Жил тутмын нэвтрүүлэг
Тэнгэр элчүүд ба сүрдэн гайхширтал заах


Тэнгэр элчүүд ба сүрдэн гайхширтал заах

Сүмийн Боловсролын Системийн сургалтын шууд нэвтрүүлэг • 2019 оны 6-р сарын 12 • Сүмийн удирдах албаны байрын төв тэнхим

Түүний нээлтийн залбиралд, Питэрсон ах аа, та хаана байна? Та нээлтийн залбиралдаа “гэр бүл” гэсэн үг хэрэглэсэн нь надад тэр үед ч, одоо ч гэсэн гүн сэтгэгдэл төрүүлсэн. Би гэр бүл маань гэж хэлж болох та нартайгаа хамт жил тутмын үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш их баярлаж байна. Энд хэлэгдсэн бүх үг, Вэбб ах, Бингам эгч, Бингам эгч биш, Кордон эгч, ахлагч Кларк нарын хэлсэн үгс намайг урамшуулан зоригжууллаа. Би хэлэх үгээ тэр гурвын хэлсэн үгсэд уялдуулахын төлөө залбирч байна.

Би та нартай энд мэндчилэхдээ Питэрсэн ахын дурдсанаар та нарыг үнэхээр, чин сэтгэлээсээ “гэр бүлээ” гэж боддог бөгөөд та бүхнийг үүнд итгээсэй гэж хүсэж байна. Хорооны гишүүд ч гэсэн ингэж боддогт би эргэлзэхгүй байгаа ч миний хувьд арай онцгой юм. Пат бид хоёр анхны СБС-ийн гэрээндээ 54 жилийн өмнө, зуны яг энэ цагт гарын үсэг зурж байсан ба түүнээс хойш бидний амьдрал бараг жил болгон та нартай ямар нэгэн байдлаар, яаж ийгээд холбогдох болсон. Бид хоёр өөрсдийн амьдрал, замналыг Шашны институт, семинарт зориулахаар шийдэхдээ, энэ нь бидний хувьд ямар хүчтэй, салшгүй холбоотой зүйл болж хувирахыг мэдээгүй. Өөрсдөдөө итгэлгүй байсан бидэнд эхний жилүүдэд хамт ажиллаж байсан багш, зохицуулагч, удирдагчид болон бусад хүний нөхөрлөл, ах, эгч дүүсийн үнэнч хайр байгаагүй бол цааш ийн итгэл дүүрэн явах боломжгүй байх байсан гэж би үнэхээр боддог. Хамгийн анх хөтөлбөрт орж ирэх үеэс эхлэн үүссэн харилцаа одоо хагас зууны дараа ч гэсэн хамгийн сайхан найз нөхдийн харилцаануудын маань нэг хэвээрээ байна. Мэдээж, өнгөрсөн он жилүүдэд бидний зааж сургаж, хайрлаж ирсэн хэдэн зуун, үнэндээ хэдэн мянган суралцагчдаа энд нэмж дурдах нь зөв байх. Сүмийн Боловсролын Систем дэх гэр бүлийн энэ харилцаагаа бид хэзээ ч битгий алдаасай гэж би залбирч байна. Энэ нь бидний үйлчлэхийг хүссэн нэг шалтгаан юм.

Би эхлээд та нарт хайртайгаа илэрхийлэхийн зэрэгцээ Сүмийн бүх ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан та нарыг ямар их хайрладаг, та нарт ямар их итгэж найддагийг уламжилмаар байна. Яг хэдэн цаг зарцуулдгийг би мэдэхгүй ч (тэд намайг дараа нь залруулна байх) манай ерөнхий эрх мэдэлтэн болон ерөнхий албан тушаалтнууд цагийнхаа 30-35 хувийг Сүмийн залуучуудын талаар, ерөнхийдөө та нарын ажилладаг, зааж сургахаар даалгасан насны бүлгийнхний, бас та нар дээр ирэхээр бэлтгэгдэж буй хүмүүсийн тухай ярилцахад ямар нэг хэлбэрээр зарцуулдаг. Үүнийг бидний зөвлөл, хорооны цуглаандаа ямар их цаг зарцуулдгаас мөн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн манай туслах бүлгийн ерөнхий албан тушаалтнуудаас харж болно. Бид тэдний амьдарч буй дэлхий ертөнц, тулгарч буй сорилт бэрхшээл (төлөөлөгч Кларк, Кордон эгч хоёр энд хэлсэн үгэндээ дурдсан), бүр балчир наснаас нь тэдэнд тулгардаг өвөрмөц бодит асуудлынх нь талаар ярилцдаг. Бодит байдалд тулгардаг зүйлс бүгд биш юм гэхэд, зарим нь муу муухай байдаг. Энэ залуучуудад бүхий л туслалцаа дэмжлэг хэрэгтэй бөгөөд аз болоход тэд тусламж авах боломжтой. Бурхан энэ хөлөг онгоцны залуур дээр байгаа бөгөөд энэ нь эрэг рүү аюулгүй ирэх болно. Тэрээр үүнд шаардагдах бүх бэлтгэлийг хангасан.

Жишээлбэл, Иосеф Смитийг Анхны үзэгдлээ хүлээн авсан яг тэр насанд нь бид суралцагчдаа семинарын хөтөлбөрт хүлээн авдгийг би тохиолдлын зүйл гэж огтхон ч бодож байгаагүй. Бидний Тэнгэр дэх Эцэг Иосефыг 14 орчим насандаа агуу бошиглолын үйл хэргээ эхлүүлэхэд хангалттай төлөвшсөн байна гэдгийг мэдсэн гэж би боддог. Тэгвэл бид бас бусад залуучууд ч гэсэн энэ насандаа Есүс Христийн сайн мэдээний тухай төлөвшсөн гэрчлэлийнхээ эхлэлийг тавьж, уг гэрчлэлээ ирэх он жилүүдэд хөгжүүлж (бидний найдаж байгаачлан), мөнхөд үргэлжлэх хүчирхэг хөтлөгч хүчин болгохыг харж болно гэж бодож болох болов уу.

