2015
Анхдагчид: Өнөөдрийн зангуу
2015 оны долоодугаар сар


Анхдагчид: Өнөөдрийн зангуу

2013 оны 7-р сарын 24-нд Солт Лэйк хот дахь Ютагийн анхдагч хөвгүүдийн үүрийн туяа хэмээх үйлчлэл дээр хэлсэн “Анхдагчид--ирээдүйн зангуу” хэлсэн үгнээс эш татав.

Анхдагчдыг болон тэдний түүхүүдийг, мөн тэдний итгэл, найдварын үр дүнд ирсэн Бурханы дэмжлэг, аврал, чөлөөлөлтийг санагтун.

Зураг
illustration of a baptism taking place in an icy river

Вэлта Брадфорд Хатч Мормоны Номыг үнэн гэдэгт итгэсэн учир ирэх зуныг хүлээлгүй, хөлдсөн голд баптисм хүртэхийг хүссэн.

1832 онд миний эхнэр Шэллигийн өвөг дээдэс Вэлта Брадфорд Хатч болон түүний нөхөр Айра хоёр АНУ-ын Нью Йоркийн Фармэрсвилл хэмээх жижигхэн тосгонд Сенека нуурын ойролцоо амьдардаг байв. Оливер Каудери, Парлей П.Пратт хэмээх номлогчдыг Хатчийн гэрт зочлон очиход Вэлта Мормоны Номыг худалдан авч, тэр даруй уншжээ. Энэ номыг үнэн гэдэгт итгэсэн учир тэр баптисм хүртэхийг хүссэн байна.

Гэвч хавчлага дарамтууд ихэсч мөн эхнэр нь удахгүй төрөх гэж байсан учраас нөхөр нь түүнд түр хүлээхийг зөвлөжээ. Вэлта хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа, голын мөс дөнгөж цөмөрсний дараахан голын усанд баптисм хүртсэн байна!1

Айра ч бас сайн мэдээний захиасыг сонирхож байлаа. Тэр илүү ихийг мэдэхийг, бас Көртландын ариун сүмийг барихад хувь нэмрээ оруулахыг хүсэж байв. Тиймээс тэр Вэлтатай хамт АНУ-ын Огайогийн Көртланд руу бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар морин тэргээр аялжээ. Тэд ирснийхээ дараа бошиглогчийг ойролцоох ойн цоорхойд мод огтолж байгаа хэсэг эртэй хамт байгаа гэдгийг сонсов.

Тэднийг ойн цоорхойд ирэхэд эрчүүдийн нэг нь сүхээ модонд зоогоод, тэдэн дээр ирж, “Хатч ах аа, Би таныг гурав хоног хүлээлээ. Таны авч ирсэн мөнгө ариун сүмийн индэрийг барихад тус болно” гэж хэлжээ.

Энэ хүн Иосеф Смит байлаа. Айра баптисм хүртэж, мөн Вэлта тэр хоёр гэр рүүгээ буцаж очин, хэрэгтэй эд зүйлсээ цуглуулаад, Көртланд дахь гэгээнтнүүдтэй нэгдсэн гэдгийг хэлэх ч шаардлагагүй юм.2

Зураг
Illustration of a man on a ship during a storm.

Миний өвөг дээдсийн нэг Исаак Бартлэтт Наш Вэйлст байхдаа Сүмд нэгдсэн бөгөөд Солт Лэйк дахь гэгээнтнүүдтэй нэгдэхээсээ өмнө Атлантын далайг гаталж, хээр талыг туулсан билээ. Тэр ирснийхээ дараа Сүмийн тэргүүлэх ахлагчдын нэгээс: “Энэ цугларалтан дээр амандаа тамхи зажилж байгаа ахлагчид байна, гахай хүртэл энэ хогийн ургамлыг тоохгүй дээ” хэмээн тамхины хэрэглээг шүүмжилж байгааг сонсжээ. Амандаа тамхи зажилж байсан Исаак тамхиа амнаасаа гаргаж, газар хаяад, тамхиндаа “Чам дээр эргэн иртэл эндээ байж бай” гэж хэлсэн гэдэг. Тэр дахин хэзээ ч тамхи татаагүй юм.3

