2010–2019
Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл
2018 оны 10-р сар


Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хүлээн авсан үзэгдэл үнэн гэдгийг би гэрчилж байна. Хүн бүр үүнийг уншиж, үнэнийг нь мэдэх боломжтой гэдэг гэрчлэлээ би хуваалцаж байна.

Ах, эгч нар минь ээ. Би хэлэх үгээ хайрт эхнэр Барбарагаа нас барахаас хэсэг хугацааны өмнө бэлдсэн байсан юм. Би болон манай гэр бүлийнхэн та бүхний хайр, сайхан сэтгэлд талархаж байна. Энэ өглөө намайг та нарт хандан ярьж байхад Их Эзэн адислаасай хэмээн би залбирч байна.

1918 оны 10-р сард буюу одоогоос зуун жилийн өмнө ерөнхийлөгч Жозеф Ф.Смит алдар суут нэгэн үзэгдэл хүлээн авсан юм. Тэрээр Их Эзэнд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бараг 65 жил үйлчилснийхээ дараа 1918 оны 11-р сарын 19-нд нас барахаасаа ердөө долоо хоногийн өмнө өрөөндөө суун, Христийн цагаатгагч золиослолын тухай тунгаан бодож, Аврагчийн цовдлуулсныхаа дараа сүнсний дэлхийд хийсэн тохинууллынх нь талаар төлөөлөгч Паулын бичсэнийг уншиж байжээ.

Тэрээр “уншиж байх зуур … агуу ихээр сэтгэлийг минь догдлуулав. … Эдгээр зүйлүүдийн талаар намайг тунгаан бодож байхад ойлголтын минь мэлмий нээгдэж, мөн Их Эзэний Сүнс над дээр байж, түүнчлэн бибээр нас барагсдыг … харав”1 хэмээн тэмдэглэн үлдээсэн байжээ. Энэхүү үзэгдлийн бүрэн бичвэр Сургаал ба Гэрээний 138-р хэсэгт цэдэглэгдсэн.

Онцгой илчлэлт хүлээн авахын тулд амьдралынхаа туршид бэлтгэсэн Жозеф Ф.-д илүү бүрэн дүүрэн талархаж болохын тулд зарим нэг үйл явдлыг өгүүлье.

Зураг
Иосеф болон Хайрум Смит нар морь унаж байгаа нь

Тэрээр Сүмийн ерөнхийлөгч байхдаа 1906 онд Наувуд зочлон, дөнгөж таван настай байсан үеийнхээ дурсамжийг эргэн боджээ. “Миний зогсож байгаа энэ газар бол [авга Иосеф, аав Хайрум хоёр] минь Картейж руу мориор явж байсан яг тэр газар юм. Аав мориноосоо буулгүй, эмээл дээрээ налан, намайг газраас шүүрэн авсан юм. Тэр баяртай гэж хэлээд, намайг үнсээд буулгасан бөгөөд би түүний давхин явахыг нь харсан билээ”2 гэж тэрээр хэлсэн.

Дараагийн удаа ээж Мари Фийлдинг нь Жозеф Ф.-ийг дээш өргөж, 1844 оны 6-р сарын 27-нд Картейжийн шоронд тэднийг зэрлэг балмадаар алуулан, бие биенийхээ дэргэд зэрэгцэн хэвтэж байсныг харуулжээ.

Хоёр жилийн дараа Жозеф Ф., гэрийнхэнтэйгээ болон итгэлтэй ээж Мари Фийлдинг Смитийн хамт Науву дахь гэрээсээ Винтэр Квортэрс рүү явжээ. Хэдийгээр найман нас хүрээгүй байсан ч Жозеф Ф. хөллөгийн шар унан, Айовагийн Монтрөүзээс Винтэр Квортэрс рүү явах шаардлагатай болсон ба дараа нь бараг арван настайдаа Солт Лэйкийн хөндий рүү хүрч очжээ. Хөвгүүд, залуу эрэгтэйчүүд та нар Жозеф Ф.-т хүүхэд насанд нь ямар үүрэг, хариуцлага оногдсоныг сонсоод, ойлгоно гэж найдаж байна.

