2015
Амьдрал ба эрч хүчээр дүүргэгдэв
2015 оны долоодугаар сар


Амьдрал ба эрч хүчээр дүүргэгдэв

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

Хэрэв тууштай, сахилга баттай дагасан бол илүү эрүүл, эрч хүчтэй, сүнслэг удирдамж авахад тань ямар үйлдэл туслах байсан бол?

Зураг
clock without numbers

Цагийн нүүрний зургийг choness/iStock/Thinkstock

Таны нэг найз хувийн илчлэлт хүлээн авах замаар зөвлөгөө хүсэж, тань дээр ирсэн гэж төсөөлье. Хэрэв та ганцхан зүйл санал болгож чадах байсан бол юу санал болгох байсан бэ?

Шинээр дуудагдсан ерөнхий эрх мэдэлтний хувьд ахлагч Марион Ж.Ромни (1897–1988) чухал дуудлагаа биелүүлэхэд хангалтгүй байгаагаа мэдэрчээ. Тиймээс тэрээр өөрийн найз Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Харолд Б.Лийгээс (1899–1973) зөвлөгөө хүссэн байна. Тэр өдрийн санал болгосон зөвлөгөө ахлагч Ромниг гайхшируулж бас урам зориг өгчээ. Ахлагч Лий хэлэхдээ: “Хэрэв та ерөнхий эрх мэдэлтний хувьд амжилттай байхыг хүсэж байгаа бол сүнслэг удирдамж авдаг байх хэрэгтэй. Та илчлэлт авах хэрэгтэй. Би чамд нэг зөвлөгөө өгье: Эрт унтаж, эрт босож бай. Хэрэв та үүнийг хийвэл таны бие, оюун ухаан тань амарч, өглөө эрт нам гүм цагт та өдрийн ямар ч цагаас илүү сүнслэг удирдамж болон бодлуудын гялбааг хүлээн авах болно” гэжээ.

Олон жилийн дараа ерөнхийлөгч Ромни тэрхүү туршлагаа дурсан ярихдаа: “Тэр өдрөөс хойш би энэ зөвлөгөөг дагаж эхэлсэн бөгөөд энэ нь хэрэгждэгийг мэднэ. Би ноцтой асуудалтай тулгарах бүрдээ эсвэл Сүнсний нөлөөг хүлээн авах хэрэгтэй гэж үзсэн бүтээлч шинж чанартай зарим нэг даалгавартай байгаа үедээ үргэлж өдрийн ямар ч цагаас илүү өглөө илүү их тусламж хүлээн авдаг”1 гэж хэлжээ.

Би анх энэ түүхийг сонсоод, ахлагч Лийгийн өгсөн зөвлөгөөнд бас гайхаж байв. Би хэзээ ч өдөр бүр эрт босохыг илчлэлт хүлээн авахтай холбон бодож байгаагүй. Гэхдээ би одоо энэ нь шууд хамааралтайг мэднэ. Би бас намайг эрт унтаж, эрт босох үед залбирах, судар судлах, мацаг барих, ариун сүмийн ёслолууд хийх, ариун сүмд орох, үйлчлэх гэх мэт илчлэлт авахтай холбоотой уламжлалт үйлдлүүд эрс өсөн нэмэгддэг гэдгийг мэдэж авсан.

Судрын жишээнүүд

Сүнслэгээр нөлөөлөгдсөн бүхий л насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс унтах талаарх энэхүү тэнгэрлэг зөвлөгөөг дагадаг байв. “Абрахам өглөө эрт босоод, Эзэний өмнө зогсож байсан тэр газар руугаа очив” (Эхлэл 19:27; тодотгол нэмэгдсэн). “Мосе өглөө эрт босоод, Эзэний тушаасан ёсоор Синай ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтан барьжээ” (Египетээс гарсан нь 34:4; тодотгол нэмэгдсэн). “Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар Эзэний авдрыг дамнав” (Иошуа 6:12; тодотгол нэмэгдсэн).

