2023 оны онцгой цугларалтууд
Найдвараар дүүрэн ирээдүй


Найдвараар дүүрэн ирээдүй

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 1-р сарын 8-ны ням гараг

Ахлагч Жэффри Р.Холланд:Дэлхий даяарх эрхэм залуу найзууд аа! Энэ үдэш Холланд эгч бид хоёрын хувьд та нартай хамт байгаа нь тун онцгой боломж юм. Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа та нартайгаа орчин үеийн технологийн гайхамшгаар дамжуулан холбогдож байгаа ч Пат бид хоёрын сурч боловсрох гараагаа эхэлж, болзож, гэрлэсэн энэхүү их сургууль, шашны институтийн оюутнуудтайгаа энд биечлэн уулзаж байгаадаа баяртай байна.

Намайг гэрлэлт гэдэг үгийг хэлэхэд та нарын царайд сандрал илрэх нь үү гэж харж байна. Сандрах хэрэггүй. Бид өнөө орой гэрлэлтийн талаар ярихгүй. Та нарын зарим нь аль хэдийн гэрлэсэн байгаа. Тиймээс би гэрлээгүй залуучуудыг өөрийн яриагаар үргээмээргүй байна. Гэсэн ч би өөрсдийн залуу насны нандин холбоо, гэрлэлтийн эхэн үеийн амьдралын талаар дурдсанаар өнөө орой хэн нэгэнд бидний адил дурлаж, болзож, гэрлэх сэдлийг төрүүлэх ч юм бил үү? Үзэж буй хүмүүст тийм мэдрэмж төрж болох юм.

Сүмийн ганц бие олон эгчээс бид эрэгтэйчүүд санаачилгатай байх хэрэгтэй, эс бөгөөс тэднийг дурлалын сахиусан тэнгэрийн сумаар харвахгүй юм гэхэд суран бүсээр ороолгох шаардлагатай болоод байна гэж хэлэхийг сонссон. Хэрэв залуу эмэгтэй та энэ тодорхойлолтод тохирох залуу эрэгтэйн хажууд сууж байвал, Холланд эгч бид хоёр нь та нарт яг одоо тэдний хавирга руу—хайраа илэрхийлэхүйц хангалттай зөөлнөөр, санаагаа ойлгуулахуйц хангалттай хүчтэйгээр тохойгоороо нудрах зөвшөөрлийг өгч байна. Ингэж нудрах нь бидэнд үр дүн өгсөнтэй адил та нарт ч мөн үр дүн өгвөл бид баярлах болно. Бидний хувьд гэвэл, нударсан нь би, нудруулсан нь Холланд эгч байсан юм.

Ирэх 6-р сард Пат бид хоёрын энэ их сургуулийн хотхоноос 1 километрийн зайд орших Сэйнт Жорж ариун сүмд гэрлэсний 60 жилийн ой болно. Хамт өнгөрүүлсэн жаран жил бидэнд олон хүний хувьд хэцүү, заримд нь эмгэнэлт байсан цаг мөчид баяртай гэж хэлэх боломж олгодог. Бид КОВИД-19 цар тахлаас аажим аажмаар ангижирч байгаа ч бараг л Библид гардаг тахлуудын адил дэлхийн олон хэсэгт маш хүнд асуудлуудыг үүсгэсэн хэвээр байна. Энэ өвчнөөр дунджаар 1700 гаруй хүн өдөр бүр нас барж байгаа тухай мэдээлж байна.1 Энэ гамшиг олон сөрөг үр дагаврыг авчирсан. Энэ нь зөвхөн хүний амь насыг аваад зогсохгүй дэлхий дээрх хүн бүрийн нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд бүхэлд нь сөргөөр нөлөөлсөн.

Зүүн Европт өөр нэг гамшиг тохиож, олон сая хүн, үүний дотор Сүмийн гишүүд үгүйрч, дүрвэж, өөрсдийн хүсээгүй мөн туулах ёсгүй зөрчил мөргөлдөөний улмаас алтан амь насаа алдаад байна. Хэдхэн долоо хоногийн өмнө Холланд эгч бид хоёр Европ руу томилолтоор явахдаа Украинаас ирсэн зарим дүрвэгчтэй уулзсан юм. Бүх зүйлээ орхин, зөвхөн хувцас хунараа үүрээд зугтаж гарч ирсэн хүмүүстэй хамт бид инээлдэж, залбирч, мөн уйлсан. Мөн бид энэ зөрчил мөргөлдөөний улмаас зовж буй, гэм зэмгүй Оросын итгэлтэй гишүүдээ бодон, ижил зүйлийг мэдэрч, уйтгар гунигт автсан. Эдгээр эмгэнэлт явдлаас гадна дэлхийн олон оронд нийтийг хамарсан буудалцаан—дөнгөж өнгөрсөн долоо хоногт өмнөд Ютад нэг эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Ёс зүйгүй үзвэр үйлчилгээ мөн тууштай, үнэнч шударга, сайхан сэтгэл зэрэг үндсэн зарчмуудыг мартсан мэт улс төрийн үйл ажиллагаануудыг бид харж байна.

