2011
Ирцгээ, Түүнийг шүтэн биширцгээе
2011 оны Арванхоёрдугаар сар


Тэд бидэнд хандан ярив

Ирцгээ, Түүнийг шүтэн биширцгээе

Зураг
Ахлагч Патрик Кеарон

Христийн Мэндэлсний өнгөрсөн Баяраар би АНУ-ын Юта мужийн Солт Лейк хот дахь Сүмийн Удирдах байгууллагад үйлчилж байхдаа урвуу цаг агаар хэмээн нэрлэгддэг цаг агаарын нэг үзэгдэлтэй таарсан юм. Урвуу цаг агаар гэдэг нь агаар газарт ойрхон бууж ирээд дээр байдгаасаа илүү хүйтэн буюу ердийнхөөсөө урвуу байдалтай болохыг хэлдэг ажээ. Энэ цаг агаар нь зөвхөн Солт Лейк хотын онцлог биш, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн хөндийд оршдогийнх гэнэ. Үүний улмаас хот мананд хучигдаж, манан нь хөндийн адагт хуралдан хот болон орчны газар нь өтгөн, бараан, хүйтэн үүлэн дунд ордог. Утаа тортог нь амьсгалын хүндрэлтэй хүмүүст хортойгоос гадна олон олон хүмүүсийн сэтгэл санааны байдалд нөлөөлж, агаар нь бохир, нар олон өдөр, бүр олон долоо хоногоор харагдахгүй болдог ажээ.

Гэвч машинаар уул өөд багахан өгсөхөд утаа тортог нь ердөө зуугаадхан метр зузаан болох нь мэдэгдэнэ. Хэдхэн минутын дараа та нарны гэрэлд гялбан, цэнгэг агаараар амьсгалж, цэвэрхэн цасан цагаан дуулгат уулсыг гайхан харах болно. Доор хөндийд цаг агаар тийм тааруухан байсан гэж үү хэмээн бодож мэднэ. Уулс өөд цааш арай дээр гараад утаа тортгийг харвал тэртээ доор номин цэнхэр тэнгэрт бохир хөнжил нөмөргөсөн юм шиг харагдана.

Бид зарим үед хар бараан утаа униартай хөндийд хашигдсан мэт байх нь амьдралд харагддаг. Хийсэн буруу сонголтынхоо улмаас, Сүнсийг гомдоох зүйл хийснээс, эсвэл уршигтай буруу шийдвэр гаргаснаас мөнх бус амьдралд нийтлэг тохиолддог сорилт бэрхшээлийн улмаас бид өтгөн утаа тортогтой манан дунд орчихсон байдаг. Ингэсэн тохиолдолд бид юмсыг тодорхой харж чадахгүй, бодол санаа самууран, Тэнгэрлэг Эцэгийнхээ элгэн халуун хайрын гэрэл гэгээнээс өөрийгөө холдуулснаа мэдэрдэг. Их Эзэний цэвэр гэрэл биднийг хүлээж байдгийг, хэрэв бид итгэлээсээ хэдхэн алхам хазайвал энэ гэрэл биднийг урин дууддагийг бид мартдаг. Өөрсдийгөө тэр хөндийн бохир агаараас гаргаж, гагцхүү Аврагчийн ирэлтээр бий болох амар амгалан хийгээд итгэл найдварын хурц гэрэл рүү аваачих хүч, чадвар өөрсөддөө бий гэдгийг бид ойлгох ёстой.

Христийн Мэндэлсний Баярын энэ үеэр биднийг бүгдийг нь Өөртөө болон гэрэлд ирэхийг урьдаг Дэлхийн Гэрэл, Есүс Христийн төрөлтөд бид баярлан цэнгэдэг билээ. Есүсийн төрөлтийн үеэр Түүн рүү шууд ирэхээр адислагдсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тухай бид судруудаас уншиж болно. Тэдний зарим нь алс холоос ирсэн бол зарим дэргэд нь байлаа. Тэдний зарим дээр нь тэнгэр элчүүд ирсэн бол бусад нь хувийн илчлэлт хүлээн авснаар ирсэн юм. Гэвч хүн бүр Түүнд ирэх урилгыг хүлээн авсан юм.

