Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Есүс Христэд хүч чадлыг олох нь
2024 оны 3-р сар


“Есүс Христэд хүч чадлыг олох нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Түүний хүчийг ол

Есүс Христэд хүч чадлыг олох нь

Есүс Христ бол дэлхийн бүх өсвөр үеийнхний—түүнчлэн чиний—хүч чадал билээ!

Зураг
Есүс Христ

Түүнийг сонсогтун, Хэйли Миллэр

Би Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн энэхүү тусгай дугаарыг танилцуулж байгаадаа баяртай байна. Эдгээр нийтлэл, үйл ажиллагаа, мөн дэлхий даяарх өсвөр үеийнхний түүхүүд нь Тэргүүн зөвлөлийн илчилсэн гүн гүнзгий, мөнхийн ач холбогдолтой үнэний талаарх чиний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх болно. Тэд Есүс Христийн тухай “Тэр бол ‘өсвөр үеийнхний хүч чадал’ юм” хэмээн онцгойлон тунхагласан.1 Энэ нь Есүс Христ бол чиний хүч чадал гэсэн үг юм. Би чамайг амьдралынхаа энэхүү чухал цаг үед, одоо, мөн үүрд энэ үнэнийг баяртайгаар хүлээн аваасай хэмээн залбирч байна.

Хүн бүрд Есүс Христэд хүч чадлыг олох хэрэгцээ бий

Бид бүхэн энд санамсаргүйгээр эсвэл андуурагдаж ирээгүй билээ. Чи сурч, өсөж хөгжин, гайхалтай зүйлсийг хийхээр, мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болохын тулд энэ дэлхийд ирэхийг сонгосон. Энэхүү аяллын үеэр чи дааж давшгүй мэт санагдах зовлон, бэрхшээл, урам хугаралт, сэтгэл гонсойлт зэрэгтэй олонтоо нүүр тулах болно. Чи яг одоо ч ийм байдалд орчихсон байж болох юм.

Ийм үедээ Тэнгэрлэг Эцэг чинь чамд хайртайг санаарай. Тэр чамайг хайрласаар ирсэн, цаашид ч хайрлах болно. Өөрийн хязгааргүй төгс хайрыг харуулж, чамайг хүчирхэгжүүлж, урагш алхахад чинь туслахын тулд Тэр Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Түүнчлэн Есүс чамд маш их хайртай учраас энд ирсэн юм.

Харамсалтай нь зарим хүн өөрт нь Аврагч хэрэгтэйг ойлгодоггүй. Бүгдийн л адил, тэд өөрсдөө засаж чадахааргүй алдаа гаргаж, давж чадахааргүй зүйлсийг туулж, тэвчиж чадахааргүй асуудал, гай зовлонтой учирна гэдгээ ойлгодоггүй. Мөн тэд өөрсдөө гэм нүгэл, үхлийг давч чадахгүй гэдгээ ухаардаггүй. Энэ нь тэдэнд, мөн бүх хүнд, Есүс Христийн Цагаатгал, мөн үүнээс ирэх хүч чадал хэрэгтэй гэсэн үг юм.

“Гайхалтай юм, ахлагч Холланд. Гэвч би хэрхэн Есүс Христийг өөрийн хүч чадал болгох билээ?” гэж та нар бодож байгаа байх. Энэ асуултад хариулахын тулд Есүс Христ өдөр бүр чамайг хэрхэн тоо томшгүй арга замаар хүчирхэгжүүлдэг талаар хэдхэн зүйл хуваалцъя.

Зураг
Есүс Христ

Аврал ойр байна, Дэвид МкКлэллан

Чамайг хүчирхэгжүүлэх хүч Түүнд бий

Мөнх бус амьдралынхаа сүүлийн өдөр Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт очсон. Тэнд Тэрээр чидуны модны дэргэд өвдөг сөхрөн дэлхийн нүглийг Өөртөө авч эхэлсэн юм. Энэхүү агуу, мөн хязгааргүй зовлон нь “Бүр бүхнээс хамгийн агуу [Түүнийг] … өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн” (Сургаал ба Гэрээ 19:18).

Дараа нь Есүсийг Калварид аваачин цовдолсон. Тэрээр тэнд Өөрийн цагаатгах золиослолыг гүйцээсэн билээ. Тэр Өөрийн амийг сайн дураар өгч, үхлээс ялгууснаар амилсан. Энэхүү Христийн амилсны баярын үеэр Есүс Христ амьд гэдгийг тунхаглахдаа би баяртай байна! Тэр ингэхдээ зөвхөн нүглийн ачааг үүрээд зогсоогүй харин “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвч[сэн]” (Алма 7:11; тодотгол нэмсэн).

