2010–2019
Эцэг
2018 оны 10-р сар


Эцэг

Бидний хүн нэг бүр Эцэгтэй адил болох чадвартай. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид Хүүгийн нэрээр Эцэгийг шүтэн бишрэх ёстой.

Миний эхнэр Мэлинда амьдралынхаа туршид Есүс Христийн үнэнч шавь байхаар бүхий л зүрх сэтгэлээрээ хичээсээр ирсэн. Гэсэн хэдий ч тэр Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарыг буруу ойлгож байсан учраас өсвөр наснаасаа эхлээд Түүний хайр болоод адислалуудыг хүлээн авах зохисгүй гэж өөрийгөө үздэг байсан юм. Аз болоход, Мэлинда өөрийн мэдэрч байсан уйтгар гунигаас үл хамааран зарлигуудыг үргэлжлүүлэн сахисаар байв. Хэдэн жилийн өмнө тэр хэд хэдэн удаа бэрхшээлтэй тулгарсан бөгөөд тэдгээр нь түүнд Бурханы мөн чанар, хүүхдүүдээ хайрлах хайрын тухай болон Түүний ажлыг хийх гэсэн бидний төгс бус хичээл зүтгэлд Тэрээр талархдаг тухай илүү сайн ойлгоход нь тусалсан билээ.

Энэ нь түүнд хэрхэн нөлөөлсөн талаар “Би Эцэгийн төлөвлөгөө ажилладаг, Тэр бидний амжилтад өөрийн биеэр оролцож, бас Өөрийнх нь оршихуйд буцаж очиход хэрэгтэй сургамж, туршлагуудаар биднийг хангадаг гэдгийг одоо баттай мэдэрдэг. Би өөрийгөө болон бусдыг харахдаа Бурхантай адил хардаг болсон. Би илүү их хайраар мөн багахан айдастайгаар хүүхдүүдээ хүмүүжүүлж, бусдад зааж, үйлчилж чаддаг болсон юм. Би санаа зовнил, өөртөө итгэлгүй байдлыг биш, харин амар амгалан, өөртөө итгэлтэй байдлыг мэдэрдэг болсон. Бусдад шүүгдэж байгаагаар биш, бусдын дэмжлэгийг авч байгаа гэж надад санагддаг болсон. Миний итгэл илүү баттай болсон. Би Эцэгийн хайрыг илүү олон удаа илүү гүн гүнзгий мэдэрдэг болсон”1 гэж тэр тайлбарласан.

“[Тэнгэрлэг Эцэгийн] зан чанар, төгс байдал болон шинж байдлуудыг” зөвөөр ойлгох нь өргөмжлөлийг хүртэхэд хангалттай итгэлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай.2 Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарыг зөвөөр ойлгох нь бидний өөрсдийгөө болон бусдыг үзэх үзлийг өөрчилж, Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах агуу хайрыг болон Өөртэйгөө илүү адилхан болоход туслах Түүний агуу хүслийг ойлгоход бидэнд тусалж чадна. Түүний мөн чанарыг буруугаар ойлгох нь бидэнд Түүний дэргэд хэзээ ч буцаж очиж чадахгүй мэт санагдуулдаг.

Өнөөдөр миний хэлэх үгийн зорилго бол бид бүгдэд, ялангуяа өөрсдөд нь Бурхан хайртай эсэхэд эргэлздэг хүмүүст Түүний үнэн зан чанарыг илүү сайн ойлгох, Түүнд болон Түүний Хүүд мөн бидний төлөөх Түүний төлөвлөгөөнд илүү агуу итгэлийг хөгжүүлэх боломжийг бидэнд олгодог Эцэгийн талаарх сургаалын үндсэн санаануудыг заах явдал юм.

