2019
Бошиглогч Иосеф Смитийн гайхамшигт зорилго
2019 оны 1-р сар


Бошиглогч Иосеф Смитийн гайхамшигт зорилго

2018 оны 6-р сарын 25-нд Номлолын удирдагчдад зориулсан семинар дээр хэлсэн “Иосеф Смит: Бошиглогч хийгээд энгийн хүн” үгээс авав.

Иосеф Смит маш богино хугацаанд ямар ч хүний хийж бүтээснээс илүү их зүйлийг хийж бүтээсэн. Үүнд өгч болох цорын ганц тайлбар бол тэнгэрлэг тусламж юм.

Зураг
Painting of Joseph Smith

Виллиам Витакэр, Иосеф Смит

Би бошиглогч, энгийн хүн болох Иосеф Смитийн талаар үг хэлэхээр сонгосон билээ. Би түүний талаар ярихдаа энэ эрин үеийг үндэслэсэн бошиглогчийн өвөрмөц, гайхамшигт ололт амжилтын талаарх та бүхний ойлголтод нэмэр болно байх хэмээн найдаж байна.

Иосеф Смитийн талаарх мэдлэг, гэрчлэл нь номлолын ажилд амин чухал. Зарим сонирхогч сайн мэдээний үндсэн сургаалуудыг хүлээн зөвшөөрдөг ч 14-хөн настай хүүхэд дээр Эцэг, Хүү хоёр ирж, мөн тэр Мормоны Номыг орчуулан, бидний мэдэх бошиглогч болсон гэдгийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүйг бид бүгд мэднэ. Бошиглогч Иосеф Смитийг хүлээн зөвшөөрөхөд асуудалтай хүмүүс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний сургаалаас суралцах хэрэгтэй. Тэр:

“Иосеф Смит мөнх бус оршихуй дахь ажлыг хийхээр урьдчилан томилогдсон билээ. Түүний хүлээн авах чадвартай, цэвэр ариун оюун ухаан Их Эзэний удирдамжийг хүлээн авахад нээлттэй байв. Гэвч дэлхийн жишгээр бол Иосеф огтхон ч тохирохгүй байлаа. Харин энэхүү сүүлчийн эрин үеийн бошиглогч байх үүрэгт ажил нь огтхон ч боломжгүй мэт санагдаж байв. Энэ жишээ Их Эзэн ихэвчлэн ямар арга замаар ажилладаг болох зарчмыг үзүүлдэг. Тэрээр санаанд оромгүй зүйлийг ашиглан боломжгүй зүйлийг гүйцэлдүүлдэг!”1

Манай номлогчид Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлага, гайхамшигт ажлын талаар гэрчлэлтэй байх нь маш чухал.

Би бол Иосеф Смитийн амьдралыг судлан суралцагч бөгөөд 65 настай. Миний бие 1932 онд, Сүм зохион байгуулагдсанаас хойш дөнгөж 100 гаруй жил болж байхад төрсөн. Би өөрийгөө 2 дахь зууны энгийн итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдийн нэг гэж боддог. Бид Иосеф Смиттэй уулзаж байгаагүй ч түүнийг мэддэг мөн түүний илчилж, заасны дагуу түүнийг хайрладаг. Бид “ийн хүмүүс ‘Иосеф ахыг’ мэдэцгээнэ”2 гэсэн яруу найргийн үгээр зөгнөн хэлсэн үгс үнэн болохыг гэрчилдэг гэрчүүд билээ.

I. Бошиглогч Иосеф Смит

Иосеф Смит энэ эрин үеийн анхны бошиглогч, Их Эзэний мутар дахь сэргээлтийн зэмсэг байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ Их Эзэн энэ бошиглогчоор дамжуулан юуг сэргээсэн бэ? Хожмын үеийн гэгээнтнүүд бүгдээрээ (мөн зарим гишүүн бус хүн) Их Эзэн Иосефт сүнслэгээр нөлөөлж, Христийн сургаалд нүсэр том тайлбар, нэмэлтийг хийсэн гэдгийг мэддэггүй. Хураангуйлсан жагсаалтыг өгье.

  • Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар

  • Бурхан Тэргүүтэний энэ гурван гишүүн тус бүрийн үүрэг, мөнх бус биестэй ямар харилцаа холбоотой болох

  • Хүмүүний уналтын мөн чанар

  • Эцэгийн хүүхдүүдэд мөнхийн хувь тавиландаа хүрэхэд нь зориулсан Түүний төлөвлөгөөг урагшлуулахад гүйцэтгэдэг мөнх бус амьдралын зорилго

  • Үхэшгүй байдлыг хүлээн авч, мөнх амьдралд очих боломжийг олгоход Христийн Цагаатгалын гүйцэтгэдэг үүрэг

