүүдтэй гэр бүлүүд түүнийг диконы чуулгын цуглаан болон үйл ажиллагаанд дагуулж ирдэг байв. Энэхүү 30 өдрийн турш Эрик амьдралдаа анх удаагаа ням гараг бүр сүмд явжээ.

Ээжийгээ сургуулилтад яваад эргэж ирсний дараа ч гэсэн Эрик ихэвчлэн эдгээр дөрвөн ХҮГ гэр бүлийнхэнтэй юм уу түүнтэй нөхөрлөж байсан бусад хүн, тэр дундаа ээжийнхээ айлчлагч багш нартай хамт сүмд үргэлжлүүлэн явсан байна. Эцэст нь тэр диконоор томилогдож, ариун ёслолыг тогтмол түгээдэг болсон.

Одоо бүгдээрээ Эрикийн ирээдүйг төсөөлцгөөе. Ариун Сүнсний хүчээр зүрх сэтгэл дэх энэрлээрээ нэгдэн үйлчилсэн гэгээнтнүүдийн ачаар хэрэв тэр ээжийнхээ төрсөн нутагт очсоныхоо дараа тэндээ Сүмийн удирдагч болсон байвал бид лав гайхахгүй.

Энэрэл бол Бурханы хаант улсад аврагдахад нэн чухал зүйл гэдгийг бид мэднэ. Моронай “та нар энэрэлтэй байхгүй аваас Бурханы хаант улсад та нар яавч аврагдаж чадахгүй” гэж бичсэн (Моронай 10:21; мөн Ифер 12:34-ийг үзнэ үү).

Мөн бид энэрэл бол чадах бүхнээ хийсний дараа бидэнд өгөгддөг бэлэг гэдгийг мэднэ. Бид “түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө … зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан [залбирах]” (Моронай 7:48) ёстой.

Бид бусдад үйлчлэхэд анхаарлаа төвлөрүүлсэн үедээ Ариун Сүнсийг хамгийн сайнаар хүлээж авдаг юм шиг санагддаг. Ийм учраас л бидэнд Аврагчийн төлөө үйлчлэх санваарын үүрэг байдаг. Бид бусдын төлөөх үйлчлэлд оролцох үедээ өөрсдийгөө илүү бага боддог бөгөөд Ариун Сүнс бидэн дээр илүү хурдан ирж, аль хэдийн бидэнд хүртээсэн байсан энэрлийн бэлгийг хүлээн авах насан туршийн хичээл зүтгэлд маань тусалдаг.

Биднийг санваарын тохинууллын үйлчлэлдээ илүү сүнсээр өдөөгдсөн, илүү энэрэнгүй байг гэсэндээ Их Эзэн бидэнд зориулсан төлөвлөгөөндөө аль хэдийн томоохон дэвшил гаргасан гэдгийг би гэрчилж байна. Бидний төлөө харамгүй өгдөг Түүний хайранд би талархдаг. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Нэрийг өөрчлөв.

  2. Нэрийг өөрчлөв.