Дөрвөн жилийн дараа буюу 1852 онд, арван гурван настайдаа хайрт ээжийгээ нас барахад Жозеф болон ах эгч нар нь өнчрөн үлджээ.3

Жозеф Ф. 15 настайдаа 1854 онд Хавайн арал дээр номлолд үйлчлэхээр дуудагдав. Гурван жил гаруй үргэлжилсэн номлол нь Сүмд үйлчилсэн амьдралынх нь эхлэл байсан юм.

Жозеф Ф. 1859 онд Ютад буцаж ирээд, гэрлэв.4 Үүнээс хойших дөрвөн жилд амьдрал нь ажил, гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг, дахин хоёр ч удаагийн номлолоор дүүрэн өнгөрөв. Жозеф Ф. 1866 оны 7-р сарын 1-нд хорин долоон настайдаа ерөнхийлөгч Бригам Янгийн үед төлөөлөгчөөр томилогдон, амьдрал нь үүрд өөрчлөгджээ. Дараа жилийнх нь 10-р сард тэрээр Арван хоёрын Зөвлөлийн сул орон тоон дээр дуудагдав.5 Тэрээр 1901 онд ерөнхийлөгч болохоосоо өмнө Бригам Янг, Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф, Лорэнзо Снөү нарын зөвлөхөөр тус тус үйлчилж байжээ.6

Жозеф Ф. эхнэр Жулинагийнхаа хамт анхны хүүхэд Мэрси Жозефинаа угтан авав.7 Дөнгөж хоёр нас хагастайдаа охин нь нас барсан юм. Түүнээс хойш удалгүй Жозеф Ф. “… Хонгорхон Жозефин маань нас бараад нэг сар болжээ. Өө, түүнийгээ нас биед хүрсэн эмэгтэй болгон өсгөхөөр аварч чадах л байсан байх даа. Би түүнийгээ өдөр бүр санаж, ганцаардаж байна. … Бяцхан хүүхдүүдээ хайрладаг шигээ тэднийг хайрлах минь буруу юм бол Бурхан миний сул талыг өршөөгөөч”8 хэмээн бичжээ.

Ерөнхийлөгч Смит амьдралынхаа туршид эцэг, эх, нэг ах, хоёр эгч, хоёр эхнэр, 13 хүүхдээ алджээ. Тэрээр уй гашууг болон хайртай хүмүүсээ алдах ямар байдгийг маш сайн мэддэг байв.

Жозеф Ф. хүү Албэрт Жэссигээ нас барах үед эгч Марта Энндээ Их Эзэнээс түүнийг аврахыг гуйж, “Яагаад ийм байна вэ? Өө, Бурхан минь, яагаад ингэх ёстой гэж?” асуусан тухайгаа бичиж байв.9

Тэр үед Жозеф Ф. залбирсан ч энэ талаарх хариултаа хүлээн аваагүй ажээ.10 Марта Эннд тэрээр үхэл, сүнсний дэлхийн талаарх сэдвээр “тэнгэр бидний толгой дээгүүр тоомжиргүй өнгөрсөн [мэт санагдсан]” хэмээн ярьжээ. Гэсэн хэдий ч Их Эзэний мөнхийн амлалтуудад итгэх түүний итгэл бат бөх, гуйвшгүй байв.

Түүний эрэлхийлсэн нэмэлт асуулт, тайвшрал, сүнсний дэлхийн талаарх ойлголт ерөнхийлөгч Смитэд 1918 оны 10-р сард хүлээн авсан гайхамшигтай үзэгдлээр Их Эзэний цагт иржээ.

Тэр жил түүний хувьд тун хэцүү, сэтгэлийг нь шаналгасан жил байсан. Тэрээр Дэлхийн аугаа их дайнд амь үрэгдэгсдийн тоо 20 гаруй сая болж өсөхөд ихэд гашуудаж байв. Түүнээс гадна, дэлхий даяар тархсан томууны халдвар зуун сая гаруй хүний амь насыг авч одсон байлаа.

Зураг
Ахлагч Хайрум Мак Смит

Тэр жилийн туршид ерөнхийлөгч Смит гэр бүлийнхээ хайртай гурван хүнийг алдав. Түүний ууган хүү буюу өвөө минь болох Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Хайрум Мак Смит мухар олгойн ивэрхийн улмаас нас барав.