  • Эцэгийн төлөвлөгөөнд дэлхийн болон мөнхийн гэрлэлтийн гүйцэтгэдэг үүрэг

  • Эцэгийн төлөвлөгөөнд санваар болон ёслолуудын гүйцэтгэдэг нэн чухал үүрэг

  • Эцэгийн төлөвлөгөөнд ариун сүм болон төлөөлөн гүйцэтгэх ёслолуудын гүйцэтгэдэг үүрэг

  • Бурхан бүх хүүхдээ аврахыг хүсдэг бөгөөд энэ дэлхий дээр амьдарч байсан хүн бүр Есүс Христийг мэддэг байсан эсэхээс үл хамааран энэ амьдралын дараа тэнгэрийн хамгийн өндөр түвшинд хүрэх боломжтой

  • Ертөнцийн болон хүмүүний тухай үнэний гурван үндсэн эх сурвалж бол шинжлэх ухаан, судрууд, үргэлжилсээр буй илчлэлт болой.

Зураг
images of the plan of salvation

Анний Хэнри Надэр, Еденийг орхин гарч буй Аврагч, болон Тэнгэр, дэлхийн завсар

Энэ жагсаалтаас өчүүхэн бага хэсгийг судалсан хэн боловч, шүтлэгтэй, шүтлэггүй байхаас үл хамааран, Иосеф Смит шашны тод томруун, шинэлэг бөгөөд эрхэм дээд үзэл бодлын асар хүчтэй урсгалын эх булаг дээр зогсдог гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Миний сайн мэдээг номло товхимлоос сайн мэдээний бүрэн байдлыг Иосеф Смитээр дамжуулан дэлхийд сэргээсэн болохыг бид уншдаг.3

Миний жагсаалтад Иосеф судрын шинэ боть, мэдээж, шашны олон шинэлэг санааны эх сурвалж болох Мормоны Номыг урагш авчирсан талаар онцгойлон дурдаагүй байгааг та ажигласан байх. Энэ номд онцгой анхаарал тавих шаардлагатай. Номын гарчиг хамгийн чухал үүргийг нь буюу “Есүс Христийн бас нэгэн гэрээ” болохыг тунхагладаг. Гэвч үндсэн үүргээс нь гадна өөр олон үүрэг бий. Олонд алдартай эрдэмтэн энэ номын талаар ийн өгүүлсэн.

Мормоны Ном нь Америкт эрх чөлөөний эзэнт гүрний оронд зөв шударгын улс орон болох шинэ зорилгыг санал болгосон байдаг. Эд баялаг, тэгш бус байдал улам бүр газар авч байгаа энэ үед Мормоны Ном ядуусын эрх ашгийг хамгаалдаг. … Бүгд найрамдах намын засгийн газрын эсрэг энэ нь Бурханы хуулийн доор шүүгч, хаадаар удирдуулахыг санал болгодог. Библиэс өөр судар, гайхамшгийг хүлээн зөвшөөрдөггүй шашны оронд Мормоны Ном гайхамшиг, илчлэлт, бүх улс оронд зориулсан илчлэлт үргэлжилж байгааг тэмдэглэдэг. Энэ нь үл итгэх үзлийн оронд итгэлийг мөн үндсэрхэг үзлийн оронд нэгдмэл Израилийг дэмждэг. Хэрэв улс орон эд баялгийг хайрлаж, илчлэлтийг үгүйсгэх юм бол харийн үндэстэн ястнууд Израиль, зөв шударга ёс, илчлэлтийг дарангуйлахыг энд зөгнөн өгүүлдэг.”4

Хамгийн чухал нь ерөнхийлөгч Нэлсоний Мормоны Номын талаар саяхан хэлсэнчлэн, энэ нь “Израилийг цуглуулна гэсэн амлалт гүйцэлдэхэд зэмсэг болох юм.”5

Бошиглогч Иосеф Смит Мормоны Ном бол “манай шашны тулгуур чулуу” хэмээн хэлснийг бид Миний сайн мэдээг номло товхимлоос уншдаг.6

Ихэнх хожмын үеийн гэгээнтэн Иосеф Смитийн шашны үзэл бодолд оруулсан агуу их хувь нэмрийг мэддэггүй. Санал асуулга явуулагч Гари Лоорэнс улс даяар явуулсан судалгаагаар хүмүүсийн бараг тал нь хожмын үеийн гэгээнтнүүдийг хөндий, нууцлаг, “хачирхалтай итгэл үнэмшилтэй”7 хэмээн боддог болохыг олж мэджээ. Харин санал асуулгад оролцож байгаа хүмүүсээс “Мормонизмын гол итгэл үнэмшил юү вэ?” гэж асуухад долоон хүний нэг нь л сэргээлт эсвэл анхны Христийн шашныг сэргээсэн талаар ойролцоо зүйл хэлсэн аж. Үүнтэй адил, өөр нэгэн улс даяар хийгдсэн судалгаагаар манай шашны талаарх ойлголтоо хэлэхийг хүсэхэд ганц ч хүн анхдагч буюу Христийн шашны сэргээлтийн талаар дурдаагүй байна.8

Эдгээр судалгааны үр дүн манай номлогчид манай шашны талаар хүмүүс сайн мэддэг гэж бодож болохгүй болохыг бидэнд сануулж байна. Тэдний заах хүмүүс Мормон гэсэн үгийг сонссон байж болох ч ихэнхэд нь манай шашны үндсэн зарчмуудын талаар наад захын ойлголт ч байхгүй гэдгийг мэдэх ёстой.

