2011
Ариун Сүм бол дэлхийн гэрэлт цамхаг
Луу 2011


Ариун Сүм бол дэлхийн гэрэлт цамхаг

Сүмийн гишүүдийн хүлээн авдаг хамгийн чухал, дээд адислалуудыг бид Бурханы ариун сүмүүдэд хүлээн авдаг юм.

Хайрт ах эгч нар аа, би та бүхэнд хайр талархлаа хүргэхийн сацуу Тэнгэрлэг Эцэг оюун ухааныг минь удирдаж, үгсийг минь хурцлах болтугай хэмээн залбирч байна.

Би Оолред эгч, Бишоп Бөртон болон Сүмийн халамжийн хөтөлбөрт оролцсон хүмүүсийн хэлсэн үгнээс 2 чухал зүйлээр яриагаа эхэлмээр байна. Энэ жил бид олон хүний амьдралыг адисалсан гайхамшигт хөтөлбөрийн 75 жилийн ойг тэмдэглэж байна. Надад энэхүү агуу хөтөлбөрийг үүсгэн байгуулсан энэрэнгүй сэтгэлтэй, алсын хараатай анхдагчуудын заримыг нь биечлэн таньж, мэдэх боломж олдсон юм.

Бишоп Бөртон, Оoлред эгч болон бусад хүмүүсийн хэлсэнчлэн тойргийн бишоп тойргийнхоо нутаг дэвсгэрт амьдарч байгаа тусламж хэрэгтэй хүмүүст туслах үүрэгтэй билээ. Солт Лейк хот дахь наян дөрвөн бэлэвсэн эмэгтэй, мянга наян гишүүнтэй нэгэн тойргийн залуу бишоп байхад ч миний онцгой боломж ийм л байсан. Тусламж хэрэгтэй маш олон хүн байлаа. Би Сүмийн халамжийн хөтөлбөр, Нийгмийн Халамжийн бүлэг болон санваартны чуулгын тус дэмжлэгт хэчнээн их талархалтай байсан гээч.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн халамжийн хөтөлбөрийг Бүхнийг Чадагч Бурхан тэтгэн, дэмждэгийг би тунхаглаж байна.

Ах эгч нар минь, намайг Сүмийн Ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсанаас хойш чуулган 3 дахь жилдээ энэхүү хөтөлбөрийн ойг тэмдэглэж байна. Мэдээж энэ нь олон сорилт бэрхшээл, тоолж баршгүй адислалаар дүүрэн завгүй он жилүүд байлаа. Ариун сүмүүдийг онцгойлон адисалж мөн дахин онцгойлон адислах нь эдгээр адислалуудын хамгийн сэтгэл бахадмаар, ариун нь байсан юм. Тиймээс би өнөөдөр та нарт ариун сүмийн талаар ярихыг хүсч байна.

1902 оны 10-р сарын ерөнхий чуулганы нээлтийн үеэр Сүмийн Ерөнхийлөгч Жосеф Ф.Смит “хүмүүсийн тусын тулд хэрэгтэй газар бүрт ариун сүм нэгэн өдөр баригдах болно” гэдэг итгэл найдварыг тээж явдгаа илэрхийлсэн юм.1

Сүм зохион байгуулагдсанаас хойших эхний 150 жил буюу 1830-1980 оныг хүртэл Огайогийн Көртланд, Иллинойн Наувугийн ариун сүмүүдийг оролцуулан 21 ариун сүм баригджээ. Үүнтэй харьцуулахад 1980 оноос хойш 30 жилийн дотор 115 ариун сүм шинээр баригдаж, онцгойлон адислагдсан байна. Өчигдрийн шинээр зарлагдсан 3 ариун сүмтэй нийлээд 26 ариун сүм баригдаж байгаа буюу ашиглалтанд ороход бэлэн болж байна. Цаашдаа ариун сүмүүдийн тоо улам нэмэгдсээр байх болно.

1902 онд Ерөнхийлөгч Жосеф Ф.Смитийн найдвар тавьсан зорилго биеллээ олоод байна. Бидний зорилго бол Ариун сүмүүдийг аль болох гишүүддээ ойр байлгах явдал юм.

