2021
Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс аварсан
2021 оны 4-р сар


“Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс аварсан,” Лиахона, 2021 оны 4-р сар

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2021 оны 4-р сар

Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс аварсан

Түүний золиосын ачаар бид бүхэнд мөнхийн амар амгалан, баяр баясгаланг олж авах боломж олдсон.

Зураг
Сүүлчийн зоог

Христ дэлхийг бүтээж байгаа нь, Робэрт T.Баррэтт

Бид Есүс Христийг өөрсдийн Аврагч гэж үздэг. Тэрээр бидний нүглийн төлөөсийг төлж, үхлийн хүчийг ялан дийлсэн тул бид ийн нэрлэдэг. Тэр биднийг аварсан! Цагаатгал хэмээн нэрлэгдсэн бидний төлөө үйлдсэн Түүний золиос бол түүхэнд болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдал юм. Түүний ачаар үхэл төгсгөл байхаа больсон. Түүний ачаар бид нүглүүдээсээ өршөөгдөж, дахин цэвэр ариун болж, өдрөөс өдөрт сайжрах боломжтой.

Есүс Христ Ууган хүү байсан

Бид дэлхий дээр ирэхээсээ өмнө тэнгэрлэг эцэг эхтэйгээ хамт амьдардаг байв. Есүс Христ Ууган хүүгийн хувьд энэхүү үзэсгэлэнт дэлхийг бүтээхэд тусалжээ. Тэр бидний Аврагч байхаар сонгогдсон бөгөөд төгс жишээг үзүүлж, Өөрийн сайн мэдээг заахаар мөн бидний төлөө Цагаатгалыг гүйцэтгэхээр энэ дэлхий дээр төрөхийг зөвшөөрсөн юм.

Зураг
Есүс Христ Гетсеманид залбирч байгаа нь

Ай Эцэг минь, Саймон Дюви

Есүс Христ бидний нүглийн төлөөсийг төлсөн

Есүс удахгүй үхэхээ мэдээд, Гетсемани гэдэг цэцэрлэг рүү залбирахаар явсан. Ийн залбирах үед Тэр бидний нүглийн төлөөсийг төлж эхэлсэн билээ. Наманчилсан тохиолдолд төлөөсийг төлөхгүй байх боломжийг бидэнд олгохын тулд Тэр Өөрийн хүслээр зовлонг үүрсэн юм. Бид оронд нь нүглээс холдож, Аврагчийг дагах аваас өршөөгдөж, эдгэрэх болно. Есүс Гетсеманид туулсан бүхнийхээ учир бидний хүн нэг бүрд ямар байгааг яг байгаагаар нь ойлгодог. Тэр бидний бүхий л уй гашуу, өвчин, шаналлыг мэдэрсэн. Энэ нь Цагаатгалын эхний хэсэг юм.

Зураг
Христийн оршуулга

Христийн оршуулга, Карл Хэйнрик Блок

Есүс Христ үхлийг ялан дийлсэн

Есүсийг Гетсеманид залбирсны дараа хүмүүс Түүнээс урваж, баривчлан, цовдлуулж үхэх ялаар шийтгэжээ. Хэдийгээр Есүс бүхнээс хүчит нэгэн байсан ч Өөрийгөө загалмай дээр үхэхийг зөвшөөрсөн. Түүний дагалдагчид цогцсыг нь хадан булшинд нандигнан байрлуулжээ. Түүний бие үхсэн ч Сүнс нь сүнсний дэлхийд амьд хэвээр байсныг тэд ухаараагүй. Гурван өдрийн дараа Есүс амилж, тэдэн дээр айлчлан ирснээр үхлийг ялан дийлж чадсанаа баталсан. Үүгээр Цагаатгал гүйцэлджээ. Есүс амилсан учраас бид бүгд нас барсныхаа дараа дахин амьдарч чадна.

Зураг
Христ, Мариа хоёр булшны дэргэд

Тэр амьд, Саймон Дюви

Христийн мэндэлсний болон амилсны баярын утга учир

Есүс Христийн Цагаатгалыг дурсан санахад бидэнд тусалдаг хоёр баярыг дэлхийн ихэнх газарт тэмдэглэдэг. Христийн мэндэлсний баярын үеэр бид Есүст бидний төлөө зовж, нас барах байсан ч дэлхий рүү ирэн гүйцэтгэх үүрэг даалгаврыг хүлээн авахад бэлэн байсанд нь талархан, Түүнийг дурсан санадаг. Христийн амилсны баяраар бид Аврагчийн нүгэл ба үхлийг ялан дийлсэн явдлыг тэмдэглэдэг бөгөөд энэ нь бидэнд ирээдүйд мөнхийн баяр баясгалангаас хүртэх итгэл найдвар төрүүлдэг.

Зураг
Христ Петр, Андрей хоёрыг дуудаж байгаа нь

Христ Петр, Андрей хоёрыг дуудаж байгаа нь, Жэймс Тэйлор Харвүүд

Аврагчийн Цагаатгалын талаар судруудад юу өгүүлдэг вэ?

Есүс биднийг төгс мэддэг учраас биднийг “халамжилж,” бидэнд тусалж чадна (Алма 7:11–12-ыг үзнэ үү).

Аврагч бидний уй гашуу, зовлон шаналлыг ойлгодог (Исаиа 53:2–5-ыг үзнэ үү).

Бурхан бидний хүн нэг бүрийг хайрладаг учраас биднийг аврахаар Есүсийг илгээсэн билээ (Иохан 3:16–17-г үзнэ үү).

Есүс Өөрийн дагалдагчдыг, тэр дундаа бид бүгдийг хилэнцээс хамгаалагдаж, Өөртэй нь болон Тэнгэрлэг Эцэгтэй нэг байгаасай хэмээн залбирсан (Иохан 17-г үзнэ үү).

Аврагч маань биднийг Өөрийг нь дагаж, Өөрийнх нь оршихуйд эргэж ирэхэд урьдаг (Сургаал ба Гэрээ 19:16–19, 23–24; 132:23-ыг үзнэ үү).