Тиймээс л Их Эзэн манай хөтөлбөрийн бүтцийг нэгэн хүү, охины төлөвшиж эхлэх гайхалтай насанд, зүрх сэтгэлийг нь хөндөж, тэдэнтэй эрчимтэй харилцаж, ганцхан Хүндэтгэлийн өдрийн нэг хичээл дээр тулгуурлалгүй, долоо хоногийн туршид дорвитойхон заахаар боловсруулан гаргахад сүнсээр өдөөсөн юм. Сүм нь гэр оронд илүү төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сургалтын хөтөлбөрт шилжиж байгаа энэ үед СБС-ийн долоо хоногийн дундуурх болон гэрээр суралцах хөтөлбөрийн анхаарал энэ чиглэлд үргэлж төвлөрдөг гэдгээр бид бахархаж болно. Одоогийн энэ өөрчлөлт институт, семинарыг Сүмийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий чиг хандлагад урьд хожид байгаагүй ихээр ойртуулж байгаа юм.

Би энэ сэдвээр үг хэлэх боломжоо ашиглан, тэргүүлэх ах нар Сүмийн дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрийн хуанлитай семинарын сургалтын хөтөлбөрийг уялдуулан холбохыг биднээс хүссэн нь бидэнд хүндэтгэл үзүүлж буй хэрэг байсныг дурдъя. Кордон эгчийн цохон тэмдэглэснээр, бид ийм хүндлэлийг хүлээн авах нь нэг хэрэг, харин удирдах зөвлөлийн дарга маань ийм хүндлэл үзүүлэх нь огт өөр хэрэг юм. Хэн манай удирдах зөвлөлийн дарга болохыг би сануулъя. Ерөнхийлөгч Нэлсон энэ өөрчлөлтийг зарлахдаа ийн хэлсэн.

[Ерөнхийлөгч Нэлсоны видео бичлэгийг оруул]

“2020 оноос эхлэн семинарын судлах хичээл жил тутмын хуанли руу шилжиж байна. Ангиудад Ирээд, Намайг дага хөтөлбөрт ашиглаж байсан судрыг судлах болно. Энэхүү өөрчлөлт гэртээ болон Ням гаргийн хичээл дээр мөн семинарт сайн мэдээг нэгдмэл байдлаар судлах гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжигдсэн арга замыг сайжруулах болно.

Би та бүхнийг уг өөрчлөлтийн тухай бодож үзэхдээ ирээдүйнхээ тухай тунгаан бодоход урьж байна. Урьд өмнө нь байгаагүй агуу нөлөөг дэлхийд үзүүлэх таны чадавх Их Эзэн Есүс Христэд үзүүлэх сүсэг бишрэл, хичээл зүтгэлээс бүрэн шалтгаалах болно. Та нарын хүн нэг бүр хамт амьдардаг хүмүүстээ Түүний сайн мэдээг зааж туслах үүрэгтэй. Институт, семинар нь гэр орноо итгэлийн дуган буюу Есүс Христийн сайн мэдээг зааж, судалж, үүний дагуу амьдарч, хайрладаг газар болгон өөрчлөхөд тань туслах болно.”

Та нарын хувьд ямар болохыг мэдэхгүй ч би энэ хөтөлбөр дээр нэлээн урт хугацаанд ажилласан тул миний бодлоор яг энэ асуудлын талаар онцгойлон, хувь хүнд хандан урамшуулан ярьдаг Сүмийн ерөнхийлөгч байгаагүй олон жил болсон. Үүнд нь би ерөнхийлөгч Нэлсонд талархдаг. Энд олон жил үйлчилсэн хүний хувьд миний санаж байгаагаар одоо хийгдэж буй том, жижиг өөрчлөлтийн үеэр Ах нар урьд хожид байгаагүй ихээр институт, семинарын ажилтнуудтай болон бодлого журамтай шууд тулж ажиллан, тэдгээрийн тухай ярьж, анхаарч үзэх болсныг хэлье. Сүмийн Боловсролын Системийн гэр бүлд байх ямар гайхалтай сайхан цаг үе вэ!

Одоо энэ бүхний гол зорилго руу болон өнөөдөр цугларах болсон болон өдөр бүр, долоо хоног тутам зааж сургадаг гол шалтгаан, бидний анхаарал, хайр халамжийн төв болох суралцагчид руугаа оръё. Ахлагч Кларкийн болон бусдын хэлснээр, дэлхийд шашингүй үзэл улам бүр газар авч, шашин шүтлэгийг ихэнхдээ үгүйсгэдэг, цаашилбал гутаан доромжилдог нийгэмд амьдрахдаа манай залуу эмэгтэй, эрэгтэйчүүдэд итгэлээ хамгаалах шаардлага тулгардаг ба бид тэдэнд хэрхэн илүү их тусалж, үлгэр дуурайл үзүүлж болоход суралцах ёстой. Манай итгэлтэй залуусын болон тэднийг хүрээлэн буй дайсагнах дэлхийнхний хоорондын зайг ерөнхийд нь авч үзвэл өдөр ирэх тусам өргөсөж байна. Үүнийг хожмын өдрүүдийн тухай бошиглолын хүрээнд авч үзвэл “ойлгомжтой” хэдий ч энэ талаарх яриаг тийм ч таатай мөн үүнтэй нүүр тулах явдлыг тийм ч сайхан болгодоггүй. Дэлхийнхний энэ товчхон дүгнэлтэд манай суралцагчдыг зарим онцлог зан чанараас нь болж “Z үеийнхэн” гэж өхөөрдөн нэрлэдэг. Эдгээр зан чанар нь зааж сургахад бидэнд тулгардаг зарим бэрхшээлийг тодруулдаг.2