Бид хоньчид, Симеон, Анна болон Мэргэн хүмүүсээс юу сурч болох вэ? Тэд бүгдээрээ нялх хүүхэд Христийг өөрийн нүдээр харах хүсэлдээ хөтлөгдөн ирсэн юм. Христэд ирэх урилгад тэд итгэл бишрэлээрээ хариулсныг бид тунгаан бодсоноор өөрсдийгөө уйтгар гуниг, төөрөгдлөөс гаргаж, Дэлхийн гэрлийн санал болгодог цэвэр итгэл найдварт хүргэх илүү үр өгөөжтэй арга замыг мэдэж чадна. Бид Түүнтэй хамт байснаар өөрсдийгөө хэн болохыг, Бурханы мөнхийн төлөвлөгөөнд хэрхэн тохирохоо мэдэх болно. Бидний хэвийн бус хандлагууд эргэн, зөв байдлаараа сэргэх болно.

Хоньчид

Бидний мэдэх Лук 2-ын шүлгүүдээс бид Христийн төрөлтийн анхны гэрчүүд, Бетлехемийн ойролцоох хээр талд хонио хариулж явсан хоньчдын тухай чухал баримтуудыг мэддэг билээ. “Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсоход, …тэд үлэмжийн айдаст автжээ” (шүлэг 9). Гэвч тэд эрт үеэс зөгнөсөн Аврагч, Мессиа, Христ төрсөн тухай “үлэмж баярлуулах сайн мэдээг” сонссон юм (шүлэг 10). Тэд Аврагчийг таньж болох тэрхүү тэмдгээр, Түүнийг “тэжээлийн тэвшинд, даавуунд өлгийдсөн” (шүлэг 12)-өөр нь таньж болно гэдгийг сонссон ажээ. Тэнгэрийн элчүүд баярт мэдээгээ хэлж дуусахад хоньчид тэр даруй, “Одоо шууд Бетлехемд очьё Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе” (шүлэг 15) гэжээ. Тэд “яаран” (шүлэг 16) ирж, тэнгэр элчийн саяхан хэлснээр Христ хүүг олж, “Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа” (шүлэг 20). “Тэд үүнийг хараад” (шүлэг 17) Аврагчийн төрөлтийн тухай агуу мэдээг хуваалцахыг хүсч байлаа.

Бид эдгээр хоньчдын нэгэн адил Сүнс бидэнд хандан ярьсан хэдийд ч яаран, тэр даруй хариулах ёстой. Бид Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн хэлснээр “сүнсний өдөөлтийг дагахаа хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч хойшлуулах” ёсгүй.1 Бид заримдаа сүнсний өдөөлтийг анхааран сонссоны дараа яагаад аль нэг тодорхой арга замаар Сүнсээр удирдуулах болсноо тод томруунаар харж чаддаггүй. Харин бид дээрх хоньчид шиг гайхамшиг тохиохыг харж, сүнсний өдөөлтөнд бидний итгэлээр үзүүлэх хариу батлагдахыг харах нь олонтоо тохиолддог. Тэгэхэд бид баяр баясал болоод гэрчлэлээ бусадтай хуваалцах боломжийг ашигладаг. Ингэснээр бусдын итгэл, найдвар хүчтэй болж, бидний өөрсдийн гэрчлэл батлагдаж, биднийг Аврагч болон Түүний арга замуудад ойртуулна.

Симеон

Нялх хүүхэд Христийн өөр нэгэн хүндэт гэрч бол Симеон байлаа. Тэр бол Ариун Сүнснээс тогтмол илэрхийлэлт хүлээн авдаг, “зөв шударга агаад сүсэгт” (Лук 2:25) хүн байв. “Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй” (шүлэг 26) хэмээн түүнд илчилсэн бөгөөд тэрээр итгэл найдвараар амьдарч, тэрхүү агуу үйл явдлыг хүсэн хүлээж байжээ. Мариа, Иосеф хоёр нялх Есүсийг “Эзэнд өргөхөөр” (шүлэг 22) Иерусалимд авчирсан өдөр түүнийг ариун сүм рүү очиход Сүнс өдөөсөн ажээ. Симеон нялх хүүхэд нь амлагдсан Мессиа болохыг таньж, “Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад” (шүлэг 28) “харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилын алдар нь болой” (шүлэг 32) хэмээн ариун хүүгийн хувь тавиланг бошигложээ.