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Өмнөх амьдралд бид Тэнгэрлэг Эцэг Эхийн сүнсэн хүүхдүүд болж төрсөн бөгөөд Тэдэнтэй нэг гэр бүл болон амьдарч байсан.3 Тэд биднийг мэддэг, бидэнд заадаг мөн биднийг хайрладаг байсан.4 Бид Тэнгэрлэг Эцэгтэй адил болохыг маш их хүсэж байсан. Гэсэн хэдий ч, адил болохын тулд бид:

  1. Алдар суут, мөнхийн бие махбодтой болох;5

  2. Санваарын лацдах хүчээр гэрлэж, гэр бүлтэй болох;6 мөн

  3. Бүх мэдлэг, хүч, тэнгэрлэг чанаруудыг олж авах7 хэрэгтэй гэдгээ ойлгож байв.

Үүний дагуу Амилуулалтаар мөнхийн, сүр жавхлантай болж чадах бие махбодыг тодорхой нөхцөлтэйгөөр хүлээн авах боломжийг олгох төлөвлөгөөг,8 тухайлбал мөнх бус амьдралд эсвэл итгэлтэй тэдэнд энэ боломж олдоогүй бол дараагийн амьдралд гэрлэж, гэр бүлтэй болох;9 төгс байдал өөд хөгжиж; эцэстээ Тэнгэрлэг Эцэг Эх рүүгээ буцаж очин, Тэдэнтэй хамт болон гэр бүлтэйгээ төгсөшгүй аз жаргалын байдалд 10 амьдрах төлөвлөгөөг бүтээсэн юм.

Судруудад үүнийг авралын төлөвлөгөө гэж нэрлэдэг.11 Энэ төлөвлөгөөг бидэнд танилцуулахад бид маш их талархаж байсан бөгөөд баярлан уухайлдсан.12 Бидний хүн нэг бүр төлөвлөгөөний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, үүний дотор тэнгэрлэг чанаруудыг хөгжүүлэхэд маань туслах, мөнх бус амьдралын бэрхшээл, туршлагуудыг даван туулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн юм.13

Мөнх бус амьдрал

Мөнх бус амьдралд Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь төлөвлөгөөнд өсөж хөгжихөд бидэнд хэрэгтэй нөхцөлүүдээр биднийг хангаж өгдөг. Эцэг Есүс Христийг маханбодод төрүүлсэн14 бөгөөд мөнх бус амьдралын зорилгоо биелүүлэхэд нь туслах тэнгэрлэг тусламжийг Түүнд боломжтой болгосон юм. Бид Түүний зарлигуудыг сахихаар хичээх юм бол Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрд үүний адил туслах болно.15 Эцэг бидэнд сонгох эрхийг өгдөг.16 Бидний амьдрал Түүний гарт байдаг бөгөөд бидний “өдрүүд мэдэгдсэн” ба “багаар тоологдох нь үгүй.”17 Мөн Өөрийг нь хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл яваандаа ажиллах болно гэдгийг Тэр бататгадаг.18

Энэ бол бидэнд өдөр тутмын минь талхыг өгдөг Тэнгэрлэг Эцэг19 бөгөөд энэ талх нь бидний иддэг хоол болон Түүний зарлигуудыг сахихад бидэнд хэрэгтэй хүч чадлыг багтаадаг.20 Эцэг бидэнд сайн бэлгүүдийг өгдөг.21 Тэр бидний залбирлыг сонсож, хариулдаг.22 Бид Тэнгэрлэг Эцэгт боломж олгох үед Тэрээр биднийг хилэнцээс чөлөөлдөг.23 Биднийг зовж байхад Тэр бидний төлөө уйлдаг.24 Эцсийн эцэст, бүх адислал Эцэгээс ирдэг.25

Биднийг сайн үр дүнд хүрч болохын тулд Тэнгэрлэг Эцэг хүч чадал, сул тал, сонголтууд дээр маань тулгуурлан биднийг удирдаж, бидэнд хэрэгтэй туршлагуудыг өгдөг.26 Эцэг бидэнд хайртай учраас шаардлагатай үед биднийг зэмлэн сахилгажуулдаг.27 Тэрээр “Зөвлөгөөний Хүн”28 бөгөөд хэрэв бид асуух юм бол бидэнд зөвлөгөө өгөх болно.29

