2000–2009
Зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд адислагдах болно
2007 оны 10-р сар


Зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд адислагдах болно

“Мөн бодол санааг [маань] ариун журам зогсолтгүй чимэн гоёг,” зүрх сэтгэл, оюун бодлоо цэвэр ариун байлгах гэж чин сэтгэлээсээ хичээн зүтгэсний маань төлөө Бурхан биднийг адислах болтугай.

Хэдэн жилийн өмнө, нэгэн нарлаг сайхан өглөө эхнэр бид хоёр Карибын тэнгисийн эргээр алхаж явахдаа загас агнуурын хэд хэдэн жижиг завийг элсэн дээр гарган тавьсныг харж билээ. Бид тэр завинуудыг ажиглаж зогсохдоо загасчлалын талаар нэгэн зүйлийг сурч мэдсэнээ би хэзээ ч мартдаггүй. Тэндхийн загасчид тор, утас, дэгээ хэрэглэхийн оронд төмөр утсаар хийсэн торон, энгийн занга хэрэглэдэг байв. Занга бүр нь хайрцаг шиг хэлбэртэй. Загасчид занганыхаа хоёр талд хорь гаруй см босоо зүсэлт хийж, зүссэн хэсгээ дотогш нугалж, загас орж болохуйц нарийн завсар гаргадаг.

Энэхүү занга хэрхэн ажилладгийг та нар тааварлаж байгаа байх. Загасчид өгөөш бүхий зангыг далайн гүнд тавьдаг. Зангатай ойрхон ирсэн, оройн хоол болохуйц том загаснууд өгөөшийг үмхэхээр занганы хажуугийн зүссэн нарийн завсраар чихэлдэн ордог. Занганд орсон загас буцаж сэлж гарахыг оролдох боловч орсон шигээ амархан биш тул буцаж гарахаар оролдоход нь дотогш нугалсан хурц ирмэгүүд саад болж, ийнхүү баригддаг ажээ. Загасчид эргэн ирж, зангыг уснаас татан гаргаснаар занганд орсон загас шинэхэн, далайн гаралтай оройн зоог болдог аж.

Хуучин Гэрээнд үүнтэй адил занганы олз болсон нэгэн хүний тухай бичсэн байдаг. Тэр хүн бол агуу Хаан Давид бөгөөд энэ бол сударт байдаг хамгийн харамсалтай түүхүүдийн нэг юм.

“Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны [эсрэг тулалдав]. Давид харин Иерусалимд үлджээ.

Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ” (2 Самуел 11:1–2).

Давид тэр эмэгтэйн нэр Батшеба болохыг олж мэдэв. Түүний нөхөр Уриа хэмээх цэрэг, бусад цэргийн хамт Аммоны эсрэг тулалдаж яваа бөгөөд хаан Давид ч мөн тэнд байх ёстой байсан. Давид Батшебаг ордондоо авчруулав. Тэд садар самууныг үйлдэж, Батшеба жирэмсэн болсон бөгөөд тэдний энэ бусармаг явдал мэдэгдчихвий гэж Давид айх болжээ. Давид гэм нүглээ далдлахын тулд Уриаг Иерусалим руу буцаах тушаал буулгав. Уриа эргэж ирсэн ч зарчмын хувьд гэртээ харьж, Батшеба руу очихыг эсэргүүцдэг. Ийнхүү Давид Уриаг тулаанд алуулахаар тохирчээ (2 Самуел 11:3–17-г үзнэ үү). Эдгээр, хүний санаанд багтамгүй шийдвэрээс болж Уриа үхэж, Давид, Батшеба хоёр мөн бүхэл бүтэн хаант улс зовлонд унав. Библи дээр “Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу байв” (2 Самуел 11:27) хэмээн зөөлрүүлэн хэлсэн байдаг.

Та нар Давид хэрхэн урхинд орсныг харав уу? Тэр өргөөнийхөө дээвэр дээр байхдаа доош хөршийнхөө хашаа руу харсан ба тэр хэзээ ч харах ёсгүй зүйлээ харсан байна. Тэр бол дайсны өгөөш байсан. Даруу байдал, ариун явдал, үнэлэлт дүгнэлт хийх чадвар Давидыг тэр байдлаас тэр даруй нүүр буруулахыг шаардсан ч тэр алийг нь ч хийгээгүй юм. Түүний бодол санаа хориглогдсон уран зөгнөлд автаж, тэрхүү бодол нь түүнийг үйлдэл хийхэд хүргэсэн бөгөөд нөхцөл байдал муугаас маш муу, цаашлаад хор хөнөөлтэй зүйл болж хувирчээ. Давид урхинд орсон бөгөөд түүний хувьд үр дагавар нь мөнхийн байсан юм.

Өнөөдрийн сүнслэг урхи бол порнограф бөгөөд үүний дур хөдөлгөм агуулгад олон хүн татагдаж, энэхүү үхлийн занганд ордог. Бусад зангатай адил ороход амархан ч гарахад хэцүү. Порнографын муу нөлөөнд автахгүйгээр үзэж болно гэж зарим нь тайлбарладаг. Тэд эхэндээ “Энэ тийм ч муу зүйл биш,” “Хэнд хамаатай юм бэ? Юуг ч өөрчлөхгүй” эсвэл “Би зүгээр л сонирхсон юм” гэдэг. Гэвч тэд андуурч байна. Их Эзэн “Мөн эмэгтэй хүнийг тачаангуйгаар хардаг тэрээр итгэлийг үгүйсгэнэ, мөн Сүнстэй байх нь үгүй болно; мөн хэрэв тэрээр үл наманчилбаас тэрээр зайлуулагдах ёстой” (С ба Г 42:23) хэмээн анхааруулсан. Давидад яг ийм зүйл тохиолдож, тэрээр Батшебаг тачаадан харж Сүнсээ алдсан. Хэрэв Давид харцаа буруулсан байсан бол түүний үлдсэн амьдрал өөр байх байсан.

