2010–2019
Бүү тэвдэн сандар
2018 оны 10-р сар


Бүү тэвдэн сандар

Өөдрөг бай, ах, эгч нар аа. Тиймээ, бид хүнд хэцүү цаг мөчид амьдарч байгаа ч гэрээний зам дээрээ үлдсэн тохиолдолд айх шаардлага бидэнд байхгүй.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ахлагч Квинтин Л.Күк хоёрын хэдхэн хормын өмнө хэлсэн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын эв нэгдэл, нэгдмэл санааны талаарх үгэнд өөрийн гэрчлэлийг нэмж байна. Эдгээр илчлэлтийн зарлал нь Их Эзэний оюун, таалал бөгөөд хувь хүн, гэр бүлүүдийг мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг олон үеийн турш адисалж, хүчирхэгжүүлэх болно гэдгийг би мэдэж байна.

Хэдэн жилийн өмнө, гэрлээд удаагүй байсан нэг охин минь нөхрийнхөө хамт Расбанд эгч бид хоёроос “Харваас хорон муухай, аймшигтай дэлхийд хүүхэд төрүүлнэ гэдэг аюулгүй бөгөөд ухаалаг хэрэг байж чадах уу?” гэж амьдралд чухал нөлөөтэй асуултыг тавьж билээ.

Эцэг эхийн хувьд энэ бол гэрлэсэн хайрт хүүхдүүдтэйгээ ярилцах чухал асуулт байсан. Бид тэдний дуу хоолой, зүрх сэтгэл дэх айдсыг мэдэрч байлаа. Бид тэдэнтэй сайн мэдээний үндсэн сургаалуудаас болон өөрсдийн гүн гүнзгий сэтгэгдэл, амьдралын туршлагуудаас хуваалцах үедээ “Тиймээ, энэ нь ЗҮГЭЭР гэдгээс ч илүү” гэсэн өөрсдийн баттай хариултыг өгсөн юм.

Айдас бол шинэ зүйл биш. Галил нууран дээр байхдаа Есүс Христийн шавь нар харанхуй шөнө “салхи болон давалгаанаас”1 айсан. Түүний шавь нарын хувьд бидэнд ч бас өнөөдөр айдас байдаг. Ганц бие залуучууд маань гэрлэх гэх мэт үүрэг хүлээхээс айдаг. Хүүхдүүдтэй маань адил залуу гэр бүлүүд ёс бус байдал улам ихсэж байгаа энэ дэлхийд хүүхэд төрүүлэхээс айж байна. Номлогчид олон зүйлээс, ялангуяа танихгүй хүмүүстэй ярихаас айж байна. Бэлэвсэн эмэгтэйчүүд ганцаараа цаашид амьдарна гэхээс айж байна. Өсвөр насныхан хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, дунд сургуулийнхан хичээлийн анхны өдрөөс, их сургуулийн оюутнууд шалгалтынхаа дүнг сонсохоос айж байна. Бид амжилтгүй байх, гологдох, урам хугарах, хэнд ч танигдахгүй байх зэргээс айдаг. Бид хар салхи, газар хөдлөлтөөс мөн газар нутаг, амьдралыг сүйрүүлж буй гал түймрээс айдаг. Бид сонгогдохгүй байхаас, зарим нөхцөлд сонгогдохоос айдаг. Бид хангалттай сайн биш байгаадаа мөн Их Эзэнд бидэнд зориулсан адислал байхгүй байх вий гэдгээс айдаг. Бид өөрчлөлт хийхээс айдаг бөгөөд бидний айдас үймээн самуунд ч хүргэж болдог. Хүн бүрийн айдаг бараг бүх зүйлийг би багтаагаад хэлчихэв үү?

Эрт дээр үеэс айдас нь Бурханы хүүхдүүдийн харах өнцгийг хязгаарласаар ирсэн. Би Хаадын дэд дээрх Елишагийн түүхэнд үргэлж дуртай байсан. Сирийн хаан “шөнөөр ирж, хотыг бүслэхээр” их цэргийг илгээв.2 Бошиглогч Елишаг барьж, алах нь тэдний зорилго байсан. Бид

“Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад—Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв”3

Зарцын асуулт айж байгааг нь харуулж байлаа.

“[Елиша] хариулахдаа—Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв”4 хэмээн уншдаг.

Гэвч тэр үүгээр зогсоогүй.