Вэлтад зун болохыг хүлээлгүй, хөлдсөн голд баптисм хүртэхэд нь нөлөөлсөн зүйл юу байсан бэ? Айраг Нью-Йоркоос Огайо руу аялахад мөн гишүүн нь ч болоогүй байгаа Сүмийнхээ барьж байгаа ариун сүмд мөнгө хандивлахад хүргэсэн зүйл нь юу байсан бэ? Исаакийг төрсөн нутгаа орхиж, Атлантын далайг гатлан, хээр талыг туулж мөн тамхи зажлахаа болиход хүргэсэн зүйл юу байв?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Сайн мэдээг хүлээн авсан өвөг дээдсийг маань хөдөлгөдөг байсан тэр хүч нь Бурханд итгэх итгэлийн хүч байсан юм. Египетээс гарч, Улаан тэнгис дундуур явсан хэсэг, цөлд хийсэн урт удаан аялал, Амлагдсан нутаг дахь Израилийн зохион байгуулалт гэх мэт зүйлсийг боломжтой болгосон нь үүнтэй адил хүч байсан юм”4 гэж хэлжээ.

Итгэл бол үйлдэл ба хүч чадлын аль алиных нь зарчим юм.5 Энэ нь “зүйлүүдийн талаар төгс мэдлэгтэй байх бус юм” (Алма 32:21). Харин энэ бол биднийг үйлдэхэд (Иаков 2:17–26; 2 Нифай 25:23; Алма 34:15–17) болон Аврагчийг дагахад мөн золиослол, зовлон бэрхшээлтэй цаг үед хүртэл бүх зарлигийг дагахад (Ифер 12:4–6) хүргэдэг Сүнсний “баталгаа” мөн (Еврей 11:1, зүүлт тайлбар б-г үзнэ үү).6 Өглөө нар мандах нь тодорхой байдаг шиг итгэл нь сайн зүйлсийг тохиолгох найдвар төрүүлж (Моронай 7:40–42-ыг үзнэ үү), биднийг дэмжих Их Эзэний хүчийг авчирдаг.7

Хэрэв итгэл нь бидний анхдагч өвөг дээдсийг хөдөлгөгч хүч байсан юм бол итгэлээр бий болсон найдвар нь тэдний түшиг тулгуур байсан юм. Моронай:

“Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг—

“Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог” (Ифер 12:3–4) хэмээн бичсэн.

Христэд суурилсан анхдагчдын итгэл нь тэднийг зөвхөн өөрсдийнхөө төлөө биш, харин үр удмынхаа төлөө—ирэх илүү сайн зүйлсийн төлөөх найдвараар үйлдэхэд хөтөлсөн билээ. Тэд энэ найдварынхаа ачаар, ямар ч зүйлээр дутагдаж, гачигдлаа ч гэсэн Бурханыг алдаршуулахаар удирдагдан, тууштай мөн хөдөлшгүй байв. Хөдөлшгүй итгэлтэй байсан тэдэнд Бурханы хүч гайхамшигт арга замуудаар илэрхийлэгдэж байлаа.

Эдгээр анхдагч өнөөдөр бидэнд хэрхэн зангуу болж чадах вэ? Би гурван зөвлөгөө өгье.

Анхдагчдыг сана

Анхдагчдыг болон тэдний түүхүүдийг, мөн тэдний итгэл, найдварын үр дүнд ирсэн Бурханы дэмжлэг, аврал, чөлөөлөлтийг санагтун. Анхдагч эцэг, эх маань гэрээт хүмүүсийн хувьд бид хэн бэ гэдгээ мэдэхэд бидэнд тусалдаг бөгөөд бидний гэрээнд орсон мөн “өөрчлөгдөх нь үгүй” (Мормон 9:19) бидний Бурхан анхдагч өвөг дээдсийг маань адисалж байсныхаа нэг адилаар хүнд хэцүү, сорилтын цаг үеүдэд биднийг ч бас адислах болно гэдгийг баталдаг билээ.

