2011
Их Эзэнээс авсан сургамж
2011 оны Арванхоёрдугаар сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Их Эзэнээс авсан сургамж

Марвин Ж.Аштон 1971 оны 12-р сарын 2-нд Төлөөлөгчөөр томилогджээ. Доорх өгүүлэл бол Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр 1988 оны 6-р сарын 5-нд түүний хэлсэн үгийн эшлэл юм.

Зураг
Ахлагч Марвин Ж.Аштон

Би Есүс Христэд онцгой хайртайгаа үеийн үед санаж явах болно. Тэр бол амьд Бурханы Хүү гэдгийг надад заадаг байлаа. Тэр бол миний анд найз, багш, бас миний хүч чадал мөн гэдгийг надад заадаг байлаа. Түүний онцгой гэрч байх дуудлага, үүрэг хариуцлага хийгээд нэр хүндийг амьдралдаа хүлээсэн өнгөрсөн он жилүүдэд би Түүний амьдрал, Түүний замуудын тухай ихийг заалгалаа. Тэр үнэхээр Онцгой багш. Би ажил үүрэгтээ тус дэм, хүч чадал, удирдамж, үлгэр жишээ авахын тулд Шинэ Гэрээний Иоханы наймдугаар бүлгийг олон дахин уншдаг. Хэрэв та нар татгалзахгүй бол, бидний амьдрал, Есүстэй харилцах харилцааг маань бэхжүүлэх зарим шүлгийг уншицгаая. Эдгээр мөрүүд болон үгс Түүнийг илүү сайн ойлгоход надад тусалж, улам ихийг хийж, Түүнтэй илүү адилхан байх хүслийг надад төрүүлсэн юм. …

[Хуулийн багш нар болон фарисайчууд] завхайрч байгаад баригдсан нэг эмэгтэйг Түүн дээр авчирсан билээ. Тэдгээр дайснууд … Түүнийг мэхлэн сорихыг хичээсэн. Тэд тэр эмэгтэйг нүгэл үйлдэгч, бузар хүн болохыг харуулахын тулд дундаа суулгасан байлаа. Тэрбээр сайхь эмэгтэйн дэргэдээс зугтаасангүй. … Тэр завхайрч байгаад үйлдэл дээрээ баригдсан аж. Тэр эмэгтэй гэм буруутай нь эргэлзээгүй байлаа. Тэд Түүнийг булзах аргагүй байдалд оруулахаар шийдсэн аж. Мосегийн хуулиар бол тэр эмэгтэйг чулуугаар шидэж алах ёстой байв. “Харин та юу гэж хэлэх вэ?” Иохан 8:5 гэж тэд асуугаад, Түүнийг сорин, урхидаж, гарцаагүй байдалд оруулахыг санаархаж байв.

Тэр юу ч гэж хэллээ гэсэн буруудаж, үүнийхээ төлөө яллагдах байв. Тэд Түүний уурыг хүргэж, Хэн болохоо мартахад хүрэхийг нь харахын тулд Түүнийг сорьсон ажээ. Тэр эмэгтэйг чулуугаар шидэх нь хэрцгий балмад явдал болох байв. Бас үл хайхрах нь буруу байв. … Тэрбээр доошоо бөхийж, тэднийг сонсохгүй байгаа юм шиг (тэднийг анхаарлыг татаж, зааж байгаа зүйлд хүн бүхний анхаарлыг хандуулахын тулд), хуруугаараа газар дээр бичиж байлаа. … Хормын төдийд чимээгүй байснаа тэд дахин асуулаа. Энэ асуултыг чинь би саваагүй асуулт гэж бодож байна: “Тэгээд цааш нь, асуу л даа. Бид таныг мартчих шахлаа. Та хариулахаас айж байна уу?” Гэвч Есүс завгүй байлаа. …

Есүс даруухан, номхон дөлгөөн атлаа сүрлэгээр тэргүүнээ өргөн, дараах сүрдэн бишрэм үгсийг хэлсэн билээ: “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид” [Иoхан 8:7]. Төгс хүнээс ирсэн төгс хариулт.