Ерөнхийлөгч Смит: “Уй гашуугаас болоод надад хэлэх ч үг алга!… Зүрх минь эмтэрч, амьдрах ч хугацаа үлдээгүй бололтой. … Ай! Би түүнд хайртай байсан. Би түүнийг үүрд илүү их хайрлах болно. Ийм байна, цаашдаа ч миний охид, хөвгүүдийн хувьд ийм байх болно. Гэхдээ тэр минь миний ууган хүү, баяр баясгалан болоод хүмүүний дундах төгсөшгүй бөгөөд хүндэт нэгэн нэрийн найдвар авчрах анхны хүү минь байсан. Миний бие сэтгэл зүрхнийхээ гүнээс Бурханд талархаж байна! Гэхдээ, ай! Тэр минь надад хэрэгтэй байсан. Бид бүгдэд тэр минь хэрэгтэй байсан. Тэр Сүмд хамгийн их хэрэгтэй хүн нь байсан. … Тэгээд одоо … Ай! Би юу хийж чадах билээ? Өө! Бурхан минь, надад туслаач!”11 гэж бичиж байжээ.

Дараа сард нь ерөнхийлөгч Смитийн хүргэн Алонзо Кэслэр автомашины ослоор эмгэнэлтэй байдлаар нас барав.21 Ерөнхийлөгч Смит тэмдэглэлдээ “Хамгийн аймшигтай бөгөөд зүрх зүсэм осол гэр бүлийнхнийг минь асар их уй гашууд нэрвүүлэв”13 гэж бичсэн байв.

Долоон сарын дараа 1918 оны 9-р сард ерөнхийлөгч Смитийн бэр буюу миний эмээ болох Айда Баумэн Смит тав дахь хүү, авга Хайрумыг төрүүлэх үедээ нас баржээ.14

Дайн ба өвчний улмаас нас барсан хэдэн сая хүн болон гэр бүлийнхнийхээ нас барсан хэд хэдэн хүний төлөө маш их гашуудаж байсан ерөнхийлөгч Смит “нас барагсдын гэтэлгэлийн үзэгдэл” хэмээн нэрлэгдсэн тэнгэрлэг илчлэлтийг 1918 оны 10-р сарын 3-нд хүлээн авав.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Тэрээр энэхүү илчлэлтээ дараах өдөр нь буюу 10-р сарын Ерөнхий чуулганы нээлтийн хуралдаан дээр дурджээ. Ерөнхийлөгч Смитийн эрүүл мэнд муудсаар байсан ч “энэ өглөө би оюунд минь буусан олон зүйлийг ярьж эхлэхийг хичээхгүй, ярьж эхэлж ч зүрхлэхгүй, харин хожмын өдрүүд хүртэл оюунд минь байгаа, зүрхэнд орших зүйлсийн заримынх нь талаар ярихаа Их Эзэний хүслээр хойшлуулах болно. Сүүлийн таван сар би ганцаараа амьдраагүй. Би залбирал, тусламж хүссэн, итгэл, шийдвэрийн сүнсэнд оршин байсан бөгөөд Их Эзэний Сүнстэй үргэлжлүүлэн харилцаж байлаа”15 хэмээн товчхон ярьсан юм.

10-р сарын 3-нд хүлээн авсан илчлэлт түүний зүрх сэтгэлийг тайвшруулсан бөгөөд олон асуултад нь хариулт өгчээ. Бид мөн энэхүү илчлэлтийг судлан, өдөр бүрийн амьдралынхаа арга замд үүний ач холбогдлыг тунгаан бодсоноор, бид, бидний хайртай хүмүүс нас бараад, сүнсний дэлхий рүү явах үед нь ирээдүйн талаар илүү ихийг мэдэж авч, тайвширч болно.

Ерөнхийлөгч Смитийн үзсэн олон зүйлийн дотор Аврагч загалмай дээр амиа өргөснийхөө дараа сүнсний дэлхийд итгэлтэй хүмүүс дээр айлчилсан тухай байв. Энэ үзэгдлийг би эш татъя.

“Гэвч болгоогтун, зөв шударгыг үйлдэгчдийн дундаас тэрбээр өөрийн хүчийг зохион байгуулж, мөн элч нарыг томилон хүч чадал хийгээд эрх мэдлээр хувцаслаж, мөн урагш одон харанхуйд байсан тэдэнд, бүр хүмүүний [мөн эмэгтэйчүүдийн];16 бүх сүнснүүдэд сайн мэдээний гэрлийг хүргэн, … мөн тийн сайн мэдээ нь нас барагсдад номлогддог байлаа.