Мэдээж бидэнд төвөг учруулж буй соёл, нийгмийн олон асуудал бий. Гэхдээ бид энэ үдэш та нарын сэтгэл санааг дэлхийн асуудлуудаар үймүүлэх гэж ирээгүй, харин ч эсрэгээрээ юм шүү. Бид та нарын үеийн залуусын эргэн тойронд буй илт тодорхой бус, гутранги байдлын талаар мэддэг. Бидний үеийнхэн та нарт тулгарч буй энэ асуудлуудын заримыг шийдвэрлэж өгөөгүйд бид хүлцэл өчье. Гэсэн хэдий ч бид та нарыг, хожмын үеийн гэгээнтэн залуу хүн бүрийг тэдгээр асуудлыг шийдвэрлэж, бидний эргэн тойронд буй айдас, гутранги үзэл, сэтгэл зовнилд автсан энэ амьдралыг өөрчлөх журамт хүчний тэргүүн эгнээнд байгаач хэмээн дуудаж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урьсанчлан бид Их Эзэнийг өөрсдийнхөө амьдралд ялуулахын2 тулд залбирахаас гадна замаа хараахан олоогүй байгаа тэдний хамт та нарын амьдралын үнэ цэн нь ялахын төлөө залбирдаг байвал та нарт хэчнээн чухал билээ! Хэрэв бид Их Эзэн Есүс Христийн шавь нарын хувьд илүү их хайраар дүүрэн, нинжин сэтгэлтэй байвал мөн бид бүгдээрээ Бурханы бидэнд өгсөн зарлигуудыг дагахыг хамгийн сайнаараа хичээвэл өөрсдийн болон дэлхийн энэхүү нөхцөл байдалд итгэлтэй байх шалтгаан бидэнд гарч ирэх юм. Амар амгалан, бурханлаг амлалтаар дүүрэн байдлаар ирээдүйд хөл тавивал бид үнэхээр гайхалтай нөлөөтэй байх болно. Абрахам Линкон боломж олдох бүрдээ зэрлэгийг нь зулгаасан газраа цэцэг тарихыг хичээдэг байсан тухайгаа хэлж байв. Хэрэв бид бүгд үүнтэй адил үйлдвэл, бидний ёс журам, сүнслэг байдлын цөл нүд ирмэхийн зуур жинхэнэ цэцэрлэг болох байсан.3

Бидний уулзсан Украины дүрвэгчдэд Христийн зочломтгой чанарыг мэдрүүлж буй Германд байгаа та бүхэн Иохан Гётегийн хэлсэн “Хэрэв хүн бүр босгоныхоо шороог шүүрдвэл дэлхий тэр аяараа удахгүй цэвэрхэн болох болно” гэсэн үгийн учрыг ойлгож мэдэх болно.

Сорилт бэрхшээлийг ойлгож, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг санал болгохыг хүсэж буй хүмүүст хандаж энэ үдэш Холланд эгч бид хоёр төлөөлөгч Паулын хэлснээр “найдварын [чинь] талаар асуух хүн [бүрд] хариу өгөхөд ямагт бэлэн байх” ёстой гэж хэлж байна.4 Бид найдварын талаар мөн үүнийг болон үүний салшгүй хэсгүүд болох итгэл, энэрлийг хэзээ ч алдаж болохгүй гэдэг тунхаглалыг бас ярих болно. Хоорондоо холбоотой энэ хоёр зарчмыг тодорхойлох олон арга замыг бид мэдэх ба энэ үдэш та нар зарим тодорхойлолтыг нь сонсох болно. Мөн та нар “хүмүүн найдах ёстой, эс бөгөөс тэрээр [Бурханы] бэлтгэсэн тэр байранд [өв] хүртэж чадахгүй” хэмээн Моронайн хамт бидний тунхаглахыг сонсох болно.5 Бид та нарыг хааны хөвгүүд охидын хувьд тэрхүү өвийг хүртээсэй гэж хүсэж байна. Ингэхийн тулд бид “Найдвар бол зөвхөн төрөлхийн өөдрөг хүмүүсийн захиас ба хэв маяг бус, энэ нь итгэсэн бүхэнд олгогддог эрх юм”6 гэдгийг ухаарах ёстой. Найдвар (итгэл болон энэрэл) дүүрэн итгэгчийн хувьд Холланд эгч энэ үдэш дэлхий даяар цугларсан та нарын болон ирэх өдрүүд дэх та нарын үүргийн ач холбогдлыг хүчтэйгээр мэдэрч байна. Тэр та нарыг маш чухал “дараагийн үе” гэдгийг мэдэх ба та нарыг зориглон, хувь тавилангаа эрхэмлэх хэрэгтэй гэж боддог юм шүү. Холланд эгч ээ.

Патриша Холланд эгч: Надад та бүхний талаар хүчтэй сэтгэгдэл төрж байна. Та нар дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, хамгийн зөв шударга залуу үеийнхэн билээ. Би үүний чинь төлөө та нарыг хайрладаг. Ахлагч Холланд бид хоёр та нарыг гэрээнүүдээ сахиж, зөвийг хийхээр хичээж байгаад маш их талархдаг. Та нар олуулаа бөгөөд Ахлагч Холландын ярьсан хүч чадал та нарт байх болно. Энэ өрөөнд гэрэл байгааг, бүр тод гэрэл байгааг би харж байна. Энэ нь надад 3 Нифай дээрх Аврагчийн айлчлалыг санагдууллаа. Тэрээр “Тиймийн тул, дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ”7 хэмээн хэлсэн. Бид та нар шиг л залуу байсан, харин одоо хөгширчээ. Амьдралаа эргэн хараад, хэрэв надад амьдралынхаа аль нэг үе дээр эргэн очих боломж олдох юм бол нэг л зүйлийг өөрөөр хийх буюу зүгээр л энгийн болгох байсан. Хоол хүнс, хувцас хунар, тавилга, цагийн хуваарь зэргээ энгийн болгоход л бүх зүйл илүү дээр болох юм шиг надад санагддаг. Залуу байхдаа би сайн мэдээний энгийн гайхамшгийг харалгүй, хэт төвөгтэй болгодог байсандаа юу юунаас илүү харамсдаг. Сайн мэдээ надад хэт нүсэр, амаргүй, заримдаа бүр нууцлаг юм шиг санагддаг байсан. Би залуу байхдаа Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зөвт байдлын ууланд авирч, ариуслын дүрэлзсэн галт зуухаар орж, хүн төрөлхтний мэдэх сургаалын маргаан бүрийг тайлах ёстой мэт боддог байлаа.