Их Эзэн мөнх бус тохинууллынхаа үеэр өдрийг хэрхэн эхэлдэг байсан бэ? Марк номон дээр “Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч, зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв” (Марк 1:35) хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Үнэнч шавь Мариа Түүний үлгэр жишээг дагаж, ингэснээр бидэнд хүчирхэг хичээл заасан юм: “Долоо хоногийн эхний өдөр эрт, харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав” (Иохан 20:1). Тэрээр өглөө эрт амилсан Их Эзэнийг харсан анхны хүн болсон юм.

Эрт боссоноор ирэх адислалууд

Өнөө үеийн агуу удирдагчид бас илчлэлт авахдаа өглөөний цагуудыг ашигладаг. Би өмнө нь Далын нэгдүгээр чуулгын нэг гишүүн гадасны чуулган дээр эрт босдог талаараа ярьж байхыг сонссон. Цуглааны дараа би түүнтэй өглөө эрт босдог заншлынх нь талаар товчхон ярилцаад, Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёрын чуулгын гишүүдийн хэд нь үүнтэй адил хуваарийг баримталдаг болохыг асуув. Тэр “Тэд бүгд үүнийг хийдэг!” гэж хариулж билээ. Энэ нь нөлөө бүхий мөч байсан бөгөөд эрт унтаж, эрт босох нь үнэхээр илчлэлт хүлээн авахтай холбогдож чадахыг Сүнс надад гэрчилсэн юм.

Унтах талаарх Их Эзэний зөвлөгөөг дагадаг хүмүүст нэмэлт адислалууд амлагдсан байдаг. Эдгээр гайхалтай амлалтыг бодож үзээрэй: “Шаардлагатайгаас илүү удаан унтахаа боль; та нар ядрахгүй байхын тулд; эрт босч бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай” (С ба Г 88:124; тодотгол нэмэгдсэн). Амрах гэдэг нь “амьдрал ба эрч хүчээр дүүрэх” гэсэн утгатай юм.

Эртний гүн ухаантан Аристотель: “Өглөө эрт босох нь ашиг тустай байдаг, учир нь ийм дадал хэвшил нь эрүүл мэнд, эд хөрөнгө болон мэргэн ухаанд хувь нэмрээ оруулдаг юм”2 хэмээн өглөөний эртэч хуваарь баримталдаг хүмүүст бусад ашиг тусыг санал болгосон байна. Нэгдсэн Улсын эртний улс төрийн зүтгэлтэн Бенжамин Франклин хожим олонд танигдсан хэлсэн үгэндээ: “Эрт унтаж, эрт босох нь хүнийг эрүүл, чинээлэг, мэргэн болгодог”3 гэж хэлсэн. Ихэнх хүн амьдралдаа хамгийн их хүссэн зүйлсийнхээ эхэнд эрүүл мэнд, эд хөрөнгө, мэргэн ухааныг тавьсан байдаг.

Эрүүл мэнд

Америкт компанийн гүйцэтгэх захирлуудын дундаж нас 55 байна.4 Тэгвэл олон улсын нэгэн байгууллагын гүйцэтгэх захирал 97 настай хүн байсан гэдгийг мэдвэл та гайхах уу? Та бас түүнийг энэ өндөр насандаа үг хэлж, удирдагчдыг сурган, төрийн албан хаагчидтай уулзаж, хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд дээр ярилцлага хийж, дэлхийгээр аялсаар байсан гэдгийг мэдвэл яах бол? Түүний хоёр зөвлөх нь 79 ба 87 настай, маш идэвхтэй, эрч хүчтэй хүмүүс байсан гэвэл ямар вэ? Тиймээ, энэ бол ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн үйлчлэлийн төгсгөл хэсэг байсан юм. Өглөөний эртэч хуваарь нь зөвхөн хувь нэмэр оруулагч төдийгүй, Сүмийн удирдагчдад урт наслахад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь юм шиг санагддаг.

Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч асан Эрнэст Л.Вилкинсон эртэч хуваарийг баримтлах нь эрүүл мэндийн ашиг тустай холбоотой хэмээн санал болгожээ. Тэрээр тухайн үед Сүмийн ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Дэвид О.Маккэйг (1873–1970) дурсан: “Ерөнхийлөгч Маккэй ийм сайхан, урт удаан, эрүүл саруул амьдарсан агуу шалтгаануудын нэг нь тэр залуу байхаасаа эрт унтаж, ерөнхийдөө нар мандахаас өмнө, өдрийнхөө ажлыг хийхэд оюун ухаан сэргэг, бие махбод нь эрч хүчтэй байх үед буюу эрт босох хэвшлийг бий болгосных гэдэгт би эргэлзэхгүй байна”5 гэжээ.

Эртэч хуваарийг баримтлах болон оюун ухаан, сэтгэл санааны эрүүл мэнд нь хоорондоо уялдаа холбоотой. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон “Ялагдаж бас дарлагдсан гэж бодож байгаа хүмүүст хандан, өөрсдийнхөө авралын төлөө эрт босож бай”6 гэж хэлжээ.

Зураг
multiple clocks jumping and turning

Мэргэн ухаан

Унтах загвар, мэргэн ухаан хоёрын хоорондын уялдаа холбоо нь зөвхөн онол биш юм. Бригам Янгийн Их Сургуулийн судлаачдын авсан судалгаа: “Орой орондоо орж, маргааш нь орой босдог зуршилтай оюутнууд эрт унтаж, эрт босож хэвшсэн оюутнуудаас доогуур голч оноотой байдаг” хэмээн мэдэгдсэн байна. Оюутнууд өглөө хэдий чинээ их унтана, тэдний дүн төдий чинээ доогуур байх хандлагатай байв. Судлагдсан бүх хүчин зүйлээс гадна хичээлийн болон амралтын өдрүүдэд сэрэх цаг нь оюутны голч дүнтэй шууд хамааралтай байдаг байна. Оюутнууд ажлын өдрүүдэд дунджаар нэг цаг илүү унтах нь голч дүнг (0.0-4.0 оноо) 0,13 оноогоор бууруулдаг гэсэн хамаарал ажиглагдсан юм.”7

Би саяхан 203 ХҮГ коллежийн оюутнаас тэдний унтдаг хэв маягийн талаар санал асуулга авав. Эдгээр оюутан дунджаар хичээлтэй өдрүүддээ 7:30-д сэрдэг бөгөөд амралтын өдрүүдэд 9:15-д сэрдэг гэсэн байлаа. Тэд хичээлтэй өдрүүдэд дунджаар шөнө дунд, амралтын өдрүүдэд 1 цагт унтдаг байв. Эдгээр оюутан эрт хуваарь болон мэдлэг олж авахтай холбоотой судалгаанаас шууд эсрэг байв. Магадгүй эрт унтсанаар голч оноогоо өсгөнө гэдгийг олж мэдэх нь итгэхэд хэтэрхий энгийн сонсогдож болох юм. Бид “уг замын энгийн байдлын учир” могойд хатгуулахад Их Эзэний өгсөн ерөндгийг дагахаас татгалзсан Израилийн хүүхдүүдтэй адил болсон уу? (1 Нифай 17:41; мөн Хиламан 8:14–15-ыг үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн мэргэн ухааныг олж авах талаар өгсөн зөвлөгөөг бодож үзнэ үү: “Би хүүхдүүддээ шөнө бие махбод нь ядарч, оюун ухаан нь эцэж туйлдсан үед тэмцэхээсээ илүүтэй өглөө эрт эрч хүчтэй, сэргэг байгаа үедээ чухал хичээлүүдээ хийхийг зөвлөдөг.” “Эрт унтаж, эрт босож бай”8 хэмээх дүрмийн хүч чадлыг би олж мэдсэн. Энэ нь магадгүй бүрэн цагийн номлогчдын эрт унтаж, эрт босох хуваарийг дагадаг нэг шалтгаан нь байж болох юм.