“Тэгээд Елиша залбиран,—Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.”5

Бидэнд айдсыг маань арилгах, чөтгөрүүдийг ялан дийлэх галт тэрэгнүүд байхгүй ч үүнээс сурах зүйл нь энгийн тодорхой юм. Их Эзэн бидэнтэй хамт байгаа бөгөөд биднийг анхаарч, зөвхөн Өөрийнхөө адисалж чадах арга замуудаар адисалж байдаг. Залбирал нь Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиослолд бидний оюун санааг төвлөрүүлэхийн тулд бидэнд хэрэгтэй хүч чадал, илчлэлтийг боломжтой болгож өгдөг. Бид заримдаа айдсыг мэдрэх болно гэдгийг Их Эзэн мэдэж байсан. Зарим нөхцөлд би ч бас айдсыг мэдэрч байсан бөгөөд та нар ч бас мэдэрдэг. Иймээс судрууд Их Эзэний зөвлөгөөгөөр дүүрэн байдаг юм.

“Зоригтой байгтун, мөн бүү эмээ.”6

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”7

“Бүү ай, бяцхан сүрэг.”8 Би “бяцхан сүрэг” гэх энэ өхөөрдөм илэрхийлэлд дуртай. Магадгүй энэ Сүмийн хувьд бид дэлхийд чухал нөлөө үзүүлэхэд тооны хувьд цөөхөн мэт санагдаж болох ч өөрсдийн сүнслэг нүдийг нээхэд, “бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм.”9 Бидний хайрт Хоньчин, Есүс Христ “дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй”10 хэмээн цааш үргэлжлүүлсэн.

Айдсыг хэрхэн үгүй болгох вэ? Залуу зарцын хувьд, тэрээр Бурханы бошиглогч Елишагийн хажууд зогсож байсан. Бидэнд ч бас үүнтэй адил амлалт өгөгдсөн байдаг. Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг сонсож, түүний зөвлөгөөг анхаарах үедээ Бурханы бошиглогчтой хамт зогсож байна. Бошиглогч Иосеф Смитийн “Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!”11 гэсэн үгийг сана. Есүс Христ амьд. Түүнийг болон Түүний сайн мэдээг хайрлах бидний хайр айдсыг үгүй болгодог.

“Түүний Сүнсийг өөрсөдтэйгээ үргэлж хамт байлгах”12 бидний хүсэл мөнх бус амьдралыг илүү мөнхийн талаас нь харахын тулд айдсыг үлдэн хөөх болно. Ерөнхийлөгч Нэлсон “Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн сэрэмжлүүлсэн.13

Олон хүний зүрх сэтгэлийг хатууруулах мөн бүх нутгийг бүрхэх гай гамшгийн талаар Их Эзэн “Миний шавь нар ариун газруудад амьдарсаар байх болно, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй бөлгөө”14 хэмээн хэлжээ.

Мөн Тэрээр “Бүү тэвдэн сандар, учир нь, мөн эдгээр бүх зүйл тохиоход та нарт өгөгдсөн тэрхүү амлалтууд биелэгдэх болно гэдгийг та нар мэдэж болно”15 хэмээх тэнгэрлэг зөвлөгөөг өгсөн билээ.

Ариун газруудад зогсогтун—бүү тэвдэн сандар—амлалтууд биелэгдэх болно. Эдгээр нь бидний айдастай хэрхэн уялддагийг нэг бүрчлэн бодож үзье.

Эхлээд, ариун газруудад зогсогтун. Зөв шударга гэр орон, онцгойлон адислагдсан сүмийн байрууд, ариулан адислагдсан ариун сүмүүд зэрэг ариун газарт зогсож байхдаа бид Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байгааг мэдэрдэг. Бид санааг маань зовоож буй тэрхүү асуултуудад хариу олж эсвэл тэдгээрийн талаар санаа зовохоо больдог. Энэ бол үйлдэл дэх Сүнс юм. Дэлхий дээрх Бурханы хаант улс дахь эдгээр ариун газар нь бидний хүндэтгэл бишрэл, бусдыг хүндлэх хүндлэлийг мөн биднийг сайн мэдээний дагуу хамгийн сайнаараа амьдрахад, айдсаа хойш тавин, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний эдгээгч хүчийг эрэлхийлэх итгэл найдвартай байхад дууддаг.