Тэнгэрлэг Эцэг бидний амьдралд Ариун Сүнсний нөлөөг болон бэлгийг илгээдэг.30 Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Эцэгийн алдар суу буюу оюун билэг, гэрэл, хүч чадал бидэнд оршиж чадна.31 Бид Бурханы алдар суунд хараагаа төвлөрүүлэх хүртлээ гэрэлд болон үнэнд өсөж хөгжихийг хичээх аваас Тэнгэрлэг Эцэг энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд маань биднийг мөнх амьдралд лацдаж, Өөрийн царайг бидэнд илчлэхээр Амлалтын Ариун Сүнсийг илгээх болно.32

Мөнх бус байдлын дараах амьдрал

Мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхийд Тэнгэрлэг Эцэг сайн мэдээ хэрэгтэй байгаа хүмүүст Ариун Сүнсийг болон номлогчдыг үргэлжлүүлэн илгээдэг. Тэр залбирлуудад хариулж, авралын ёслолууд хэрэгтэй байгаа хүмүүст өөрсдийг нь төлөөлөн ёслолыг хийлгэхэд тусалдаг.33

Эцэг Есүс Христийг өсгөж, Амилуулалтыг улиран тохиолгох хүчийг Түүнд өгсөн ба34 энэ нь бидний мөнх биеийг олж авах арга зам юм. Аврагчийн Гэтэлгэл, Амилалт нь биднийг Эцэгийн дэргэд аваачдаг ба тэнд бид Есүс Христээр шүүгдэх болно.35

“Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээл[д]” 36 тулгуурладаг тэд Эцэгийн адил сүр жавхлант биеийг хүлээн авч37 мөн Түүнтэй хамт “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд”38 амьдрах болно. Тэнд Эцэг бидний нүднээс урсах нулимсыг арчиж,39 Түүнтэй адил болох аян замаа үргэлжлүүлэхэд бидэнд туслах болно.

Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг гэдгийг та нар харж байгаа.40

Эцэгийн зан чанар

Бид Эцэгтэй адил болохын тулд Түүний зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэгийн төгс байдал, шинж чанарт дараах чанарууд багтдаг. Үүнд:

  • Эцэг “Төгсгөлгүй бөгөөд Мөнх” билээ.41

  • Тэр төгс зөв шударга, нигүүлсэнгүй, найрсаг, тэвчээртэй бөгөөд бидний төлөө хамгийн сайн сайхныг хүсэж байдаг.42

  • Тэнгэрлэг Эцэг бол хайр юм.43

  • Тэр гэрээнүүдээ сахидаг.44

  • Тэр өөрчлөгддөггүй.45

  • Тэр худал хэлдэггүй.46

  • Эцэг бол нүүр тал хардаггүй.47

  • Тэр эхлэлээс авахуулаад өнгөрсөн, одоо, ирээдүй гээд бүх зүйлийг мэддэг.48

  • Тэнгэрлэг Эцэг бид бүгдээс илүү 50 цэцэн ухаантай.49

  • Эцэгт бүх хүч байдаг51 бөгөөд Тэрээр хийхээр зүрх сэтгэлдээ шийдсэн бүхнээ хийн, гүйцэлдүүлдэг.52

Ах, эгч нар аа, бид Эцэгт итгэж найдан, Түүнийг түшиглэж болно. Тэнгэрлэг Эцэг мөнхийн талаас харах чадвартай учраас бидний харж чадахгүй зүйлсийг харж чаддаг. Түүний баяр хөөр, ажил, алдар суу бол үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах явдал юм.53 Түүний хийдэг юм бүхэн бидний сайн сайхны төлөө байдаг. Тэр “[бидний] мөнхийн аз жаргалыг [биднээс] илүүгээр хүсдэг.”54 Мөн Тэрээр “[бидний] болон [бидний] хайртай хүмүүсийн хувийн ашиг тусад туйлын хэрэгтэй байгаагаас илүү удаанаар хэцүү цаг үеийг туулахыг [биднээс] шаардахгүй”55 Үүний үр дүнд, Тэр биднийг шүүж, буруутгахад биш, харин бидний өсөлт хөгжилд туслахад анхаарлаа төвлөрүүлдэг.56