Одоогоор баригдаж байгаа ариун сүмүүдийн нэг бол Бразилийн Манаус хот дахь ариун сүм юм. Хамгийн ойр, ойролцоогоор Манаусаас 4000 километрийн зайд орших Бразилын Сан Пауло дахь ариун сүмд очихын тулд Манаусыг орхиж, Амазоны ширэнгэн ойн дундуур аялсан зуу гаруй гишүүдийн тухай би олон жилийн өмнө уншиж байсан. Эдгээр итгэлтэй Гэгээнтнүүд Амазон Мөрнөөр дөрвөн өдрийн турш завиар аялаад цааш гурван өдөр автобусаар аялсан бөгөөд тэдэнд идэх юм, унтах тав тухтай газар ч байсангүй. Долоон өдөр, долоон шөнийн энэхүү аяллын дараа тэд мөнхийн ач холбогдолтой ёслолуудыг гүйцэтгэдэг Сан Паологийн ариун сүмд ирсэн юм. Мэдээж хэрэг буцаж харих зам нь мөн адил хүндхэн байлаа. Гэсэн хэдий ч тэд ариун сүмийн ёслолууд болон адислалуудыг хүлээн авсан юм. Тэдэнд ямар ч мөнгө үлдээгүй ч ариун сүмийн сүнс хийгээд хүлээн авсан адислалууддаа талархах талархлаар дүүрсэн билээ.2 Өнөөдөр олон жил өнгөрсний дараа Манаус дахь гишүүд Рио Негрогийн толгод дээр баригдсан ариун сүмээ хараад баярлан бахдаж байна. Ариун сүмүүд баригдсан газар бүртээ итгэлт гишүүдэд баяр баяслыг авчирдаг юм.

Зөвхөн Бурханы ариун сүмүүдэд өгдөг адислалуудыг хүлээн авахын тулд хийсэн тэдний золиослолууд миний зүрх сэтгэлд үргэлж оршиж, ариун сүмүүдэд талархах мэдрэмжийг төрүүлсээр байх болно.

Би та нартай 10 хүүхэдтэй Тайхи, Тарарайна Мау Там нарын түүхийг хуваалцмаар байна. Тэд 1960 оны эхээр Тахитигийн өмнөд хэсгээс 160 километр зайд орших өөрсдийнх нь амьдардаг аралд номлогчдыг ирэхэд Сүмд нэгджээ. Удалгүй тэд ариун сүмд лацдан холбогдох мөнхийн гэр бүлийн адислалуудыг хүлээн авахыг хүсэх болов.

Мау Тамийн гэр бүлд хамгийн ойрхон ариун сүм нь Шинэ Зеланд дахь ариун сүм байлаа. Энэ нь 4000 гаруй километрийн зайд оршдог бөгөөд зөвхөн өндөр үнэтэй онгоцоор л аялах боломжтой байжээ. Мау Тамийн өнөр өтгөн гэр бүл нь жижигхэн тосгонд ядуу тарчиг амьдардаг байсан бөгөөд онгоцоор явах мөнгөгүйгээс гадна Номхон далайн аралд ажил олж хийх боломж ч байдаггүй байж. Тиймээс Моу Там ах болон түүний хүү Герард нар баруунтаа 48 километрт орших Нью Каледонийн никелийн уурхайд ажилладаг хүү дээрээ очиж хамт ажиллах хүндхэн шийдвэрийг гаргасан аж. Уурхайн ажил олгогч ажилчиддаа уурхайд хүрэх замын зардлыг нь төлдөг байсан ч гэрт нь буцах зардлыг төлдөггүй байв.

Мау Тамын гэр бүлийн гурван эр халуун орны никелийн уурхайд дөрвөн жил хүнд хүдрийг ухаж, зөөжээ. Мау Там ах Шинэ Каледониад хөвгүүдээ орхиод өөрөө жилд нэг удаа гэртээ богинохон хугацаанд ирдэг байв.

Дөрвөн жилийн хүнд хүчир ажилд зүтгэсэн Мау Там ах болон түүний хөвгүүд Шинэ Зеландын ариун сүмд орох хангалттай мөнгийг цуглуулж чадсан юм. Гэрлэсэн нэг охиноос бусад нь ариун сүм явжээ. Тэд энэ үед болон мөнхөд лацдан холбогдож, үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баяслыг олж авчээ.

Мау Там ах ариун сүмээс шууд Шинэ Каледониа уруу буцжээ. Тэрээр тэнд ариун сүмд орж чадаагүй үлдсэн охиноо болон түүний нөхөр, хүүхдийн ариун сүм уруу аялах зардлыг нь олохын тулд дахин хоёр жил ажиллажээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Мау там ах, эгч хоёр ариун сүмд үйлчлэхийг хүссэн юм. Тэр үед Папийти Тахити Ариун Сүм баригдаж, онцгойлон адислагдсан байсан бөгөөд тэд тэнд хоёр удаа номлолд үйлчилсэн байна.3

Ах эгч нар минь, ариун сүм бол шохойн зуурмаг, үнэт чулуунаас ч илүү эрхэм зүйл юм шүү. Тэдгээр нь итгэлээр, мацаг барилтаар дүүрэн байдаг бөгөөд гэрчлэл болон хүнд хэцүү шалгуурын үр дүнд баригддаг юм. Ариун сүмүүд нь золиослол болон үйлчлэлээр ариусгагддаг.