Бусад адислал

Чөлөөндөө гарсан Далын ахлагч Жое Ж.Кристэнсэн эхнэр Барбарагийнхаа хамт, унтах тухай Их Эзэний зөвлөгөөг дагасан хүмүүст: “Эрт унтаж, мөн эрт босох энэ зарлигт маш сайн нэг шалтгаан байх ёстой [С ба Г 88:124-ийг үзнэ үү]. … Дэлхий өглөө эрт илүү үзэсгэлэнтэй байдаг. Амьдрал үнэхээр амгалан тайван байдаг. Богинохон цагт маш их зүйлийг хийж болдог” гэсэн илүү их адислал санал болгосон байна.9 Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх цугларалт дээр ахлагч Кристэнсэн цааш нь: “Та нарын зарим нь шаардлагатай амралтаа авч чадахгүй байна.” Зарим нь оройтож унтаж, мөн биедээ шаардлагатайгаас их унтаж, ингэснээр хүлээн авч болох байсан сүнслэг удирдамжаа авч чадахгүйд хүрч байна”10 гэжээ.

Ерөнхийлөгч Хинкли дуулгавартай байдаг хүмүүст: “Хэрэв та нар орой 10 цагт орондоо орж, өглөө 6 цагт босох юм бол бүх ажил чинь бүтэх болно”11 гэсэн өөр нэгэн амлалт нэмж өгсөн юм.

Унтах талаарх Их Эзэний энэ зөвлөгөөг дагах нь жижиг зүйл мэт санагдаж болох ч “Тийн өчүүхэн арга замаар Их Эзэн агуу үйл хэргүүдийг тохиох болгож чадна” (1 Нифай 16:29). Эртэч хуваарийг дагах нь миний амьдралд илчлэлт болон олон адислал авчирсан гэрчлэл надад бий. Би эрт унтаж, эрт босох үедээ хэчнээн их зүйл амжуулдаг нь хэчнээн гайхалтай гээч. Энэ хувийн сахилга батаас ирэх ашиг тус нь үүнийг хийхэд шаардлагатай хичээл зүтгэлээс хамаагүй илүү зүйл билээ. Бид гудсан дээрээ үргэлжлүүлэн хэвтэхгүй байх өдрийнхөө хамгийн эхний дайныг ялсан үед, тэр өдрийн турш дахь дайнуудад ялах илүү их магадлалтай болдог. Бид бас амьдрал ба эрч хүчээр илүү их дүүргэгдэх магадлалтай болдог билээ.

Эшлэлүүд

  1. Жое Ж.Кристэнсэн, To Grow in Spirit: A Ten-Point Plan for Becoming More Spiritual (1989), 27–28-ыг үзнэ үү.

  2. Аристотель, in Wit and Wisdom of Socrates, Plato, Aristotle, ed. N. B. Sen (1967), 100.

  3. Selections from the Writings of Benjamin Franklin, ed. U. Waldo Cutler (1905), 16.

  4. Forbes сэтгүүл, “Emerging Culture, Worldwide Success,” 2012 оны 10-р сарын 25-ыг үзнэ үү.

  5. Эрнэст Л.Вилкинсон, Lifting One’s Sights, Brigham Young University Speeches of the Year (1963 оны 10-р сарын 1), 4.

  6. Рассэлл М.Нэлсон, “Joy Cometh in the Morning,” Ensign, 1986 оны 11-р сар, 70.

  7. Journal of American College Health 49 (2000): 125–130.

  8. Боид К.Пакэр, Teach Ye Diligently, (1975), 205.

  9. Жое Ж. ба Барбара К.Кристэнсэн, Making Your Home a Missionary Training Center (1985), 33.

  10. Жое Ж.Кристэнсэн, “Resolutions” (Brigham Young University fireside, Jan. 9, 1994), 5, speeches.byu.edu.

  11. Гордон Б.Хинкли, in Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 166–167.