2022 оны онцгой цугларалтууд
Амьдралыг тань өөрчилж чадах ганц асуулт


Амьдралыг тань өөрчилж чадах ганц асуулт

Ерөнхийлөгч Нэлсоны оролцох, залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2022 оны 5-р сарын 15-ны ням гараг

Хайрт ах, эгч нар аа, бид та нартаа маш их хайртай. Та нарын хүн нэг бүрийг гэртээ аваачиж чаддаг ч болоосой гэж бид хүсэж байна. Юу юунаас илүүтэй, өнөө орой Ариун Сүнсний танд заах зүйл таныг Гэртээ харихаар илүү сайн бэлтгэхэд туслаасай хэмээн бид залбирч байна. Том Г үсгээр эхэлсэн гэрт шүү дээ.

Амьдралыг тань өөрчилж чадах ганц асуултын талаар би та нарт хандан энэ орой ярья. Энэ ганц асуулт таны өөртөө итгэх итгэл, бүтээмж, анхаарлыг болон тодорхой сэтгэн бодох, хайрлах чадвар, талархлыг нэмэгдүүлж; сэтгэлийн түгшүүр, амьдрал дахь стрессийг бууруулахаас гадна урам зориг өгч, сэтгэл санааг өргөн, алсын харааг өргөсгөж мөн уруу таталтыг эсэргүүцэн, хууран мэхлэлтийг илрүүлж, илүү сайн шийдвэр гаргахад тусална. Энэ асуулт танд баяр баясгалан, тайтгарал, хайр, амар амгаланг авчрах болно!

Би яагаад ийм итгэлтэй хэлж байгаа гээч?

Яагаад гэвэл, та нарын үеийн 30 залуу яг үүнийг надад заасан юм. Мөн би тэдэнд итгэж байна!

Тэр залуучууд энэ тодорхой асуултыг өөрсдөдөө тавьснаар энэ нь амьдрал дахь үнэхээр чухал зүйлийг дагахад болон таны өөрчлөхийг хүсэж буй өөрчлөлтүүдийг гаргахад мөн бүр чин сэтгэлээсээ наманчлахад тань тусалж чадна гэдгийг надад заасан.

Тэд энэ асуулт амьдралд тань оролцож байгаа Их Эзэний мутар хийгээд ертөнцийн гоо үзэсгэлэн, бусдын сайн сайхныг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй нүдээр харах боломжийг олгоно гэж хэлсэн. Товчхондоо, энэ асуулт таныг Их Эзэний Сүнснээс гадна таны сүнсэн дэх бурханлаг ДНХ-тэй холбож чадах учраас танд илүү их гэрэл, үнэнийг авчрах болно!

Мөн таны амьдрал өнөөдөр хэчнээн завгүй эсвэл нэгэн хэвийн байгаа эсэхээс үл хамааран энэ асуулт үр дүнтэй байх болно гэдгийг тэд надад заасан. Мөн та яг одоо аз жаргалтай, гунигтай, ганцаардсан, завгүй, сэтгэлээр унасан, урам зоригтой, түгшүүртэй, догдолсон, ганцаардсан, орхигдсон, хэт ачаалалтай, баяртай, үл тоомсорлогдсон аль нь ч бай, энэ асуулт амьдралыг тань өөрчилнө! Ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй. Энэ ганц асуулт таны амьдралыг өөрчилж чадна.

Та нар энэ асуултыг мэдмээр байна уу?

Гайхалтай!

Эхлээд бяцхан мэдээлэл өгье. Бидний Аврагч, Гэтэлгэгч, энэ Сүмийн Тэргүүн Есүс Христ та биднийг илүү цэвэр ариун болоосой гэж хүсдэг гэдгээ маш тодорхой хэлсэн. Тэр бүр бидэнд “мөн та нар … цэвэр ариун байдлыг миний өмнө ямагт хэрэгжүүлэх ёстой” 1 хэмээн зарлигласан. Түүний зарлиг үүгээр дуусаагүй! Тэрээр зарлигуудыг ямагт өгдөг.

Та нарт цэвэр ариун байдлыг байнга хэрэгжүүлэх нь дэндүү хэцүү, зүгээр л боломжгүй зүйл мэт санагддаг уу? Хэрэв та нар “Нэлсон эгч ээ, надад тийм чадвар байхгүй” гэж бодож байгаа бол би бүрэн ойлгож байна. Би та нарт ийм чадвар байгаа гэдгийг яагаад мэдэж байгаагаа хэлье.

