2010–2019
Хянамгай ба хайхрамжгүй
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хянамгай ба хайхрамжгүй

Дэлхийн нөлөө хилэнцийг хүлээн зөвшөөрч байхад бид амьдрал, дэлхийн нөлөө хоёрын дундах зайг холдуулан, Аврагч руу маань аюулгүй удирддаг зам дээр бат бөх зогсохоор хичээнгүйлэн зүтгэх ёстой.

Нэг удаа би дэлгүүрийн цонхон дээр “Аз жаргал - $15.00” гэсэн бичиг байхыг харсан юм. Тэгээд би 15 доллароор хэр их аз жаргал худалдаж авч болохыг мэдэхийг маш их хүссэн учраас дотогш орлоо. Тэнд баахан хямд гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс л байсан бөгөөд миний харсан зүйлсээс нэг нь ч уг бичигт дурдсан шиг аз жаргалыг надад авчрах боломжгүй байв. Он жилийн явцад би тэрхүү бичгийн талаар мөн хямдхан, түр зуурын зүйлсээс аз жаргал эрж хайхад хэчнээн амархан байдаг талаар олон удаа бодож билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид жинхэнэ аз жаргалыг хэрхэн хаанаас олж авахыг мэддэг нь адислал юм. Энэ нь бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн тогтоосон сайн мэдээний дагуу хянамгай амьдарч, Түүнтэй илүү адилхан болохын төлөө хичээх хичээл зүтгэлээс олддог.

Миний нэг сайн найз галт тэрэгний инженер байв. Нэг өдөр тэр явах чиглэлийнхээ дагуу галт тэргээ жолоодон явж байгаад, урд зам дээр нь нэг машин зогсож байхыг олж харжээ. Тэрээр уг машиныг зам хөндлөн гарч чадахгүй, гацсан байгааг дор нь анзаарав. Тэр зүтгүүрээсээ хойш 1,2 километр урттай, 6500 тн ачаатай галт тэрэгнийхээ чиргүүл бүрийг тоормослуулдаг ослын горимд даруйхан шилжүүлжээ. Галт тэрэг машиныг мөргөхгүйгээр зогсох ямар ч боломж байхгүй байв. Азаар машинд сууж байсан хүмүүс галт тэрэгний сэрэмжлүүлгийн дохиог сонсоод, мөргөлдөхөөс нь өмнө амжиж, машинаасаа гарч, холдсон байжээ. Инженерийг цагдаагийн мөрдөн байцаагчтай ярьж байхад нэгэн ууртай эмэгтэй тэдэн дээр ирэв. Тэр болсон үйл явдлыг бүгдийг нь харсан бөгөөд энэ инженер машиныг мөргөхгүйн тулд замаасаа хазайх гэж оролдоо ч үгүй гэж гэрчлэв.

Хэрвээ инженер осол гаргахгүйн тулд замаасаа гарч, хазайх боломжтой байсан бол тэр өөрөө галт тэрэгтэйгээ тэр чигээрээ онхолдож, цааш явалгүй, огцом зогсох байсан нь ойлгомжтой. Түүний аз болоход, галт тэргийг замдаа таарсан бартаа саадаас үл хамааран хүрэх газар луугаа урагшлах үед төмөр зам дугуйнуудыг нь бат бэх тогтоож байсан юм. Бидний аз болоход, бид ч бас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж баптисм хүртэхдээ гэрээний зам дээр гардаг. Хэдийгээр бид замдаа үе үе саад бэрхшээлтэй тулгардаг ч энэ зам дээрээ баттай байвал энэ нь биднийг шагнал болох мөнхийн зогсоол руу урагшлуулсаар байх болно.

Зураг
Лихайн амьдралын модны үзэгдэл

Амьдралын модны үзэгдэл нь бидэнд хайхрамжгүй байдлын үр нөлөө биднийг гэрээний замаас хэрхэн холдуулж болдгийг харуулдаг. Төмөр бариул мөн давчуу, нарийн зам буюу гэрээний зам нь Аврагчийн болон Түүний Цагаатгалын хангасан итгэлтэй хүмүүсийн хүртэх боломжтой бүх адислал байдаг амьдралын мод руу шулуухан чиглүүлдгийг бодож үз. Түүнчлэн үзэгдэлд дэлхийн бузар муухай байдлыг төлөөлсөн уст гол гардаг. Сударт энэ гол нь мод руу биш, модны “дэргэдүүр,” замын дагуу “урсан” өнгөрч байгаа талаар дүрсэлдэг. Энэ дэлхий сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлж, тэднийг мод руу биш, модны дэргэдүүр хөтлөн, гэрээнүүддээ хайхрамжгүй хандан амьдрахад хүргэдэг анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн байна. Хэрэв бид гэрээний дагуу амьдрахдаа яг таг хянамгай байхгүй бол бидний хайхрамжгүй байдлын үр нөлөө яваандаа биднийг хориотой зам руу буюу агуу хийгээд нүсэр барилга руу аль хэдийн орсон хүмүүстэй нэгдэхэд хөтлөн удирдаж болно. Хэрэв бид хянамгай байхгүй бол бүр бузар голын гүн рүү ч живж магадгүй.1

