2010–2019
Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно
2018 оны 4-р сар


Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно

Бүгдээрээ итгэсэн, мэддэг зүйлдээ үнэнч байцгаая.

Хүндэт ах, эгч нар аа, би та нарт хандан өөрийн зарим бодол санааг илэрхийлэх боломжтой байгаадаа талархаж байна.

Хэдэн жилийн өмнө эхнэр бид хоёр Солт Лэйк Сити дэх Сүмийн түүхийн музейн хүүхдийн интерактив үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд ерөнхийлөгч Томас С.Монсон бидэн рүү алхан ирж, гар бариад, “Тэвчих юм бол ялна” гэх бид бүхний үнэн гэдгийг нь баталж чадах агуу сургаалыг хэлж билээ.

Есүс Христ “эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно”1 хэмээн бидэнд амласан.

Тэвчих гэдэг нь “уруу таталт, эсэргүүцэл, саад бэрхшээлийг үл харгалзан Бурханы зарлигуудад үнэнч байна гэсэн амлалтандаа гуйвшгүй хэвээр үлдэх”2 гэсэн утгатай үг юм.

Тэр ч бүү хэл хүчтэй сүнслэг туршлагыг хүлээн авч, үнэнчээр үйлчилж байсан хүмүүс ч гэсэн эцсээ хүртэл тэвчихгүй юм бол хэзээ нэгэн өдөр Сүмээс холдож, идэвхгүй болж болно. “Ийм зүйл надад тохиолдохгүй” гэсэн үгийг бид бүгдээрээ оюун ухаан, зүрх сэтгэлийнхээ гүнд үргэлж хадгалцгаая.

Есүс Христ үүнийг Капернаумд заахад “Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй.

Тэгээд Есүс арван хоёртоо Та нар бас явахыг хүсэж байна уу?”3 хэмээн хэлсэн.

Өнөө үед Өөртэй нь ариун нандин гэрээнд орсон хүн нэг бүрээс Есүс Христ “Та нар бас явахыг хүсэж байна уу?” хэмээн асуудаг гэдэгт би итгэдэг.

Бид бүгдээрээ мөнхийн амьдралд биднийг хүлээж буй зүйлийн талаар гүн гүнзгий ойлгож, Симон Петртэй адил “Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна”4 хэмээн хариулаасай гэж би залбирч байна.

Бүгдээрээ итгэсэн, мэддэг зүйлдээ үнэнч байцгаая. Хэрэв бид мэддэг зүйлийнхээ дагуу амьдрахгүй байгаа бол өөрсдийгөө өөрчилцгөөе. Нүгэлт байдалдаа үлдэж, наманчлахгүй байгаа нүгэлтнүүд өөрсдийг нь Сатан өөрийн болгох хүртэл бузар байдалдаа улам бүр гүн шигдсээр, наманчлах, өршөөгдөх, мөнх байдлын бүхий л адислалаар адислагдах боломжоо ихээхэн эрсдэлд оруулдаг.

Сүмд идэвхтэй явахаа больж, дэлхий дээрх аяллынхаа зорилгын талаарх зөв алсын хараагаа алдсан хүмүүс өөрсдийгөө зөвтгөж байхыг би олон удаа сонсож байсан. Би тэдэнд эргэцүүлэн бодож, эргэж ирэхийг уриалж байна. Учир нь хэн ч Их Эзэн Есүс Христийн өмнө шалтаг тоочиж чадахгүй.

Бид баптисм хүртэхдээ ямар нэгэн хүнтэй биш, харин Аврагчтай гэрээ байгуулж, “эцсээ хүртэл Түүнд үйлчлэхээр шийдэж, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна”5 хэмээн хүлээн зөвшөөрсөн.

Түүнд үйлчлэх шийдвэр төгс байдал, сүнслэг ноён нуруу болон Есүс Христэд итгэх итгэлийнхээ өсөлт хөгжлийг үнэлэн дүгнэх боломжийг бидэнд олгодог нэг чухал арга зам бол ариун ёслолд оролцох явдал юм.

Ариун ёслолоос хүртэх нь Хүндэтгэлийн өдөр бидний хийдэг хамгийн чухал зүйл билээ. Их Эзэн нас барахынхаа өмнө энэ ёслолыг төлөөлөгчдөдөө тайлбарласан. Тэрээр Америк тивд байхдаа мөн үүнийг тайлбарласан. Хэрэв бид энэхүү ёслолд оролцох юм бол энэ нь Түүнийг үргэлж санана гэсэн бидний амлалтыг Эцэгт гэрчилдэг бөгөөд Тэрээр ч хариуд нь бидэнтэй Өөрийн Сүнсийг байлгана хэмээн амладаг.6

Бид залуу Алмагийн өөрийн хүү Шиблонд өгсөн сургамжаас гэрээндээ үнэнч хэвээр үлдэхэд туслах ухаалаг зөвлөгөө, сэрэмжлүүлгийг олж авч болно.

Тэрээр “Бардамналд хөөрөхгүйгээ мэд; тийм ээ, өөрийн мэргэн ухаанд, бас өөрийн их хүчээр сагсуурахгүй байхаа мэд.

Зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх; мөн түүнчлэн чи хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй; чи залхаг байдлаас татгалзахыг мэдээрэй”7 хэмээн хэлсэн.

Хэдэн жилийн өмнө би амралтаараа анх удаа хөнгөн завиар аялахыг хүссэн юм. Би хөнгөн завь хөлслөөд, урам зориг дүүрэн далайд гарлаа.