Бурхан “[бидэнд] өгөх тэр бүх амлалтуудаа гүйцэлдүүлэх болно, учир нь тэрээр [бидний] эцэг өвгөдөд өгсөн амлалтуудаа гүйцэлдүүлсэн билээ” (Алма 37:17) хэмээн Алма заасан юм. Үүнийг мэдсэнээрээ бид, үүнтэй адил итгэлтэйгээр үйлдэх сүнслэг урмыг анхдагчдаас авах бөгөөд найдвараар бөхлөгдөх болно.

Энэ бол түр зуурын зовлон зүдгүүртэй дэлхийд бидний ёс суртахуун, сүнслэг байдлын хувьд эрэлхийлдэг тэр зангуу буюу Христэд итгэх итгэлтэйгээр амьдарч, урагшлах, мөн Түүний арга замуудаар биднийг тогтоодог тэрхүү найдвар юм.

Зураг
Mormon pioneers at Red Buttes Camp on October 19, 1856. The pioneers are trying to light a fire to cook with in heavy snow and wind. The painting is part of the exhibits at the Mormon Handcart Visitors' Center at Martin's Cove in Wyoming.

Вилли, Мартин хоёрын гар тэрэгний багийнхны түүх эртний анхдагчдын итгэл, найдварын бэлгэдэл болсон юм. Багийн 1000 орчим гишүүнээс ердөө 200-аад хүн нас барсан нь гайхалтай.8 Тэнгэрлэг тусламжийн ачаар итгэл, найдвараар дүүрэн аврагчдын хичээл зүтгэл гар тэрэгний багийнхныг аварсан юм.9

Солт Лэйкийн хөндийг орхисныхоо дараа аврагчид гар тэрэгний багийнханд тулгарсантай адил эхний, хахир ширүүн өвлийн шуургатай нүүр тулав. Байгалийн хахир ширүүнтэй нүүр тулсан аврагчдын зарим нь итгэлдээ эргэлзэж, итгэл найдвараа алдан, эргэж буцаж байлаа.

Харин Рэддик Оллрэд аврах өртөөг гурван долоо хоногийн турш өвлийн цаг агаарын аюултай нөхцөлд тогтвортой байлгажээ. Өөр нэгэн аврагч Оллрэд ахыг түүнтэй хамт буцахыг ятгасан боловч Рэддик татгалзсан бөгөөд:

“Би түүний саналаас татгалзаж, харин ч … биднээс шалтгаалж байгаа багийнхныхаа амийг аварч үлдэхийн тулд үлдэхийг түүнд зөвлөсөн” гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг. “Дараа нь тэр … өртөөний удирдагчийн хувьд бид юу хийх ёстойгоо мэдэж авахын тулд намайг Их Эзэний үгийг хүлээн авах ёстой гэж тэд надад итгэл хүлээлгэдэг гэж хэлсэн юм. [Их Эзэн] [биднээр] юу хийлгэхийг хүсэж байгаагаа аль хэдийн хэлсэн учраас би үүнээс татгалзсан.”10

Сорилт бэрхшээлтэй цаг үед ийм гуйвшгүй итгэлтэй байх нь тууштай, гуйвшгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бий болгож, шуурга ширүүсэх үед итгэл найдвар өгдөг. Ийм итгэлийн үр жимснүүдийн нэг нь бусдыг асран хамгаалж, аварч, адисалснаар үүнийг эзэмшиж байгаа хүмүүс юм. Гар тэрэгний аяллынхан Рэддик Оллрэдийн өртөөнд ирж байгааг харах үед түүнд ямар халуун дулаан мэдрэмж төрснийг төсөөлөн бод доо. Гар тэрэгний аяллынхны түүнийг хараад мэдэрсэн баяр баясгаланг төсөөлөөд үз!

Тэдний нэгдмэл байдлыг санагтун

Анхдагчид үндсэндээ нэгдмэл байсан гэдгийг сана. Хожмын үеийн гэгээнтнүүдийн баруунаас ирсэн нүүдэл нь Америкийн баруун хэсгээс ирсэн бусад нүүдлээс огт өөр байсныг түүхчид ажигласан байна.