Энэ нь өөрийгөө чадна гэж боддог байсан өмнөд Ютагийн бяцхан охины хэр чадлаас давсан зүйл гэдэг нь ойлгомжтой. Энэ нь “Христэд итгэгч та нартай хүмүүс нэгддэггүйн шалтгаан бол та нар шашин шүтлэгээ өргөстэй титэм мэт өмсдөг” гэж нэг хүний хэлсэнтэй адил байв. Ганц л хүн өргөст титмийг өмсөх ёстой байсан ба Тэр биднийг бухимдаж цөхрүүлэх гэж биш, харин баяр хөөртэй, элбэг дэлбэг, амар амгалан амьдраасай гэсэндээ ийн үйлдсэн. Сайн мэдээ нь бяцхан охины хэзээ ч авирч чадахгүй уул байхаар бүтээгдээгүй юм. Тэрээр уг охиныг болон дэлхийн бусад бүх хүнийг үргэлж найдвараар дүүрэн байлгахыг хүссэн. Тэр биднийг сайн мэдээ нь гайхалтай энгийн, энгийнээр гайхамшигтай гэдгийг мэдээсэй гэж хүсдэг.

Намайг битгий буруугаар ойлгоорой. Найдварын талаар ярихдаа би Христ бидэнд шидэт саваа эсвэл орчин үеийн гэрэлт сэлэм өгөх ёстой гэсэн утгаар хэлсэнгүй. Хэрэв бидний найдвар Аврагчийн заасан найдвар шиг байна гэвэл, тэр нь Пинокиогийн “од харж хүслээ шивнэснээс”8 илүү байх ёстой. Миний залуу найзууд аа, энэ нь биднийг төдийгүй бүхий л хүн төрөлхтнийг итгэл найдвараар адисалсан бэлэг билээ. Бид үүнийг харанхуй ертөнцөд гийх гэрэл гэдгээр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Нэгэн зохиолч, “Найдваргүйгээр амьдарч буй тэднийг үл тооцвол, хэн ч золгүй нэгэн биш юм”9 хэмээсэн.

Энэхүү найдварын бэлгийг олж нээх нь гайхалтай энгийн байдаг нь үүнийг хайх шаардлагагүйд оршино. Та нар хойноос нь хөөцөлдөх шаардлагагүй. Мөн үүнийг үйлдвэрлэж чадахгүй бөгөөд боломжгүй. Нигүүлслийн хүрээнд орших өөр бүх зүйлийн нэгэн адил та үүнийг өөрийн эсвэл бусад мөнх бус хүмүүний хүчинд тулгуурлан олж авахгүй. Үүнд ямар нэгэн нууц томьёо, шидэт тарни хэрэггүй. Үүнийг гүнзгий амьсгалын дасгал хийснээр (чухал ч гэсэн) эсвэл аз жаргалыг хэрхэн олох тухай ном уншсанаар олж авахгүй.

Үнэндээ бидний гүйцэтгэдэг үүрэг чухал ч өчүүхэн хэсгийг эзэлдэг. Уг ажлын ихэнх хэсгийг Бурхан гүйцэтгэдэг билээ. Бидний хийх зүйл бол энгийн даруугаар Түүн дээр очиж, дараа нь санаа зовохгүй, айхгүй байх явдал юм.10 Яагаад ийм энгийн юм бэ? Учир нь Христийн заасан бүх зүйл—судар, түүх, сургаалт зүйрлэл бүрийн цаана Бурханд “бүх зүйл боломжтой”11 гэсэн амлалт, Бурханы хүч нулимсны дусал бүрийг арчиж чадна гэсэн амлалт бий.12 Бид хувийн бухимдал цөхрөлөө орхиж, Их Эзэн дотор амар амгаланг эрэлхийлэх ёстой.13 Бид зүрх сэтгэлдээ номхон мөн даруу байдалтай Түүний өмнө ирж,14 Түүний цуцашгүй хайртай хамт ирдэг адислалуудыг хүлээн авах хэрэгтэй. Бидний итгэл найдвар нь бяцхан хүүхдийнх эсвэл бяцхан хурганых шиг байж, бид Сайн Хоньчны агуу сүрэгт байх явдал юм.

Бидний зүрх сэтгэл Бурханд амралтыг олох хүртлээ үргэлж зовнисоор байх болно.

Даруу, дөлгөөн байх энэ дуудлага нь Их Эзэний өөрийгөө тодорхойлсон цөөн хэдэн тодорхойлолтын нэгэн адил даруу, дөлгөөн байх явдал юм. Хэрэв бид ийн амьдарч чадвал бодгальдаа амар амгаланг олж, Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн гэдгийг олж мэдэх болно хэмээн Тэр хэлсэн.15 Би судраас уншихдаа хүлцэнгүй даруу, номхон дөлгөөн байх энэ дуудлагыг байнга олж хардаг. (Магадгүй энэ нь надад ойр ойрхон хэрэгтэй болдог болохоор тэр байх.)