Гэрлэхээсээ өмнө би сэтгэл зүйч, гэрлэлт, гэр бүлийн харилцаа судлаачаар мөн БЯИС-д профессороор ажилладаг байв. Мэргэжлээрээ 30 жил ажиллах хугацаандаа би асуулт ямар их хүчтэйг олж мэдсэн. Зарим асуулт бидэнд аливаа зүйлийг цоо шинэ арга барилаар бодоход тусалж, зүрх сэтгэл, оюун ухаандаа хэзээ ч хүлээж авахааргүй байсан зүйлсэд бүхий л төрлийн боломжийг нээж өгдөг. Хоёр сарын өмнө би асуулт ямар хүчтэй талаар бодож байхдаа, яг та нарын насны, гэрлэсэн болон ганц бие 30 залууг энэ ганц асуултыг гурван өдрийн турш туршиж үзэхэд урьсан юм. Би тэднээс гурван өдрийн туршид зүгээр л нэг нөхцөл байдалд өөрөөсөө “Цэвэр ариун залуу хүн юу хийх байсан бэ?” гэж асуухыг хүссэн.

Тийм ээ! Тэрхүү ганц асуулт бол “Цэвэр ариун залуу хүн юу хийх байсан бэ?” гэсэн асуулт юм.

Жишээлбэл:2

  • Цэвэр ариун залуу хүн өдрийг хэрхэн эхлүүлэх байсан бэ?

  • Түүний хийх зүйлсийн жагсаалтад юу байх байсан бэ?

  • Тэр найзтайгаа ямар байдлаар ярих байсан бэ? Эсвэл дэлгүүрээр үйлчлүүлэх, тоглох, залбирах, угаалга хийх, хүүхдэд ном уншиж өгөхдөө ямархуу байх байсан бэ?

  • Цэвэр ариун залуу хүн юу сонсож, хэлж, бичиж, уншиж, үзэж, өмсөх байсан бэ?

  • Хэрэв цэвэр ариун залуу хүн хилсээр буруутгагдаж, урвалттай тулгарч эсвэл буруугаар ойлгогдсон үедээ юу хийх байсан бэ?

  • Үнэт зүйл, ёс суртахуун нь шалгагдах үнэхээр хүнд хэцүү нөхцөлд тэр юу хийх байсан бол?

  • Тэр ням гараг бүр ариун ёслолоос хүртэхээр хэрхэн бэлтгэх вэ?

  • Цэвэр ариун ганц бие залуу хүн гэрлэхийг зүгээр хүлээхийн оронд үүнд бэлтгэхэд цагаа хэрхэн ашиглах вэ?

  • Гэрлэсэн цэвэр ариун залуу хүн гэрлэлтээ хэрхэн батжуулах вэ?

Тэдэнд юу тохиолдсон юм бол? АНУ-ын хэд хэдэн муж, Канадын хоёр хот дахь 30 залуу ажилдаа очоод, “Цэвэр ариун залуу хүн юу хийх вэ?” гэж өөрсдөөсөө асуужээ.

Тэд өдөр тутмын ердийн ажлаа хийж эхэлсэн ба энэ удаа тэд цэвэр ариун залуучуудын хувиар эдгээрийг хийсэн. Хэдхэн хоногийн дараа мэдээллүүд хөврөн ирж эхлэв.

Тэдний хийсэн зүйлсээс заримыг нь та нартай хуваалцъя.3

  • Үдийн хоол нь лууван байсан ч илүү их талархалтайгаар идсэн.

  • Ердийн хөгжим, подкастуудыг урам өгсөн хөгжим, Ерөнхий чуулганы үг болон Ирээд, Намайг дага подкастаар сольсон.

  • Цаг хугацаа их зарцуулдаг олон нийтийн сүлжээний аппликэйшнуудыг устгасан.

  • Муухай үг хэллэгтэй нэвтрүүлгүүдийг үзэхээ больсон.

  • “Гүйцэтгэх ажлын жагсаалт”-аа дахин эрэмбэлсэн.

  • Хэцүү гэрийн даалгавруудыг хийхийн өмнө залбирч, Ариун Сүнсийг багшаа болгоход урьсан байна.

  • Янз бүрийн цаг үед, тухайлбал шалгалт эхлэхээс өмнөхөн судар уншсанаар гайхалтай үр дүнд хүрчээ.

  • Номлолоосоо буцаж ирснээс хойш алдагдаад байсан сүнслэг дадлуудаа сэргээж мөн хүчирхэгжүүлсэн байна.