Бурханд итгэх итгэл, нүглээс наманчлах, нүглүүдийн ангижралын тул төлөөлөн хийх баптисм, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртээхийг тэдэнд заадаг байлаа,

“Мөн тэд махан бие дэх хүмүүсийн дагуу шүүгдэж, харин Бурханы дагуу сүнсэнд амьдрахад өөрсдийгөө тохирохоор болгохын тулд тэдний хувьд мэдэх шаардлагатай сайн мэдээний бусад бүх зарчмыг болой.

Учир нь нас барагсад өөрсдийнх нь сүнс биенээс нь салаад их удсаныг боолчлол хэмээн үздэг ажгуу.

Тэдэнд Их Эзэн зааж, мөн нас барагсдаас тэрээр амилагдсаны дараа, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралаар титэмлэгдэх түүний Эцэгийн хаант улсад орохын тулд урагш гарч ирэх хүчийг тэдэнд өгчээ,

Мөн Их Эзэнээр амлагдсанчлан тэр цагаас хойш хөдөлмөрөө үргэлжлүүлж, мөн өөрийг нь хайрладаг тэдний төлөө хадгалагдаж байсан бүх адислалыг хүртэгчид байх тэрхүү хүчийг буюу.”17

Зураг
Иосеф Смит, Хайрум Смит хоёрын хөшөө

Уг үзэгдэлд ерөнхийлөгч Смит өөрийн эцэг Хайрумыг болон бошиглогч Иосеф Смитийг харжээ. Энэ нь Наувуд жаахан хүү байхдаа тэднийг харснаас хойш 74 жилийн дараа тохиолджээ. Хайртай аав, авга хоёроо харсан түүний баяр хөөрийг бид зөвхөн төсөөлж л чадах байх. Бүх сүнс төгс бус бие махбодтойгоо адил хэвээр үлддэг бас амлагдсан амилуулалтын өдрөө сэтгэл догдлон хүлээж байдаг гэдгийг мэдсэн нь түүнд нөлөөлж тэр тайвширсан байх. Үзэгдэл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ төлөөх төлөвлөгөө, Христийн гэтэлгэгч хайр, Түүний Цагаатгалын юутай ч зүйрлэшгүй хүчний цар хүрээ, хэмжээг илүү бүрэн илчилсэн.18

Энэ зуун жилийн онцгой тэмдэглэлт ойгоор би та нарыг энэхүү илчлэлтийг сайтар тунгаан уншаарай хэмээн урьж байна. Та нарыг үүнийг унших үед Их Эзэн та нарыг Бурханы хайр, Түүний хүүхдүүдийнхээ төлөөх аврал, аз жаргалын төлөвлөгөөг илүү бүрэн дүүрэн ойлгох, талархах сэтгэлээр адислах болтугай.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хүлээн авсан үзэгдэл үнэн гэдгийг би гэрчилж байна. Хүн бүр үүнийг уншиж, үнэнийг нь мэдэх боломжтой гэдэг гэрчлэлээ би хуваалцаж байна. Энэ амьдралдаа энэхүү мэдлэгийг хүлээн авдаггүй хүмүүс сүнсний дэлхийд бүх хүнийг хүрэлцэн ирэх үед үүний үнэн бодитойг мэдэх нь гарцаагүй. Тэнд бүх хүн Бурханыг, Их Эзэн Есүс Христийг авралын агуу төлөвлөгөөнийх нь төлөө мөн бие, сүнс дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэх үед амлагдсан амилуулалтын адислалуудынх нь төлөө хайрлан, магтан дуулах болно.19

Зураг
Барбара Баллард эгч

Эрхэм Барбарагаа хаана байгааг болон гэр бүлийнхэнтэйгээ үүрд дахин хамт байх болно гэдгийг мэдэж байгаадаа би хэчнээн их талархалтай байна гээч. Их Эзэний амар амгалан биднийг одоо мөн үүрд дэмжиж байх болтугай хэмээн би Их Эзэн Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 138:6, 11.