  • Тэд үргэлж ямар нэг зүйлд уягдсан байдаг. “Тэд интернэтгүй эсвэл гар утасгүй [эсвэл чихэвчгүй] дэлхийг огт мэдэхгүй. [Тэдний хувьд] Гүүгл үргэлж байсан.”3 Тэд хэзээ ч дугаараа эргүүлж залгадаг утсыг үзээгүй эсвэл утасны бүхээг гэж нэрлэдэг зүйлээс утасдаж байгаагүй. Гэхдээ зүгээр ээ. Яагаад гэвэл, энэ бүлгийнхэн мессеж бичихийг илүүд үздэг.

  • Тэд хаа сайгүй байх цахим сүлжээгээр дамжуулан маш бага, бүр балчир насандаа порнографын аймшигт хор хөнөөлд өртдөг.

  • Тэд “өдөр тутмын амьдралынх нь нэгэн хэсэг ... ижил хүйстний гэрлэлт, трансжэндэрүүдийн эрхийг … [дэмждэг]. Z үеийнхний дунд ядаж нэг ЛГБТ найзгүй хүн ховор.”4 Энэ нийтэч зангаас нь болж нөхөрлөл болон зөвтгөх байдлын хоорондын нарийн шугам бүдгэрч эхэлдэг.

  • “Тэд Христийн шашны дараах үеийнхэн билээ. Тэдний (өөрсдийн ХҮГ суралцагчдыг биш, харин дэлхийнхнийг хэлж байгаа болно) буюу Америкийн насанд хүрэгчдийн бараг дөрөвний нэг (23 хувь), мянганыхны гуравны нэг нь ямар нэгэн шашин “шүтлэггүй” гэж мэдүүлсэн байна. Олон Z үеийнхэн ямар ч шашин шүтлэггүй, шашны талаар ямар ч ойлголтыг [тэдэнд өгдөггүй], [эсвэл наад захын орчин бүрдээгүй] гэр оронд өсөн торниж байна.”5

  • Саяхан Австралийн өсвөр үеийнхний дунд шашин шүтлэгт хандах хандлагын талаар хийгдсэн судалгаагаар 52 хувь нь ямар ч шашин шүтлэггүй, дөнгөж 37 хувь нь Бурханд итгэдэг гэж гарсан нь дуулиан дэгдээсэн.6

  • Пастор, зохиолч Жэймс Эмэри Вайт тэдний сүнслэг байдлын талаар олон удаа бичсэн юм. Тэрээр ингэж хэлсэн байдаг. “Нэгдүгээрт, тэд алдагдсан хүмүүс. Тэд зүгээр нэг Христийн шашны дараах үед амьдарч, төлөвшиж байгаа юм биш ээ. Тэдэнд сайн мэдээний талаар дурсан санах нэг ч зүйл байдаггүй. Сүнслэг байдлын хувьд бичиг үсэгт ч тайлагдаагүй байдал нь энгийнээр хэлэхэд гайхмаар. [Хоёрдугаарт], тэдэнд удирдагч гэж байдаггүй. Гэр бүлийнхэн нь удирдамж заавар бараг өгдөггүй ба интернэтээс удирдамж заавар авах гэж оролдохын ч хэрэггүй биз ээ.”7

  • USA Today сонинд гарсан нийтлэлд өгүүлснээр, Z үеийнхнийг бидний мэдэх нийгмийн хамгийн ганцаардмал дэд бүлэг гэжээ.8 Уг нийтлэлийн 2010 оны БЯИС-ийн судалгаанаас эш татсан хэсэгт “Ганцаардал хүний амьдрах насанд өдөрт 15 тамхи татахтай адил нөлөөлдөг нь үүнийг хэт таргалалтаас илүү аюултай зүйл болгож байгаа юм”9 гэж дүгнэжээ.

  • 13 настай америк охидын 53 орчим хувь нь бие махбоддоо сэтгэл дундуур байдаг байна. Энэ тоо манай охидыг 17 нас хүрэхэд 78 хувь болж өсдөг аж. Залуу охидын 50, залуу хөвгүүдийн 30 хувь нь хоол идэхгүй алгасах, мацаг барих, тамхи татах, бөөлжих, туулгах эм уух зэрэг жин хасах эрүүл бус зан үйлдэл гаргадаг байна.10

  • Эцэст нь хэлэхэд, тэд нэг зүйл дээр анхаарлаа удаан хугацаанд төвлөрүүлж чаддаггүй. Зарим судалгаанд Z үеийнхний анхаарлаа төвлөрүүлэх чадвар дунджаар 8 секунд байдаг гэж мэдээлжээ.11 Би тэднийг энд танилцуулсан эхний гурван суманд л алдах байсан.