Энэ эрин үед баригдсан хамгийн анхны ариун сүм нь Көртландын Огайо дахь ариун сүм билээ. Тэр үед амьдарч байсан гэгээнтнүүд ядуу тарчиг байсан хэдий ч Их Эзэний зарлигласан ёсоор ариун сүмийг барьсан юм. “Ариун сүмийг барихын тулд бидний туулсан ядуу хомс байдал, зовлон зүдгүүр, шаналлыг зөвхөн Их Эзэн л мэднэ” гэж Ахлагч Хебер С.Кимбалл бичжээ.4 Тэгээд тэд шаргуу хөдөлмөрөөрөө бүхнийг дуусгасны эцэст Гэгээнтнүүд Огайог, хайртай ариун сүмээ орхин явахаар албадуулагдсан юм. Эцэст нь Иллиной мужийн Миссури мөрний эрэгт түр зуур аюулгүй хорогдох газрыг олжээ. Тэд оршин суусан хэсэг газраа Науву гэж нэрлэсэн бөгөөд бүх зүрх сэтгэлээрээ бүхнээ зориулахад бэлэн байсан тул Бурхандаа зориулан дахин нэг ариун сүмийг босгосон юм. Тэднийг бэрх хэцүү хавчилга, зовлон дагаж байсан учир Наувугийн ариун сүм дөнгөж баригдаад дуусах үед гэрээсээ дахин хөөгдөж, алс зэлүүд газарт хорогдох газар хайхад хүрсэн юм.

Өнөөдрийн бидний цуглаад буй чуулганы төвийн өмнөхөн орших толгод дээр сүр жавхлантайгаар сүндэрлэн буй Солт Лейкийн Ариун Сүмийн барилгыг 40 жилийн турш барих нөр их хөдөлмөр, тэмцэл, золиослолыг тэд эхлүүлсэн юм.

Энэхүү золиослол нь ариун сүмийн барилга болон ариун сүмд орж буй хүмүүстэй байнга холбоотой байсаар ирсэн. Үй олон гишүүн Бурханы ариун сүмээс ирдэг адислалуудыг гэр бүлдээ болон өөртөө авахын тулд хөдөлмөрлөж, тэмцсэн билээ.

Яагаад ийм олон хүн ариун сүмийн адислалуудыг авахын тулд агуу их золиослолыг хийхэд бэлэн байсан юм бол? Ариун сүмд өгдөг мөнхийн адислалуудыг ойлгодог тэдгээр хүмүүс эдгээр адислалуудыг хүлээн авахын тулд ямар ч золиослол үүнээс агуу бус, ямар ч төлбөр их бус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэддэг байсан юм. Аялахад хол газар, давахад хэтэрхий хүнд зовлон, тэвчээд барашгүй шаналал гэж байдаггүй юм. Ариун сүмд хүлээн авдаг авралын ёслолууд нь биднийг хэзээ нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиж мөнхийн гэр бүл болох боломжийг олгодог бөгөөд дээрээс ирэх адислал, хүч чадлыг хүлээн авахын тулд гаргадаг бүх золиослол, чармайлт нь үнэ цэнэтэй гэдгийг тэд ухаарч ойлгодог.

Өнөөдөр бидний олонх нь ариун сүмд орохын тулд тийм агуу хүнд зовлон бэрхшээлийг туулах шаардлагагүй болоод байна. Өнөө үед Сүмийн гишүүдийн 85 хувь нь ариун сүмээс 320 километрийн дотор амьдарч байгаа бөгөөд бидний олонхид энэ зай үүнээс ч ойр байна.

Хэрвээ та ариун сүмд орж байсан бол хэрвээ та ариун сүмд ойрхон амьдардаг бол ариун сүмд орох завгүй амьдралынхаа цаг заваас гаргах нь таны хувьд золиослол байж болно. Хөшигний цаана хүлээж буй тэдний төлөө ариун сүмд хийх маш олон ажил бидэнд байгаа билээ. Бид энэхүү ажлыг гүйцэлдүүлвээс өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй тэдний ажлуудыг бид гүйцэлдүүлснээ мэдэх болно. “Тэдний төлөөх бидний хүчин чармайлтын учир тэдний боолчлолын гинж тэднээс суларч, тэднийг хүрээлэн буй харанхуй манан арилан алга болж, гэрэл тэдний дээр гийгүүлж, энэ дэлхийд хүүхдүүдийнхээ гүйцэтгэсэн ажлыг тэд сүнсний дэлхийд сонсоод эдгээр үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлсэнд тань тэд тантай хамт баярлан бахдах болно” хэмээн Ерөнхийлөгч Жосеф Ф.Смит хүчирхэг тунхаглалдаа өгүүлжээ.5 Ах эгч нар аа, энэ ажил бол бидний хийх ажил билээ.