  • Ангийнхантайгаа гэрчлэлээ хуваалцжээ.

  • Үерхэж, гэрлэж байгаа найз нөхдөдөө атаархах атаархал нь тэднийг хайрлах хайр, баяр хөөрөөр солигдов.

  • Машин жолоодох цагаа тунгаан бодох, тайван байх цаг болгожээ.

  • Байнга орж ирдэг сөрөг бодлыг олон жижиг ялалт, адислалаа тоолох байдлаар сольжээ.

  • Утсаа үзэх, гүйлгэх зэрэг зуршил нь утсаар ярих, биечлэн уулзах үйлдлүүдээр солигдов.

  • Нөхрүүд гэрийн ажил хийх нь ихэссэнээр ариун сүмд өнгөрөөх хугацаа нэмэгджээ!

  • Мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг маш ихээр мэдэрсэн байна!

Өөр юу болсон бэ?

Нэгэн залуу “би сонгох эрх ямар хүчтэйг олж мэдсэн! Би цэвэр ариун залуу хүний хийх байсны адил, Ерөнхий чуулганыг үзэхээр сонгохдоо хэн нэгэнд таалагдах гэж, эсвэл хүмүүсийн намайг харах хандлагыг хянах гэж үзээгүй. Энэ Сүм үнэн гэдгийг мэддэг учраас би үзсэн. Энэ сургаал бол үнэн! Үг хэлж буй эрэгтэй, эмэгтэйчүүд Их Эзэнээр сүнслэгээр удирдуулж, чиглүүлэгддэг бөгөөд би суралцахыг хүссэн” гэж хуваалцаж байв.

“Хүмүүст таалагдахыг тогтмол эрэлхийлдэг байсан хүмүүс” ажлын стресс нь багассан тухай хэлсэн. Нэгэн эмэгтэй “Би энэ асуултыг өөрөөсөө асууснаар үзэл бодол минь бүрэн өөрчлөгдсөн. Энэ нь надад илүү чухал зүйлсийн ач холбогдлыг дахин сануулсан учраас би өөртөө итгэлтэй болсон. Та нар хэдий чинээ цэвэр ариун байх тусам бусдын хүссэн зүйлийг хийх тухайд бага санаа зовох болж, Бурханы хүссэн зүйлд илүү их санаа тавих болно гэдгийг би сурсан” гэж бичжээ.

Зураг
Солт Лэйк ариун сүмийн засварт бэлтгэн шат тавьсан нь

Хайрт ах, эгч нар аа, одоогийн байдлаар Солт Лэйк ариун сүм архитектурын гайхамшиг болохоос биш үйл ажиллагаа явуулж буй Их Эзэний ариун сүм биш юм. Тэнд ер бусын бүтэц бүхий их хэмжээний засвар, барилгын аюулгүй байдлыг тогтвортой хадгалах ажлууд явагдаж байгаа учраас Солт Лэйк ариун сүмийг ариун сүмийнх нь хувьд түр татан буулгаад байгаа. Ариун сүмийг татан буулгах үед ёслол, заавартай холбоотой ариун нандин зүйлүүдийг гаргадаг. Харамсалтай нь, хүмүүст ч үүнтэй адил зүйл тохиож болно.

Буруу сонголт, агуу хийгээд нүсэр барилга доторх хүмүүсийн мөнх амьдралд заналхийлсэн занал зэрэг Сатаны тамлал олон залуу хүний амьдралаас ариун нандин зүйлийг нь гаргасан нь харамсалтай. Тэдгээр залуугийн амьдралд “Бурханы сүм” татан буугдсан.”4

Та нарт ийм зүйл тохиолдсон ч бай үгүй ч бай, би та нарыг Их Эзэний зарлигласныг, тухайлбал “цэвэр ариун байдлыг … ямагт хэрэгжүүл” гэснийг яг таг гүйцэтгэх замаар амьдралдаа ариун нандин зүйлсийг эргүүлэн авч мөн нэмэгдүүлэхэд урьж байна. Үеийнхнийхээ хийсний адилаар та бүхэн энэ үйл явцыг гурван өдрийн турш нэг ижил нөхцөл байдалд өөрөөсөө “Цэвэр ариун залуу хүн юу хийх байсан бэ?” гэж асуух замаар эхлүүлж болно. Тэгээд бодсоноо үйлд.