Өнөөдөр бид үүрэг хариуцлага, нөхцөл байдал, дуудлагадаа үүнийг дахин дахин санаж байх хэрэгтэй. Бүх хүмүүстэй харилцах бидний харилцаанд нүгэлгүй хүн л эхлээд шүүмжилж, дутагдал олох буюу хэн нэгнийг басамжлан дорд үзэж байг. … Тэр дахин бөхийж, газарт бичив. Тэд Түүний хэлснийг сонсчээ. Түүнийг юу ч хэлээгүй үед Түүний дөлгөөн тайван байдлын нөлөөг мэдэрсэн үедээ тэд ухамсартаа зэмлүүлэн, гарч явалгүйгээр тэндээ байсан юм. Тэдэнд шидэх чулуу олдсонгүй, харин сүнсний шархлаагаа бодсоор нэг нэгээрээ гарч явсан юм.

Тэрбээр нөгөөх эмэгтэйтэй хоёулхнаа үлдлээ. Энэ тухай цэдэг байдагт би баяртай байна. Бидний зарим нь унасан хүмүүстэй хамт байхаас зайлсхийх хандлагатай байдаг. … “Тэд байна?” гэж Тэр асуусан юм. Чамайг хэн ч шийтгэсэнгүй юү?” гэж Тэр асуужээ. Иохан 8:10. … Есүс асуух, сонсох цаг гаргадаг байв. Бид ахиухан асууж, сонсох цаг гаргадаг байгаасай хэмээн би хүсдэг! Бидний хариулт энгийн атлаа сайтар бодож боловсруулсан байгаасай …

Завхайрч байгаад баригдсан эмэгтэй, түүнийг шийтгэсэн эсэхийг асуусан Их Эзэний асуултанд, “Эзэн, хэн ч шийтгэсэнгүй” гэж хариулжээ. Тэгэхэд нь “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” [Иохан 8:11] гэж Тэрбээр гайхан биширмээр хариулсан юм. Их Эзэн тэр өдөр ийн заасан юм. Яг энэ мөчид ч бас ийн зааж байна. Нүглийг үзэн яд, харин нүгэлтнийг хайрла. Энэ бол Түүний агуу захиас. Энэ захиас бидэнд хүч чадал, итгэл үнэмшлийг өгч, Аврагч Есүс Христэд улам ойртуулж чадна гэдэгт би итгэдэг. Есүс садар самууныг өөгшүүлээгүй юм. Тэрээр сайхь эмэгтэйд зандрангуйгаар сургаал айлдахын оронд түүнийг хайрласан билээ. Тэр эмэгтэй болон түүнийг буруутгагчдад хайрын сургамж хэрэгтэй байжээ. Дээрх нөхцөлд нигүүлсэл, өрөвч нинжин сэтгэл шаардлагатай байлаа. Хүн хэдийгээр олон нүгэл үйлдсэн ч, нүглээсээ илүү чухал юм гэдэгт Есүс итгэдэг байсныг мэдэх нь юутай сайхан билээ. Түүнийг “Сайн Хоньчин” гэдэгт гайхах хэрэг байна уу? Хонинууд нь замаасаа гажсан байна уу, өлссөн байна уу, арчаагүй дорой, даарсан эсвэл төөрсөн байна уу ялгаагүй Тэр бүгдийг нь хайрладаг байлаа.

Энэхүү агуу заах туршлагын төгсгөлд хайр энэрэл, өрөвч нинжин сэтгэлийн сургамж болсон нэг чухал шүлэг байдаг.

“Тэгээд Есүс тэдэнд дахин, Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав” (Иохан 8:12).

Түүний гэрлийг дагацгаая. Энэ хэдэн үгийг олонтоо хэлж байцгаая. Эдгээр үгс хүн бүрийн сайн сайхны төлөө зориулагдсан юм гэдгийг би та нарт гэрчилж байна.

Завхайрч байгаад баригдсан эмэгтэй, Харри Андерсон © Долоо дахь өдрийн Адвантист Сүм, хуулбарлаж болохгүй