“Тэд үнэндээ баруун зүгийн нүүдлүүдийн түүхэнд хэзээ ч сонсогдоогүй дэг журамтай, эв санааны нэгдэлтэй, сахилга баттай, нэгдмэл хүмүүс байсан юм. …

“Калифорни эсвэл Орегон руу цагаачилж байсан хүмүүсийн цөөхөн нь л араасаа ирж байгаа хүмүүст санаа тавьж байв. … Мормончууд бол тийм байгаагүй. Анхдагчдын багийнхны хамгийн эхэнд хийдэг байсан зүйл нь түр буудаллахад тохиромжтой болон мод, ус, зүлэг сайтай газруудыг тэмдэглэх ажил байв. Тэд болон тэдний дараагийн багийнхан гүүр барьж, голын өндөр эргүүдийг доош ухан, ажиллаж байлаа. Тэд сал завинууд болон бярвааз хийж, тэднийг дараагийн ирэх хүмүүсийнхээ хэрэглээнд зориулан үлдээдэг байв.”11

Ийм ялгаатай байгаагийн шалтгаан нь Сүмийн гишүүд Сионыг барихаар ирсэнд байв. “Мөн хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг, мөн ариун журам хийгээд цэвэр ариун байдлыг [Их Эзэний] өмнө байнга үйлдэгтүн” (С ба Г 38:24). Сион—зөв шударга ёсонд оршин суудаг, тэдний дунд ядуус байгаагүй, нэг зүрх сэтгэл нэг оюунтай хүмүүсийн нэгдэл (Мосе 7:18-ыг үзнэ үү) байсан ба “хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлж мөн бүх зүйлийг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулж буй хүн бүрийн” (С ба Г 82:19) ачаар бий болох юм.

Энэ нийгмийн болон хамтын үүрэг хариуцлагын талаарх ойлголт нь Бурханы бошиглогчийг дагах нэгдмэл хүчин чармайлтыг бий болгосон билээ. Энэ нь анхдагчдын амжилтын агуу том шалтгаан бөгөөд энэ нь тэдний бидэнд өвлүүлдэг өвийн чухал хэсэг юм. Тэд биднийг Их Эзэний бошиглогчийг даган, нийгмийн болон хамтын үүрэг хариуцлагын тухай ойлголтоор нэг мэт үйлдсэнээр Их Эзэний хүчээр бид ч бас өсөж дэгжих болно гэж шивнэдэг.

Анхдагчдын Сүнсийг өвлүүлэн үлдээ

Бид анхдагчдын алхааг удирдан чиглүүлсэн тэрхүү сүнсийг хүүхдүүддээ болон ач зээ нартаа зааж, сургах үүрэгтэй. Бид үүнийг хэрхэн хийж болох энгийн жишээг Эквадорын Отавалогийн Мунозын гэр бүлийнхнээс харж болно. Би 2013 оны 3-р сард Жуан Хосе Муноз Отавало ах, түүний эхнэр Лаура болон тэдний хөвгүүдийн нэг Жуан Амадо нартай Сүмд өнгөрөөсөн цаг хугацааных нь талаар мэдэж авахаар уулзсан юм. Би Муноз ахыг Отавало дахь эхэн үеийн хөрвөгчдийн нэг гэдгийг олж мэдэв.

Муноз ах бага байхдаа испани хэл дээр бичигдсэн Мормоны Номыг олж авчээ. Тэр үүнийг ойлгож чадахгүй байсан ч үүнийг барьж үзэх үедээ гүн гүнзгий хүч болон сүнсийг мэдэрсэн байна. Ах нар нь номыг устгана гэдгийг тэр мэдэж байсан учраас номоо гэртээ нуужээ.