Бурханы эдгээр ариун газарт эсвэл Түүний хүүхдүүдийн зүрх сэтгэлд айдас түгшүүр хурах зай байхгүй. Яагаад? Хайр байгаа учраас. Бурхан биднийг үргэлж хайрладаг бөгөөд бид ч бас Түүнийг хайрладаг. Бурханыг хайрлах бидний хайр бүхий л айдсыг няцаадаг ба Түүний хайр ариун газруудад бялхдаг. Бодоод үз дээ. Бид Их Эзэнд өгсөн амлалтдаа итгэлгүй байж, мөнх амьдрал руу хөтлөх замаас гажин, Түүний тэнгэрлэг төлөвлөгөөн дэх өөрсдийн ач холбогдолд эргэлзэж, сэтгэл гутрал, уур хилэн, урам хугаралт зэрэг айдсын бүхий л төрөлд зай тавьж өгвөөс Сүнс биднийг орхих ба бид Их Эзэнгүйгээр аялах болдог. Хэрвээ та энэ нь ямар байдгийг мэддэг бол энэ нь тийм ч сайхан нөхцөл байдал биш гэдгийг мэдэж байгаа. Үүний эсрэгээр, бид ариун газар зогсохдоо Бурханы хайрыг мэдэрдэг бөгөөд “учир нь төгс хайр бүх айдсыг зайлуулдаг.”16

Дараагийнх нь “Бүү тэвдэн сандар”17 хэмээх амлалт юм. Дэлхий ёс бус явдал, эмх замбараагүй байдлаар дүүрсэн ч Есүс Христэд итгэх бидний өдөр тутмын итгэлтэй байдалд “Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван” 18 амлагдсан байдаг. Христ сүр хүч хийгээд агуу алдар суундаа ирэхэд ёс бус явдал, эсэргүүцэл, шударга бус байдал төгсгөл болно.

Олон жилийн өмнө төлөөлөгч Паул манай цаг үеийн талаар залуу Тимотод ийнхүү бошиглон хэлжээ.

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.

Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, …

Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно.”19

Хөшигний хоёр талд “бидэнтэй хамт байх тэдгээр нь” мөн Их Эзэнийг бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлагчид нь “тэдэнтэй хамт байгчдаас илүү олон”20 байх болно гэдгийг санаарай. Хэрвээ бид Их Эзэнд мөн Түүний замд чин үнэнээсээ итгэдэг бол, хэрвээ бид Түүний ажилд оролцдог бол дэлхийн сөрөг өөрчлөлт чиг хандлагаас айхгүй мөн тэдгээрийн талаар санаа зовохгүй байх болно. Дэлхийн нөлөө, дарамтыг хойш тавьж, сүнслэг байдлыг өдөр тутмын амьдралдаа эрэлхийлэхийг би та нараас гуйж байна. Бурханы хайрладаг зүйлүүдийг, тухайлбал Түүний зарлигууд, ариун сүмүүдийг мөн Түүнтэй байгуулсан ариун гэрээнүүдээ болон Хүндэтгэлийн өдрийн ариун ёслол, залбирлаар дамжуулан харилцах харилцаа зэргээ хайрлах юм бол та нар тэвдэн сандрахгүй байх болно.

Миний та нарт өгөх сүүлчийн зөвлөгөө бол Их Эзэнд болон Түүний амлалтуудад итгэ. Түүний бүх амлалт биелэгдэнэ гэдгийг би мэднэ. Үүнийг би энэ ариун цуглаанд та нарын өмнө зогсож байгаатай адил баттай мэддэг.

“Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд---үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно”21 хэмээн Их Эзэн илчилсэн байдаг.

Тиймээс бид Их Эзэн Есүс Христэд үзүүлдэг үнэнч хичээл зүтгэл, үйлчлэлийг маань доромжлон шоолдог агуу хийгээд нүсэр барилгад байгаа хүмүүсээс болж мөн өнөө үеийн үймээн самуунаас болж тэвдэн сандрахгүй байх ёстой. Өөдрөг үзэл, эр зориг, тэр бүү хэл энэрэл нь асуудал бэрхшээл, үймээн самуунд түүртээгүй зүрх сэтгэлийн үр дүн байдаг. “Ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байдаг” ерөнхийлөгч Нэлсон бидэнд “Хэрэв үнэн рүү дайрч довтлох хүмүүсийн олон янзын үзэл бодол, зарчмыг анхааралтай шигшиж, ялган таних ямарваа нэгэн итгэл найдварыг бий болгоё гэвэл бид илчлэлт хэрхэн хүлээн авах талаар сурч мэдэх ёстой”22 хэмээн сануулсан.