II. Энгийн хүн Иосеф Смит

Би Иосеф Смитийн гайхамшигт амьдралын талаар зарим хувийн бодлоосоо хуваалцъя.9 Ихэвчлэн АНУ-ын Иллинойс мужид байхдаа хийсэн судалгаагаар танил болсон Иосеф Смит нь шинийг санаачлагч залуухан, сэтгэлийн хөдлөл ихтэй, эрч хүчтэй нэгэн байсан ба хүмүүсийн хайрыг татсан, нөхөрсөг нэгэн байсан тул хүмүүс түүнийг гол төлөв “Иосеф ах” хэмээн дууддаг байжээ. Хамгийн сонирхолтой нь тэр харьцангуй залуу насандаа бошиглолын тохинуулалд дуудагдсан байв. Анхны үзэгдлийн үеэр тэр 14-тэй, алтан ялтаснуудыг хүлээн авахдаа 21-тэй, Мормоны Номыг (ажлын 60 хоногоос бага хугацаанд) орчуулж дуусгахдаа дөнгөж 23 настай байжээ.

Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн талаас илүү хувь нь бошиглогчийг 25-тай эсвэл үүнээс залуу байхад өгөгдсөн. Тэргүүн Зөвлөлийг зохион байгуулагдахад тэр 26-тай, Миссури дахь шоронгоос оргон гарч, гэгээнтнүүдийг дахин удирдахдаа 33-тай байв. Түүнийг 38 нас хагастай байхад амийг нь егүүтгэжээ.

Богинохон наслахдаа Иосеф Смит мөнх бус амьдралын бүхий л зовлонг амссан. 7 настай байхдаа тэр хөлөндөө маш хүнд мэс засал хийлгэсэн байв. Гэр бүл нь ядуу байсан тул албан ёсны боловсрол бараг эзэмшээгүй бөгөөд өсвөр насандаа гэр бүлээ тэжээхэд туслахын тулд олон цагаар ажиллах шаардлагатай байжээ. Түүний биед олон тохиолдолд халдаж байв. Ариун дуудлагынхаа олон үүрэг хариуцлагыг гүйцэтгэх гэж хичээхийн зэрэгцээ тэр гэр бүлээ тэжээхийн тулд фермер, худалдаачин зэрэг ажлыг хийх хэрэгтэй байжээ. Тэр энэ бүхнийг бошиглолын дуудлагад нь дэмжин тусалдаг байсан гайхалтай сүнслэг бэлэггүйгээр хийдэг байв. Их Эзэн түүнд “цаг зуурын хөдөлмөрүүдэд чи хүчирхэгжих нь үгүй, учир нь энэ бол чиний дуудлага биш” (Сургаал ба Гэрээ 24:9) хэмээн хэлсэн.

Сүнслэг асуудлын хувьд ярихад, Иосеф Смитэд хэрхэн бошиглогч, удирдагч болоход суралцах, үлгэр дуурайл болгочих хүн байсангүй. Тэрээр туршлагагүй хамтрагчдадаа тулгуурлах хэрэгтэй байв. Тэд хамтдаа хичээж суралцсан юм. Иосеф мэдлэгийг асар хурдан олж аван, төлөвшжээ. Түүнд онцгой бэлгүүд байсныг хэн ч үгүйсгэхгүй. Өнөө үед тэр бидний хэлдгээр “хурдацтай сурч” байлаа. Тэрээр өөрийг нь тэнгэрлэг элч болон Бурханаас ирсэн өөр бусад илчлэлт зааж сургасан гэж хэлсэн байдаг бөгөөд би үүнд итгэдэг.