Бүх зүйлийг хийхэд хянамгай, хайхрамжгүй гэсэн хоёр арга зам байдаг ба үүнд сайн мэдээний дагуу амьдрах явдал ч мөн орно. Аврагчид өгсөн амлалтаа бодож үзэхэд, бид хянамгай байна уу, аль эсвэл хайхрамжгүй байна уу? Мөнх бус байдлынхаа шинжээр бид заримдаа үйлдлээ саармаг болгож эсвэл сайныг тийм ч сайн биш зүйлтэй хольсон маягтай байлгаснаараа өөрсдийн зан байдлыг зөвтгөдөггүй гэж үү? Бид бошиглогч, удирдагчдын зөвлөмжийг дагах эсвэл сайн мэдээний дагуу хянамгай амьдрах үе ирэхэд “хэдий тийм боловч,” “үүнээс гадна” эсвэл “гэхдээ” гэсэн үгсийг хэлэх тоолондоо “Энэ зөвлөмж надад хамаагүй” хэмээн хэлж байгаа хэрэг юм. Бид хүссэнээрээ өөрсдийгөө зөвтгөж болох ч үнэн хэрэгтээ буруу зүйлийг хийх зөв арга зам гэж байдаггүй юм!

2019 оны өсвөр үеийнхний уриа бол Иохан 14:15 дахь Их Эзэний хэлсэн “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” хэмээх үг юм. Бид өөрсдийн хэлдгээр Түүнд хайртай л юм бол тэр хайраа Түүний тушаалуудын дагуу амьдрахдаа арай илүү хянамгай байснаар үзүүлж болно.

Сайн мэдээний дагуу амьдрахдаа хянамгай байна гэдэг нь албан ёсны эсвэл баригдмал байна гэсэн үг биш юм. Энэ нь Есүс Христийн шавь нарын хувьд бодол санаа болон биеэ авч явах байдалдаа зүй зохистой байхыг хэлдэг. Сайн мэдээний дагуу амьдрахдаа хянамгай, хайхрамжгүй байх хоёрын ялгааны талаар эргэцүүлэн бодож үзэх зүйлсийг дурдъя. Үүнд:

Бид Хүндэтгэлийн өдрөөр шүтэн бишрэхдээ болон долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхдээ хянамгай байдаг уу?

Бид залбирахдаа болон судраас судлахдаа илүү хянамгай байж эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав нэртэй гарын авлагыг илүү идэвхтэй судалж чадах уу?

Бид ариун сүмд шүтэн бишрэхдээ хянамгай байдаг уу? Мөн бид баптисмын болон ариун сүмд байгуулсан гэрээнүүдийн дагуу хянамгай, зорилготой амьдардаг уу? Ялангуяа бид ариун газар, орчин нөхцөлд зохистой хувцаслаж, харагдах байдалдаа хянамгай ханддаг уу? Бид ариун сүмийн ариун нандин өмсгөлийг хэрхэн өмсөж байгаадаа хянамгай хандаж чаддаг уу? Эсвэл дэлхийн хэв загвар илүү хайхрамжгүй хандлагыг төрүүлж байна уу?

Бид бусдад тохинуулахдаа болон Сүм дэх дуудлагаа хийхдээ илүү хянамгай байна уу эсвэл үйлчлэх дуудлагадаа хайхрамжгүй, тоомжиргүй хандаж байна уу?

Бид уншиж байгаа зүйлсдээ мөн зурагт, зөөврийн хэрэгслүүдээр үзэж байгаа зүйлсдээ хянамгай хандаж байна уу эсвэл хайхрамжгүй хандаж байна уу? Бид хэл яриандаа хянамгай байна уу? Эсвэл балмад, бүдүүлэг зүйлийг хайхрамжгүй хүлээн зөвшөөрч байна уу?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол нь хянамгай дагасан тохиолдолд баялаг адислалуудыг авчирч, гэрээний замдаа үлдэхэд бидэнд туслах жишгүүдийг агуулдаг. Хэдийгээр энэ нь өсвөр үеийнхний тусын тулд бичигдсэн ч биднийг залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг дүүргэсний дараа үүн дээрх жишгүүдийн хугацаа дуусаж, хамааралгүй болно гэж байхгүй. Тэдгээр нь бидний хүн нэг бүрд үргэлж хамааралтай байдаг. Эдгээр жишгийг сэргээж харах нь сайн мэдээний дагуу илүү хянамгай амьдарч болох бусад арга замыг бидэнд сануулж болно.