Итгэл найдваргүй, даруу бус хүн хэзээ ч сүнслэг байдлын хувьд асар чухал үр дагавартай зүйлийг хийж байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Та нарыг залуу байгаа дээрээ үүнийг сурна гэж бид найдаж байна. Бурхан бол та нарын Эцэг, Тэр “[та нарыг] эхийн хэвлийд тээлгэ[сэ]н,”16 мөн Түүнд та нарт зориулсан, “ирээдүй ба найдварыг өгөх”17 төлөвлөгөө байгаа гэдгийг бүх зүрх сэтгэлээсээ мэдээсэй гэж хүсэж байна.

Яг ийм үгс бичигдсэн Хуучин Гэрээний дуртай хоёр судраа би хуваалцъя. Исаиа ингэж хэлсэн.

“Иаковын гэр ээ, Израилийн гэрийн үлдэгсэд ээ, Бүгд Намайг сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн Надаар төрсөн: …

Өндөр настай болсон ч …, үс тань бууралтсан ч Би чамайг үрнэ: Би чамайг бүтээсэн, Би чамайг тээж, … Би чамайг үүрч, Би чамайг чөлөөлнө.”18

Мөн Иеремиа:

“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно”19 хэмээн бичжээ.

Залуу найзууд аа, Тэнгэр дэх Эцэг маань эдгээр амлалтыг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн үүргийг биелүүлнэ гэдгийг би өөрийн туршлагаар гэрчилж байна. Түүний бэлгийг хүлээн авахдаа хүүхэд шиг даруу, талархалтай байж, энгийнээр итгэх нь биднээс л шалтгаална. Та нар энэ жилийг гайхалтай байлгамаар байна уу? Найдвараар дүүрэн ирээдүйг та нар хүсэж байна уу? Та нарыг адислалууд хүлээж байгаа гэдэгт итгэдэг үү? Та найдвар тээж, өөдлөн дээшлэхийн тулд Бурханы сайн сайхныг хангалттай олж харж байна уу? Үүнийг Бурханы өмнө бөхийж, өвдөг сөгдөж, бүр хөлд нь унаж байж хүлээн авдаг нь инээдтэй. Ийм л энгийн! “Нигүүлслийн хаан ширээ[ний]”20 өмнө бөхийж, сөгдөж, унаж хүлээн авдаг.

Бурханы бидэнд өгсөн өөр хоёр бэлэг болох итгэл, энэрэлтэй холбоотой найдварын үнэт бэлгийг та нар олж авах болно гэдгийг ахлагч Холланд онцолсон. Миний залуудаа хийж байсантай адил зүйл битгий хийгээрэй. Эдгээр ариун журмыг хэт том, хэт төвөгтэй болгож, тэдгээрийг ойлгох гэж цөхрөнгөө барах хэрэггүй. Тэдгээрийн энгийн байдлыг нандигна.

Би та нарт энгийн бяцхан дарааллыг санал болгоё. Итгэл бол Бурхан байдагт итгэх итгэл, найдвар бол Түүнийг бидэнд тусална гэдэгт найдах найдвар бөгөөд энэрэл бол биднээр дамжин ажилладаг бусдыг адислах Түүний хайр, чадвар юм.

Сүүлд дурдсан энэрлийн тухайд, бидний хэнд ч зүрх сэтгэлийнхээ хийхийг хүссэн бүхнийг хийх эсвэл бусдын бүх асуудлыг шийдвэрлэх хүч тэнхээ, цаг хугацаа, нөөц боломж байхгүй гэдгийг би олон жилийн дараа, одоо л ойлгож байна. Бид бүхнийг хийж чадахгүй бөгөөд зүрх сэтгэл маань чадахаасаа илүү ихийг хийхийг хүсдэг. Биднээр дамжин ирдэг Түүний хүч бидний үзүүлж чадах өчүүхэн нөлөөг нэмэгдүүлж, хязгаарлагдмал хүчин чармайлтыг өсгөн үржүүлж, дан ганцаар хийж чадахгүй байх байсан зүйлийг бусдын төлөө хийх боломжтой болгодог нь ямар гайхамшигтай вэ!

Сургаалын гурван том асуудалд хандах энэхүү энгийн арга барил миний амьдралыг адисалсан. Би тэдгээрийг айдас багатай ийм энгийн арга замаар эртхэн харсан ч болоосой. Бурхан сайн мэдээний ийм үнэнийг хүүхэд хүртэл ойлгож чадахуйц энгийн ойлгомжтой байдлаар өгсөн гэдэгт би бат итгэдэг. Би үүнийг дахин давтан хэлье. Итгэл бол Бурхан байдагт итгэх итгэл. Найдвар бол Түүнийг бидэнд тусална гэдэгт найдах найдвар Энэрэл бол биднээр дамжин ажилладаг Түүний хайр юм.

Би Бурханаас ирдэг бэлгийн талаар ярихдаа, шинэ онд бидний итгэл найдварыг нэмэх өөр нэгэн бэлгийн талаар нэмж дурдмаар байна. Итгэл, найдвар, энэрлийг цацруулах нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан, энгийн бэлэг болох Христийн Гэрэл юм. Найдвартай нягт холбоотой энэхүү гэрэл нь мөнх бус амьдралд урьд өмнө төрж байсан эсвэл ирээдүйд төрөх эрэгтэй, эмэгтэй, хүүхэд болгонд өгөгдсөн бэлэг. Энэ нь бидний мөн чанарт суусан байдаг. Энэ бол бидний бодгалийн нэгээхэн хэсэг юм.