Түүнийг дагасан гайхалтай хүмүүсийн хайр энэрэл, үнэнч байдлаас хувь хүний хувьд түүнд байсан бэлгүүдийнх нь нэгийг харж болно. Иосеф дагалдагчдаа мөнх бус оршихуйн сул дорой байдлаасаа салахыг уриалахдаа өөрийгөө тэднээс дээгүүр тавиагүй бөгөөд тэд ч үүнийх нь төлөө түүнийг хайрладаг байсан билээ. Иосеф амиа алдахаасаа сар гаруйхны өмнө сургаал айлдахдаа “Би та нарт өөрийгөө төгс гэж хэзээ ч хэлээгүй, гэвч миний заасан илчлэлтүүдэд алдаа байхгүй”10 хэмээн хэлсэн. Иосеф Смит “төрөлхийн хөгжүүн баяр хөөртэй зан чанар[тай]” (Иосеф Смит—Түүх 1:28) байсан нь таньж мэддэг бараг бүх хүнд нь таалагддаг байжээ. Түүнийг таньдаг нэгэн хүн “Гэгээнтнүүдийн түүнийг хайрлах хайрыг үгээр илэрхийлэхийн аргагүй”11 хэмээн хэлсэн байдаг. Иосефын хувьд найз нөхдийнх нь нөхөрлөл баяр баясгаланг авчирдаг байсан ба тэр нийгэм, хамт олныг зохион байгуулах нь сайн мэдээний үндсэн зорилгууд хэмээн үздэг байжээ.

Зураг
Painting of Joseph Smith

Виллиам Витакэр, Иосеф Смит

Би нэг удаа “Иосеф Смит амьдралынхаа туршид зах хязгаар нутгаар амьдарч байсан ба тэнд амьдрахын тулд хүмүүс байгаль дэлхий, заримдаа нэг нэгнийхээ эсрэг адгуусны адил хүчээр тэмцэх шаардлага гардаг байв. Тэр биеийн хувьд том, хүчтэй, хөдөлгөөнтэй хүн байв. Тэр мөн саваа булаацалдах гэх мэт биеийн хүч чадал сорьсон спортод дуртай байжээ (History of the Church, 5:302-ыг үзнэ үү). Манай архивт түүнийг найз нөхөд, танил хүмүүстэйгээ барилдаж байсан тухай олон түүх агуулагддаг. Нэгэн Хүндэтгэлийн өдөр Бригам Янг тэр хоёр Наувугаас мориор нэг өдрийн зайд орших Иллинойсын Рамус дахь гэгээнтнүүдэд номлож байжээ. Даваа гарагт Рамусаас явахынхаа өмнө Иосеф ‘Рамусын танхай этгээд’ хэмээн нэрийдсэн эртэй барилдан, хүч сорив (Joseph Smith Journal, 13 March 1843, recorded by Willard Richards, Joseph Smith Collection, LDS Church Archives-ийг үзнэ үү). Иосеф түүнийг авч шиджээ. Өнөө үед манай орон нутгийн гишүүдэд хүрэлцэн ирсэн эрх мэдэлтнүүдийг ийм маягаар сорих боломжийг чуулганы хуваарьт оруулдаггүйд би талархдаг”12 гэдгийг олж мэдсэн.

Номлолынхоо явцад эсвэл тэдний санаж байгаагаар Иосеф Смитээс олон удаа халдлагад өртөж байсан хүн цөөхөн. Би хувиараа судалгаа хийж байхдаа түүнд тулгасан хэргүүдийг Иосефын амьдралынхаа сүүлийн таван жилийг өнгөрүүлсэн Иллинойсийн эх бичвэрүүдээс судалсан. Иосеф Смитийг Науву хотын захирагч байхад тус хотын зөвлөл Nauvoo Expositor буюу сөрөг хүчний сонины үйл ажиллагааг хаахад түүнд ийм нэгэн хэрэг тулгажээ. Энэхүү хаасан явдал нь Сүмийн эсрэг дайсагналыг өдөөж, Иосефын аллагад шууд нөлөөлжээ.

Сүмийн эхэн үеийн хожмын үеийн гэгээнтэн түүхчид, түүний дотор ахлагч Б.Х.Робэртс энэхүү үйлдэл нь хууль бус байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин би хуулийн залуухан багш байхдаа үүнийг судлан, энэ арга хэмжээг авах хууль эрх зүйн үндэслэлийг 1844 оны Иллинойс мужийн хуулиас олохдоо гайхсан юм. Иргэний дайнаас өмнө хил хязгаар нутагт сонинуудын үйл ажиллагааг хаадаг байсан явдал түгээмэл байжээ. АНУ-ын Үндсэн хуульд хот, мужийн засаг захиргааны үйлдэлд хэвлэлийн эрх чөлөө хамаатай болохыг 1931 он хүртэл тунхаглаагүй бөгөөд үүнийг зөвхөн 1868 оны үндсэн хуульд хийгдсэн нэмэлт өөрчлөлтийг АНУ-ын Дээд шүүхийн гишүүдийн дөрөв нь түдгэлзэж тав нь дэмжсэн тул оруулсан байдаг.13 Хүмүүс Иосеф Смитийн үйлдлийг бидний үеийн бус, харин тухайн үеийн хууль, нөхцөл байдалд тулгуурлан шүүх нь зүйтэй.