Үнэндээ институт, семинарын багш нар тэр бүх асуудлыг нэг шөнийн дотор шийдэж чадахгүй. Гэхдээ Ах нар та бүхнийг мэдлэг сайтай, сайн бэлтгэгдсэн, сүнслэг байдлын хувьд нийцсэн байж, эдгээр асуудалтай холбоотой асуулт гарч ирэх болгонд авч хэлэлцэн, болж өгвөл шийдвэрлэнэ гэдэгт итгэдэг. Та нар долоо хоногийн дундуур биднээс илүү, Сүмийн бараг бүх багшаас ч илүү суралцагчидтай ойр дотно байдаг тул үүнийг хийхдээ ухаалаг хандана уу. Гэхдээ Ах нар та нараас албан ба албан бус байдлаар, ангид ба ангиас гадуур Сүмийн бодлого, зан үйл, сургаалыг заахад туслаасай гэж хүсэн, хүлээдэг гэдэгт итгээрэй.

Нээлттэй бай, ялангуяа Сүнсэнд нээлттэй бай. Хичээлийн төлөвлөгөөндөө бага ч гэсэн зай үлдээ. Хэрэв та гэрчлэлээ хуваалцаж, орчин үеийн асуудлын талаар хэлэлцүүлэг хийхийн тулд хичээлийн цагаас авах хэрэгтэй бол үүнийг Сүнсний удирдамжаар, зохимжтой гэдгийг мэдрэх үедээ хийгээрэй.

Мэдээж та үүнийг өөрийн эрхийн хязгаарыг давж, өөрсдийн биш санваарын эсвэл туслах бүлгийн удирдагчийн үүрэг рүү оролгүйгээр хийх ёстой. Тэрхүү нарийн олсон дээгүүр алхах нь эхнээсээ л манай системийн асуудал байсан, цаашид ч байсаар байх болно. Үүн дээр алхахад эрүүл ухаан болон Сүнсний удирдамж хэрэгтэй ч энэ даалгаврыг хүлээн авах нь зүйтэй бөгөөд хичээл зүтгэл гаргаж байгаад тань Ах нар баярлаж байгаа. Энэ бүхэн чухал мөн бүх түвшинд хүрэх захиас тодорхой бөгөөд дэс дараатай байх ёстой.

“Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ? … Та нар … чуулганы босгон байгуулалтад үүгээрээ гаргууд байхыг хичээ.”12 (эшлэл дуусав)

Мэдээж бидний цаг үед ийм гайхамшигтай хүчнүүд үйлчилж байхад манай залуучуудыг танай ангиас алхаж гаран, дэлхийнхэн рүү эргэж орох үед юу ч итгэлийг нь гуйвуулж, замаас нь хазайлгаж чадахааргүй байхаар сайн мэдээг хүчтэй заах шаардлага тавигдаж байна Тиймэрхүү заах аргачлалын талаар ярихад амархан ч хийхэд хэцүү гэдгийг би ч, та нар ч мэднэ. Гэхдээ бидний хүн нэг бүр байгаагаасаа илүү сайн болох боломжтой. Бид заримдаа байдгаасаа илүү хүчирхэг багш болж чадна. Энэ хэцүү ажилд хандахдаа өнөөдөр миний та нартай өнгөрүүлсэн цагаас нэг зүйлийг санана уу. Суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг санаарай. Сайн мэдээний багшийн хувьд бид сүнслэг гал асаагчид байх ёстой. Бидний хичээл гал гаргадаг хэрэгсэл байх ёстой. Бид гал гаргагч донтнууд буюу “донтон” гэсэн үгийг нь хасаад, зүгээр л “гал гаргагчид” юм. Та нарыг Ах нарт юм уу цагдаад намайг мэдүүлэхээс өмнө би үүнийг тайлбарлая.

Мормоны Номд гардаг зааж сургахтай холбоотой чухал түүхэнд тухайн цаг мөчийн талаар өгүүлэхдээ, тэр хүн “хүч хийгээд эрх мэдэлтэйгээр”13 заасан гэх үгсийг хэрэглэсэн байдаг нь намайг үргэлж гайхшируулдаг. Би заахдаа үүнийг хүсдэг ба та нар ч гэсэн хүсдэг байх гэж найдаж байна

Битгий буруу ойлгоорой. Би дуугаа өндөрсгөх, толилуулгадаа жүжиглэлт оруулах, ялангуяа хуурамч сэтгэл хөдлөл харуулах тухай яриагүй. Би үндсэндээ сүнсний асуудлын талаар, та нар өөр өөр байдгийн адил өөр өөр арга замаар илэрч гардаг сүнсний талаар ярьж байна. Та өөрөөрөө байх ёстой. Та Брүс Макконки, Боид Пакэр эсвэл Рассэлл Нэлсон болж чадахгүй ч гэсэн яагаад тэр багш нар бидэнд ийм байдлаар нөлөөлдгийг өөрсдөөсөө асуух нь зүйтэй. Тиймээс агуу багш нараас (өмнөх болон өнөө үеийн) чадлынхаа хэрээр суралц. Мэдээж эцэст нь та энгийн, өөрийн арга замаар зааж сургах хэрэгтэй. Гэхдээ ямар ч арга барил байсан үр дүн нь хүчтэй бөгөөд эрх мэдлээр заах явдал байх ёстой.