Хэдэн минутын дараа давлагаа завийг маань хөмөрчихөв. Нэг гартаа сэлүүрээ, нөгөө гартаа завиа барьсаар би арайхийн тэнцвэрээ олж билээ.

Би завиа дахин сэлүүрдэх гэж оролдсон ч хэдхэн минутын дараа завь маань дахиад л хөмөрчихөв. Гөжүүд зан маань хөдлөн, оролдсоор байсан ч амжилт олсонгүй. Хөнгөн завь сайн мэддэг нэг хүн завины гадна бүрээс хагарч, дотор нь усаар дүүрсэн тул тогтворгүй, залуурдах боломжгүй болгосон бололтой гэв. Би завиа эрэг дээр гаргаад, таглааг нь сугалтал бөөн ус гарч ирэх нь тэр!

Хөнгөн завинд маань үүссэн цоорхойтой адил бид заримдаа нүгэл тээн амьдардаг бөгөөд энэ нь бидний сүнслэг өсөлт хөгжилд саад болдог гэж би боддог.

Хэрэв бид нүглээс болж бидний амьдралд үүссэн тэнцвэрт бус байдлыг эргүүлэн тэнцвэржүүлэх гэж оролдсон ч нүгэлт байдалдаа хэвээр үлдэх юм бол бид Их Эзэнтэй хийсэн гэрээгээ мартах болно.

Хөнгөн завинд маань үүссэн цоорхойтой адил бид амьдралд маань үүссэн цоорхойгоо ч гэсэн засаж янзлах ёстой. Зарим нүглийг наманчлахад бусдаас илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг.

Тиймээс бид өөрөө өөрсдөөсөө: Бид Аврагчид мөн Түүний ажилд хэрхэн хандаж байна вэ? Бид Петр Есүс Христийг үгүйсгэсэнтэй адил нөхцөл байдалд байна уу? Эсвэл бид дээгүүр түвшинд гарч, Аврагчаас “агуу үүрэг даалгаврыг” хүлээн авсных нь дараахтай адил хандлагатай, шийдвэр төгс болсон байна уу?8 гэж асууж байх ёстой.

Бид бүх зарлигийг дагахыг хичээн, дагахад хамгийн хэцүү байгаа зарлигууддаа онцгой анхаарал хандуулж байх ёстой. Их Эзэн бидний талд байж, шаардлага гарсан болон сул дорой үед маань туслах бөгөөд хэрэв бид чин сэтгэлийнхээ хүслийг харуулан, үүнийхээ дагуу үйлдэх аваас “сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож өгнө.”9

Дуулгавартай байдал нь нүглийг ялан дийлэх хүчийг бидэнд өгдөг. Үр дагавар нь ямар байхыг ихэвчлэн мэдэхгүй ч бидний итгэлийн сорилт дуулгавартай байхыг шаарддаг гэдгийг бид ойлгох ёстой.

Би та бүхэнд бидэнд эцсээ хүртэл тэвчихэд туслах жорыг санал болгож байна. Үүнд:

  1. Өдөр бүр залбирч, судраас унших

  2. Долоо хоног бүр харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ариун ёслолоос хүртэх

  3. Аравны нэгийн болон сар бүрийн мацгийн өргөлөө төлөх

  4. Хоёр жил тутамд харин өсвөр насныхны хувьд жил бүр ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлэх

  5. Бүхий л амьдралынхаа туршид Их Эзэний ажилд үйлчлэх зэрэг нь болно.

Бид сайн мэдээний үнэнийг оюун ухаандаа бат бөх хадгалж, энэхүү амьдралын далайд аюулгүй аялахад саад болох цоорхойнуудаас зайлсхийх болтугай.

Их Эзэний арга замаар амжилтад хүрэх нь өөрийн гэсэн үнэ цэнтэй бөгөөд үүнд хүрэх цорын ганц боломж бол тэрхүү төлөөсийг төлөх явдал юм.

Аврагч маань эцсээ хүртэл тэвчиж, Өөрийн агуу гэтэлгэгч Цагаатгалыг хийсэнд би хэчнээн их талархдаг гээч!

Тэр бидний нүгэл, өвчин зовлон, сэтгэлийн хямрал, алдаа дутагдал, айдсын өмнөөс зовж шаналсан тул тэвчиж, бууж өгөөгүй хүмүүст зориулан хадгалагдсан титмийг хүлээн авахын тулд бидэнд хэрхэн тусалж мөн биднийг хэрхэн урамшуулж, тайвшруулж, хүчирхэгжүүлэхийг мэддэг билээ.

Хүн бүрийн амьдрал адилгүй. Бид бүгдэд сорилт бэрхшээлтэй тулгарах, аз жаргалтай байх, шийдвэр гаргах, саад бэрхшээлийг даван туулах, өгөгдсөн боломжуудыг ашиглах цаг хугацаа гэж бий.

Хувь хүний нөхцөл байдал ямар байхаас үл хамааран, Тэнгэрлэг Эцэг маань үргэлж “Би чамд хайртай. Чамайг дэмжинэ. Би чамтай хамт. Бүү шантар. Наманчилж, миний та нарт үзүүлсэн зам дээр тэвчээртэй үлд. Тэгвэл бид бие биенээ селестиел хаант улсад харах болно гэдгийг би баталж байна” хэмээн хэлдэг. Есүс Христийн нэрээр, амен.