2000–2009
Тараагдсан Израилын цугларалт
2006 оны 10-р сар


Тараагдсан Израилын цугларалт

Бид Их Эзэний сонгогдсон хүмүүсийг хөшигний хоёр талд цуглуулахад тусалдаг.

Хайрт ах, эгч нар аа, би та бүхний итгэл, үнэнч байдал, хайранд талархаж байна. Бид Их Эзэний биднийг хэн байлгахыг хүсэж байгаа тийм хүн байж, юу хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг нь хийх асар том үүрэг хариуцлагатай. Бид тараагдсан Израилын цугларалт хэмээх агуу хөдөлгөөний нэг хэсэг юм. Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх үүний онцгой ач холбогдлын улмаас би өнөөдөр энэхүү сургаалын талаар ярина.

Абрахамын гэрээ

Эрт дээр үед, Их Эзэн Эцэг Абрахамын үр удмыг сонгогдсон хүмүүс болгох амлалтаар адисалсан.1 Судрууд дээр энэхүү гэрээнээс эш татсан байдаг. Үүнд Абрахамын удам угсаагаар дамжин Бурханы Хүү ирнэ, тэд тодорхой газар нутгийг өвлөн авна, түүний ур удмаар дамжуулан дэлхийн үндэстэн, ястнууд адислагдана зэрэг өөр олон амлалт багтдаг.2 Тэрхүү гэрээний зарим хэсэг аль хэдийн гүйцэлдсэн байхад Мормоны Номд энэхүү Абрахамын гэрээ зөвхөн хожмын өдрүүдэд гүйцэлдэнэ хэмээн заадаг.3 Энэ нь бид Их Эзэний гэрээт хүмүүс дунд байдаг гэдгийг онцолдог.4 Эдгээр амлалт биелэгдэхэд биечлэн оролцох онцгой боломж бидэнд байна. Ямар сайхан цаг үед бид амьдарч байна вэ!

Израил тараагдсан нь

Эртний Израилын овгууд Абрахамын үр удмын хувьд санваарын эрх мэдэл мөн сайн мэдээний адислалуудыг хүртэх боломжтой байсан ч яваандаа хүмүүс нь тэрсэлсэн. Тэд бошиглогчдыг хөнөөж, Их Эзэнээр шийтгүүлэв. Арван овог нь Ассири руу боолчлогдож, тэндээс хүн төрөлхтний түүхээс төөрөлдсөн. (Уг арван овог Их Эзэний хувьд төөрөлдөөгүй нь мэдээж юм.) Үлдсэн хоёр овог нь богино хугацаанд үргэлжлүүлсэн хэдий ч эсэргүүцлээсээ болж Вавилон руу боолчлолд аваачигдсан.5 Тэд эргэж ирээд, Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртсэн боловч мөн л дахин Түүнийг хүндлээгүй. Түүнийг үл тоомсорлож, дорд үзсэн. Хайраар дүүрэн ч гашуудсан Эцэг “Би та нарыг үндэстнүүдийн дунд тараана”6 хэмээн тангарагласан ба үнэхээр бүх үндэстний дунд тараажээ.

Израил цуглуулагдах болно

Тараагдсан Израилын цугларалтын талаарх Бурханы амлалт мөн адил тодорхой байсан.7 Жишээ нь, бошиглогч Исаиа хожмын өдрүүдэд Их Эзэн эдгээр “тараагдсан мөн хуваагдсан” хүмүүс рүү “шуурхай элч нараа” илгээнэ гэдгийг урьдчилан харсан.8

Израилыг тараах бошиглол баттай байсантай адил судрын олон хэсэгт гардаг цугларалтын тухай энэхүү амлалт мөн биелэх болно.9

Урвалт болон цаг хугацааны голч дахь Есүс Христийн Сүм

Их Эзэн Есүс Христ цовдлуулахаасаа өмнө Өөрийн Сүмийг зохион байгуулсан. Үүнд төлөөлөгчид, бошиглогчид, дал, багш нар болон бусад хүмүүс багтдаг.10 Мөн Эзэн дэлхийд сайн мэдээгээ тунхаглуулахаар шавь нараа илгээсэн.11

Хэсэг хугацааны дараа Их Эзэний байгуулсан Сүм сүнслэг доройтолд орсон. Түүний сургаалыг хувиргаж, ёслолуудыг нь өөрчилсөн. “Эхлээд урвалт гарахаас нааш”12 Их Эзэн дахин ирэхгүй гэдгийг мэдэж байсан Паулын урьдчилан хэлснээр Агуу уналт болжээ.