Эцэгтэйгээ адил болох нь

Бурханы сүнсэн охид хөвгүүдийн хувьд бидний хүн нэг бүр Эцэгтэй адил болох чадвартай. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид Хүүгийн нэрээр Эцэгийг шүтэн бишрэх ёстой.57 Бид үүнийг Эцэгийн таалалд Аврагчийн адил дуулгавартай байхыг хичээснээр58 мөн үргэлж наманчилснаар59 биелүүлдэг. Бид эдгээрийг хийснээр, Эцэгийн бүрэн байдлыг хүлээн автлаа “ач ивээл дээр ач ивээлийг”60 болон “түүний зан чанар, төгс байдал болон шинж чанаруудыг” хүлээн авдаг.61

Бидний эгэл байдал, Тэнгэрлэг Эцэгийн байгаа байдал хоёрын хоорондын зайг бодоод үзэх юм бол Эцэгтэй адил болно гэдэг нь хүрч болшгүй зүйл мэт зарим хүнд бодогддогт гайхах зүйлгүй юм. Гэсэн хэдий ч судруудад тодорхой байдаг. Хэрвээ бид Христэд итгэлтэйгээр ойртож, наманчлан, дуулгавартай байснаар Бурханы ач ивээлийг эрэлхийлэх юм бол яваандаа Эцэгтэй адил болох болно. Дуулгавартай байхыг хичээдэг хүмүүс “ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авч” мөн эцэст нь “түүний бүрэн байдлыг хүлээн авах болно62 гэдгээс би агуу тайтгарлыг олдог. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө бие даан Эцэгтэй адил болж чадахгүй.63 Харин энэ нь ач ивээлийн бэлгээр дамжуулан ирэх бөгөөд биднийг бүрэн дүүрэн болтол заримдаа их, гэхдээ ихэнхдээ бага хэмжээгээр, нэг нэгээр ирэх болно. Гэхдээ ах эгч нар аа, ийм үе ирнэ!

Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн өргөмжлөхийг мэддэг гэдэгт найдаж, Түүнээс өдөр тутмын дэмжлэг тусламжийг эрэлхийлж, Бурханы хайрыг мэдэрч чадахгүй байгаа үедээ ч Христэд итгэн урагшлаасай хэмээн би та нарыг урьж байна.

Эцэгтэй адил болох тухайд бид олон зүйлийг ойлгодоггүй.64 Гэхдээ Эцэгтэй адил болохыг хичээхдээ таны гаргасан золиослол болгон нөхөн төлөгдөх болно гэдгийг би баттай гэрчилж байна.65 Бид энэ амьдралдаа хэчнээн их золиослол гаргалаа ч энэ нь Бурханы дэргэд бидний мэдрэх хэмжээлшгүй баяр хөөр, аз жаргал, хайр энэрэлтэй харьцуулшгүй байх болно.66 Хэрэв өөрөөс тань гаргахыг хүсэж байгаа золиослол нөхөн төлөгдөх болно гэдэгт итгэхэд хэцүү байгаа бол “Хичнээн агуу адислалуудыг Эцэг … та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ; … эдүгээ та нар бүх зүйлийг дааж чадах нь үгүй; гэсэн хэдий ч зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно”67 хэмээн Аврагч та нарт хандан хэлдэг.

Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд Өөртэйгөө хамт дахин амьдрахыг танаас хүсдэг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Notes in possession of the author; see also D. Melinda Ashton, “The Holy Ghost: Direction, Correction, and Warning” (Brigham Young University Women’s Conference, Apr. 28, 2016), byutv.org.