  2. Joseph F. Smith, in Preston Nibley, The Presidents of the Church (1959), 228.

  3. Joseph Fielding Smith, Life of Joseph F. Smith (1938), 13.

  4. Тэрээр 1859 онд Лэвира Кларктай, 1866 онд Жулина Лэмбсонтэй, 1868 онд Сара Ричардстай, 1871 онд Эдна Лэмбсонтэй, 1883 онд Алис Кимбаллтай, 1884 онд Мари Шварцтай гэрлэжээ.

  5. Жозеф Ф.Смит Тэргүүн Зөвлөлийн (Бригам Янг, Хибэр С.Кимбалл, Даниэл Х.Вэллс нарын) зөвлөхөөр нэмж дуудагджээ. Тэрээр мөн Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф, Лорэнзо Снөү зэрэг Сүмийн гурван ерөнхийлөгчийн үеийн Тэргүүн Зөвлөлд хоёрдугаар зөвлөхөөр үйлчилжээ.

  6. Жозеф Ф.Смит Бригам Янгийн тэргүүлж байх үеийн Тэргүүн Зөвлөлд зөвлөх, Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф, Лорэнзо Снөү нарын үеийн Тэргүүн Зөвлөлд хоёрдугаар зөвлөхөөр тус тус үйлчилж байжээ. Тэрээр ерөнхийлөгчөөр дуудагдахаасаа өмнө Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн Сүмийн анхны ерөнхийлөгч байв.

  7. Жозеф Ф.-ийн анхны хүүхэд Мэрси Жозефин 1867 оны 8-р сарын 14-нд төрж, 1870 оны 6-р сарын 6-нд нас баржээ.

  8. Жозеф Ф.Смитийн тэмдэглэл, 1870 оны 7-р сарын 7, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лэйк Сити, Юта.

  9. Joseph F. Smith to Martha Ann Smith Harris, Aug. 26, 1883, Church History Library; Richard Neitzel Holzapfel and David M. Whitchurch, My Dear Sister: The Letters between Joseph F. Smith and His Sister Martha Ann (2018), 290–291-ийг үзнэ үү.

  10. Олон тохиолдод Их Эзэн Жозеф Ф.Смитийг төлөөлөгч, Сүмийн ерөнхийлөгчийнх нь хувиар хувийн амьдралд нь болоод тохинуулалд сүнслэг зүүд, илчлэлт, үзэгдлээр удирдаж байсан. Их Эзэнээс ирсэн эдгээр үнэ цэнтэй бэлэг нь түүний тэмдэглэл, номлол, дурдатгал, Сүмийн албан ёсны баримт дээр бичигдсэн байдаг.

  11. Joseph F. Smith, journal, Jan. 23, 1918, Church History Library; spelling and capitalization modernized; Joseph Fielding Smith, Life of Joseph F. Smith, 473–474-ийг үзнэ үү.

  12. “A. [P.] Kesler Is Killed in Fall from a Building,” Ogden Standard, Feb. 5, 1918, 5.

  13. Joseph F. Smith, journal, Feb. 4, 1918, Church History Library.

  14. “Ida Bowman Smith,” Salt Lake Herald-Republican, Sept. 26, 1918, 4.

  15. Joseph F. Smith, in Conference Report, Oct. 1918, 2.

  16. “Бүхний алдар суут Ева эх” болон “… үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэн биширч асан, итгэлт охид” (Сургаал ба Гэрээ 138:39)-ыг үзнэ үү.

  17. Сургаал ба Гэрээ 138:30, 33–34, 50–52.

  18. 1918 оны 11-р сарын 19-нд ерөнхийлөгч Смитийг нас барснаас 11 хоногийн дараа, Deseret News-ийн 11-р сарын 30-ны дугаар дээр үзэгдлийн тухай бичвэр анх нийтлэгдсэн. Improvement Era, 12-р сарын дугаар болон Relief Society Magazine, 1919 оны 1-р сарын дугаар, Utah Genealogical and Historical Magazine, Young Women’s Journal, Millennial Star-д хэвлэгдсэн.

  19. Хэдий мөхлийн хөвгүүд амилуулагдах ч Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хайраа харуулж, тэднийг алдаршуулахгүй харин алдар суугийн хаант улсыг хүлээн авдаг тэд үүнийг хийх болно. Aлма 11:41; Сургаал ба Гэрээ 88:32–35-ыг үзнэ үү.