Миний хамгийн дуртай судрын хэсэгт дараах мөр бий. “Мөн Сүнс нь дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг; мөн Сүнс нь дэлхий даяар хүн болгоныг гэгээрүүлдэг бөлгөө.21

Энэхүү гэрэл бол бидний амьдрал дахь итгэж найдах үндсэн шалтгаануудын нэг юм. Бидний дотор амьдралын ээдрээтэй асуудлыг даван туулах зөв арга зам байгааг хэлээд зогсохгүй, хэрвээ бид “дөлгөөн, зүрхэндээ даруу”22 байх юм бол зөв арга замыг олох болно гэдгийг хэлдэг ямар нэгэн зүйл байгаа нь урам зориг төрүүлж, сэтгэлийг догдлуулж, итгэл найдвар төрүүлдэг. Ерөнхийлөгч Нэлсон өнгөрсөн долоо хоногт бүх Сүмд хандан “Дэлхийд Есүс Христийн гэрэл хэрэгтэй. Дэлхийд таны гэрэл хэрэгтэй”23 гэж хэлсэн.

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа гайхалтай залуу найзууд минь, өнөө орой та нар залуучуудын хувьд энэ дуудлагыг хувийн тохинуулал болгон хүлээн авч, Аврагчийн ярьсан тэр найдварыг бамбар мэт авч яван, үүнийгээ дэлхийг харанхуй, хүнд хэцүү гэж боддог хүмүүст хүргээсэй гэж би сэтгэлийнхээ гүнээс найдан залбирч байна. Энэхүү гэрлийг барьж явах нь та нарын хожмын үеийн тохинуулал юм гэдгийг олж харахад би та нарыг уриалж болох уу? Энэ бол өнөө орой та нарт миний хэлэх хамгийн чухал зүйл гэдгийг ойлгоорой. Би та нарыг өөртөө итгүүлэхээр хангалттай сайн ярьж чадахгүй байх вий гэдгээс би их айж байна. Та нар энэ гэрлийг дэлхийн бүх харанхуй бөхөөж чадахааргүй байхаар барьж явах ёстой.

Том, төвөгтэй асуудлуудад сайн мэдээний энгийн бөгөөд хүчирхэг арга замаар хандах нь унаж буй харанхуй дэлхийг өөрчлөх боломжтой. Бурханд итгэ, Түүнийг танд тусална гэдэгт найд мөн Түүнд зөвхөн таны хийж чадах зүйлээр дамжуулан ажиллах боломжийг олгодог энэрлийг хүлээж ав.

Энэ уриалгыг хүлээн авч, энэ шинэ оныг эхлүүлэхдээ, дотоод сэтгэл рүүгээ өнгийн харсны дараа дээшээ хараарай. Таны зөвт байдалд найдан хүссэн бүх зүйлийг тань өгч чадах мөн цаашид өгөх хайртай Тэнгэр дэх Эцэг тань харах мэлмийгээ доош тан руу чиглүүлэх болно. Та тэдгээр адислалыг хойноос нь хөөцөлдөөд авах боломжгүй. Эцэж туйлдтал гүйхээ боль. Чимээгүй бай, амар тайван бай. Энгийн байлга. Хүлцэнгүй даруу, номхон дөлгөөн бай бас залбир. Биднийг хурдаа сааруулж, тайвширч, өвдөг сөгдөхөд гайхамшиг тохиодог гэдгийг би гэрчилж байна. Эцэгт байгаа бүхнийг хэзээ нэгэн цагт та нар авах боломжтой.24 Ирээдүйг угтах ямар найдвар дүүрэн арга зам бэ! Би та нартаа маш их хайртай, бас та нарыг биширдэг. Та нарын төлөө үргэлж залбирах болно. Есүс Христийн нэрээр, амен.

Ахлагч Холланд: Холланд эгч ээ, таныг сайн мэдээг заагаад зогсохгүй үүнийг дагаж амьдардагт мөн таны дотор Христийн итгэл найдвар дүүрэн байдагт баярлалаа. Гэрлээд нэгэн жарныг хамт туулсан энэ хугацаанд, бидний хамгийн хүнд өдрүүдэд ч Холланд эгч өөрийн заасанчлан амьдарсан. Тэр үргэлж итгэгч байсан. Тэр өөрийн бодгаль доторх мөнхийн гэрэлд итгэсээр ирсэн. Харанхуй мэт үед ч Бурхан бидний залбирлыг сонсож, бидэнд зам зааж өгнө гэдэгт тэр үргэлж итгэж амьдарсаар ирсэн. Залуу хосуудад заримдаа дааж давшгүй хүнд мэт санагдах энэ ертөнцөд бидний ихэнхдээ зууран барьдаг цорын ганц зүйл нь сайн мэдээний үнэн болон амлалтууд л байсан ч тэр нь хангалттай байжээ, учир нь бид өнөө орой энд зогсохдоо, хамт амьдарсан 60 орчим жилийн хугацаанд өмнө нь боломжтой гэж мөрөөдөж байснаасаа ч илүү их адислалыг хүлээн авсан байна. Тиймээс энэ сайхан эмэгтэйн хэлж, үйлдсэнчлэн тасралтгүй найдаж, үргэлж залбирч, итгэлтэй байгаарай.

Би Холланд эгчийн судраар өгсөн зөвлөгөөн дээр нэмээд, ирээдүйгээ чадах хэрээрээ зоригтой угтаарай гэж урамшуулмаар байна. Сударт Христийн бидэнд өгдөг бүхий л урам зориг, итгэл найдвар дундаас бидний хүлээн авахаар үргэлж бүтэлгүйтдэг нь “зоригтой байгтун” хэмээх урмын үг билээ хэмээн нэгэн хүн бичсэн байдаг.25 Бид энэ тал дээр Христийн үгийг анхааран хүлээн аваасай. Бүгдээрээ оролдоод үзье л дээ. Бид энэ орой шинэ оноо эхлүүлж, амьдралаа хүссэн шигээ болгох боломжийг атгахдаа энэхүү аз жаргал, найдвараар дүүрэн урилгыг тэврэн авах болтугай.