Би Мормоны Номд цэдэглэгдсэн хоёр жишээг ашиглая. Хиламан 5:1-д Нифай, Лихай хэмээн өвөг дээдсийнхээ нэрээр нэрлэгдсэн хоёр хүн Зарахемла нутгийн леменчүүдэд заах үүрэг авсан түүх тэмдэглэгдсэн байдаг. Нифай, Лихай хоёр тэр хэцүү бэрх хүмүүсээс гадна “тэрслэгчдэд” буюу Бурханы бошиглогчдын эсрэг тэмцэхийн тулд леменчүүд рүү очиж нэгдсэн урвагч нифайчуудад заах даалгаврыг бас хүлээн авчээ. Та нар юу гэж ойлгодгийг би мэдэхгүй ч, миний хувьд тэр хоёр бүлэг хүн даваа гаргийн өглөө уулзахыг яаравчлан хүсдэггүй өстөн дайсныг төлөөлдөг. Энэ үед леменчүүд дайсагнасан, уурласан, ямар шалтгаанаар гэдгээ мартсан хэрнээ нифайчуудаас хариу авахаар шийдчихсэн хүмүүс байв. Дараа нь энэ нь хангалтгүй гэсэн шиг та нар Есүсийн оронд өмнө нь мормон гэгдэж, санваарын чуулгын пристүүд байсан мөн номлолд хүртэл үнэнчээр үйлчилсэн ч одоо замаасаа төөрөлдсөн ганц хоёр орон нутгийн урваж шарвасан хүмүүстэй тааралдана (“мормон” гэсэн үгийг хэрэглэсэн нь би биш, тэд юм шүү). Нэгэн үе тэд бидэнд зааж байсан ч одоо тэд бидний, Бурханы хаант улсын эсрэг заадаг болсон.

Гэсэн хэдий ч тэр хоёр бүлгийнхэнд Нифай, Лихай хоёр хэрхэн хандсан талаар сударт өгүүлэхдээ, “Тэд агуу хүчээр номлож, үүний хэрээр тэд нифайчуудыг орхин одсон тэрслэгчдийн олныг нь шившиглэж[ээ]. … Мөнхүү улиран тохиох дор [тэд] леменчүүдэд [ч гэсэн] тийм агуу хүч хийгээд эрх мэдэлтэйгээр номлож, учир нь тэд ярьж болохын тулд тэдэнд хүч мөн эрх мэдэл өгөгдсөн байв, мөн түүнчлэн тэдний ярих ёстой зүйл тэдэнд өгөгдсөн байв”14 хэмээсэн байдаг. Одоо надтай хамт түр амсхийнэ үү. Түр амсхийгээд, Сүмийн Боловсролын Системийн эсвэл Сүмийн бүх багш энэ хоёр зүйлийг буюу хэрхэн ярихаа мөн ярихдаа юу хэлэхээ мэддэг байсан бол ямар гайхалтай сайхан байхыг эргэцүүлэн бодно уу. Энэ нь таны төрөлх хэл дээр байсан ч гэсэн жинхэнэ хэлний бэлэг байх байсан. Миний ойлгосноор энэ нь тэр хоёр эрийг заах үед өгөгдсөн бэлэг гэдэг нь илт. Тэдэнд “ярьж болохын тулд … хүч мөн эрх мэдэл өгөгдсөн байв, … тэдний ярих ёстой зүйл … өгөгдсөн байв. Тиймийн тул тэд леменчүүдийн агуу гайхал бахдалыг төрүүлэн … ярив.”15

Гайхал бахдал гэсэн үг Мормоны Номын өмнөх түүхэнд өгүүлсэн ямар нэгэн зүйлийг санагдуулж байна уу? Мозая 27-г авч үзье. Алма болон Мозаягийн хөвгүүд “Бурханыг эсэргүүцэн яв[сан].” 11-р шүлэгт “Их Эзэний тэнгэр элч тэдэнд үзэгдэв; мөн тэрээр үүлэнд байсан мэтээр доошлон ирэв; мөн тэрээр тэдний дээр нь зогсож байсан газрыг доргиход хүргэсэн аянгын дуу лугаа адил дуу хоолойгоор ярив”16 гэжээ.

Шууд л дахин нэг редакторын тайлбар өгч байгаад намайг уучилна уу. Тэнд үнэхээр бүрэн хэмжээний газар хөдлөлт болсон гэж та бодож байна уу? Хэрэв та Рихтерийн шаталбараар хэмжих багажийг 40 тохой бүрд суулгахад газар хөдлөлтийн хэмжээ зургаа эсвэл найм эсвэл есөд хүрэхэд далайн гүнд цунами үүсэж, дэлхийн бүх гадаргууг өөрчлөх байсан гэж бодож байна уу? Магадгүй, тийм ч байж болох юм. Заримдаа болдог ч байх. Ийм зүйл болох байсан ч яг энэ тохиолдолд (энэ түүхийн хүрээнд) болоогүй гэж би бодож байна. Би үүнийг Их Эзэний хувь хүнд илгээдэг, хувь хүнд зориулсан газар хөдлөлтүүдийн нэг байсан гэж боддог. Алма болон Мозаягийн хөвгүүдийн хувьд газар хөдлөлт болсон ч өөр хэн нэгний хувьд болсон эсэхийг хэн ч мэдэхгүй гэж бодож байна.

Таныг хичээл заах явцад ийм зүйл тохиолдож байсан гэдэгт би итгэлтэй байна. Таны хэлсэн ямар нэгэн зүйл суралцагчид тань маш хүчтэй нөлөөлж, нүүр нь хувхай цайж, эсвэл нулимс нь дусалж эсвэл аль аль нь болж, бодгалийнх нь гүнд нөлөөлж байхад баруун юм уу зүүн талд нь суугаа суралцагч юу ч болоогүй мэт сууж байгаа харагддаг. Ийм зүйл номлолын талбарт байнга болдог. Та үүнийг мэднэ. Танд ч ийм зүйл тохиолдож байсан! Нэг орон сууцны цогцолборт номлогчид нэгэн гэр бүлд хичээл зааж байлаа. Тэднийг 106 тоот байрны хосод дээврийг нь авч хаяхуйц, газар хөдлөм, зүрх сэтгэлийг нь өөрчилсөн хичээл зааж байх үед хажуугийн 105 тоотын хүмүүс Америкийн шүтээн шоуг баяртай нь аргагүй үзэж, 107 тоотынхон Грийн Бэй Пакэрс, Сан Франциско 49 хоёрын тэмцээний оноог хайна. Геологийн хэллэгээр, Рихтерийн шаталбараар хэмжигдэх газар хөдлөлт болно гэж би амлахгүй ч миний бодлоор Их Эзэн, судрууд суралцагчийн зүрх сэтгэлийг угаас нь өөрчлөн, хөл доорх газрыг нь хөдөлгөдөг хувийн газар хөдлөлтийг үргэлж амладаг. Харин одоо намайг өршөөнө үү. Би сэдвээсээ хазайчихлаа!