Тэр номоо үе үе нуусан газраасаа гаргаж ирж, барьж үзэх төдийд л номын хүчийг мэдэрдэг байв. Тэр хүнд хэцүү сорилт бэрхшээл, эсэргүүцлийг даван туулж, Сүмд нэгдэн орж, Отавало тосгоноос дуудагдсан хамгийн анхны номлогчдын нэг болсон юм. Хожим нь тэр буцаж ирсэн номлогч эгчтэй гэрлэж, тэд хамтдаа итгэлтэй, сайн мэдээнд төвлөрсөн гэр бүлийг бий болгожээ. Тэр Сүмийн удирдагчаар итгэлтэйгээр үйлчилж, Мормоны Ном болон ариун сүмийн ёслолуудыг өөрийн төрөлх күйчуа хэл дээр орчуулахад тусалсан юм.

Биднийг Муноз ахын итгэлийн түүхийг сонсож байх үед буцаж ирсэн номлогч Жуан Амадо уйлж байв. Аавыгаа ярьж дуусахад энэ сайн хүү: “Би гар тэргээрээ тал газрыг туулсан Хойд Америкийн эртний анхдагчдад талархсаар ирсэн. Тэдний итгэл, үнэнч байдал болон бүхнээ зориулсан байдал нь надад сүнслэгээр нөлөөлж, амьдралын минь туршид гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Гэхдээ би өнөөдрийг хүртэл, Отавалод анхдагчид байдгийг, тэр нь миний эцэг эх гэдгийг огт анзаараагүй явжээ! Энэ нь намайг баяр баяслаар дүүргэж байна” гэжээ.

Зураг
Photo of Juan José Muñoz Otavalo and his wife, Laura, of Otavalo, Ecuador.

Муноз ах, эгч хоёр, анхдагч байснаар бусдын дагах сайн мэдээний замыг нээж, үзүүлж, мөн үүний дагуу амьдарснаар итгэлийн анхдагчдын өвийг өвлүүлэн үлдээдэг гэдгийг бидэнд заасан юм. Бид Их Эзэнд итгэх итгэлээ тогтмол хөгжүүлж, Түүнд найдах найдвараар өөрсдийн бодгалийг бэхэлснээр “тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн бас Бурханыг алдаршуулахад удирддаг” (Ифер 12:4). Дараа нь бид Рэддик Оллрэд шиг амьдралын сорилт бэрхшээлүүдэд төөрөн одсон хүмүүст үйлчлэх болно. Мөн ирээдүй үеийнхэн ийм амьдралын хүч, амар амгаланг биднээс суралцах болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард:

“Итгэл, зоригоо харуулахын тулд тоотой хэдхэн юмаа тэргэнд ачаад, тэрэгнүүдээ гараар түрж, 2090 км газрыг явган туулахыг бидний ихэнхээс хүсэхгүй шүү дээ. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа сорилтууд өөр, бидний авирах уулс ч өөр, “замаар цэцэг дэлгэрүүлэх” (Исаиа 35:1) хөндий ч өөр юм. …

“Бидэнд тулгарч байгаа нэг хүндрэл бэрхшээл бол бид нүгэл хилэнцээр дүүрэн бөгөөд сүнслэг байдалд хайхрамжгүй ханддаг, аминч үзэлтэй, мөн шударга бус явдал, шунал тачаалд живсэн дэлхийд амьдарч байгаа явдал мөн. Өнөөгийн цөл төөрөгдүүлсэн, зөрчилтэй мэдээллээр дүүрэн байна” гэж гэрчилжээ.

Тэгээд бид Бурханы зарлигуудыг биелүүлэх явдалд хайхрамжгүй хандах ёсгүй хэмээн ахлагч Баллард нэмж хэлсэн юм. “Хилэнцэт дэлхийн уруу таталтуудаас зайлсхийхэд өнөө үеийн жинхэнэ анхдагчаас итгэл, тэвчээр хатуужил шаардагдана.”12