Бидэнд өгсөн бүх урилгынхаа хувьд, Христ заасныхаа дагуу амьдарсан. Ачаа дарамтаасаа үл хамааран тэр өөдрөг, эерэг нэгэн байсан бөгөөд Бурханы бошиглогчид зэрэг өөр олон хүнд мөн адил үйлдэхэд нь тусалсан. Либерти шоронгийн мухар болон тэнд туулж өнгөрүүлсэн цөхрөлийн гүнээс өөрийг нь гаргахын тулд залбирч байсан гэгээнтнүүдэд бошиглогч Иосеф Смит “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно”26 хэмээн эцсийн зөвлөгөөгөө өгчээ. Мөн ерөнхийлөгч Рассэлл Марион Нэлсоноос илүү эерэг, илүү өөдрөг, итгэл найдвараар илүү дүүрэн өөр хэн ч байхгүй. Их Эзэн биднийг … ирээдүйг ‘баяр хөөртэйгөөр’ хараасай хэмээн хүсдэг [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 581].”27 Бошиглогчид Есүс Христийн жинхэнэ шавь учраас, Есүс Христ бүхий л өөдрөг үзлийн эх ундарга учраас зоригтой байдаг. Бошиглогчид уг төлөвлөгөөг мэдэх учраас, эцэст нь хэн ялахыг мэдэх учраас зоригтой байдаг.

Холланд эгчийн гайхалтайгаар хэлсэнчлэн, дэлхийг эергээр харах чадвар нь Бурханы бас нэгэн бэлэг юм. Сударт зааснаар “Тэд” буюу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд “баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”28 Иймээс л энэ нь “аз жаргалын төлөвлөгөө”29 юм. Энэхүү төлөвлөгөөний гол цөм болох Христийн Цагаатгалын ачаар бид зарим өдөр хэчнээн түнэр харанхуй байсан ч итгэл найдвартай байж чадна.

Бид зарим нэг асуудал бэрхшээлтэй байж болох шинэ оныг угтахдаа энэ тал дээр үзүүлсэн Аврагчийн үлгэр жишээний асар их ач холбогдлыг нухацтай авч үзэх ёстой. Бодоод үз дээ. Цовдлуулах хүртлээ туулсан тэр бүх шаналлынхаа дунд Есүс зоригтой байх талаар яаж ярьж чадаж байв аа? Хувь заяаны эрхээр Сүүлчийн зоогийн үед үүссэн уур амьсгалд ч гэсэн Христ шавь нартаа “зоригтой байх”30 учир шалтгаан, үүрэг хариуцлагынх нь талаар сануулжээ. Өөрт нь ирэх зовлон шаналлын өмнө Тэрээр яаж тийм эергээр ярьж, ах дүү нараа энэ бүхнийг өөдрөг урамтайгаар хараасай гэж найдаж байсан юм бол гэж би гайхширч байлаа. Уг үйл явдлын төгсгөлийг мэдэж байсан болохоор Түүний итгэл, найдвар, энэрэл тийн илэрсэн нь гарцаагүй. Эцэст нь бүх зүйл гүйцэлдэхэд зөв шударга байдал ялахыг Тэр мэддэг. Гэрэл үргэлж харанхуйг үүрдийн үүрд ялдгийг Тэр мэднэ. Тэнгэр дэх Эцэг гүйцэлдүүлэх арга замыг өгөлгүйгээр зарлигуудыг хэзээ ч өгдөггүй гэдгийг Тэр мэддэг.31 Ялалт хүн бүрийг зоригжуулдаг бөгөөд Христ үхэл, тамын эсрэг тулаанд ялагч нь байсан юм. Энэ нь шашны хүнд номлол хэдий ч тэднийг аз жаргалтай болгодог зүйл байв. Энэ шинэ онд болон ирэх онуудад ч Христийн ялалт нь бидний итгэл найдварын эх сурвалж байх ба үүрд ийм байх болно.

Амьдралын саад бэрхшээл болон Люсиферийн уруу таталтуудын улмаас маргааш эсвэл дараагийн сар, жилүүдэд итгэл найдвар тээн, зоригтой хэвээр үлдэхэд хэцүү байж болох юм. Тийм учраас л Холланд эгч хожмын үеийн гэгээнтнүүдийн амьдралын үндэс суурь дээр цөхрөлтгүй, тогтмол төвлөрөхийг тодорхой гэгч хүссэн билээ. Заримдаа бид сайн дураараа тэдгээрт анхаарлаа төвлөрүүлдэг, харин заримдаа амьдрал биднийг ийн төвлөрөхөд хүргэдэг. Гэхдээ аль ч тохиолдолд, хэрэв бид гэрчлэлээ сайн мэдээний суурин дээр тавьсан байх юм бол хүндэлж явдаг найзтай минь адил хүнд хэцүү туршлагаасаа асар их зүйлийг олж авч чадна. Яг одоо найз минь болон түүний эхнэр, охин гээд бүгд төрөл бүрийн эрүүл мэндийн маш хүнд асуудлуудтай тулгараад байгаа юм. Тэдний найдвар, итгэл, энэрэл ямар тус нэмэр болсон юм гэж бухимдах, гайхан бодох бүх шалтгаан тэдэнд бий. Гэсэн ч тэд баяр баясгалантай эсвэл уйтгар гунигтай ямар ч үед тууштай шавь байх шийдвэр төгс байдаг тул үүнийг даван туулж байгаа.

Найзынхаа зөвшөөрлөөр би түүний саяхан бичсэн э-мэйлээс нь хуваалцъя.