Хувийн илчлэлт хүлээн авахын тулд бид сайн мэдээний дагуу амьдрахыг нэн тэргүүнд тавьж, бусдын төдийгүй өөрсдийнхөө итгэл үнэмшил, сүнслэг байдлыг дэмжихэд онцгойлон анхаарах ёстой.

Спэнсэр В.Кимбалл миний өсвөр насны бошиглогчдын нэг байсан. Төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараах сүүлийн энэ хэдэн жилд би түүний 1943 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс тайтгарлыг олж авсаар байна. Тэрээр төлөөлөгчөөр дуудагдсандаа ихэд сандарч байсан бөгөөд би ч бас энэ мэдрэмжийг мэднэ. Ахлагч Кимбалл “Би маш ихээр бодож, залбирч бас мацаг барьж залбирсан. Оюун санаанд маань маргаантай бодлууд орж ирэн, нэгэн дуу хоолой надад ‘Чи энэ ажлыг хийж чадахгүй ээ. Чи зохисгүй. Чамд энэ ажлыг хийх чадвар байхгүй’ гэж хэлж байлаа. Гэвч эцэст нь ‘Чи үүрэг даалгаврыг гүйцэтгэх ёстой, чи өөрийгөө чадварлаг, зохистой мөн чадвартай болгох ёстой’ гэсэн ялгуусан бодол орж ирсэн юм. Амар хялбар байгаагүй ч би тэмцлээ үргэлжлүүлсээр байсан”23 хэмээн хэлжээ.

Энэ хүчирхэг Сүмийн 12 дахь ерөнхийлөгч болох энэхүү төлөөлөгчийн цэвэр ариун зүрх сэтгэлийн гэрчлэлээс би урам зориг авдаг. “Үүрэг даалгавар гүйцэтгэх”-ийн тулд өөрийн айдсыг хойш тавин, өөрийгөө “чадварлаг, зохистой мөн чадвартай болгох” хүч чадлын төлөө Их Эзэнд найдан тулгуурлах хэрэгтэй гэдгийг тэрээр ойлгож мэдэж авсан. Бид ч бас тэгж чадна. Тэмцэл үргэлжилсээр байгаа, гэхдээ бид Их Эзэний Сүнстэйгээр тэдгээрийн эсрэг зогсох болно. Бид Их Эзэнтэй хамт зогсож, Түүний зарчмуудын төлөө мөн Түүний мөнхийн төлөвлөгөөний төлөө зогсож байх үед “тэвдэн сандрахгүй байх болно.” Учир нь бид ариун газарт зогсож байна.

Олон жилийн өмнө айдаст үндэслэсэн чин сэтгэлийн, хувийн шинжтэй асуултыг тавьсан миний охин, хүргэн хоёрын талаар юу хэлэх вэ? Тэд тэр оройн бидний яриаг нухацтай авч үзэн, залбирч, мацаг барьж, улмаар өөрсдийн дүгнэлтийг гаргасан байсан. Тэд итгэл, хайраар урагшилснаар долоон сайхан хүүхдийн эцэг эх болж адислагдсан бөгөөд тэдний төлөө бас өвөө эмээ болсон өөрсдийнхөө төлөө бид аз жаргал, баяр баясгалантай байдаг.

Зураг
Ахлаг Расбанд, Расбанд эгч нарын долоон ач, зээ

Өөдрөг бай, ах, эгч нар аа. Тиймээ, бид хүнд хэцүү цаг мөчид амьдарч байгаа ч гэрээний зам дээрээ үлдсэн тохиолдолд айх шаардлага бидэнд байхгүй. Та нар гэрээнийхээ зам дээр үлдсэнээр өөрсдийн эргэн тойрон дахь нөхцөл байдал эсвэл амьдралд тохиолдож буй гай зовлонгоос болж зовж түгшихгүй байхын төлөө би та нарыг адисалж байна. Ариун газруудад зогсон, шилжин нүүлгэгдэхгүй байхыг сонгохын төлөө би та нарыг адисалж байна. Есүс Христийн амлалтад мөн Тэр амьд, Тэр биднийг хамгаалж, бидэнд санаа тавьж, бидний хажууд зогсож байгаа гэдэгт итгэхийн төлөө би та бүхнийг адисалж байна. Бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн нэрээр, амен.