2017
Би Тантай үүрд хамт амьдармаар байна!
January 2017


Бидний гэр орон, гэр бүл

Би Тантай үүрд хамт амьдармаар байна!

Энэхүү өгүүллийн зохиогч Бүгд Найрамдах Доминикан улсын Санто Домингод амьдардаг.

Зургаан настай хүүхдийн итгэл намайг итгэлээ олж авахад тусалсан.

Намайг 22 настай байхад ээж минь өнгөрч, амьдрал маань орвонгоороо эргэсэн юм. Миний ээж, аав хоёр агуу итгэлтэй хүмүүс байсан бөгөөд намайг сайн мэдээнд өсгөж хүмүүжүүлсэн билээ. Ээжийг өнгөрөхөд аав амьдарч байсан улсаасаа АНУ руу нүүв. Би айлын ганц хүүхэд байсан тул цаг хугацаа өнгөрөх тусам улам их ганцаардаж байв. Ээж минь энэ дэлхий дээр миний дэргэд байхгүй, аав минь хол амьдарч, жилдээ гуравхан долоо хоног л барааг нь хардаг байлаа.

Ингээд би коллежийн “найз нөхөд,” ажиллаж байсан газраасаа тайтгарах аргаа хайх болсон юм. Улмаар дэлхийн зүйлсээс хуурамч аз жаргалыг бага багаар эрэлхийлэх болов. Би сүмдээ явахаа больж, яваандаа Сүмийн идэвхгүй нэгэн боллоо. Хожим нь би сайн мэдээний тухай мэддэггүй ч маш зарчимч нэгэн гайхамшигтай залуутай гэрлэсэн юм. Бид Леа, Исаак, Ишмэйл гэсэн гурван хүүхэдтэй боллоо.

Зураг
Mother and daughter

Зургийг Келли Макморрис

Нэгэн удаа аравдугаар сард аав маань шинэ төрсөн хүүхдийг минь эргэж ирэв. Түүнийг зочилж ирээд байх үед зургаан настай Леа өвөөгөөсөө яагаад эмээтэй хамт ирдэггүйг нь асуужээ. Аав минь тэгэхэд эмээ нь Тэнгэрлэг Эцэгтэй ойр байдаг онцгой газарт байгаа хэмээн тайлбарлаж өгчээ. Аавыг явангуут Леа надад “Би эмээтэйгээ уулзмаар байна. Би түүнийг тэнгэрт байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ хэзээ нэгэн өдөр эмээ, өвөө, аав, Исаак, Ишмэйл, та, би бүгдээрээ тэнд хамтдаа байгаасай хэмээн би хүсэж байна. Би тантай үүрд хамт амьдармаар байна. Бид энд байдаг шигээ бас яг энэ гэр бүлээрээ эмээтэйгээ тоглож байхыг хүсэж байна” хэмээн нухацтай нь аргагүй хэлэв.

Би юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Би түүний хөөрхөн гэнэн царайнд гараа хүргэж илчихээд, унтлагын өрөө рүүгээ оров. Би өвдөг сөгдөн суугаад, нулимсаа бартал уйллаа. Би Тэнгэрлэг Эцэгээс өөрийгөө өршөөхийг гуйв. Бид мөнхийн гэр бүл болж хамтдаа амьдрах боломж олгодог замаас гарсан байсныг би ойлгов. Би тэднийг зөв замаар удирдан авч явах үүрэг хариуцлагаа биелүүлж чадсангүй. Мөн би нөхөртэйгөө сайн мэдээний талаар ярилцаагүй байв.

Би босох тэнхэлтэй болж сөхөө аваад, Сүмийн удирдагчтай холбоо барихад тэрээр тойргийн маань ахлагчидтай холбож өгсөн юм. Тэр оройдоо тэд манайд ирж, нөхөрт минь сургаал заав. Тэр оройноос эхлэн бидний амьдрал мөнхөд өөрчлөгдсөн юм. Одоо бид гэр бүлээрээ ням гараг болгон сүмдээ явж байгаа. Би идэвх султай эгч нарт туслах боломжтой дуудлагад дуудагдсан. Бид бас ариун сүмд орохоор бэлтгэж байна.

Бурханы Ариун Сүнс биднийг заримдаа төсөөлж ч байгаагүй хүмүүсээр минь дамжуулан удирддаг. Энэ удаа уг хүн нь миний зургаан настай охин байсан. Би ариун сүмд лацдан холбуулснаар гэр бүлийнхэнтэйгээ үүрд хамт амьдарч болно гэдгийг одоо мэддэг болсон.