2017
Эрикийн төлөө залбирахаа мартуузай
January 2017


Эрикийн төлөө залбирахаа мартуузай

Зохиогч нь АНУ-ын Невада мужид амьдардаг.

“Бодгаль бүр өөрийнхөө амьдралыг мөн хэн болохоо шийдэх эрх чөлөөтэй” (Hymns, дугаар 240).

Каригийн гэр бүл хамтдаа залбирахаар буйдангийн дэргэд өвдөг сөгдөв. Хүн бүр хүндэтгэл бишрэлтэйгээр гараа урдаа авлаа. Аав нь Каригийн дүү Ливээс залбирахыг хүсэв.

Аав нь түүнд “Тэнгэрлэг Эцэгт хүлээн авсан олон адислалынхаа төлөө талархахаа мартав аа” гэж хэлжээ.

“Эрикийн төлөө залбирахаа мартуузай” гэж ээж нь нэмж хэлэв. Ээж нь үргэлж тэдэнд Эрикийн төлөө залбирахыг сануулдаг.

Эрик бол Каригийн ах юм. Түүнийг их сургуульд явахаас өмнө Кари тэр хоёр хамгийн сайн найзууд байв. Тэр хамтдаа байсан хөгжилтэй мөчүүдээ үнэхээр их үгүйлж байлаа.

Хэдэн сарын өмнө Эрик аав, ээж хоёртоо цаашид Сүмийн гишүүн баймааргүй байна гэж хэлжээ. Кари гэр бүлийнхээ хамт маш их гайхширан, гунигласан байна. Тэд Эрикийн төлөө орой бүр залбирдаг болов. Заримдаа тэд Эрикийг Ариун Сүнсийг мэдрээд, сүмд эргээд явахыг хүсээсэй гэж залбирдаг байв. Аав нь Эрикийн ухаан санаа сайн сонголт хийхүйц саруул байгаасай гэж мөн ээж нь түүний итгэдэг хэн нэгэн хүн зөв замыг олоход нь түүнд туслаасай гэж залбирдаг байв. Эдгээр бүх залбирлын дараа Кари уурлахгүй байж чадсангүй. Тэнгэрлэг Эцэг яагаад Эрикийг сүмд авчрахгүй байгаа юм бэ?

Эцэст нь Ливийг залбирахаар амаа нээх мөчид Кари тэр үгсийг хэлэхгүй байж чадсангүй. “Тэнгэрлэг Эцэг яагаад Эрикийг сүмд авчрахгүй байгаа юм бэ?” гэж тэр тэссэнгүй хэлж орхив. Бүгд Кари руу гайхан харж байсан ч түүнд анзаарах ч тэнхэл байхгүй байв. Хэсэг хугацаанд хэн ч юу ч ярьсангүй.

Аав нь “Кари, чи өнөөдөр сургуулиасаа ирэхдээ цүнхээ газар шидчихсэн үү?” гэж асуув.

“Юу гэнэ ээ?” гэж Кари эргэлзсэн байртай асуулаа. Түүний цүнх энэ үйл явдалтай ямар хамааралтай юм бол? Тэр хаалга руу хараад, цүнх нь Ливийн цүнхний хажууд биш харин газар байгааг харжээ. “Үгүй ээ … уучлаарай”.

“Ээж чинь өлгөж бай гэж хэлээгүй бил үү?”

“Тийм ээ” гэж Кари хэлэв. Тэр газар ширтэв.

“Ээж чинь өлгөж бай гэж байнга хэлдэг биз дээ.”

“Тийм ээ” гэж Кари хэлэв. Тэр энэ ямар хамааралтайг нэг л ойлгохгүй байв. Аав нь түүний асуултад ач холбогдол өгсөн болов уу?

“Биднийг Эрикийн төлөө залбирах үед Тэнгэрлэг Эцэг үргэлж залбирлыг маань сонсдог гэдгийг би мэднэ. Эрик яг одоо сонсохгүй байгаад л асуудал нь байгаа юм. Чи цүнхний талаар хэлсэн ээжийнхээ үгийг сонсон дагах эсэхээ шийддэгтэй адил Эрик ч Ариун Сүнсийг сонсох эсэхээ шийддэг. Гэхдээ ээж чинь чамаас цүнхээ өлгөхийг хүсэх үед чи үргэлж сонсохгүй байна гэж байхгүй биз дээ?

“Үгүй байх аа” гэж Кари хэлэв.

“Нэг л өдөр тэр сонсох болно” гэж ээж нь Кари рүү нүдээ ирмэлээ. Кари инээмсэглэв.

“Нэг өдөр Эрик ч бас сонсож магадгүй шүү дээ” гэж Кари хэлэв.

“Мэдээж хэрэг” гэж ээж нь хэллээ. “Ариун Сүнсийг сонсох нь чиний хөгжүүлэх ёстой чадвар. Эрик энэ чадварыг хөгжүүлж амжаагүй байж магадгүй.” Каригийн сэтгэл уужрав.

Тэд Ливийг залбирлаа хэлж эхлэхэд толгойгоо бөхийлгөлөө. Тэр Эрикийг Ариун Сүнсийг сонсож сурахын төлөө залбирав. Ливийг залбирч байх хооронд Кари амар амгалан, халуун дулаан мэдрэмж мэдэрлээ. Тэнгэрлэг Эцэг тэдний залбирлыг сонсож байгааг тэр мэдэж байв. Ливийг гэр бүлийнхээ адислал хүлээн авсан арга замуудыг тоочиж байх хооронд Кари залбирлын талаар илүү сайн мэдэж авснаа энэ адислал дээр нэмье гэж бодож байв.

Залбирал дуусахад Тэнгэрлэг Эцэг Эрикийг мартаагүйг Кари ойлгож авлаа. Тэр түүнийг хэзээ ч мартахгүй гэдгийг тэр мэдэж байв.

Зураг
Don’t Forget to Pray for Erik