Түүхч Марвин С.Хилл бид хоёр Чикагогийн Их сургуулийн оюутан байхдаа Иосеф Смитийн аллагын хэргээр таван хүн Иллинойсийн шүүхээр орсон тухай олны сайн мэддэггүй баримтыг олоод гайхаж билээ. 10 гаруй жилийн хугацаанд бид улсынхаа өнцөг булан бүрд байх номын сан, архиваас 1845 онд болсон энэхүү шүүх хурал болон үүнд оролцсон хүмүүсийн тухай ямар нэгэн мэдээлэл олохоор хайсан юм. Бид номондоо Иосеф Смитийг биечлэн таньж мэддэг, хайрладаг, түүний төлөө амиа ч өгөхөд бэлэн мөн түүнийг үзэн ядаж, алахыг завдаж байсан Иллинойсын иргэдийн аль алиных нь үгс, үйлдлүүдийг оруулсан. Бидний олсон шүүхийн баримтад мөн урт хугацаанд үргэлжилсэн шүүх хуралдааны гэрчлэлд амиа алдсан хүний нэрийг гутаан доромжилсон ямар ч зүйл олдоогүй болно.14

Иллиной мужийн шүүхийн баримттай танилцах боломж нь Иосеф Смитийн талаар урьд өмнө хөндөгдөж байгаагүй өөр нэгэн судалгаа руу хөтөлсөн юм. Тухайн үед Чикагод хуулийн сургуульд сурч байсан оюутан Жозэф И.Бэнтлий бид хоёр Иосеф Смитийн бизнесийн үйл ажиллагааны талаар олон баримт мэдээлэл олсон билээ. 1976 онд бид хамтдаа Brigham Young University Law Review сэдвээр нийтлэл бичсэн.15 1840-өөд онд улс орныг хамарсан санхүүгийн хямрал, уналтын үе ирэв. Иллинойс гэх мэт хил хязгаар мужийн санхүүгийн нөхцөл байдал сүйрлийн хэмжээнд хүрсэн байжээ. Жишээлбэл, Абрахам Линкольны намтар судлаачид бизнес тогтворгүй, зээлүүд төлөгдөхгүй, шүүх ажиллагаа нийтлэг байсан энэхүү арван жилийн туршид түүний санхүү ямар ичгэвтэр байдалд байсныг өгүүлсэн байдаг.16

Иосеф Смитийн дайснууд түүнийг ихэвчлэн Сүмийн өмнөөс хийсэн янз бүрийн үл хөдлөх хөрөнгийн худалдааны залилан хийсэн хэргээр шүүхэд татсан байна. Бараг 10-аад жилийн туршид явагдсан дараа дараагийн шүүх хурлуудаар эдгээр хэргийг маш нарийн судалсан байдаг. Эцэс сүүлд нь 1852 онд буюу гэгээнтнүүдийг Иллинойсоос дүрвэн гарснаас бүр хойно (тухайн үед гэгээнтнүүд болон тэдний удирдагчийн талыг улс төрийн болон өөр бусад шалтгаанаар дэмжих ямар ч шалтгаан байгаагүй) холбооны шүүгч энэхүү шүүн таслах ажиллагаагаар Иосеф Смитийн зүгээс залилан хийгээгүй мөн ёс суртахууны өөр бусад зохисгүй үйлдэл гаргаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.17

Энэ цаг үеийн олон нийтийн асуудлын талаар өргөн мэдлэгтэй эрдэмтэд Иосеф Смитийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон компанит ажлынх нь талаар ийн бичсэн байдаг.

“Хэдийгээр 1844 оны сонгуульд түүнд ялах бодит боломж байгаагүй ч, тэр Нэгдсэн Улсад хууль эрх зүйн шинэчлэлтийг хөхиүлэн дэмжих талаар нухацтай хандаж байсан гуравдагч намын нэр дэвшигчээр ухаалгаар ажиллаж байв. Тэр боолчлол, шашны эрх чөлөө, шорон, нийтийн эзэмшлийн газар гэх мэт маш чухал асуудлын талаар олон нийтийн ойлголтыг сайжруулахыг хүсэж, үүний төлөө ажиллаж байсан. Зөвхөн тэр болон Робэрт Ф.Кэннэди хоёр л Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албанд нэр дэвшигч байх явцдаа алуулсан юм.”18

Иосеф Смитийн зан чанарыг зөвхөн түүнийг сайн таньдаг, Сүмийн удирдлагад хамгийн ойр хамтран ажиллаж байсан хүмүүс л мэдэх байх. Тэд түүнийг гүнээ хүндэлж, бошиглогчоор дэмжин баталсан. “Түүний ах Хайрум хажууд нь үхэхээр шийдсэн байлаа. Түүнийг егүүтгэгдэх үед хамт байсан Жон Тэйлор: ‘Би Бурхан, тэнгэр элч болон хүмүүний өмнө тэр сайн, ариун явдалт, шударга хүн байсан … ба түүний хувийн болон олны өмнөх зан төлөв өөгүй байсан, мөн тэр Бурханы хүний хувьд амьдарч, нас барсан’ гэжээ (The Gospel Kingdom [1987], 355; мөн С ба Г 135:3-ыг үзнэ үү). Бригам Янг: ‘[Иосеф Смитийг] надаас илүү сайн мэдэх хүн энэ дэлхий дээр байхгүй биз ээ. Есүс Христийг үл тооцвол, энэ дэлхий дээр түүнээс илүү сайн хүн байгаагүй хэмээн би тод томруун хэлж байна’ гэж тунхаглажээ [“Remarks,” Deseret News, Aug. 27, 1862, 65].”19III.