Аврагч бүх хүний зүрх сэтгэлийн өвчин, шаналлыг нэг бүрчлэн мэдэрч, чиний, миний, амьдарч байсан мөн амьдрах бодгаль бүрийн туулсан мөн туулах бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн. Чиний төлөө бие махбод, сэтгэл санаагаараа, мөн сүнслэгээр туулсан зүйлсийн улмаас Тэр чамайг хэрхэн хүчирхэгжүүлэхийг мэднэ.

Чамтай чацуу сая сая хүн дундаас Есүс зөвхөн чамд туслахыг хүсэж байна гэдэгт итгэхэд бэрх санагдаж байгаа байх. Чамд туслахаас илүү өөр чухал ажил Түүнд байгаа биз хэмээн бодоход хүрвэл Түүний тэрхүү цэцэрлэгт, мөн өнөөх загалмай дээр байсан үеийг санаарай. Чамайг үнэ цэнтэй гэдгийг Тэр мэдэх учраас Тэр чиний төлөө “зовж, цусаа урсган, хальсан” 2. Тэр одоо ч үүнийг мэддэг. Тэр яг одоо, мөн үүрд мөнхөд чамд туслахыг дэндүү ихээр хүсэж, зорьж, мөн туслахад бэлэн байгаа. “Над дээр ир” хэмээх амьдралыг өөрчлөгч Түүний урилгыг хүлээн авах бүрд чинь Тэр чамайг хүчирхэгжүүлэхийн тулд Өөрийн амийг өгсөн юм (Матай 11:28).

Түүнтэй хамт алхахыг сонго

Есүс Христийг дагаж, Түүнийг өөрийн хүч чадлаа болгох нь чиний сонголт юм. Тэр Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очих “зам руу чиглүүлж, бүх алхмыг зааж өгсөн” 3 Үнэндээ Тэр бол “зам, үнэн, амь” билээ (Иохан 14:6).

Чи Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглүүдээ наманчлан, Есүс Христийн сайн мэдээг хүлээн авснаар тэрхүү замыг олдог. Түүний нэрээр баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахыг сонгох үедээ чи Түүнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлдэг. Тийнхүү зарлигуудыг сахиж, ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ эрхэмлэн, Түүний шавь байснаар чи Түүний сайн мэдээний зам дээр үргэлжлүүлэн алхдаг.

Энэ үйлдлүүд нь—гэрээний холбоо—буюу чамайг Христтэй—Түүнийг чамтай холбох хүчирхэг холбоог бий болгодог. Түүнтэй хамт алхах үед Тэр мөн Эцэг сүнслэг удирдамж, хүч чадлын чинь гол эх сурвалж болдог. Тэгснээр чи өдөр бүр аз жаргалтайгаар, мөн аюулгүйгээр урагш тэмүүлж, Тэдэнтэй илүү адил болж, мөн нэг өдөр чи Тэдний адилаар, Тэдэнтэй хамт амьдрахаар буцах болно.

Зураг
Есүс Христ рүү харж буй эмэгтэй

Над уруу харагтун, Эва Колэва Тимоти

Түүний хүчинд урагш тэмүүл

Би бүх зүрх сэтгэлээрээ Есүс бол Христ гэдгийг гэрчилж байна. Түүн рүү алхам алхмаар ойртож, Түүнд хүрч, Түүнийг өөрийн хүч чадал байхыг урих үед Тэр чам руу ирж мөн чи Түүнийг олох болно.4 Чи Түүний хүрч чадахааргүй тийм хол газар байна гэж үгүй. “Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар [мөн өөр хэн ч] орно гэж байхгүй шүү” хэмээн өмнө нь хэлж байсан зүйлдээ би бүх зүрх сэтгэлээсээ итгэдэг.5

Хэрэв чи Христэд ирж, Түүний зарлигуудыг хамгийн түрүүнд, ямагт “зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр” (3 Нифай 18:32) дагавал, Тэр амьдралын чинь туршид чамтай хамт алхах болно. Тэр гараас чинь атгаж, итгэл найдвар чинь байх болно. Тэр чиний хүч чадал байх болно. Мөн Тэр чамд дуусашгүй аз жаргал, жинхэнэ амар амгалан, агуу баяр хөөрийг авчрах болно.

Түүний онцгой гэрчийн хувьд энэ бол үнэн гэдгийг би гэрчилж байна.