Симеоны зөв шударга, итгэл бишрэлтэй амьдрал нь ариун сүмд очиж, сая нэг юм хүлээн авсан Гэрлийнхээ тухай гэрчлэх боломжийг түүнд олгосон ажээ. Бид Симеоны нэгэн адил Тэнгэрлэг Эцэг оюун бодолдоо бидэнд бэлтгэсэн тэр замаар бидний амьдрал замнахын тулд Ариун Сүнсний шивнээнд үлэмж мэдрэмтгий байж, түүнийг дуулгавартай дагахыг хичээн чармайх хэрэгтэй. Симеон Сүнсийг сонсож, түүнд хариулах чадварыг өөртөө бий болгосон учраас зөв газарт, зөв цагт байснаас түүнд өгсөн Их Эзэний амлалтууд хамгийн эрхэм сайхан арга замаар биелэгдсэн юм.

Мөн ийм боломжууд бидэнд бүгдэд нь олдож болох бөгөөд мөн үүн лүгээ адил Их Эзэний төлөвлөгөө бидний амьдралд хэрэгжиж болно. Бид мөнхийн ач холбогдолтой шийдвэр гаргах болсон үед, амьдралдаа салаа замтай тулгарсан үед санаа бодлоо тодорхой болгож, хэтийн төлөвөө тодорхойлох хэрэгтэй. Заримдаа эдгээр чухал шийдвэрүүдийг гаргах мөчид итгэл алдран гуйвж, бүр шийдвэр гаргах чадваргүй болж, урвуу цаг агаартай, бараан баргар хөндий рүү орох тохиолдол байдаг. Гэвч бид итгэлтэйгээр алхам хийж, зөв зарчмуудын дагуу үйлдвэл Бурханы төлөвлөгөө бидний амьдралд алгуураар хэрэгжиж буйг харж, Бурханы хайрын хурц гэрэлд буцаан ирэх болно.

Анна

Анна бол “нас өндөр,” “эш үзүүлэгч” (Лук 2:36), бэлэвсэн эмэгтэй байв. Түүний урт удаан, итгэл бишрэлээр дүүрэн амьдрал байнгын мацаг барилт, залбирлаар тодорхойлогддог байсан бөгөөд “сүмийг хэзээ ч орхисонгүй” (шүлэг 37). Тэрээр сүмд Есүс хүүг гар дээрээ өргөсний дараа “Христ хүүхдийн төлөө” талархал өргөөд Иерусалимын гэтэлгэлийг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив” (шүлэг 38).

Хэрэв бид тогтмол мацаг барин залбирч байх юм бол, зүрх сэтгэлээрээ ариун сүмийг орхихгүй байх юм бол ямар ч нөхцөлд итгэлтэйгээр амьдарч чадна гэдгийг бид Аннагийн туршлагаас мэдлээ. Хэрэв ариун сүмд явж, адислалуудыг нь авах боломж одоохондоо бидэнд олдоогүй бол, ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхаар зохистой байхад л бидний амьдралд олон адислал ирэх болно. Бидний нөхцөл байдал ариун сүмд орох боломж олгохгүй байлаа ч гэсэн ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхыг бошиглогчид дахин давтан урьсаар байна.2 Бид ариун сүмийн шүтлэгээр дамжуулан, амар амгалан, итгэл найдварыг эрэлхийлэгч бүх хүмүүст Есүс Христийн тухай гэрчлэх замаар өөрсдийгөө харанхуй үеэс талархлын гэрэлд өргөн гаргаж чадна.