Та нар улам бүр завгүй, хүнд хэцүү болж буй дэлхийд5 өдөр өдрөөр арай илүү цэвэр ариун байхыг хичээж, алдаа гаргасан үедээ түргэн наманчлах юм бол энэ дэлхийд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдралыг олох болно. Мөн та бидний Аврагч Есүс Христ “Бибээр та нарыг ариун болгох чадвартай”6 хэмээн амласан шиг та нар хамгийн гүн гүнзгий бөгөөд мартагдашгүй байдлаар үүнийг мэдэрч эхлэх болно.

Хайрт ах, эгч нар аа, ерөнхийлөгч Нэлсон одоо та нарт хандан ярих болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол дэлхий дээрх Их Эзэний өнөөгийн бошиглогч бөгөөд Түүгээр сонгогдож мөн зааварлагдсан гэдгийг би та нарт гэрчилж байна. Мөн би үүнийг дэлхийн аль ч үндэстний шүүх дээр гэрчилж чадна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Сургаал ба Гэрээ 46:33

  2. Тунгаан бодох бусад асуулт: Цэвэр ариун залуу хүн хэцүү даалгаварт хэрхэн хандах вэ? Цэвэр ариун залуу хүн цаг хугацаа, эрч хүч, мөнгөө хэрхэн зарцуулах вэ?

  3. Бусад залуусын хуваалцсан зүйлс:

    Зүрх сэтгэл цаанаасаа зөөлөрч, Их Эзэнээс заавар хүлээн авахад нээлттэй болсон.

    Залбирлыг илүү чин сэтгэлээсээ, сатаарахгүйгээр чанга хэлдэг болсон.

    Швед ардын шүлэгт дүн шинжилгээ хийх, хөрс судлалын гэрийн даалгавар хийх зэрэг хэцүү даалгаврыг эхлэхийн өмнөхөн залбирдаг болсон.

    Ерөнхий чуулганы үеэр илүү их тэмдэглэл хөтөлж, өдрийн тэмдэглэл их бичих болсон.

    Бусдын, тэр дундаа ах дүүсийнхээ хэрэгцээг бодож, тэдэнд туслах нь ихэссэн.

    “Би бага багаар сүнслэг байдлыг илүү түлхүү дэмжсэн эргэцүүлэл эсвэл үйл ажиллагааг өдрийн төлөвлөгөөндөө оруулсан.”

    Санаануудаа нэгтгэх шинэ холбоог бий болгосон.

    Их сургуульдаа намар л бүртгүүлье гэх зэрэг аливааг хойшлуулахаа багасгасан.

    Хүүхдүүдийг илүү анхааралтай сонсдог болсон.

    Өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг судалж эхэлсэн.

    “Би Алма 11-р бүлгийг сургуулийнхаа номын сангийн нам гүм орчинд уншсан ба судрууд бодит болж, бусад үнэнийг надад мэдрүүлсэн. 44-р шүлэг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын намайг хэчнээн их хайрлаж, миний төлөө ямар их зүйл хийдгийг сануулсан. Би саяхан хишиг хүртэж, авралын төлөвлөгөө болон Шүүлтийн өдрийг шинэ өнцгөөс хардаг болсон.”

    Нэг эрэгтэй “Гэрээнүүддээ үнэнч байж, Их Эзэний дуу хоолойг сонсох чадвараа нэмэгдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлснээр” болзож, гэрлэж байгаа найз нөхдөдөө атаархах атаархал маань тэднийг хайрлах хайр, баяр хөөрөөр солигдсон гэж хэлсэн.

    Өөр нэг нь “Их Эзэн миний талаар юу гэж боддог”-ийг бодохын тулд машин жолоодох цагаараа тунгаан бодож, тайван байдаг болсон гэжээ.

    “Хийдэг сонголтууд тань та нарын өдөр хэрхэн өнгөрөхийг тодорхойлж чаддаг нь үнэхээр гайхалтай. Би илүү цэвэр ариун байхыг сонгож чадна. Сүнс надтай хамт байх учраас би илүү аз жаргалтай байх болно гэдгээ мэдэж байна.”

    Өөр нэг залуу цэвэр ариун байдал, золиос хоёрын хоорондын холбоог олж мэджээ. Тэрээр “Эрт дээр үед тахил өргөх нь ямар нэг юмыг эсвэл хэн нэгнийг цэвэр ариун болгох зорилготой байсан нь санамсаргүй хэрэг биш” гэж бичсэн юм [Судруудын удирдамж, “золиос,” scriptures.ChurchofJesusChrist.org].” Эцэст нь тэр “цэвэр ариун байх тухай бодлыг үргэлж оюун санаандаа хадгалж, өөрийгөө илүү цэвэр ариун болгохын тулд Их Эзэнд илүү их золиосол гаргах өчүүхэн ч гэсэн арга замыг өдөр бүр хайж олохыг” хүсдэг гэж дүгнэжээ.