Бид бусдын таалалд нийцэхийн тулд эсвэл өөр хэн нэгнийг тааламжтай байлгахын тулд жишгүүдээ бууруулдаггүй. Бид Есүс Христийн шавь нар учраас бусдыг өөд нь татаж, тэд ч мөн илүү агуу адислалуудыг олж авч болох илүү өндөрлөг, ариун газар руу тэднийг өргөхөд хувь нэмрээ оруулдаг.

Би хүн бүрийг илүү хянамгай байдлаар гэрээнүүддээ эзэн болохын тулд амьдралдаа ямар зохицуулалт хийх хэрэгтэйгээ мэдэж авахаар Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлээсэй гэж урьж байна. Түүнчлэн үүнтэй адил зүйлийг хийж байгаа бусад хүнд битгий шүүмжтэй хандаарай хэмээн би гуйж байна. “Шүүлт бол минийх, … хэмээн Их Эзэн хэлдэг.”2 Бид бүгдээрээ өсөж хөгжих, өөрчлөгдөх үйл явцыг туулж байгаа.

Мормоны Номд гардаг урвагч амлисайчуудын талаарх түүх надад сонирхолтой санагддаг. Тэд Есүс Христтэй болон Түүний сүмтэй холбоогүй болсон гэдгээ бусдад мэдүүлэх нэг арга зам болгон, бүх хүнд харагдахаар духан дээрээ тод улаан тэмдэг тавьдаг.3 Үүний эсрэгээр, Есүс Христийн шавь нарын хувьд бид өөрсдөдөө хэрхэн тэмдэг тавьдаг вэ? Бусад хүн Түүний дүр төрхийг бидний царай төрхөөс амархан олж харж, амьдралаа илүү хянамгай авч явж байгаагаар маань биднийг хэнийг төлөөлж байгааг мэдэж чадах уу?

Бид гэрээт хүмүүс учраас дэлхийн бусад зүйлтэй холилдон хутгалдах ёсгүй. Бид “Бурханы эзэмшлийн ард түмэн” хэмээн дуудагддаг.4 Ямар гайхалтай магтаал гээч! Дэлхийн нөлөө хилэнцийг хүлээн зөвшөөрч байхад бид амьдрал, дэлхийн нөлөө хоёрын дундах зайг холдуулан, Аврагч руу аюулгүй удирддаг зам дээр бат бөх зогсохоор хичээнгүйлэн зүтгэх ёстой.

Би мөнхийн аз жаргалыг олж авах тухай тунгаан бодохдоо бид заримдаа өөрсдийгөө саармаг байдалд байгаагаа олж хардаг гэдгийг ухаарсан. Харанхуйлах манан нь биднийг гэрээний замаар аялах үед зайлшгүй байдаг. Уруу таталт, хайхрамжгүй байдал бидний чиглэлийг гэрээний замаас уран чадварлагаар сарниулан холдуулж, дэлхийн харанхуй руу чиглүүлдэг. Бидний хайртай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийм зүйл тохиолдох цаг үед зориулан, гэрээний замдаа бушуу түргэн эргэн гарахад биднийг шавдуулсан. Би наманчлалын бэлэгт болон Аврагчийн Цагаатгалын хүчинд үнэхээр их талархдаг.

Төгс амьдралаар амьдарна гэдэг бол боломжгүй зүйл билээ. Ганцхан хүн энэхүү телестиел гараг дээр оршиж байхдаа төгс байдлаар амьдрах боломжтой байсан. Тэр бол Есүс Христ байв. Ах, эгч нар аа, бид хэдийгээр төгс биш ч ариун ёслолоос хүртэхүйц мөн ариун сүмийн ёслолууд болон хувийн илчлэлт хүлээн авахуйц зохистой байж чадна.

Хаан Бенжамин Аврагчийг хянамгай дагадаг хүмүүст ирдэг адислалууд, аз жаргалын тухай “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно”5 хэмээн гэрчилжээ.

15 доллароор аз жаргал худалдаж авч чадах уу? Үгүй ээ, чадахгүй. Гүн гүнзгий, мөнхийн аз жаргал Есүс Христийн сайн мэдээний дагуу хянамгай, хичээнгүйлэн амьдарснаар ирдэг. Есүс Христийн нэрээр, амен.