Манай гэр бүлийн хувьд хамгийн ариун нандин, үнэт туршлагуудын нэг нь нас барсан өвөг дээдсийнхээ төлөө лацдан холбуулах ёслолыг гүйцэтгэхээр ариун сүмд хамтдаа орсон тэр үе байсан юм.

Хэрвээ та ариун сүмд ороогүй бол, ариун сүмд орж байсан хэдий ч ариун сүмийн эрхийн бичиг авахад одоогоор тэнцэхгүй байгаа бол таны хамгийн чухал зорилго ариун сүмд орохоор зохистой байхын тулд үргэлжлүүлэн хөдөлмөрлөх явдал юм. Таны хийх золиослол таныг ариун сүмийн эрхийн бичиг авахад шаардагдах шаардлагуудыг биелүүлэхэд болон удаан хугацааны турш танд саад болж байсан муу зуршлуудаасаа татгалзахад хүргэх болно. Энэ нь магадгүй аравны нэгээ төлөх итгэл, дэг журмыг шаардаж болно. Энэ нь юуг ч шаардсан хамаагүй, Бурханы ариун сүмд ороход өөрсдийгөө бэлтгэ. Ариун сүмийн эрхийн бичгийг эзэмшиж, үүнийг үнэт эрдэнэ мэт үз, учир нь ариун сүмийн эрхийн бичиг бол үнэт эрдэнэ юм.

Их Эзэний өргөөнд орж, хүртэх ёстой бүхий л адислалыг хүлээн авах хүртлээ та Сүмийн танд өгөх бүх зүйлийг өвлөж чадахгүй юм. Бурханы ариун сүмүүдэд бидний хүлээн авдаг адислалууд нь Сүмийн гишүүдийн хамгийн чухал, дээд адислалууд юм.

Өсвөр насны залуу найз та нар минь ариун сүмийг үргэлж зорилгоо болго. Ариун сүмийн үүдээр орж, үүний ариун бөгөөд мөнхийн адислалуудыг хүлээн авахад тань саад болох юуг ч битгий хий. Ариун сүм уруу нас барагсдын өмнөөс баптисмд орохоор дахин дахин очиж, хичээлдээ явахынхаа өмнө ийн баптисм хийлгэхийн тулд өглөө эртлэн босдог залуус та нарыг би магтан урамшуулж байна. Өдрийг үр дүнтэйгээр эхлэх үүнээс илүү сайн арга гэж байхгүй билээ.

Залуу хүмүүсийн эцэг эх та нартай би Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын өгсөн ухаалаг зөвлөгөөг хуваалцахыг хүсч байна. Тэрээр: “Хэрэв … эцэг эхчүүд гэртээ өрөө болгондоо ариун сүмийн зургийг тавих юм бол [хүүхдүүд тань] бүр бага балчираасаа энэ нь [тэдний амьдралын] нэг хэсэг болох [хүртэл] өдөр бүр ариун сүмийг харж чадна. Тэдний амьдралд [ариун сүмтэй холбоотой] маш чухал шийдвэрийг гаргах үе ирэхэд шийдвэр аль хэдийнээ гарсан байх болно.”6

Хүүхдийн Хэсэгт хүүхдүүд маань ийн дуулдаг:

Би ариун сүм харах дуртай.

Би нэгэн цагт тэнд очно.

Эцэгтэйгээ гэрээ байгуулж,

дагана гэж амлана.7

Та бүхнийг хүүхдүүддээ ариун сүмийн ач холбогдлын тухай зааж сургахыг би хичээнгүйлэн хүсч байна.

Дэлхий амьдрахад хүнд хэцүү, сорилт бэрхшээлээр дүүрэн газар юм. Эргэн тойронд маань биднийг устгах хөнөөлт зүйлс дүүрэн байна. Бид Бурханы ариун өргөө уруу очиж, тэнд хийсэн гэрээнүүдээ санаснаар сорилт бэрхшээл, уруу таталт бүрийг даван гарах боломжтой болдог. Энэ ариун нандин газар бид амар амгаланг олох бөгөөд цэвэр ариун болж, шинэчлэгдэн, хүчирхэгждэг.