Бидний хүн нэг бүр мөн адил анхдагч байж, өмнө явж, гэм нүгэл, төөрөгдөл, эргэлзээгээр дүүрэн дэлхийд тэмцэж яваа бусдад зам нээж өгөх шийдвэр гаргах болтугай. Бид анхдагчдыг болон тэдний түүхүүдийг санах болтугай. Тэд нэгдмэл хүч чармайлтаар Сионыг байгуулахаар ирсэн бөгөөд дараа нь бидний уулзах бүгдэд, ялангуяа ирээдүй үеийнхэнд ийм итгэлийг суулгах үүрэг хүлээж, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр урагшилсан мөн Түүгээр дамжин ирэх сайн зүйлсэд найдах найдвараар бэхлэгдсэн амьдралаар өөрсдийн амьдралыг “амьд тахил” (Ром 12:1) болгон өргөж, үүнийг хийхээр ирсэн гэдгийг санах болтугай.

Анхдагч байна гэдэг нь “сайныг үйлдэхэд шантрамтгай байхгүй байхыг” (С ба Г 64:33) хэлдэг. Вэлта Хатч мөсөн голд баптисм хүртэж байхдаа ер бусын онцгой зүйл хийж байна гэж бодоогүй нь эргэлзээгүй. Исаак Наш ч гэсэн зажилж байсан тамхиа газар хаяхдаа үүнийг тийм чухал зүйл гэж бодоогүй. Рэддик Оллрэдийн хувьд Их Эзэний түүнээс хийгээсэй гэж хүссэн зүйлсийг л хийсэн.

Эдгээр өчүүхэн мөн энгийн зүйлээр агуу их зүйлүүд улиран авчрагдсан юм! Агуу хүчин чармайлтуудад жижиг зүйлс байдаггүй гэдгийг бүгдээрээ санацгаая. Бид сайн мэдээний дагуу амьдарч, бошиглогчийг дагаж, эргэлзэхээсээ илүү итгэлтэй байхыг сонгож, итгэлээ хөгжүүлж, сэтгэлийн зангууны найдварыг бий болгох үед бүгдээрээ бусдын дагах замыг бэлтгэж буй анхдагчид байх болно.

Эшлэлүүд

  1. Wandering Home: Stories and Memories of the Hatch Family (1988), 3-ыг үзнэ үү.

  2. Wandering Home, 3-ыг үзнэ үү.

  3. Исаак Бартлэтт Наш, The Life-Story of Isaac B. Nash [nd], 2.

  4. Гордон Б.Хинкли, “The Faith of the Pioneers,” Ensign,1984 оны 7-р сар, 5.

  5. Lectures on Faith (1985); Еврей 11:4–40; Иаков 4:6; Ифер 12:7–22.

  6. Lectures on Faith, (1985), 69-ийг үзнэ үү.

  7. Библийн толь бичиг, “Faith”; мөн Алма 57:19–27; 58:10–13; Мормон 9:8–21; Моронай 7:33–37; Сургаал ба Гэрээ 27:17-г үзнэ үү.

  8. Андрю Д.Олсэн, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006), 470.

  9. Олсэн, The Price We Paid, 473–474-ийг үзнэ үү.

  10. Олсэн, The Price We Paid, 160-ыг үзнэ үү.

  11. Валлэс Стэгнэр, The Gathering of Zion: The Story of the Mormon Trail (1964), 11.

  12. М.Рассэлл Баллард, “Анхдагчдын итгэл ба тэсвэр хатуужил-тэр үед ба өнөөдөр,” Лиахона, 2013 оны 7-р сар, 20, 21.

Бошиглогч Иосеф Айра Хатч ахтай анх уулзахдаа “Таны авчирсан мөнгө ариун сүмийн индэрийг барихад тус болно” гэж хэлжээ. Бошиглогч онцгой сэтгэгдэл төрүүлсэн учраас Айра баптисм хүртэж, эхнэртэйгээ хамт Нью Йоркоос Огайогийн Көртландад нүүж ирсэн.

Гэрэл зургийг Дан Бөрр; Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтэлсэн зургууд; хүрээ зургийг kittimages/iStock/Thinkstock-ийн зөвшөөрлөөр нийтлэв.

Мунозын гэр бүлийн зургийг ахлагч Маркусын зөвшөөрснөөр нийтлэв