  2. Lectures on Faith (1985), 38.

  3. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2017 оны 5-р сар, 145; “Mother in Heaven,” Gospel Topics, topics.lds.org-ийг үзнэ үү.

  4. Бид Эцэгийг маш сайн мэддэг байсан бөгөөд бидний бодгаль түүнийг Abba буюу “Аав аа” гэж дуудахыг хүсэн хүлээж байдаг хэмээн төлөөлөгч Паул хэлсэн (Ром 8:15-ыг үзнэ үү).

  5. Сургаал ба Гэрээ 130:22-ыг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү.

  7. Maтай 5:48; 2 Петр 1:3–8-ыг үзнэ үү.

  8. Эдгээр нөхцөлд өөрсдийн анхны байдлыг хадгалах нь багтсан байдаг (Aбрахам 3:26-г үзнэ үү) ба тэгээд Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх, наманчлах, Бурханы санваарын эрх мэдлийг эзэмших хүнээр усанд умбуулах баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсээ хүртэл тэвчих нь багтана (3 Нифай 27:16–20-ийг үзнэ үү).

  9. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Эдгээр үгийг сонсож байгаа зарим хүн “Миний хувьд юу болох гэж байна? гэж асууж байж болох юм. Зохистой, гайхалтай олон хожмын үеийн гэгээнтэн яг одоо өөрсдийнх нь хөгжилд хэрэгтэй бодит боломжууд болон чухал шаардлагатай зүйлсээр дутагдаж байгаа гэдгийг бид мэднэ. Ганц бие амьдрал, хүүхэдтэй болж чадахгүй байх, үхэл хагацал, гэр бүл салалт зэрэг нь зохистой байдлыг үгүйсгэж, амлагдсан адислалууд гүйцэлдэхийг хойшлуулдаг. … Гэхдээ эдгээр бүтэлгүйтэл зөвхөн зуурдынх юм. Зарлигуудаа сахидаг, гэрээнүүддээ үнэнч байдаг мөн зөвийг хүсдэг охид хөвгүүдээс мөнх байдалд ямар ч адислалыг харамлахгүй гэж Их Эзэн амласан байдаг” хэмээн заасан (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75).

  10. Мозая 2:41-ийг үзнэ үү.

  11. Aлма 42:5-ыг үзнэ үү; түүнчлэн үүнийг гэтэлгэлийн төлөвлөгөө (жишээ нь, Иаков 6:8-ыг үзнэ үү) мөн аз жаргалын төлөвлөгөө (Aлма 42:8, 16-г үзнэ үү) гэж нэрлэдэг.

  12. Иов 38:4–7-г үзнэ үү.

  13. Жишээ нь, Еврей 5:8; 12:11; Ифер 12:27-г үзнэ үү. Эхэндээ, бидний мөнх бус амьдралд тулгардаг бэрхшээлүүдийн зарим нь бидний хамгийн их найдан хүлээж байгаа адислалуудын заримыг хүлээн авахад саад болж байгаа мэт санагдаж болох юм. Энэ нь эсрэг тэсрэг талтай гэж санагдаж болох ч, хэрвээ бид итгэлтэй хэвээр үлдэх юм бол Бурхан бидэнд амласан адислал бүрээ өгөх болно.

  14. Лук 1:31–35; Иохан 1:14; 1 Нифай 11:18–21; Судруудын удирдамж, “Есүс Христ,” scriptures.lds.org гэдгийг үзнэ үү.

  15. Сургаал ба Гэрээ 93:4–5, 16–17, 19–20-ийг үзнэ үү.

  16. Moсе 7:32-ыг үзнэ үү.

  17. Сургаал ба Гэрээ 122:9

  18. Ром 8:28-ыг үзнэ үү.

  19. Матай 6:11-ийг үзнэ үү.