“Сүүлийн хэдэн сарын хугацаанд миний ертөнц ердөө л эмнэлгийн [ор], өвчтөний өрөөгөөр [хэмжигдэх] хүртэл маш их хумигджээ. [Эхнэрийн маань бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараах эдгэрэх явц] амаргүй болох нь тодорхой болж, тэр сүүлийн нэг сарыг … эмнэлэг гэр хоёрын хооронд өнгөрүүллээ. Үүний уршгаар би [амьдралын] ихэнх зүйлээс ‘таслагдсан.’” Энгийн байдал гэдэг үгийг бодоорой.

Тэр үргэлжлүүлэн бичихдээ, “Их Эзэн бидэнд сорилт өгдөг гэсэн үзэл санаа надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Харин Тэрээр сорилтыг Өөрийн зорилгын тулд ашигладаг гэдэгт би итгэдэг. Сүүлийн хэдэн долоо хоногт би сайн мэдээний гол цөмийг [илүү дутуу зүйл ихтэй гэж бодохын оронд] хэр ач холбогдолтой, бодитой талаар нь бодох болсон. Бусдыг хайрлах; бусдаар хайрлуулж, үйлчлүүлэхийг мэдэрч; өвчтэй хүүхдийнхээ [орны] дэргэд эсвэл [хүнд өвчтэй] эхнэрийнхээ эмнэлгийн өрөөнд шөнө оройн цагаар ядарч туйлдан суухдаа Бурханы дуу хоолойн намуухан оршихуйд ‘Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг’ гэх бурханлаг үгийг сонссон.

Би Мормоны Ном болон сайн мэдээг уншиж, Бурханы хайрыг мэдэрсэн. Сүмийн тусламж дэмжлэг [болон хийсвэр] шашны номлолоос гадна биднийг гэрэл рүү … аажим аажмаар дөхөн очиход тусалж чадах [зүйлс] бол итгэлийн бодит байдал, … гэрчлэл, [найдвар болон хайр] юм” гээд,

тэрээр төгсгөлд нь: “Би ариун ёслолын цуглаанд хэдэн долоо хоногийн турш оролцож чадаагүй ч гэрээндээ … үнэнч байж, гэр бүлд маань үйлчилсэн олон сайн хүнийг харлаа. … Би маш их адислагдсан. Би Их Эзэнд хайртай, би сайн мэдээнд [хайртай], би сэргээлтэд бас Сүмд [хайртай]”32 гэсэн юм.

Туйлын хүнд хэцүү байдалд бичсэн итгэл найдвар, тэсвэр тэвчээрийн талаарх энэхүү уран яруу гэрчлэл миний сэтгэлийг хөндсөн. Хэзээ нэгэн цагт бидний найдвар, итгэл үнэмшил үүнтэй төстэй хувийн зовлон бэрхшээлд соригдож, цэвэршигдэх нь гарцаагүй. Гайхалтай залуу найзууд минь соригддоггүй итгэл нь итгэл биш юм шүү. Бид Христийн хадан дээр баригдсан гэж ярьцгаадаг. Амьдралд шуурга, хуй салхи дүүрэн учраас бороо орж, салхи үлээн, үер буухад элсэрхэг суурь тогтож үлдэхгүй учраас бид Христийн хадан дээр барих хэрэгтэй.33

Бид шинэ жилийг, тэр дундаа институтийн хичээлийн шинэ жилийг эхлүүлэх энэхүү дэлхий даяарх нэвтрүүлгийг өндөрлөхдөө сүүлийн ганц захиасаа үлдээе. Та нарын зарим нь сургуульд ямар хичээл авах вэ эсвэл ямар мэргэжлээр суралцах вэ гэдгээс илүү ноцтой зүйлд санаа зовж байж магадгүй. Зарим нь гэм нүглийн ачааг тээж байж болох ч Бурханы бидэнд өгдөг зүйлсээс тусгаарлагдахаас өөр юу ч бидний итгэл найдварыг сүйтгэж, үгүй хийж чадахгүй. Холланд эгч бид хоёр хэлэх үгээ зориуд гэм нүгэл юм уу гэм буруутай байх тухай яриа руу хандуулахыг сонгоогүй ч Их Эзэний заа хэмээн үүрэгдсэн зүйлийг хөндөхгүй орхих нь бидний хувьд хариуцлагагүй хэрэг байх байлаа.

Наманчлалын найдвараар дүүрэн зарчим болон дадал хэвшил нь бүх нийтийн хэрэгцээ байсаар байна. Гэм нүгэл үйлдсэн үед яагаад бидний итгэл найдварын дөл сүүмэлзэж, заримдаа унтарсан мэт санагддагийг бид сайн мэднэ. Ийм нөхцөлд бид өөрчлөгдөх ёстой, эс бөгөөс биднийг “баяр хөөртэй ирээдүй” угтахгүй. Тэрхүү лаа нь үүрд унтраастай байна. Тийм учраас бид бүгд байнга наманчлах хэрэгтэй. Өдөр бүр наманчлах хэрэгтэй хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.34

Тиймээс гэм нүгэл бол бүх дэлхий дэх миний мэдэх итгэл найдвар, аз жаргалын хамгийн том дайсан тул энэ мөчөөс эхлээд үүрч байгаа гэм нүглийн ачаагаа нэн даруй шийдвэрлэхийг би та нараас хүсэж байна. Их Эзэний өмнө нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, шаардлагатай бол бишоп дээрээ оч. Гэхдээ том ч бай, жижиг ч бай гэм буруугаа засаж залруул. Наманчлал бол бидний шинэ эхлэл бөгөөд илүү дээд ирээдүйд хүрэх арга зам юм. Амьдрал хангалттай хүнд хэцүү байхад алдаагаа бас давхар үүрч явах хэрэггүй. Тэдгээрийг авч хая. Сэтгэлийн түгшүүрийг амар амгалангаар, уй гашууг аз жаргалаар соль. Христ та нарыг ийн үйлдэх чөлөөтэй байлгахын тулд Өөрийн амийг өгсөн.

