2011
Бат бөх гэрчлэл
2011 оны Арванхоёрдугаар сар


Бат бөх гэрчлэл

Зураг
Ахлагч Карл Б.Прат

Би идэвхтэй Хожмын Үеийн Гэгээнтэн гэр бүлд төрж өссөн болохоор багаасаа бат бөх гэрчлэлтэй байсан гэж боддог. Би хэзээ ч сайн мэдээ үнэн эсэхэд эргэлзэж байгаагүй. Би олон өсвөр үеийнхний нэгэн адил, заримдаа юмсын талаар эргэлздэг ч, Сүм үнэн биш гэж огт бодож байсангүй.

Чухам ийм итгэл л намайг номлолд үйлчлэхэд сүнслэгээр нөлөөлсөн юм. Би үйлчлэх хэрэгтэйгээ мэдэж байлаа. Сүмийн талаар аливаа ноцтой эргэлзээ надад байдаггүй ч, өөрөө гэрчлэлтэй болох хэрэгтэй гэдгийг би мэдсэн юм.

Би 1961 оны хоёрдугаар сард өвлийн хүйтнээр Солт Лейк хотоос зуны халуун төөнөж байсан Аргентиныг зорьж билээ. Тэр үед номлогчдод зориулан хэлний сургалт хийдэггүй байсан ч, Мормоны Номыг бүгдийг нь чангаар уншсаны дараа испаниар чөлөөтэй ярьдаг болно гэж манай номлолын ерөнхийлөгч бидэнд амлаж билээ. Би испани хэлийг бүр бага байхдаа сурсан учир эхний хэдхэн долоо хоногийн дараа чөлөөтэй ярьдаг болсон ч номлолын ерөнхийлөгчийнхөө зааврыг дагадаг байлаа.

Хамтрагч бид хоёр анхны томилогдсон хотдоо хуучин дэлгүүрийн ар тал дахь жижигхэн сууцанд орлоо. Бид Аргентины үдийн унталтын үеэр үдээс хойш номлолын ажил хийж болдоггүй байсан учир би тэр цагийг хуучин дэлгүүрийн орох хаалганы дэргэд залбирах болон Мормоны номыг уншихад ашигладаг байв.

Нэг өдөр би гэрээсээ хэдэн мянган километр алс хол орших тэр дэлгүүрийн өмнө зогсоод уншсан зүйлийнхээ талаар бодлоо. Таныг залбирч, Мормоны Номын тухай тунгаан бодоход Сүнс танд нөлөөлнө. Мормоны Ном юу заадаг тухай, Иосеф Смит ялтсуудыг орчуулсан тухай тунгаан бодтол нэг бодол толгойд зурсхийн орж ирлээ. Амьдралын минь туршид надад заасан юм бүхэн үнэн гэдгийг би тэр үед мэдэж билээ. Иосеф Смит бошиглогч мөн гэдэг нь бас би Бурханы үгийг уншиж байгаа гэдэг нь гэнэт надад маш тодорхой мэдрэгдэв. Энэ бүгд үнэн байлаа.

Тэрхүү гэнэтийн мэдрэмж үнэхээр сэтгэл догдлом байлаа. Энэ нь толгойноос хөлийн хуруу хүртэл бүх биенд минь цахилгаан цахих лугаа адил мэдрэгдсэн бөгөөд хүйт оргисон ч үгүй, халуу шатсан ч үгүй. Харин энэ бол бат бөх гэрчлэл байлаа.

Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Тэр цагаас хойш Ариун Сүнсийг тун ч олон удаа мэдэрсэн дээ. Тэрхүү туршлагынхаа ачаар би Ариун Сүнс надад гэрчилж буйг мэддэг болсон. Тэрхүү мэдрэмж үргэлж адилхан байдаггүй ч үргэлж бүлээн дулаан, амар тайван байдаг билээ.

Сүнс бидний хүн тус бүрд хандан ярьдаг ч, Моронайн амлалт хүн бүрд хамаатай юм (Moронай 10:3–5-ыг үз). Мормоны Номон дахь Моронайн амлалт бол хэрэв та Мормоны Номыг уншиж, судлан, тунгаан бодож, үнэн санаа бодолтойгоор залбирах юм бол энэ ном үнэн гэдгийг Ариун Сүнс танд гэрчлэх болно гэсэн амлалт юм. Энэхүү амлалт надад, танд бас дэлхий дэх хүн бүрд хамаатай юм. Бат бөх гэрчлэлтэй болохыг эрэлхийлсэн хүмүүс ийм гэрчлэлтэй болно.

Чимэглэлийг Кейт Ларсон