2013
Асуулт, хариултууд
2013 оны дөрөвдүгээр сар


Асуулт, хариултууд

“Ариун явдлын хуулийг зөрчих нь яагаад ноцтой нүгэл болохыг би найздаа яаж тайлбарлах вэ?”

Тэнгэрлэг Эцэг биднийг аз жаргалтай, Түүний Сүнсийг хүлээн авахаар зохистой байхыг хүсдэг. Тиймээс тэр бидэнд бодол санаа, хэл яриа, үйл хэрэг, үйлдлээ зохих хязгаарын дотор барьдаг байхад туслахын тулд бидэнд зарлигуудыг өгдөг билээ. Ариун явдлын хууль нь нөхөн үржихүйн хүчийг гэрлэлтийн хүрээнд хадгалахад тусалдаг. “Хүүхдүүд албан ёсоор хуримласан гэр бүлд төрж өсөх эрхтэй” учраас нөхөн үржихүйн хүч зөвхөн нөхөр, эхнэр хоёрын хооронд байх ёстой хэмээн Тэрбээр зарлиг болгосон юм.”1

Та Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг найзтайгаа хуваалцаж болно. Энэ товхимол ариун явдлын хуулийг сахих нь яагаад чухал болох тухай хэдэн шалтгааныг тайлбарлажээ: “Та нар бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байснаар Ариун сүмд эрхэм нандин гэрээнүүд хийж, сахихад өөрийгөө бэлтгэдэг билээ. Та нар хайр халамжаар дүүрэн мөнхийн гэр бүлийн нэг хэсэг болох хүүхдүүдийг энэ дэлхийд авчрах бат бөх гэрлэлтэнд өөрсдийгөө бэлтгэдэг. Та нар гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанаас үүдэлтэй сэтгэл санаа болон сүнслэг байдлын уналтаас өөрсдийгөө хамгаалах болно. Мөн та нар хор хөнөөлтэй өвчнүүдээс өөрсдийгөө хамгаалдаг. Бэлгийн харьцаандаа цэвэр ариун байх нь та нарыг өөртөө итгэлтэй, жинхэнэ аз жаргалтай мөн одоо болон ирээдүйд зөв сайн шийдвэрүүдийг гаргах чадвараа сайжруулахад тань туслах болно.2

Ариун сүм

Бидний хүн нэг бүрийн талаар бурханлаг зорилго Тэнгэрлэг Эцэгт байдаг бөгөөд уг зорилго нь Ариун сүмд хэрэгждэг. Бид гэр бүлээрээ үүрд мөнхөд лацдан холбуулахын тулд Ариун сүмд орохоор зохистой байх ёстой. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрах болно. Хамгийн чухал нь зохисгүй хүмүүсийн хүлээн авч чадахгүй үүрдийн баяр баясгаланг бид хүлээн авах боломжтой.

Алофа М., 18 настай, Самоа

Гэрлэлт ба гэр бүл

Биднийг бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байх юм бол, Ариун сүмд орж, ариун нандин гэрээнүүдийг сахихаар зохистой байхыг дэмждэг. Хэрэв бид ариун явдлын хуулийг дагавал ирээдүйд бид бат бөх гэрлэлт ба гэр бүлтэй болж чадна. Сатан биднийг уруу татахаар үргэлж бэлэн байдаг боловч залбирал, судар ба сайн найз нарынхаа тусламжтайгаар бид уруу таталтыг давж чадна.

Рести М.,16 настай, Филиппин

Цэвэр ариун байдал ба хүндэтгэл

Бид ариун явдлын хуулийг сахиснаараа Бурханы мэлмийд цэвэр ариун харагдаж, өөртөө хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ бусдыг бидэнд хүндэтгэлтэй хандахад нь тусалдаг. Хэрэв бид ариун явдлын хуулийг дуулгавартай сахьвал Бурханы хүүхдүүд гэдгээ харуулж, өндөр жишгүүдээ чанд баримталж чадна. Бидэнд харамсах зүйл байхгүй болно. Бид ялангуяа энэ хуулийг сахих талаар Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг биелүүлбэл, бидний амьдрал энэ дэлхий дээр ч, ирэх дэлхийд ч аз жаргалаар дүүрэн байх болно.