    “Би өдрийн турш санаж явах судар сонгосон.”

    “Би хөгжүүлэхийг хүсэж байсан Христийнхтэй адил зан чанарыг сонгож, өдрийн турш тэр чанараа хөгжүүлэхэд төвлөрч байгаа.”

    “Би Ерөнхий чуулган хүртэл долоо хоногийн турш олон нийтийн хэрэгслээс татгалзаж амьдралаа нам гүм болгосноор интернэтээр дүүрэн нөлөөлөгчдөд төвлөрөхийн оронд амьдралд маань эерэг, урам зориг өгөх нөлөөллүүдэд төвлөрсөн.”

    “Сүнс надад засах шаардлагатай зуршлыг маань сануулсан.”

    Судруудаас хариултаа олсон.

    Дуу хөгжмөө “эерэг хөгжмөөр сольсноор би өөрийнхөө илүү үр дүнтэй, эерэг, Сүнсийг сонсохуйц болсныг анзаарсан. Зан авир маань өөрчлөгдөж, бусадтай илүү сэргэг, хайраар дүүрэн харьцах болсон.”

    “Сүнслэг мөчийг нэгд тавих болгонд тухайн өдрийн үйлс бүтэмжтэй байсан.”

    “Гэрийн даалгавраа хийхээс өмнө судраа уншдаг болсноор чөлөөт цаг ихтэй байдаг болсон.”

    “Ариун залуу эмэгтэйн адил, хүйтэн ундаа хийснээр хайртай хүнийхээ хэрэгцээг биелүүлэхэд илүү бэлэн байсан.

    “Хичээлдээ алхахдаа хөгжим сонсохын оронд би гарцан дээр зогсож байхдаа нэгэн залуутай яриа өрнүүлсэн. Түүнийг ямар их сэтгэлийн дарамттай байгаагаа хэлэхэд би өөрт нь зориулсан төлөвлөгөө Их Эзэнд байгааг, бүх зүйл сайхан болно гэдгийг гэрчлээд зогсохгүй бид бүр найзууд болсон шүү.”

    “Ариун залуу эрэгтэйн адилаар жолоогоо барьснаар шууд л сэтгэлийн зовнил маань арилж, илүү тэвчээртэй болсон мэт санагдсан.”

    “Гурван өдрийн турш би өглөө хамгийн түрүүнд утсаа шалгадаг зуршлаа өөрчилж, орой бүр унтахынхаа өмнө судраа уншдаг болсон. Тухай бүрд надад маш гоё санагдаж байлаа. Би номлогч байх боломжийн төлөө залбирч, (Христийн адил) сайхан сэтгэлийг бэлэглэж болох хүнийг хайдаг болсон.” (Үр дүн нь?) “Мөн адил завгүй оюутнуудтай таараад, Бурханы тухай болон шашны талаар яриа өрнүүлсний дүнд тэд одоо номлогчидтой уулзахыг хүссэн.”

    “Би илүү ариун байхыг хичээгээгүй байсан бол хийхийг зүрхлэхгүй байсан зүйлтэйгээ нүүр тулахгүй байх байсан. Эцэст нь тэрхүү айдастайгаа нүүр тулсан маань сүүлийн үед хэрэгжүүлэхээр залбирч байсан зүйлдээ илүү өөртөө итгэлтэй болсон.”

    “Бяцхан үеэлүүдээ харж байхдаа би илүү ариун байхыг хичээсэн. Үдшийн турш би Христтэй адил байхыг хичээж, Түүний хэлэх байсныг хэлж, хийх байсан зүйлийг хийсэн. Би урьд нь тэдэнтэй цагийг тийм гайхалтай өнгөрүүлж байгаагүй л дээ. Би өөрийгөө бодохоо багасгаж, тэднийг илүү их анхаарч бодсон.”

  4. 1 Коринт 3:16–17-г үзнэ үү.

  5. Иосеф Смит амьдралаа хэрхэн өнгөрүүлсэн тухай Б.Х.Робэртсын тайлбар; Б.Х.Робэртс, The History of the Church of Jesus Christ of Latter-day Saints-ийн удиртгал, 2-р хэвлэлийг үзнэ үү. (Солт Лэйк Сити: Deseret Book, 1980), 6:xlii.

  6. Сургаал ба Гэрээ 60:7