Энэхүү Агуу уналт нь өмнөх эрин үе бүрийг дуусгавар болгосон загварыг дагасан. Хамгийн эхнийх нь Адамын үед болсон. Дараа нь Енох, Ноа, Абрахам, Мосегийн болон бусад бошиглогчийн эрин үед ирсэн. Бошиглогч бүр Их Эзэн Есүс Христийн бурханлаг байдлыг болон сургаалыг заах тэнгэрлэг үүрэгтэй. Эрин үе бүрд эдгээр сургаал нь хүмүүст туслах учиртай байсан ч тэдний дуулгаваргүй байдлын үр дүн урвалтад хүргэсэн. Тиймээс өмнөх бүх эрин үе цаг хугацаа, байрлалын хувьд хязгаарлагдаж байсан. Бүгд урвалтаар төгсөж байсан учир цаг хугацааны хувьд хязгаарлагдсан юм. Дэлхий ертөнцийн харьцангуй жижиг хэсэгт байрласнаараа байрлалын хувьд хязгаарлагдаж байсан.

Бүх зүйлийн сэргээлт

Тиймээс бүрэн гүйцэд сэргээлт шаардлагатай байсан. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр бошиглогч Иосеф Смитийг энэ эрин үеийн бошиглогч байхаар дуудсан. Өмнөх эрин үеүдийн бүх тэнгэрлэг хүч түүгээр дамжуулан сэргээгдсэн.13 Цаг хугацааны бүрэн байдлын энэхүү эрин үе нь цаг хугацаа, байрлалын хувьд хязгаарлагдахгүй. Энэ нь урвалтаар төгсөхгүй бөгөөд дэлхийг дүүргэх болно.14

Израилын цугларалт бол бүх зүйлийн сэргээлтийн салшгүй нэг хэсэг юм.

Петр, Паул нарын бошиглосноор бүх зүйл энэ эрин үед сэргээгдэх болно. Тиймийн тул тэрхүү сэргээлтийн нэг хэсэг болж, удаан хүлээгдсэн тараагдсан Израилын цугларалт болох ёстой.15 Энэ нь Их Эзэний хоёр дахь ирэлтэд хэрэгтэй оршил юм.16

Цугларалтын энэхүү сургаал нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн чухал сургаалуудын нэг юм. Их Эзэн “… Би та нарт нэгэн тэмдэг өгье—үүнд би өөрийн хүмүүсийг, Ай Израилын угсааг удаан хугацааны тараагдалтаас нь дотогш цуглуулах болно, мөн тэдний дунд өөрийн Сионыг дахин байгуулах болно”17 хэмээн тунхаглажээ. Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилыг цуглуулж эхэлснийг болон Абрахам, Исаак, Иаков нартай хийсэн гэрээнүүдээ биелүүлж байгаагаа дэлхий дахинд нотлон харуулж буй тэмдэг юм.18 Бид энэ сургаалыг заагаад зогсохгүй, үүнд оролцдог. Бид Их Эзэний сонгогдсон хүмүүсийг хөшигний хоёр талд цуглуулахад тусалснаар үүнд оролцдог.

Мормоны Ном бол энэ ажлын гол цөм юм. Үүнд цугларалтын сургаалыг тунхагладаг.19 Энэ нь хүмүүсийг Есүс Христийн тухай суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж мөн Түүний Сүмд нэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ Мормоны Ном байхгүй байсан бол амлагдсан Израилын цугларалт болохгүй байх байсан.20

Бидний хувьд Абрахамын хүндтэй нэр бол чухал юм. Энэ нэр Ариун Библийн бүх шүлэгт гардгаас илүү олон удаа Сэргээлтийн судруудын шүлэгт дурдагддаг.21 Абрахам Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх гишүүнтэй холбогддог.22 Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан бидний үед Абрахамын гэрээг дахин нотолсон.23 Бид ариун сүмд Абрахам, Исаак, Иаков нарын үр садын хувиар гол адислалуудаа хүлээн авдаг.24

Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе

Цаг хугацааны бүрэн байдлын энэ эрин үе нь тэнгэр, газрын аль алинд нь цуглуулах цаг үе байх болно гэдгийг Бурхан угтан харсан юм. Урвалтын нэг үеийн дараа сэргээлт ирнэ гэдгийг Петр мэдэж байсан. Хувиралтын Уулан дээр Их Эзэнтэй хамт байсан тэрээр ийнхүү тунхаглажээ:

“Иймийн тул наманчил. Гэм нүглээсээ салахын тулд хөрвөгдөгтүн. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирнэ …

“Бурхан дэлхийн эхлэлээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Тэрээр тэнгэрт байх учиртай юм.”25

Орчин үед төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар “[Түүний] хаант улсын түлхүүрүүдийг, мөн эцсийн үеүдэд зориулсан сайн мэдээний эрин үеийг … цаг хугацааны бүрэн байдлын тулд” Их Эзэнээр илгээгдсэн бөгөөд үүнд Тэрээр “тэнгэр дэх бүх юмс ба газар дээрх бүх юмсыг … нэгтгэх … юм.”26

1830 онд бошиглогч Иосеф Смит “бүх зүйлийн сэргээлтийг” авчрах түлхүүрүүдийг эзэмшдэг тэнгэрлэг элч Елиасын талаар мэдэж авсан.27

Зургаан жилийн дараа Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан. Их Эзэн тэрхүү ариун өргөөг хүлээн авсны дараа тэнгэрлэг элч нар санваарын түлхүүрүүдтэй ирсэн. Мосе хүрч ирэн28 “мөн умардын нутгаас арван овгийг удирдан мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг … даатгав.

