2017
Залбирлын талаарх таван амлалт
January 2017


Залбирлын талаарх таван амлалт

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Тэнгэрлэг Эцэг Өөрт нь талархал өргөж, Өөрөөс нь адислал хүсэж, сүнслэгээр өсөж хөгжихийн тулд Өөртэй нь шууд харилцах арга зам болгон залбирлыг өгсөн. Заримдаа толгой бөхийн, гараа урдаа аваад, цөөн хэдэн энгийн бөгөөд чин сэтгэлийн үгс хэлэхэд л хангалттай. Гайхалтай биш гэж үү? Залбирснаар хүлээн авдаг таван амлалт буюу адислал байдаг.

1 Даван туулах хүч чадал

Хүн төрөлхтөн бид бие махбод, сэтгэл санаа, сүнс, оюун санааны хувьд маш олон арга замаар сул дорой байдаг. Бид уралдаанд түрүүлж, шалгалтаа амжилттай өгөн, уруу таталтыг эсэргүүцэж эсвэл бүр Сүнсийг мэдрэхийн тулд хичээн чармайж болох ч залбирал л бидэнд амьдралд тохиолдож болох ямар ч зүйлийг даван гарахад шаардлагатай хүч чадлыг өгч чадна.

Нифайн хэлснээр “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7). Хэрэв Их Эзэний хүсэл мөн бол хийхийг хичээж буй ямар ч сайн зүйлээ хийх хүч чадлыг Их Эзэн бидэнд өгөх болно.

Уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлын төлөө залбир. Шалгалтандаа төвлөрч, үр бүтээлтэй суралцах хүч чадлын төлөө залбир. Гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцах хүч чадлын төлөө залбир. Хүч чадлын төлөө залбир, тэгээд Тэр таныг хүчирхэг болгох болно.

Зураг
Pray for strength

Зураг чимэглэлийг Клэйтон Томпсон

2 Уучлал

Төгс төгөлдөр байх тухай бодох сайхан ч бид бүгд төгс бус. Бид алдаа гаргадаг. Энэ бол амьдралын нэг хэсэг. Гэхдээ Их Эзэн тэдгээрийг засаж залруулах боломжоор буюу Есүс Христийн Цагаатгалын хүчээр хангадаг. Түүний хүч чадлыг олж авах нэг арга зам бол залбирал юм.

Бид залбирлаар дамжуулан өршөөлийг эрэх үедээ Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нүглээсээ өршөөгдөж чадна. Илүү ноцтой нүгэл үйлдсэн хүмүүст бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн тусламж хэрэгтэй байдаг ч хувийн, чин сэтгэлийн залбирал үргэлж өршөөлийн хамгийн анхны алхам байх болно. Энэ нь Тэнгэрлэг Эцэгээс өршөөл гуйж байна уу эсвэл хэн нэгнийг уучлахад туслахыг гуйж байна уу адилхан үйлчлэх болно. Тэр бүү хэл тэрээр бидэнд өөрсдийгөө уучилж сурахад туслах болно.

Зураг
Pray for forgiveness

3 Мэдлэг ба удирдамж

Хувийн илчлэлт нь та нарын бодож олсон, ялангуяа шинэ Мючелийн урианаас бодож олсон залбирлаас ирдэг хамгийн анхны амлагдсан адислал байж болно. Иосеф Смитэд аль сүмд нэгдэх талаар мэдлэг дутсан учраас Ариун ойн цоорхойд өвдөг сөгдөн суугаад, асуултаа тавьсан бөгөөд маш чухал арга замаар хариултаа хүлээн авчээ.

Гэхдээ илчлэлт нь зөвхөн бошиглогчдод өгдөг зүйл биш бөгөөд өвөрмөц онцгой туршлага байх албагүй. Хэрэв бид ямар нэгэн зүйл дээр мэргэн ухаанаар дутвал Бурханаас асууж болно мөн асуух ч хэрэгтэй. Тэрээр заримдаа бидний хүсэн хүлээсэн арга замаар хариулдаггүй ч ямар ч байсан хариулах болно. Их Эзэн асуултуудад маань хариулж, амьдралаа удирдахад тусалж чадна. Гэхдээ бид өөрсдөө эхэлж гуйх ёстой.

Зураг
Pray for knowledge

4 Их Эзэний тааллыг гүйцэлдүүлэх хүсэл

Үнэндээ зарим үед бид Их Эзэний бидэнд байгаасай гэж хүсэхгүй байгаа зүйлсийг байлгахыг хүсдэг учраас үүнийг адислал гэж үзэхэд хэцүү байж болно. Гэхдээ бид жинхэнээсээ хөрвөгдөж, Их Эзэний тааллыг гүйцэлдүүлэх хүсэлтэй байхаар залбирах үедээ бидний хүсэж байгаа зүйл Түүний хүсэж байгаа зүйлтэй адилхан болж эхэлж байгаа гайхамшгийг анзаарах болно.

Энэхүү зүрх сэтгэлийн өөрчлөлт тэр даруй ирдэггүй. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Бидний олонхын хувьд хөрвүүлэлт нь цаг хугацаа шаардсан үйл явц бөгөөд энэ нь хүчтэй буюу сэтгэл хөдөлгөсөн үйл явдлын үр дүнд бий болдог нэг удаагийн явдал биш юм. Шат шатаар, дүрэм дүрмээр, яваандаа, бараг мэдэгдэлгүйгээр, бидний үйл хөдлөл, бодол, үгс, үйлс нь Бурханы хүсэлтэй нэгдэн нэг болдог” (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 132) гэж хэлсэн.

Зураг
Pray for desire

5 Амар амгалан

Биднийг залбирах үед ирдэг амлагдсан нэг адислал бол Ариун Сүнснээс ирдэг тайтгарал, амар амгалан юм. Эцсийн эцэст Түүнийг Тайтгаруулагч гэж нэрлэдэг шүү дээ. Амар амгалан нь хүнд хэцүү цагт ч ирдэг гэдэгт бүү эргэлз. Иохан 14:27 дээрх Их Эзэний амлалтыг сана. “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.” Хэрэв бид гуйвал эцэстээ амар амгалан ирэх болно.

Залбирал нь хайрт Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах шулуун зам юм. Үүнийг ашигла мөн үүний төлөө таныг адислах боломжийг Түүнд олго. Эдгээр адислалыг чин сэтгэлийн залбирлаар дамжуулан хүлээн авсныхаа дараа залбирлаар дамжуулан зүрх сэтгэлийн талархлаа илэрхийлэхээ санаарай.

Зураг
Pray for peace