  20. N. Eldon Tanner, “The Importance of Prayer,” Ensign, May 1974, 50-ийг үзнэ үү.

  21. Лук 11:10–13; Иаков 1:17-г үзнэ үү.

  22. Лук 11:5–10; Иосеф Смитийн Орчуулга, Лук 11:5–6 (Лук 11:5, зүүлт тайлбар a); 3 Нифай 13:6-г үзнэ үү.

  23. Матай 6:13-ыг үзнэ үү.

  24. Moсе 7:31–40-ийг үзнэ үү.

  25. Иаков 1:17-г үзнэ үү.

  26. Иохан 15:1–2; Сургаал ба Гэрээ 122:6–7-г үзнэ үү.

  27. Еврей 12:5–11; Сургаал ба Гэрээ 95:1-ийг үзнэ үү.

  28. Moсe 7:35

  29. Aлма 37:12, 37-г үзнэ үү.

  30. Иохан 14:26; 2 Нифай 31:12-ыг үзнэ үү.

  31. Иохан 17:21–23, 26; Сургаал ба Гэрээ 93:36-г үзнэ үү.

  32. Сургаал ба Гэрээ 76:53; 88:67–68-ыг үзнэ үү.

  33. 1 Петр 4:6-г үзнэ үү. Өөрийнх нь баптисм хүртээсэн хүн яагаад баптисм хүртэж, Сүмд элссэн тухай ахлагч Мэлвин Ж.Баллард “Сүнсний дэлхийд байгаа түүний өвөг дээдэс олон жилийн өмнө сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн байсан нь, мөн тэдний гэр бүлээс дэлхий дээр байгаа хэн нэгэн нь тэдэнд үүдийг нээж өгөөсэй хэмээн залбирч байсан нь надад мэдүүлэгдсэн бөгөөд тэдний залбирлын улмаас Их Эзэн энэ хүний хаалга руу номлогчдыг хөтлөх боломжтой болсон юм” (Crusader for Righteousness [1966], 250) хэмээн ярьжээ.

  34. Мормон 7:5–6-г үзнэ үү; түүнчлэн Иохан 5:21, 26; 1 Коринт 6:14; 2 Нифай 9:11–12; Aлма 40:2–3; 3 Нифай 27:14-ийг үзнэ үү.

  35. Иохан 5:22; Иаков 6:9; Aлма 11:44; Хиламан 14:15–18-ыг үзнэ үү. Христийн Цагаатгал нь Адамын Уналтын бүх нөлөөг, тухайлбал бие махбодын болон сүнсний үхлийн нөлөөг давдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн дэргэд буцаж очих боломжтой болохын тулд бид эдгээрийг давах ёстой юм. Нүглээ наманчилсан хүмүүс Эцэг, Хүү хоёртой мөнхөд хамт амьдрах болно. Гэсэн хэдий ч, наманчлаагүй хүмүүс хоёр дахь үхлийг амсах ба энэ үхэл тэдний өөрсдийнх нь нүглээс болж тохиодог юм (Хиламан 14:15–18-ыг үзнэ үү).

  36. 2 Нифай 2:8

  37. Сургаал ба Гэрээ 76:56; 88:28-29-ыг үзнэ үү.

  38. Moзая 2:41

  39. Илчлэлт 7:17-г үзнэ үү.

  40. Moсе 7:30-ийг үзнэ үү. Тэнгэрлэг Эцэг террестриел хаант улсад байгаа хүмүүсийг Есүс Христээр болон бусад селестиел биесээр дамжуулан (Сургаал ба Гэрээ 76:77, 87-г үзнэ үү) мөн телестиел хаант улсад байгаа хүмүүсийг Ариун Сүнсээр болон тэнгэр элчүүдээр дамжуулан (Сургаал ба Гэрээ 76:86, 88-ыг үзнэ үү) харж хандаж, үргэлжлүүлэн хангаж байдаг .

  41. Мосе 7:35; Дуулал 90:2-ыг үзнэ үү.