Иосеф Смит ба хууль

Би хууль эрх зүйн түүхийг олон жил судлахдаа тухайн цаг үед Иосеф Смит америкийн хууль эрх зүйн системтэй хэрхэн холбогдож байсныг онцгойлон сонирхсон болохыг дээр дурдсан миний жишээнээс харж болно. Уламжлал ёсоор Иосеф Смит 40 гаруй шүүх ажиллагаанд татагдан орж байсныг түүхчид өгүүлдэг. Өнөө үед The Joseph Smith Papers (Иосеф Смитийн гар бичвэрүүд)-ийг гаргахаар хийсэн ажлын үр дүнд энэ тоо 220-оос давсан болохыг бид мэднэ. Эдгээр хуулийн үйл ажиллагаанд “энгийн мөнгө босгох хэргээс эхлэн хууль зүйн боловсронгуй онол оролцсон илүү нарийн төвөгтэй [зарга] хэргүүд орж байв. Иосеф … иргэний болон эрүүгийн [ийм] хэргүүдийн аль алиныг нь үүсгэх, хамгаалах зорилгоор … олон өмгөөлөгчтэй байсан.”20

Бошиглогчийн амьдралтай холбоотой баялаг мэдээлэл дээр үндэслэн хожмын үеийн гэгээнтэн эрдэмтэн Жэффри М.Вокэр: “Иосеф Смит америкийн хууль эрх зүйн системтэй салшгүй, идэвхтэй, тасралтгүй холбогдож байсныг үгүйсгэхийн аргагүй. Эдгээр чухал үйл ажиллагааг үл тоомсорлох нь тэр цаг хугацаа, эрч хүчээ хэрхэн ухаалаг бөгөөд үр дүнтэй ашиглаж байсныг харахгүйгээр өнгөрөөнө гэсэн үг. Тэр ч бүү хэл Смитийн сайн танил хуульч, шүүгч, мужийн ерөнхий прокурор Даниэль Х.Вэллс өөрийн биеэр ‘Би бүх насаараа хуульчидтай хамт ажиллаж байсан. Иосеф Смит миний мэдэх хамгийн сайн хуульч байсан’ гэж мэдэгдсэн [The Journal of Jesse Nathaniel Smith: Six Decades in the Early West: Diaries and Papers of a Mormon Pioneer, 1834–1906 (1953), 456]”21.

Хожмын үеийн гэгээнтэн гурван зохиолч ийн хураангуйлжээ. “Хууль эрх зүйн системтэй нягт холбогдсоноор Смит тоглоомын дүрмийг хурдан сурсан бөгөөд тэдгээр дүрмийг хууль ёсоор өөрийн талд бүрэн ашиглаж, залуухан улс орны хуулиар олгогдсон шинэ боломж бололцоо, хамгаалалтыг бүрэн ашиглахыг эрэлхийлдэг байжээ. Түүний хууль эрх зүйн сонголт, үйлдэл нь мөн эрх зүйн асуудлын талаар өргөн мэдлэгтэй байсан нь муж улсын хуулийн дагуу Мормоны Номын зохиогчийн эрхийг авах, Огайогийн хуулийн дагуу гэрлэлтийг батлах, Науву хотын дүрмийг гаргаж, шашны эрх чөлөөг бүрэн хамгаалахыг уриалах, муж улсын газрыг арилжаалан худалдах тухай шинэ хуулийг үр ашигтай ашиглах, habeas corpus буюу шүүгдэхийн өмнө баривчлан хоригдогсдын эрхийг хамгаалах, зохих газар нь шүүх хурал явуулахыг шаардах эсвэл муж улсын дампуурлын тухай шинэ хуульд хамрагдах гээд аль ч үед хуулийн хүрээнд хийх боломжтой бүхий л алхмыг ил тод, зохих ёсоор ашиглаж байснаас тод томруун харагддаг. Чөлөөт цагаараа тэрээр хуулийн номуудыг судалдаг байжээ. Тэр үндсэн хуулийн үг хэллэг, муж улсын хуулийн баримт бичгийн хэлийг ягштал мэддэг байв. Амьд байхдаа тэр тухайн үеийнхээ муж болон холбооны улсын хэмжээнд боловсруулан гаргасан хуулийг сайн мэддэг байсан нь гарцаагүй.”22

Энэ гурван зохиолчийн “Тэрээр шүүгдэгчийн хувьд ямар ч гэмт хэрэгт ял шийтгэл хүлээж байгаагүй юм. Шүүх хурал шударга явагдсан үед түүнийг үлгэр жишээ, зөв шударга иргэн болохыг нь тогтоодог байжээ”23 хэмээн мэдэгдсэн мэдэгдлийг нэмж дурдъя.