Альяана Ж.,19 настай, Филиппин

Ариун журам ба Ариун явдал

Их Эзэн ариун журам ба ариун явдалд баярладаг бөгөөд юм бүхэн өөрийн цаг хугацаанд болж өнгөрдөг. Ариун явдлын хууль бол Их Эзэнээс бидэнд өгсөн зарлиг юм. Залбирал ба Ариун Сүнсний нөхөрлөл бол ариун явдалтай байх нь адислал мөн гэдгийг ойлгоход туслах маш чухал хоёр зүйл мөн.

Селин Р.,18 настай, Никарагуа

Ариун бэлэг

Хэрэв бид нөхөн үржихүйн бэлэгт хөнгөн хуумгай хандвал Бурханы энэхүү үнэт бэлгийг ердийн зүйл мэт үзсэнтэй адил юм. Таныг бэлэг өгөхөд бэлэг авч байгаа хүн үүнийг онцгой үнэ цэнэтэй зүйл гэж үзэхгүй бол танд сайхан санагдахгүй. Нөхөн үржихүйн хүчийг хүн ариун зүйл гэж үзэн, үүнд үргэлж хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Учир нь бид бүгд Бурханы Ариун сүм учраас Ариун сүм шиг цэвэрхэн, ариун байх ёстой.

Жарон З.,15 настай, Айдахо, АНУ

Сүнс бидэнтэй хамт

Та гэм нүгэлгүй цэвэр ариун байснаараа, улам аз жаргалтай амьдарч, илүү ихээр адислагдах болно. Бидний бие махбод Ариун сүмтэй адилхан бөгөөд Тэнгэрлэг Эцэг “ариун бус сүмд оршдоггүй билээ” (Aлма 7:21). Иймээс бид гэм нүгэлгүй цэвэр ариун байх юм бол, Сүнс бидэнд орших болно.

Марианн Р.,14 настай, Арканзас, АНУ

Чухал асуултууд

“Ирээдүйн эхнэр буюу нөхөр чинь одоо чамайг харж байвал чи биеэ хэрхэн авч явах вэ?” гэх мэтийн асуулт асууж, найзынхаа асуултад хариул. Ариун явдлын хуулийг зөрчсөн бүх хүмүүс үүнийхээ төлөө их харамссан гэж би дуулсан. “Хэрэв ирээдүйн хүүхэд чинь чамаас ариун явдлын хуулийг зөрчсөн үү? гэж асуувал чи юу гэж хариулах вэ?” Найзаас чинь хүүхэд нь энэ асуултыг асуухаас өмнө ариун явдлын хуулийг одооноос эхлэн сахих нь хэчнээн чухал болохыг найз чинь ойлгосон байх хэрэгтэй. Та энэ ариун хуулийг зөрчихгүй байснаар өөрийгөө цэвэр ариун байлгаж, эрүүл саруул, аз жаргалтай амьдарч чадна.

Робин К.,13 настай, Юта, АНУ

Сөрөг үр дагавар

Ариун явдлын хуулийг зөрчсөний сөрөг үр дагавар олон боловч тэдгээрийг бүгдийг нь эрүүл мэндийн хичээлээс мэдэх боломжгүй байдаг. Ариун явдлын хуулийг зөрчихөд Сүнс амьдралаас чинь холдон зайлж, ойр дотны хүмүүсээ гомдоохын хамт таны сэтгэл санаа ч таатай бус болно. Би танд Мормон захиас дахь “Chastity: What Are the Limits?” видеог [at youth.lds.org англи, португаль, испани хэлээр] үзэхийг зөвлөж байна.

Маттью Т.,17 настай, Юта, АНУ

Гэрлэлтийн хүрээнд

Ариун явдлын хуулийг зөрчих нь хор уршигтайг би найздаа тайлбарласан. Учир нь нөхөн үржихүйн хүч зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрын хооронд байдаг. Бид ариун явдлын хуулийг зөрчвөл Ариун Сүнсийг амьдралаасаа алдана.

Августина А.,15 настай, Гана

Эшлэл

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 35.