Порнограф хэрэглэгчид Сүнсээ алдахаас гадна хэр хэмжээ, хэтийн зорилгоо алддаг. Их Эзэнээс нууцлах зүйл юу ч байхгүй гэдгийг умартаж, Хаан Давид шиг тэд гэм нүглээ нуухыг оролддог (2 Нифай 27:27-г үзнэ үү). Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, сайхан нөхөрлөл нь хиртэж, гэр бүлийн харилцаа муудаж, гэм зэмгүй хүмүүс хохирох үед л жинхэнэ үр дагавар нь хуримтлагдаж эхэлдэг. Төд удалгүй тэд үзэж харж байсан зүйлсдээ сэтгэл ханахаа больдог бөгөөд тэд илүү садар самуун дүрсүүдийг үзэж эхэлдэг. Хэдийгээр тэд үүнийгээ мэддэггүй эсвэл үгүйсгэдэг ч аажмаар донтож эхлэн, Давидын адил тэдний ёс суртахууны жишиг нуран унаснаар зан ааш нь эвдэрдэг.

Дэлхий даяар олон хүний дагадаг соёл гажуудаж, ёс суртахуунгүй зүйл хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээ, зар сурталчилгаа, интернэтийг эзлээд байна. Аль нь зөв, тэр байтугай аль нь аюултай вэ гэдгийг дэлхийд ноёлоод байгаа олонхын дагадаг хэм хэмжээгээр хэмжиж буй нь маш аюултай хэмжигдэхүүн болоод байна. Сая сая хүний үзэх дуртай, олонд танигдсан кино, телевизийн нэвтрүүлэг ч порнографын шинжтэй дүрс зургийг харуулж байна. Хэрэв киноны зарим хэсэгт “тийм ч муу биш” зүйл гарч байгаа бол энэ нь тийм ч сайн зүйл бас биш. Тийм учраас бид бусдын үздэг л кино, ордог л вэбсайт гэж өөгшүүлэн, зохисгүй зүйл үзэж болохгүй. Санваартны амьдрал дэлхийн жишгийг биш, Аврагчийн болон Түүний Сүмийн жишгийг дагадаг байх хэрэгтэй.

“Мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд нь адислагдах болно, учир нь тэд Бурханыг харна” (3 Нифай 12:8) хэмээн Аврагч заасан. Сайн мэдээний амлалтууд биднийг үнэ цэнтэй болгодог төдийгүй өргөмжлөлд хүргэдэг. Бид амьдрал маань хэр цэвэр ариун, ёс суртахуунтай байгаагаас шалтгаалж эдгээр амлалтаас хүртдэг. Бид зөв амьдарч, зүрх сэтгэлээ ариун байлгахыг эрэлхийлэх үедээ Бурхантай болон Сүнстэй илүү ойр болдог. Бидний зүрх сэтгэл хаана байгаа нь Бурханыг нотлох зүйлийг одоо энэ дэлхийгээс хэр их олж харахыг тодорхойлж, зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд “Бурханыг харах болно” хэмээсэн амлалтыг эцэст нь хүлээн авахад биднийг тэнцүүлдэг. Бидний зорилго бол цэвэр ариун байдлыг эрэлхийлэх явдал юм. Тийм учраас төлөөлөгч Иохан ийнхүү бичжээ.

“Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно.

Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг” (1 Иохан 3:2–3).

Хэрэв та нар порнографын занганд орсон бол Аврагчийн тусламжтайгаар өөрийгөө чөлөөлөх цаг чинь яг одоо юм шүү. Гарах зам байдаг, харин гарахын тулд Түүний тусламж хэрэгтэй. Бүрмөсөн эдгэрэх эсэх чинь чиний гэм нүглээ бүрэн наманчилсан эсэхээс шалтгаална. Даруйхан бишоптойгоо уулз. Түүний сүнслэг удирдамжийг эрэлхийл. Тэрээр наманчлах төлөвлөгөө гаргахад тань туслах бөгөөд энэ нь та нарын өөртөө итгэх итгэлийг сэргээж, Сүнсийг амьдралд тань эргүүлж авчрах болно. Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын эдгээх хүч бүх гэм нүгэлд хүртээмжтэй бөгөөд порнограф ч үүнд багтана. Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээ Аврагч руу эргүүлж, бишопынхоо зөвлөмжийг дагах юм бол өөрсдөдөө хэрэгтэй эдгэрлийг олох болно. Уруу таталтыг тэвчиж, муу зуршлаасаа салах хүч чадлаа олоход тань Аврагч та нарт туслах болно. Моронайн зааснаар:

“Мөн та нар Христэд ирж, мөн сайн бэлэг болгоноос барьж аван, мөн хилэнцэт бэлэгт, бас цэвэр бус зүйлд үл хүрэхийг та нарт ухуулъя би. …

Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Moронай 10:30, 32).

“Мөн бодол санааг [маань] ариун журам зогсолтгүй чимэн гоёг” (С ба Г 121:45); зүрх сэтгэл, оюун бодлоо цэвэр ариун байлгах гэж чин сэтгэлээсээ хичээн зүтгэсний маань төлөө Бурхан биднийг адислах болтугай. Би Аврагчийн гэтэлгэлийн хайр, Түүний Цагаатгалын ариусгах хүч чадлыг Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен.