Ерөнхий чуулган
Бариа өөд урагшил
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бариа өөд урагшил

Бидний энэ амьдралд юу туулж өнгөрүүлэхээс илүү хэн болж байгаа маань чухал.

Үйлс номыг мөн Паулын захидлуудыг унших бүрдээ би Паул үйлчилж, зааж, Есүс Христийг гэрчлэхдээ хэрхэн хайр, талархлаар хөтлөгдөж байсныг гайхдаг. Тэгтлээ зовж шаналж буй хүн яаж тийм их хайр, талархалтайгаар үйлчилсэн юм бол? Паулыг үйлчлэхэд чухам юу нөлөөлсөн бэ? “Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.”1

Бариа өөд урагшлах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Аврагчтай хамт “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам”2 дээр итгэлтэйгээр үргэлжлүүлэхийг хэлдэг. Паул өөрийн зовлон шаналлыг “бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш”3 гэж үзжээ. Шоронд хоригдож байхдаа филиппойчуудад хандан бичсэн Паулын захидал бол тодорхойгүй байдлын энэ хүнд хэцүү үед бидэнд асар их баяр баясал, урам зориг хайрладаг. “Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд”4 хэмээн хэлсэн Паулаас бид бүгд урам зориг авах хэрэгтэй.

Паулын үйлчлэлийг харахын зэрэгцээ бид өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралд тулгарч буй бэрхшээлүүдийн дунд хайр, талархлаар үйлчилж, зааж, гэрчилдэг өөрсдийн “Паулуудаас” өнөө үед урам зориг авдаг. Ес гаруй жилийн өмнө тохиолдсон нэгэн туршлага маань надад бариа өөд урагшлахын чухлыг ойлгуулсан юм.

2012 онд Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдаанд анх удаа оролцохоор явж байхдаа би цочирдсон байсан төдийгүй өөрийгөө хангалтгүй гэж мэдэрч байв. Надад “Чи энд харьяалагддаггүй! Ноцтой алдаа гарсан нь тодорхой!” гэх дуу хоолой тасралтгүй сонстов. Суух газар хайн явж байтал ахлагч Жэффри Р.Холланд намайг олж хараад, над дээр ирэн, “Эдвард, чамайг энд харсандаа баяртай байна” гэж хэлээд, хацарт минь зөөлөн хүрэв. Би өөрийгөө бяцхан хүүхэд мэт мэдэрч билээ! Түүний хайр, тэврэлт надад халуун дулаан мэдрэмж төрүүлж, би энд харьяалагддагийг мөн ахан дүүсийн сүнсийг мэдрэхэд тусалсан. Дараа өдөр нь би ахлагч Жэффри Р.Холландыг өмнөх өдөр нь надтай мэндэлсний адилаар ахмад төлөөлөгч болох ахлагч Даллин Х.Өүксийн хацарт зөөлнөөр халуун дотноор хүрэхийг харав!

Яг тэр мөчид би бидний бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмждэг тэр хүмүүсээр дамжуулан Их Эзэний хайрыг мэдэрсэн. Ахлагч Холланд өөрийн нинжин сэтгэл, энгийн үйлдлээр дамжуулан надад хэт өөрийгөө анхаарсан мөн хангалтгүй гэсэн мэдрэмжээ даван туулахад тусалсан юм. Тэрээр надад бодгалиудыг Христэд авчрах ариун нандин, баяр баясгалант дуудлагат ажилдаа төвлөрөхөд тусалсан. Эртний Паулын адилаар тэр намайг бариа өөд урагшлахад чиглүүлж өгсөн юм.

Сонирхолтой нь, Паул биднийг урагш тэмүүл гэж ятгахдаа, өнгөрсөн үеийн айдас, анхаарал, бүтэлгүйтэл, уйтгар гунигаа мартахад мөн уриалсан. Тэрбээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны адилаар биднийг “илүү шинэ мөн ариун нандин аргаар” урьж байна.5 “Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно”6 гэсэн Аврагчийн амлалт бодит юм.

Ерөнхий чуулган дээр анх үг хэлэхдээ би ээжийнхээ надад талбайд ажиллахыг зааж сургасан туршлагаас хуваалцаж билээ. “Хийж бүтээсэн рүүгээ хэзээ ч битгий эргэн хар. Өмнөө байгаа хийж дуусгах ёстой зүйл рүүгээ л хар!” гэж ээж минь хэлсэн юм.7

Амьдралынхаа төгсгөлд ээж маань хорт хавдартай тэмцэж байх үедээ Наом бид хоёртой амьдардаг байв. Нэг орой би түүнийг унтлагын өрөөндөө уйлж байхыг сонслоо. Өдөр бүр тариулдаг морфины сүүлчийн тунгаа хоёрхон цагийн өмнө тариулсан байсан ч хүчтэй өвдсөн хэвээр байв.