“Үүний дараа Елиас хүрч ирэн, мөн бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлэн Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав.”29

Дараа нь Елиа ирж “Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж—Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ—Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу”30 хэмээн тунхагласан.

Эдгээр үйл явдал 1836 оны 4-р сарын 3-нд болсноор31 Малахийн бошиглол биелсэн юм.32 Энэ эрин үеийн ариун түлхүүрүүд сэргээгдсэн билээ.33

Хөшигний нөгөө талд байгаа сүнснүүдийг цуглуулах нь

Аз болоход, “Христэд ир” хэмээх урилга нь 34 сайн мэдээний мэдлэггүй нас барсан хүмүүст ч бас хамаатай.35 Тэдний бэлтгэлийн нэг хэсэг нь дэлхий дээрх хүмүүсээс хүчин чармайлтыг шаарддаг. Бид угийн бичиг цуглуулж, гэр бүлийн бүлгийн хүснэгт үүсгэж, хүмүүсийг Их Эзэнд болон гэр бүлд нь цуглуулахаар ариун сүмийн ажлыг эрч хүчтэй хийдэг.36

Цугларалтад оролцох: Гэрээний амлалт

Энэ дэлхий дээр номлолын ажил нь Израилын цугларалтад нэн чухал юм. Сайн мэдээг эхлээд “Израилийн гэрийн төөрсөн хоньдод”37 хүргэх ёстой. Тиймээс Их Эзэний үйлчлэгчид Сэргээлтийг тунхаглахаар урагш явсан. Олон улс үндэстэнд манай номлогчид тараагдсан Израилын хүмүүсийг хайж, “хадны ан цаваас”38 агнаж, эрт цагийн адил тэднийг загасчилж байна.

Христэд ирэх сонголт нь хаана амьдардгаас хамаардаггүй бөгөөд энэ нь хувь хүний амлалтын асуудал юм. Хүмүүс өөрсдийн амьдарч буй орон нутгийг орхилгүй “Их Эзэн Бурханыхаа мэдлэгт авчрагдах”39 боломжтой. Эртний Сүмийн гишүүдийн хувьд хөрвүүлэгдсэнээр ихэнхдээ цагаачлах шаардлага гардаг байсан нь үнэн юм. Гэвч одоо үндэстэн бүрийн нутагт цугларалт явагдаж байна. Их Эзэн гэгээнтнүүддээ өөр өөрийн төрсөн газар, үндэс угсаандаа Сионыг байгуулахыг зарлигласан.40 Судруудад хүмүүс “өөрсдийн өвлөж авсан нутгууд болох гэртээ цуглуулагдах болно, мөн бүх амлалтын нутгууддаа төвхнүүлэгдэх”41 болно хэмээн бошиглосон байдаг. “Улс орон бүр ард түмнийхээ цугларах газар нь юм”42 Бразилын гэгээнтнүүдийн цугларах газар нь Бразил, Нигерийн гэгээнтнүүдийн цугларах газар Нигер, Солонгосын гэгээнтнүүдийн цугларах газар Солонгос гэх мэтчилэн байх болно. Сион бол “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” тэд юм.43 Сион бол зөв шударга гэгээнтнүүдийн байгаа газар. Хэвлэл нийтлэл, харилцаа холбоо, цугларалтууд одоо бараг бүх гишүүний байгаа газар явагдаж байгаа учир тэд хаана байгаагаасаа үл хамааран сургаал, түлхүүрүүд, ёслолууд, сайн мэдээний адислалуудаас хүртэх боломжтой юм.

Сүнслэг байдлын хувьд аюулгүй байх нь хувь хүний хаана амьдарч байгаагаас бус, хэрхэн амьдарч байгаагаас шалтгаалдаг. Газар бүрийн гэгээнтнүүд Их Эзэний адислалуудыг адил тэгш хүртэх эрхтэй.

Бүхнийг чадагч Бурханы энэ ажил үнэн. Тэр амьд. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм бөгөөд үүний тэнгэрлэг хувь тавиланг болон Израилын амлагдсан цугларалтыг гүйцэлдүүлэхээр сэргээгдсэн. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бол өнөө үеийн Бурханы бошиглогч мөн. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.