  42. Дуулал 103:6–8; Лук 6:36; Мосе 7:30-ийг үзнэ үү.

  43. 1 Иохан 4:16-г үзнэ үү.

  44. Сургаал ба Гэрээ 84:40-ийг үзнэ үү.

  45. Иаков 1:17-г үзнэ үү.

  46. Тооллого 23:19-ийг үзнэ үү.

  47. Үйлс 10:34–35-ыг үзнэ үү.

  48. 1 Нифай 9:6; Сургаал ба Гэрээ 130:7-г үзнэ үү.

  49. Dictionary.com дээр оюун билэг бол “сурах, шалтгааныг олох, ойлгох зэрэг оюун санааны үйл ажиллагааны чадвар; үнэнийг нягтлан ойлгох, харилцаа холбоо, бодит байдал, утга учир зэргийг ойлгох чадвар” ба “мэдлэг” гэж тодорхойлсон байдаг.

  50. Абрахам 3:19-ийг үзнэ үү. Сүр жавхлант, төгс төгөлдөр Есүс Христ бид бүгдээс илүү оюун билэг суут билээ.

  51. Илчлэлт 21:22-ыг үзнэ үү.

  52. Абрахам 3:17-г үзнэ үү.

  53. Moсе 1:39-ийг үзнэ үү.

  54. Richard G. Scott, “Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 17.

  55. Richard G. Scott, “Trust in the Lord,” 17.

  56. Иохан 5:22; Мосе 1:39-ийг үзнэ үү. Биднийг буруушаадаг нь Сатан мөн бид өөрсдөө юм (Илчлэлт 12:10; Алма 12:14-ийг үзнэ үү).

  57. Иохан 4:23; Сургаал ба Гэрээ 18:40; 20:29-ийг үзнэ үү.

  58. 3 Нифай 11:11; Сургаал ба Гэрээ 93:11–19-ийг үзнэ үү.

  59. Наманчлал нь бид өөрсдийн мөн чанарыг өөрчилснөөр Бурхантай илүү адилхан болдог үйл явц юм. Иймээс, бид зөвхөн “бурууг хийсэн” үедээ биш, үргэлж наманчилж байх хэрэгтэй.

  60. Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг үзнэ үү.

  61. Lectures on Faith, 38; түүнчлэн Моронай 7:48; 10:32–33; Сургаал ба Гэрээ 76:56, 94–95; 84:33–38-ыг үзнэ үү.

  62. Сургаал ба Гэрээ 93:20; тодотгол нэмэгдсэн.

  63. Моронай 10:32–33; Сургаал ба Гэрээ 76:69, 94–95-ыг үзнэ үү.

  64. Бурхан Түүнтэй адил болох үйл явцын талаар яагаад илүү ихийг илчилж чадахгүй эсвэл илчилдэггүй вэ? Би үнэндээ бүх шалтааныг мэдэхгүй. Гэхдээ би ядаж хоёр шалтгааныг ойлгож байна. Нэгдүгээрт, зарим зүйл бидний мөнх бус байдалд үл ойлгогдом байдаг (Сургаал ба Гэрээ 78:17-г үзнэ үү). Энэ нь дундад зууны үед амьдарч байсан хүнд интернэт гэж юу болохыг тайлбарлахыг хичээхтэй адил байж болох юм. Нөхцөл байдал болон хэтийн төлөв гэж энд байхгүй. Хоёрдугаарт, бид мэдээгүйгээс болж зовлон бэрхшээлийг туулах ёстой учраас л ач ивээлийн бэлэг бидэнд үе үе ирдэг.

  65. Биднээс гаргахыг хүсдэг золиослолууд нь төгс байдалд хүрэхэд зайлшгүй байж болох юм (Иосеф Смитийн Орчуулга, Еврей 11:40-г үзнэ үү [Еврей 11:40, зүүлт тайлбар a]).

  66. Ром 8:18-ыг үзнэ үү.

  67. Сургаал ба Гэрээ 78:17–18