Би түүний өрөөнд ороод, түүнтэй хамт уйлав. Түүнийг өвдөлтөөсөө даруй ангижраасай хэмээн чангаар залбирахад минь тэрээр олон жилийн өмнө талбайд байхдаа хийсэн зүйлээ давтав. Тэр уйлахаа болиод, надад сургамж айлдсан юм. Тэр мөчид шаналан уйлж буй хүүгээ өрөвдөн ширтэх ядруу, зовсон, өвчин шаналлаар дүүрэн ээжийнхээ дүр төрхийг би хэзээ ч мартахгүй. Тэрээр нулимстай нүдээрээ инээмсэглээд, миний нүд рүү харан, “Энэ өвдөлт арилах үгүй нь чамаас эсвэл өөр хэн нэгнээс шалтгаалахгүй, харин Бурханаас шалтгаална” гэж хэлсэн.

Би чимээгүйхэн суув. Ээж маань ч чимээгүйхэн суув. Энэ дүр зураг ой тойнд маань тод томруун үлдсэн билээ. Тэр орой Их Эзэн ээжээр минь дамжуулан надад үүрд үл мартах нэгэн хичээлийг заасан юм. Ээжийг маань Бурханы хүслийг хүлээн авсан гэдгээ илэрхийлэх үед би Гетсеманийн цэцэрлэгт мөн Голгатын загалмай дээр Аврагчийн зовж шаналсан шалтгааныг санав. Тэрбээр “Болгоогтун би өөрийн сайн мэдээг та нарт өгсөн, мөн энэ бол та нарт миний өгсөн тэр сайн мэдээ—Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ”8 хэмээн хэлсэн.

Зураг
Христ Гетсеманид

Өнгөрсөн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсоны бидэнд тавьсан бошиглолын асуултуудыг би эргэцүүлэн бодлоо. Ерөнхийлөгч Нэлсон “Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралдаа хамгийн хүчтэй нөлөөлөгч болгоход бэлэн үү? … Түүний дуу хоолойг бусад хүслээсээ дээгүүрт тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?”9 гэж асуусан юм. Миний ээж, түүнчлэн дэлхий даяарх сүмийн өөр бусад итгэлтэй гишүүд ч сэтгэл хөдлөм шийдэмгийгээр “тийм” гэж хариулах байсан. Биднийг урамшуулж, дэмжих эдгээр бошиглолын асуултыг тавьсных нь төлөө ерөнхийлөгч Нэлсонд талархъя.

Саяхан надад Өмнөд Африкийн Преториад эхнэр, охин хоёроо нэг өдөр оршуулсан бишоптой ярилцах боломж олдов. Тэд корона вирусын цар тахлаар насан өөд болсон байлаа. Би түүнээс ямархуу байгааг нь асуухад, бишоп Тэдди Табэтэгийн өгсөн хариулт Их Эзэний бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үг, зөвлөгөөг дагах шийдэмгий байдлыг маань хүчирхэгжүүлсэн. Бишоп Табэтэ Аврагч биднийг хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд Өөрийн хүмүүсийн өвчин шаналлыг Өөр дээрээ авсан гэдгийг мэдэх нь үргэлж найдвар, тайтгарал авчирдаг хэмээн хариулсан юм.10 Агуу итгэлээр тэрээр “Би авралын төлөвлөгөө, аз жаргалын төлөвлөгөөнд талархаж байна” хэмээн гэрчлээд, “Энэ чинь бошиглогчийн маань өнгөрсөн чуулган дээр бидэнд заах гэж хичээж байсан зүйл биш гэж үү?” хэмээн надаас асуув.

Мөнх бус амьдралын сорилт бэрхшээлүүд бидний хүн нэг бүрд ямар нэгэн байдлаар ирэхэд “Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагнал” болох “бариа өөд урагшлах”11 зорилгодоо анхаарлаа төвлөрүүлцгээе.

Та бүхэнд өгөх миний даруухан урилга бол хэзээ ч бүү бууж өг! Бид “аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээн; Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харахаар”12 дуудагдсан.

Бидний энэ амьдралд юу туулж өнгөрүүлэхээс илүү хэн болж байгаа маань чухал. Бариа өөд урагшлахад баяр баясгалан ирдэг. Биднийг түүн рүү харах үед бүхнийг ялсан Тэрээр бидэнд туслах болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.