Мозая 27-гийн 12-р шүлгийг үргэлжлүүлэн уншъя.

Алма болон Мозаягийн хөвгүүдийн “сүрдэн гайхсан нь маш их байснаас тэд газарт унаж, тэгээд өөрсдөд нь ярьсан [тэнгэр элчийн] үгсийг ойлгосонгүй. …

Мөн эдүгээ Алма болон түүнтэй хамт байсан тэд газарт унав, учир нь тэдний сүрдэн гайхсан нь асар их байв; учир нь Их Эзэний тэнгэр элчийг тэд нүдээрээ харсан болой; мөн түүний дуу газрыг доргиох аянга лугаа адил байв. …

Мөн эдүгээ Алмагийн сүрдэн гайхширсан нь маш их байсан учир тэрээр хэлгүй болов, амаа ч нээж чадахгүй байлаа; тийм ээ, тэрээр доройтон бүр гараа ч хөдөлгөж чадахгүй болжээ.”17

Сүмийн Боловсролын Системд ийн байгаасай гэж миний найдаж, бодож, залбирч явдаг зүйл бол үнэхээр сүрдэн гайхширтал заах явдал юм. Бид тэдгээр суралцагчийг сүрдэн гайхшируулах хэрэгтэй бөгөөд үүнийг Есүс Христийн сайн мэдээг зоригтой, чин сэтгэлээсээ заадаг мэргэжлийн эсвэл сайн дурын багш нарт өгөгддөг “Бурханы хүч болон эрх мэдэлтэйгээр”18 үйлдэх хэрэгтэй. Та нар сүрдэн гайхах гэсэн үгийн үндэс юу болохыг мэдэх үү? Шинэчлэгдсэн египет эсвэл еврей хэлээр ямар үгээс гаралтайг нь би мэдэхгүй ч англи хэлэнд энэ нь “tonare” буюу аянга гэсэн утгатай үгээс гаралтай.19

Энэ нь яагаад Алма хөрвөгдсөнийхөө дараа “Ай би тэнгэр элч болж, зүрхний минь хүсэл гүйцэлдэх болоосой, тиймээс би явж мөн Бурханы бүрээн дуугаар, газар дэлхийг сэгсрэх дуу хоолойгоор ярьж мөн хүмүүс болгонд наманчлалыг зарлаж болдог ч болоосой!

Тийм ээ, наманчлалыг мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг, газар дэлхийн бүхий л гадаргуу дээр дахин харамсал үгүй байж болохын тулд тэд наманчилж мөн Бурханд ирэхийг бодгаль болгонд аянгын дуун мэт зарлахсан би”20 гэж хэлснийг ойлгоход тусалж байна уу?

СБС-ийн эрхэм найзууд аа, Алма яагаад тэнгэр элчийн нөлөөллийг мөн Бурханы бүрээ мэт сонсогдох, газар дэлхийг сэгсрэх аянгын дуу хоолойг хүссэн нь ойлгомжтой биш гэж үү? Энэ нь энгийн зүйл. Түүнийг өөрчилж чадсан зүйл нь бусдыг ч бас өөрчилж чадна! Суралцагчид нуруугаараа харж хэвтэн, бүтэн гурав хоногийн турш наманчилна. Тэд асар ихээр ариуссан тул үүний дараа хэзээ ч нөлөөллөөс нь холдолгүй, Бурханы хаант улсыг байгуулахад өөрийн амьдралыг мөнхөд, бүрэн дүүрэн зориулах болно. Үүнийг л хүчтэй заах гэж хэлнэ. Бид Алмагийн адил тэнгэр элч биш гэдгээ мөн суралцагчидтайгаа уулзах болгондоо ийм байдлаар нөлөөлж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ манай СБС-ийн дуудлага, мэргэжлүүдийн нэг сайн тал нь бидэнд үүнийг хийхийг хичээх боломж олгодогт оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд ангийн хүрээнд үүнийг хийх гэж оролдох боломж ахин дахин олддог.

Одоо Хиламан 5 руу эргэж оръё. Нифай, Лихай хоёр бас л тэнгэр элч байгаагүй бөгөөд агуу зорилго, захиастай, “агуу хүч болон эрх мэдэлтэйгээр” заадаг сайн, мөнх бус дэлхийн багш нар байсан гэдгийг бүү март. Энэ хоёр 8000 лемен хүн “наманчлалд хүргэгдэн баптисм хүртэж,”21 Бурханы Сүмд ирэхийг харсан. Энэ түүхэнд та нарын мэдэж байгаагаар тэнгэрээс гал бууж ирэн, Сүнс дотор нь дөл мэт шатан, олноороо цугларсан энэ “суралцагчдын” зүрх сэтгэл үнэнээр дүрэлзэн ассан. Өөрийн туршлага дээр тулгуурлахад, 8000 гэдэг бол дэлхийн хаана ч, аль ч номлолын талбарт, ямар ч хамтрагчийн хувьд долоо хоног тутмын бүсийн тайлангийн маш сайн үзүүлэлт байх байсан.

