2009
Ямар ч хэлээр мэндэлж сур
зургадугаар сар 2009


Ямар ч хэлээр мэндэлж сур

Та бүх гишүүд нь нэг хэлээр ярьдаггүй салбар юм уу тойрогт байгаа юу? Сүм дэлхий даяар өсч дэвжихийн хэрээр эл туршлага улам нийтлэг болж байна. Нөхөр бид хоёр Нью-Йорк дахь ийм нэг салбарт хоёр жил явж байв. Өөр хэлээр ярьдаг хүмүүст англи хэл заадаг байсан миний туршлага хэрэг болсон л доо. Гэвч та ийм туршлагагүй ч гэсэн, эх хэлээр чинь ярьдаггүй бусад хүмүүстэй харилцахад учирдаг бэрхшээлийг арилгахад ихийг хийж чадна.

Хүмүүстэй инээмсэлэж мэндэл. Сайн байна уу гэдэг үгийг бусад хүмүүст төрөлх хэлээр нь хэлж сурахад хүч чармайлт гарга. Та тэдний хэлээр ганц үг хэлж чаддаггүй ч гэсэн, тэднийг баярлуулж чадна шүү дээ. Марта ням гараг бүр намайг чанга тэвэрч, испаниар мэндэлдэг байлаа. Би юу гэж байгааг нь ойлгодоггүй байсан ч, чанга тэврэлтээс нь, дууных нь өнгөнөөс түүний хайрыг мэдэрдэг байсан.

Хэлзүйн зөв дүрмээр хариул. Заримдаа хүмүүс сонссоор байгаад гадаад хэлийг сурчихдаг. “Байхгүй гарын авлага” гэснээс “Гарын авлага надад алга” гэж хэлж сурах нь дээр шүү дээ. Хэрэв хэн нэгний хэлж байгаа үг буруу байвал зөв болгож хариул. Энэ нь бусдад хүндэтгэлтэй хандаж байгааг харуулж, зөв ярьж сурахад нь тэдэнд тусална.

Чанга биш, намуухан ярь. Хүний яриаг, тэр тусмаа шинэ хэл сурч байгаа хүний яриаг сонсоход үгс нь хоорондоо нийлчихсэн юм шиг сонсогддог. Яриаг чинь хүн сонсоод амархан ойлгохын тулд аажуухан ярь. Хэрэв нөгөө хүн чинь сонсголын бэрхшээлгүй л бол чанга дуугаар ярих шаардлага байдаггүй шүү дээ. Хэрэв та багш бол, асуултыг ойлгож, энгийн хариулт өгүүлэхийн тулд төрөлх биш хэлээр яригчдыг бүлэгтээ оруул. Тэдэнд туслахад бусдыг нь уриал, ийм байдлаар хичээл дээр нөхөрсөг, чөлөөтэй уур амьсгалыг бүрдүүл.

Үзүүлэн хэрэглэ. Жишээ нь, гадаад хэлээр яригчид Анхны Үзэгдлийн тухай хичээл дээр бүх үгсийг ойлгохгүй байж болно. Гэвч тэд Бурхан, Есүс Христ хоёрын өмнө өвдөг сөгдсөн Иосеф Смитийн зургийг ойлгоно шүү дээ. Тэд бас өөрсдийнхөө мэддэг Сэргээлтийн тухай шастирт таны хэрэглэж байгаа үг хэллэгийг сонсон үгсийн сангаа нэмэгдүүлэх боломжтой болно.

Судар болон хичээлд ашигласан эх сурвалжуудыг самбар дээр бич. Ингэснээр эшлэлүүдийг олох нь гадаад хэлээр яригчдад хялбар байх болно. Бидний хичээлийн гарын авлага, судрууд олон хэлээр байдаг нь сайн хэрэг. Зарим нь гарын авлага, судруудыг чангаар унших үед ангийн бусад гишүүд төрөлх хэл дээрх материалууд дээр тулган харж болно. Энэ нь хичээлд оролцох боломжийг хүн бүрд олгодог төдийгүй, бас судар, гарын авлагуудаа хичээлд авчрахад нь ангийн гишүүдийг урамшуулан дэмждэг.

Улам сайн айлчлагч багш, гэрийн багш бай. Эх орондоо саяхан ирсэн хүмүүст санаа тавин тусал. Дэлгүүрээс юм худалдаж авах, шуудангаар захидал явуулах эсвэл сургуульд бүртгүүлэхэд нь та шинээр ирэгчдэд тусалж болно.

Нью-Йоркод хамгийн сайхан, сэтгэлд гүнээ хоногшсон нөхөрлөл бол миний хувьд эх хэлээр нь арай ядан тав гурван үг сольдог хүмүүстэй хамт байсан явдал юм. Тэдэнд миний тусламж хэрэгтэй байсныг би мэддэг байв. Энэ нь нөхөрлөлийн суурийг тавихад хангалттай байлаа.