Ах эгч нар аа, би үгийнхээ төгсгөлд бас нэгэн ариун сүмийн талаар дурдмаар байна. Өнөөдрөөс тийм ч холгүй шинээр баригдах олон ариун сүмүүдийн нэг нь 2500 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагдсан эртний нэгэн хотод сүндэрлэх болно. Би Италийн Ромд баригдаж буй ариун сүмийн талаар ярьж байна.

Бүх ариун сүм Бурханы өргөө бөгөөд ижил үүргүүдийг гүйцэтгэдэг. Мөн адилхан адислал болон ёслолуудтай байдаг. Италийн Ромын Ариун Сүм нь эртний Төлөөлөгч Петр, Паул нар Есүс Христийн сайн мэдээг номлож мөн итгэлийнхээ улмаас егүүтгэгдсэн хот болох дэлхийн хамгийн түүхэн газруудын нэгэнд баригдаж байгаа билээ.

Бид өнгөрсөн 10 сард Ромын зүүн хойдох үзэсгэлэнт хөдөө нутагт цугларч, газар хөндөхөд бэлтгэх үед онцгойлон адислалтын залбирлыг хэлэх боломж надад олдсон юм. Эхэлж газар хөндөх Ром хотын орлогч дарга Гвисеппе Сиарди, Италийн сенатор Лучио Малан нарын дунд залбирал хэлэх нь сэтгэл догдлуулсан хэрэг байлаа. Тэд Ром хотод ариун сүм барих зөвшөөрөл авахад хувь нэмрээ оруулсан хүмүүс юм.

Тэр өдөр үүлэрхэг боловч дулаахан өдөр борооших шинжтэй байсан ч хэдхэн дуслаад л өнгөрсөн. Гайхамшигт хоорын дуучид итали хэлээр “Бурханы Сүнс” хэмээх яруу сонсголонт сайхан дууллыг дуулахад тэнгэр, газар Бүхнийг Чадагч Бурханыг магтан дуулахаар нэгдэх мэт мэдрэмжийг хүн бүр мэдэрсэн билээ. Баярын нулимс урсаж байлаа.

Цаг нь болоход нэг өдөр энэхүү “Мөнхийн хот” дахь итгэлтэй хүмүүс Бурханы ариун Өргөөнд мөнхийн ёслолуудыг хүлээн авах болно.

Ромд болон бусад оронд баригдаж буй ариун сүмүүдийн төлөө би Бурхандаа хэмжээлшгүй их талархлыг илэрхийлж байна. Ариун Сүм бүр Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд Тэрбээр бид бүгдийг болон бүх үеийн охид хөвгүүдээ адислахыг хүсдэг гэх бидний гэрчлэлийн илэрхийлэл болж, дэлхийд гэрэлт цамхаг болон сүндэрлэж байна. Ариун сүмүүд маань үхлийн дараах амьдрал бол үнэн бөгөөд энэ дэлхий дээрх бидний амьдрал шиг бодит юм гэсэн гэрчлэлийн маань илэрхийлэл болж байна. Би үүнийг гэрчилж байна.

Хайрт ах эгч нар минь ээ, бид ариун сүмд ороход шаардлагатай бүх золиослолыг хийж, зүрх сэтгэлдээ болон гэртээ ариун сүмийн сүнсийг байлгах болтугай. Бид Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад мөнх амьдарч, өргөмжлөгдөж болохын тулд хамгийн агуу золиослолыг бидний төлөө хийсэн Их Эзэн, Аврагч Есүс Христийн үлгэр жишээг дагах болтугай гэсэн зүрх сэтгэлийхээ энэхүү залбирлыг би бидний Аврагч, Их Эзэн Есүс Христ, Их Эзэний нэрээр хэлж байна, амен.

Эшлэл

  1. Жозеф Ф. Смит, Conference Report, 1902 оны 10-р сар, 3.

  2. Vilson Felipe Santiago and Linda Ritchie Archibald, “From Amazon Basin to Temple,” Church News, 1993 оны 3-р сарын 13, 6-г үз.

  3. C. Jay Larson, “Temple Moments: Impossible Desire,” Church News, 1996 оны 3-р сарын 16, 16-г үз.

  4. Heber C. Kimball, in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball(1945), 67.

  5. Teachings of Presidents of the Church: Joseph F.Smith (1998), 247.

  6. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 301.

  7. Janice Kapp Perry, “Би ариун сүм харах дуртай” Children’s Songbook, 95.