Та бүхэн бодгаль нь галд шатахын зэрэгцээ үйлчлэхийн төлөө бие махбодоороо галд шатсан нэгэн багш, суралцагчийн тухай ярих дахин нэг боломжийг надад олгоно уу.

Абинадай бол миний хувьд өсвөр наснаасаа эхлэн судрын бүх жишиг бүтээл дотроос хамгийн их биширч явдаг бошиглогчдын маань нэг юм. Абинадай энэ үйл явдалд хэний ч танил биш, бошиглогчийн удмынх бус, алдартай гэр бүлээс гарал үүсэлгүй хүн хэмээн гардаг. Абинадай Зенифийн харгис хэрцгий хаанчлалын уналтын үеэр Зенифийн хүү, сул дорой өв залгамжлагч хаан Ноаг наманчлалд дууддаг. Та нар энэ түүхийг мэднэ.

Ноа тэр даруй алах тушаал буулган, Абинадайг зугтахад хүргэсэн. Хоёр жил нуугдсаны дараа Абинадай дахин зааж, гэрчлэхээр гарч ирдэг. Би энд түр зогсож, энэ бүхэнд уг бошиглогчийг хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлээр хандсанд инээмсэглэмээр байна. Тэр 24 сарын турш ганцаар бөглүү газар амьдарч байснаа гэнэт танигдахгүйн тулд гадна дүр төрхөө хувирган хувцаслаж ирэнгүүт түүний амнаас хамгийн түрүүнд “Тийн Их Эзэн надад зарлигласан буюу, хэлрүүн---Абинадай, явагтун мөн миний энэ хүмүүст бошигло”22 гэсэн үгс гарсан байлаа. Энэ үед зүсээ хувиргах ямар хэрэгтэй байсан юм бол гэж надад бодогдсон ч бид түүний итгэл, тууштай зан чанарынх талаар тэр болгон боддоггүй.

Хаан Ноа болон түүний ордныхны жигшүүрт хэргийн эсрэг зоригтой бошиглосны хариуд Абинадайг баривчлан, улмаар түүнийг шийтгэхээр шүүхийн өмнө авчирчээ. Энэ зөвлөлийн өмнө хайр найргүй байцаагдсан агуу бошиглогч “тэдний бүх асуултуудыг давж гаран, мөн өөрсдийнх нь бүх үгсэд тэднийг ичгүүрлэсэн аж.”23 Тэгээд тэр хамгаалалтаасаа довтолгоо руу шилжин, Мормоны Номд өгөгдсөн хамгийн хүчирхэгт тооцогдох таван бүлэг хагас номлолыг айлдаж эхэлдэг. Түүнийг дөнгөж эхлэнгүүт хаан Ноа үйлдсэн нүглээсээ ичиж, хорсон, түүнийг алахыг тушаадаг.

Энэ бүхэн Арнолд Фрайбэргийн гайхамшигт уран зурагт24 дүрслэн харуулсантай адилхан биш ч ойролцоо дүр зургийг миний зүрх сэтгэлд үлдээсэн нэгэн үйл явдлын суурийг тавьдаг. Ямар ч байсан хоригдол Абинадайг тухайн цаг үед хэрэглэгдэж байсан гав гинжээр хүлсэн байх нь гарцаагүй. Түүний насыг бид мэдэхгүй. Фрайбэрг түүнийг хөгшин хүнээр дүрсэлсэн байдаг ч сударт тэгж гардаггүй. Би түүнийг хэдэн настай байсныг мэдэхгүй. Бие нь хүчирхэг байсан уу? Энэ талаар мэдэхгүй. Гэхдээ тэрээр хоёр жил ганцаар бөглүү газар, хоолтой, хоолгүй амьдарч байгаад дөнгөж ирсэн байсан. (Елиаг хэрээнүүд тэжээж байсныг бод.25 Та нар хэрээний сарвууг харж байсан уу? Тэр жижигхэн далавчит амьтан ямар нэгэн том захиалга авч нисдэг байсан гэж би бодохгүй байна.) Бид мэдэхгүй. Гэхдээ Абинадай өлсөж, ядарч, нөхцөл байдлын улмаас бие махбодын хувьд сульдан доройтсон байсан байх. Ямар ч байсан,

“Энэ хүнийг зайлуул, мөн түүнийг хөнөө; … бид түүгээр юу хийхэв. … хэмээн хаан Ноаг хашхирахад

Мөн тэд урагш босож мөн түүний дээр гараа хүрэхийг оролдов; гэвч тэрээр тэднийг эсэргүүцэж, мөн тэдэнд хэлэв:

Надад бүү хүр, учир нь хэрэв та нар надад гар хүрвэл Бурхан та нарыг цохих болно, учир нь дамжуулахын тулд Их Эзэн намайг илгээсэн тэрхүү мэдээг би дамжуулаагүй байна. …

Учир нь Их Эзэний Сүнс түүний дээр байв; мөн түүний царай үлэмж гэрлээр, бүр Мосе Синай ууланд Их Эзэнтэй ярьж байсан үеийнхтэй адилаар туяаран байв.