Мэргэн хүмүүс

Эцэст нь, алс холоос аялан ирж “зүүнтэйд Түүний одыг хараад” (шүлэг 2), тэмдгийг ойлгосон Мэргэн хүмүүсийн тухай бид Maтай 2-оос уншдаг. Тэд өндөр хүндэтгэл, гүн бишрэлийн бэлгэдлийг илэрхийлсэн бэлгүүдийг бэлтгэн Түүнийг хайсаар ирж, “Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ?” гэж асуусан юм. (шүлэг 2). Тэдний эрэл сая дуусч, Христ хүүхдийг олоод, “сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд, алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив (шүлэг 11). Тэд Херодын залийг мэдсэнээс гадна “Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд ондоо замаар нутгийн зүг оджээ” (шүлэг 12). Мэргэн хүмүүс Бурханаас ирсэн илчлэлтийн дагуу үйлдэж, энэ ариун гэр бүлийг Херодын хорон санаанаас хамгаалсан юм.

Мэргэн хүмүүсээс сурах зүйл бидэнд их бий. Бид тэдний нэгэн адил судруудыг судалж, дэлхийг Аврагчийн Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхийн тулд тэмдгүүдийг харж мэддэг байх ёстой. Хэрэв бид судруудыг судалж, тунгаан бодох юм бол өдөр тутмын амьдралдаа Их Эзэнийг эрэлхийлэх илүү их хүсэлтэй болж, Түүнд бэлэг болгон аминч үзэл, бардамнал, эсэргүүцэгч санаа бодлоо орхих болно. Бидний хийсэн төлөвлөгөөг өөрчлөх тухай хувийн илчлэлт ирсэн үед энэ нь бидний хувьд дээр гэдгийг Бурхан мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байж, дуулгавартай дагах хэрэгтэй. Бид жинхэнэ шавийн амьдралаар амьдарч, Аврагчийг хайраар, даруу төлөв байдлаар, өвдөг сөгдөн шүтэн бишрэх ёстой.

Бид шавь болсон тохиолдолд хонин сүргээ билчээрт нь хариулах юм уу гандмал цөлийг туулахыг биднээс шаардахгүй. Аврагч руу очих бидний аялал бол явганаар юм уу хөсгөөр хийх аялал биш; энэ бол сүнсний болон зан төлөвийн аялал. Түүний Цагаатгал хязгааргүй бөгөөд бидний амьдралын бүх тал—нүгэл хилэнц, сул дорой байдал, өвчин эмгэг, зовлон зүдгүүр бүгдийг хамардаг тэрхүү үнэнийг хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ хүлээн авах явдал энэ аялалд багтана (Aлма 7:11–13-ыг үз). Энэ бол биднийг харанхуй манан руу чирч гулдардаг зүйлсээс бид ангижрч, Дэлхийн Гэрлийн халуун бүлээн хайран дотор амьдарч чадна гэсэн үг юм. Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айрингийн сургаснаар: “‘Христэд ирэгтүн’ гэдэг үгс бол урилга юм. Энэ бол та өөр хүнд санал болгож чадах хамгийн чухал бэлэг мөн. Энэ бол хүмүүний олж авч чадах хамгийн чухал урилга юм.”3

Эшлэл

  1. Toмас С.Монсон, “The Spirit Giveth Life,” Ensign, 1985 оны 5-р сар, 70.

  2. Жишээ нь, Ховард В.Хантер, “The Great Symbol of Our Membership,” Tambuli, Nov. 1994 оны 11-р сар, 6-г үз.

  3. Хенри Б.Айринг, “Come unto Christ,” Лиахона, 2008 оны 3-р сар, 49.

Гэрэл зургийг Том Смарт, ДЕЗЕРЕТ НЬЮС; ТҮҮНИЙ ЗҮРХЭНД НАНДИГНАН ХАДАГЛАГДСАН, КАТИ ЛАВРЕНС, МИЛЛ ПОНД ПРЭСС КОМПАНИЙ ИТГЭЛИЙН ЗӨН ЦУГЛУУЛАГААС, ВЕНЕЦ, ФЛОРИДА, ХУУЛБАРЛАХЫГ ХОРИГЛОНО

Хоньчдод зарлан мэдэгдсэн нь,Дел Парсон; Симеоны талархлын залбирал, Роберт T.Барретт; Онцгой найдвар, Элспет Янг, хуулбарлаж болохгүй; Ирэлт, Майкл Олбрехтсон, хуулбарлаж болохгүй