Миний эш татсан номонд сонгож, шинжлэн судалсан бошиглогчтой холбоотой шүүх хурлын нарийн хураангуй мэдээлэл нь энэ сэдвээр хичээл авч, энэ гурван зохиолчийн бичсэн номонд орсон нарийн ажлыг хийсэн Ж.Рүбэн Кларкийн нэрэмжит хуулийн сургуулийн олон оюутны хийсэн ажил дээр суурилагдсан болно. Тэдгээр хуулийн оюутны өгсөн тайлбар миний сонирхлыг татсан юм. Тэд:

“Энэ номын өмнөх хувилбарыг хичээлдээ ашиглаж байсан хуулийн оюутнууд Иосеф нь, ялангуяа шашны болон бусдын иргэний эрхийг хамгаалах эсвэл өөрийн хүлээн авсан үүрэг хариуцлагыг биелүүлэхдээ хариуцлагатай, үүргээ ухаардаг, үнэнч, хашир, энэрэнгүй, болгоомжтой, нямбай, хуулийг чандлан сахидаг, тэвчээртэй, эерэг, авхаалжтай, сүйхээтэй, овсгоотой, хүнийг сайн таньж мэддэг, хуулийн гойд сайн мэдлэгтэй (тэдний ашигласан үгээр бол) байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байжээ. … Иосеф Смит үндсэн хуульд хэзээ ч итгэл алдраагүй бөгөөд хэдийгээр тэр хуулийг хэрэгжүүлэгчдэд сэтгэл гонсойн, урам хугарч, болгоомжилдог байсан ч үндсэн хуулийн заалтын доор ажиллахыг үргэлж эрэлхийлдэг байв.”24

Зураг
Drawing of Joseph Smith

Дэн Виггэлэнд, Бошиглогч Иосеф Смит, by Dan Weggelend, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

IV. Дүгнэлт

Иосеф Смит амьдралынхаа маш богино хугацаанд ямар ч хүнээс илүү их зүйлийг хийж бүтээсэн. Үүнд өгч болох цорын ганц тайлбар бол тэнгэрлэг тусламж юм. Надад дараах товч дүгнэлт таалагддаг.

Тэр Нью-Йоркт Мормоны Номыг орчуулж, хэвлэн гаргаж, Сүмийг зохион байгуулсан; дараа нь Огайо, Миссури, Иллинойст суурьшсан; Көртланд, Фар Вест, Науву гэх мэт хотуудыг барьж байгуулсан; Сүмийн олон зуун удирдагчийг дуудаж, зааж сургасан; еврей хэл, Библийг судалсан; Наувуд Халамжийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан; ганцаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлж, нийтлэл болон тэргүүн өгүүлэл бичиж байсан ба өнөр өтгөн гэр бүлтэй, найз нөхөд ихтэй байв; мөн цагдаагийн том цэргийн ангийн ерөнхий командлагч, Науву хотын захирагч ба ерөнхий шүүгч гэх мэт төрийн хэд хэдэн албанд тус тус алба хашиж байсан. Тэр долоо хоног бүрийн шүтэн бишрэх цугларалт, онцгойлон адислал дээр болон оршуулгын ёслолын үеэр тогтмол үг хэлдэг байсан ба олон арван мянган дагалдагчийг цуглуулан, хөрвөгдсөн цагаачдыг давалгаалуулан, Нэгдсэн Улсад авчирчээ.”25

20 гаруй жилийн өмнө Ерөнхий чуулганаар хэлсэн үгэндээ би:

“Бусад итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнтэй адил би ч гэсэн өөрийн амьдралыг бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл, үйл хэрэг дээр суурилуулан босгосон. Миний уншсан бүх зүйл, судалгааны эх бичгүүд түүний бошиглолын дуудлага, сайн мэдээнд болон түүгээр дамжуулан сэргээгдсэн Их Эзэний санваарын талаарх гэрчлэлдээ эргэлзэхэд хүргэж байгаагүй. 1842 оны алдарт Wentworth захидалд Иосеф Смитийн хэлсэн гэрчлэлийг би чин сэтгэлээсээ баталж байна:

“… Үнэний жишгүүд тогтоогдсон бөгөөд ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй. Хавчлага дарамт гарч ирэн, дээрэмчид нэгдэж, арми цугларч, гүтгэлэг доромжлол ил гарсан ч Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэх ба улмаар Аугаа Иехова ажил дууслаа хэмээн хэлэх хүртэл зоригтой, нэр төртэй, юунаас ч үл хамааран урагшлах болно’ (Times and Seasons, 1 March 1842, 709; quoted in Daniel H. Ludlow, ed., Encyclopedia of Mormonism, 5 vols. [1992], 4:1754).”26

Зураг
Missionaries in Indonesia

Ах, эгч нар аа, би Эцэгтэй хамт бяцхан бошиглогч дээр ирж, мөн Эцэг нь “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” гэж хэлсэн Аврагч Есүс Христийн талаар гэрчилж байна (Иосеф Смит—Түүх 1:17). Бид мөн тэр цагаас эхлэн Их Эзэн Есүс Христийг илчлэлтээр сонсох болсон. Энэ бол Түүний Сүм юм. Бид Түүний ариун санваарын эрх мэдлийг атгадаг билээ. Бид түүний зорилгын төлөө урагшилдаг. Би бошиглогч Иосеф Смитийн дуудлага болон та бүхний гар бие оролцдог энэхүү агуу ажлыг хүлээн авсан бошиглогчдын дуудлагыг гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. Russell M. Nelson, Accomplishing the Impossible (2015), 1–2.

  2. “Тэр хүнийг магтъя,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 50.

  3. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 37-г үзнэ үү.

  4. Richard Lyman Bushman, Joseph Smith: Rough Stone Rolling (2005), 105.

  5. Russell M. Nelson, in Sarah Jane Weaver, “President Nelson Shares the ‘Hopes of My Heart’ with New Mission Leaders,” Church News, June 26, 2018, news.lds.org.

  6. Миний сайн мэдээг номло, 103; мөн Мормоны Номын удиртгал-ыг үзнэ үү.

  7. Gary C. Lawrence, How Americans View Mormonism: Seven Steps to Improve Our Image (2008), 32.

  8. Gary C. Lawrence, How Americans View Mormonism, 42-ыг үзнэ үү.

  9. Энэ болон 10 дахь эшлэлийн бичвэрийг Даллин Х. Өүксийн, “Joseph Smith in a Personal World,” in John W. Welch, ed., The Worlds of Joseph Smith: A Bicentennial Conference at the Library of Congress (2006), 159-аас авсан болно.

  10. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 522.

  11. Mary Alice Cannon Lambert, in “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, Dec. 1905, 554.

  12. Dallin H. Oaks, “Joseph, the Man and the Prophet,” Ensign, May 1996, 72.

  13. Dallin H. Oaks, “The Suppression of the Nauvoo Expositor,” Utah Law Review, vol. 9, no. 4 (1965), 862–903-ыг үзнэ үү.

  14. Dallin H. Oaks and Marvin S. Hill, Carthage Conspiracy: The Trial of the Accused Assassins of Joseph Smith (1975)-ийг үзнэ үү.

  15. Dallin H. Oaks and Joseph I. Bentley, “Joseph Smith and Legal Process: In the Wake of the Steamboat Nauvoo,” BYU Law Review, vol. 1976, no. 3 (1976), 735–782- ийг үзнэ үү.

  16. David Herbert Donald, Lincoln (1995), 94–118-ийг үзнэ үү.

  17. Dallin H. Oaks and Joseph I. Bentley, “Joseph Smith and Legal Process,” 781-ийг үзнэ үү.

  18. Gordon A. Madsen, Jeffrey N. Walker, and John W. Welch, eds., Sustaining the Law: Joseph Smith’s Legal Encounters (2014), x–xi.

  19. Dallin H. Oaks, “Joseph, the Man and the Prophet,” 73.

  20. Jeffrey N. Walker in Gordon A. Madsen and others, eds., Sustaining the Law, vi.

  21. Jeffrey N. Walker in Gordon A. Madsen and others, eds., Sustaining the Law, vii.

  22. Gordon A. Madsen and others, eds., Sustaining the Law, xvii.

  23. Gordon A. Madsen and others, eds., Sustaining the Law, xvii–xviii.

  24. Gordon A. Madsen and others, eds., Sustaining the Law, xviii.

  25. Gordon A. Madsen and others, eds., Sustaining the Law, xi–xii.

  26. Dallin H. Oaks, “Joseph, the Man and the Prophet,” 73.

Нас:

Үйл явдал:

14

Анхны үзэгдэл

21

Алтан ялтаснуудыг хүлээн авсан

23

Мормоны Номыг орчуулж дууссан

25

Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн хагасыг нь хүлээн авсан

26

Тэргүүн Зөвлөлийг зохион байгуулсан

33

Миссури дахь шоронгоос оргон гарч, удирдлагыг эргүүлэн авсан

38

Амиа алдсан