Мөн тэрээр Бурханаас авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр ярьж байв.”26

“Хүч ба эрх мэдэл.” Дахиад л энэ үг гарч байна. Би энэ хэлэх үгэндээ Абинадайг оруулан бичихдээ, түүний түүхэнд тэр “хүч, эрх мэдэлтэйгээр зааж байсан” гэсэн үгээр эхэлж төгсдөгийг мартсан буюу мэддэггүй байсан. Найзууд аа, хуудсан дээр бэхээр бичсэнийг унших нь нэг хэрэг, харин түүнийг оюуны мэлмийгээрээ харж, аянгын дуу хоолойгоор зүрх сэтгэлдээ сонсох нь өөр хэрэг юм. “Надад бүү хүр, учир нь хэрэв та нар надад гар хүрвэл Бурхан та нарыг цохих болно.”27 Би энэ үгсийг нулимс дуслуулахгүйгээр уншиж бараг чаддаггүй юм. Энэ нь одоо ч гэсэн миний зүрх сэтгэлд сүрлэг, зоригтой, асар хүчтэй сонсддог. Тэрээр хашхирч хэлсэн гэх ямар ч тэмдэглэл байдаггүй. Түүнийг бас биеэ хөдөлгөсөн гэх ямар ч тэмдэглэл байдаггүй. Зэвсэглэсэн хамгаалалтад, гав гинжээр хүлэгдсэн тэрээр юу ч хийж чадах билээ дээ. Гэвч түүний юу гэж хэлсэн болон хэрхэн хэлсэн байдал үр дүнтэй байсан бололтой. Би яагаад “бололтой” гэж хэлсэн бэ гэвэл, дараагийн дөрвөн бүлгийн турш нэг ч хамгаалагч түүнийг суллах оролдлого хийгээгүй мөн хаан Ноа болон түүний нэг ч санваартан үг хэлсэн гэх ямар ч тэмдэглэл байдаггүй.

Бид ийм маягаар зааж сургах, судар дээрх гайхалтай жишээнүүдийг бүгдийг дурдах боломжгүй ч тэднийг хаанаас ч олж болно. Би та нарыг бүгдээрээ тэдгээрийг олж, эргэцүүлэн бодож, уг бэлгээс бидний дуудлагад тааруулан өгөхийг хүсэхэд урьж байна.

Ийм маягаар зааж сургах нь ихийг шаарддаг бөгөөд эзэмшихэд амаргүй. Би ийм маягаар хэрхэн заахыг мэддэг байсан бол аль хэдийн амжилттай сайн заадаг болсон байх нь гарцаагүй. Гэхдээ би нэг зүйлийг сайн мэднэ. Та нар ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсдэггүй бол эцэс төгсгөлгүй ертөнцөд ч гэсэн чин сэтгэлээсээ хүсэхийг өөрийн суралцагчдад зааж чадахгүй гэдгийг би мэднэ. Би үүнийг дахин давтан хэлье.Та ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсдэггүй бол чин сэтгэлээсээ хүсэхийг өөрийн суралцагчдад зааж чадахгүй. Мэдээж тэрхүү чин сэтгэлээсээ хүсэхийн эх сурвалж Абинадайн хэлсэн дараах үгсэд оршино. “Учир нь Их Эзэний Сүнс түүний дээр байв; мөн түүний царай үлэмж гэрлээр туяаран байв.”28

Хэрэв Сүнс нь ахлагч Вэббээс эхлэн гайхалтай багш нарын энэ индэр дээрээс зааснаар сүрдэн гайхширтал зааж сургахын түлхүүр юм бол, нөгөө л хуучин тэмдэглэлээсээ харах, хамт ажилладаг багшийнхаа жишээг ашиглах эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг уйтгартай ярих зэрэг нь асар их эрсдэлтэй юм. Тэдгээр нь дор бүрнээ, анхны удаадаа гайхамшигтай байдаг. Тиймээс хичээлээ хөгжилтэй, нэгэн хэвийн бус байлгахгүйн тулд хүссэнээ ашиглаж болно. Гэхдээ аливаа үгийг хэлэхэд танд юу мэдрэгдэх вэ гэдэг нь хамгаас чухал зүйл юм. Юу ч үүнийг орлож чадахгүй. “Би тэнгэр элч болж … газар дэлхийг сэгсрэх дуу хоолойгоор ярь[даг] … ч болоосой!”29 Суралцагч бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг сана. Бид үүнийг маш сайн хийж чадах юм бол цахиур чулуу цохиж, гал гаргадаг яг энэ чадварынхаа ачаар галд шатаагдсан хүмүүстэй хэзээ нэгэн цагт уулзаж болох юм. Тиймээс дэлхий даяарх алдар суугийн тэнгэр элч болох та нар гадагш явахдаа, хандан ярьж байгаа хүмүүстээ анхаарлаа хандуулах буюу явж, суралцагчдадаа сүрдэн гайхширтал заа. Энэ бол тэнгэрээс өгөгдсөн ажил гэдгийг би гэрчилж байна. Та нарын дуудлага бас тэнгэрээс өгөгдсөн гэдгийг би гэрчилж байна. Ах, эгч нар аа, энэ бол Бүхнийг Чадагч Бурханы ажил юм. Би ямар нэгэн үлгэр домогт амьдралаа зориулаагүй. Би ч, та нар ч гэсэн Петрийн буруутгагдана гэж хэлсэн буюу болж бүтэхгүй зүйл, арга залиар бий болгосон худал хуурмагийн хойноос гүйхэд амьдралаа зориулаагүй. Энэ бол үнэн юм. Энэ бол уран зальхай үгтэй зохиол биш юм. Би өөрийн амьдралыг зориулсан, та нар ч өөрсдийн амьдралыг зориулж байна. Миний мэдэх хамгийн сайн хүмүүс өөрийн амьдралыг зориулсан, зориулж ч байгаа. Энэ бол Бүхнийг Чадагч Бурханы үнэн бөгөөд үүний талаар зааж буй та нарыг үүрд мөнхөд адислах болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.