Дараа нь та нар Нифайн бид бүгдээс хүссэнчлэн, дараах байдлаар үйлдэж болно. Маш их зөрчил, зөрчилдөөнийг харсан энэ хүү үхэхийнхээ өмнөх сүүлчийн захиасандаа Холланд эгч бид хоёрын өнөө орой хэлэхийг хүсэж, хичээсэнтэй адил үгийг хэлсэн юм.

Найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл.”35

Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулсан “Найдварын төгс гэрэл.” Бид энэ шинэ жилээр үүнийг та бүхэнд хүсэж байна. Энэхүү тод найдварыг тээснээр энэ нь Бурхан танд хайртай, Христ таны Өмгөөлөгч, сайн мэдээ үнэн гэдгийг маргаангүй шивнэн хэлэх болно. Түүний гэрэл гэгээ нь сайн мэдээнд үргэлж, өдөр бүр шинэ боломж, шинэ амьдрал, шинэ он байдгийг сануулах болно. Ямар гайхалтай гайхамшиг вэ! Ямар гайхамшигтай бэлэг вэ! Христийн бэлгийн ачаар бид тууштай итгэж, хичээж, найдсан хэвээр байх юм бол амьдралын хамгийн сайхан зүйлс биднийх байх болно.

Би үгийнхээ эхэнд дэлхийн нөхцөл байдлын талаар ярьсныг та нар санаж байна уу? Бүх зүйл эцэст нь сайхан болно гэсэн итгэлтэйгээр тэдгээртэй нүүр тул, хувийн бэрхшээлүүдтэйгээ нүүр тул. Дэлхийг байгаагаар нь хүлээж авахаас татгалз. Дэлхийг итгэл найдвараараа гэрэлтүүлж, түүнийг байх ёстой байдалд нь эргүүлэн оруул. Холланд эгчийн та нараас хүссэн тэрхүү хэзээ ч унтаршгүй гэрэл, дэлхийн Аврагчийн гэрэл нь бай.

Би та нарт энэ шинэ онд өөрийнхөө баттай мэдэх зүйлстэй холбоотой бас та нарт үргэлж хэрэг болох төлөөлөгчийн адислалуудыг үлдээж байна. Их Эзэн, Тэргүүн зөвлөл, Арван хоёрын чуулга болон би та нарт хайртай учраас уг адислалыг үлдээе. Хүн бүрийн хайр, бас энэ үдшийн та нарын оролцоо үүнд хамаатай. Итгэл, найдвар, энэрэл зэрэг авралын зарчмуудад агуулагдаж байдаг энгийн бөгөөд гайхалтай хүч та нарын амьдралд илэрхий бөгөөд үр дүнтэй байг хэмээх адислалыг би үлдээж байна. Есүс Христийн сайн мэдээ нь хувь хүн бүрд үнэ цэнтэй, үүрдийн найдвараар дүүрэн, мөнхийн үнэн гэдгийг би баттай мэддэгийн адил та нар мэдээсэй хэмээн адисалж байна. Энэ нь амьдралын олон бэрхшээлийн няцашгүй хариулт ба агуу мөнхөд өргөмжлөгдөх цор ганц зам гэдгийг би төлөөлөгчийн эрх мэдлээр гэрчилж байна.

Та нарын дунд энэ өдрүүдийг “итгэлийн уналт”-ын үе гэж ярих нэгнийг би адисалж байна. Жинхэнэ итгэл, амьдралыг өөрчлөх итгэл, Абрахамтай адил итгэл нь үргэлж уналт дунд байдаг. Итгэлийг жинхэнэ эсэхийг үүгээр л мэдэж авна. Эцэст нь Бурхан: “Сайн байна, итгэмжит сайн зарц минь”36 гэж хэлэх хүртэл илүү итгэлтэй байвал бага уналтыг туулна гэж би амлаж байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Есүс Христийн Сүм гэдэг нь баттай бөгөөд зөвхөн энэ Сүмийн ёслолууд болон боломжуудаар дамжуулан хүмүүн “Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүрч чадна”37 гэдгийг мэдээсэй гэж би та нарыг нэг бүрчлэн адисалж байна. Би та нарын хүн нэг бүрийг, хувь хувьд нь, нэр нэрээр чинь энэ эрэлд хэрэгтэй бэлэг бүрээр адисалж байна. Та нарын асуух бүрд хэрэгтэй зүйлийг чинь тогтмол өгөхөөр хамгийн сайн арга замыг Тэнгэрлэг Эцэг Өөрийн мэргэн ухаандаа хайх үед тэвчээртэй байхаар та нарыг адисалж байна. Бурханы тэнгэрлэг хайр, бидний төлөөх Аврагчийн үүрдийн зуучлал, Ариун Сүнсний байнгын тайтгаруулал, ариун санваарын хүч, ерөнхийлөгч Рассэл М.Нэлсоны харуулдаг бошиглолын уламжлал, Мормоны номын бурханлаг чанар болон сайн мэдээний өгдөг “найдварын төгс гэрэл”-ийн талаар би гуйвшгүй, ариун нандин, хувийн гэрчлэлээ үлдээж байна. Би үүнийг бүх найдварын маань эх сурвалж Их Эзэн Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.