Ирээд, Намайг дага
3-р сарын 11–17: “Ер бусын үйл мөн гайхамшиг.” 2 Нифай 26–30


“3-р сарын 11–17: ‘Ер бусын үйл мөн гайхамшиг.’ 2 Нифай 26–30,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“3-р сарын 11–17. 2 Нифай 26–30,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Есүс эмэгтэйд хүрч байгаа нь

Тэрээр таныг гараас тань хөтөлнө, Сандра Раст

3-р сарын 11–17: “Ер бусын үйл мөн гайхамшиг”

2 Нифай 26–30

“Би та нарт эцсийн өдрүүдийн талаар бошиглоё” (2 Нифай 26:14) хэмээн Нифай бичсэн. Өөрөөр хэлбэл, тэр бидний өдрүүдийн талаар бичиж байжээ. Харсан зүйлдээ санаа зовох шалтгаан түүнд байсан ба хүмүүс Бурханы хүч, гайхамшгийг үгүйсгэж; атаархал, зөрчилдөөн өргөнөөр тархав. Гэхдээ хожмын өдрүүдэд дайснуудын хийх “харанхуйн ажлуудын” (2 Нифай 26:10, 22) зэрэгцээ Нифай Бурханы Өөрийн биеэр удирдсан “ер бусын үйл мөн гайхамшгий[н]” (2 Нифай 27:26) талаар түүнчлэн ярьжээ. Энэ ажлын төвд Сатаны худал хуурмагийг илчилж, зөв шударга хүмүүсийг цуглуулдаг ном байх болно. Тэр ном нь Мормоны Ном бөгөөд ер бусын ажил нь хожмын өдрүүдэд Их Эзэний Сүмийн хийх ажлууд бөгөөд гайхамшиг нь Тэрээр бидний сул дорой байдлыг үл харгалзан, үгүй ядаж цугларалтад оролцоход урьдаг явдал юм.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

2 Нифай 26–27; 29–30

Бурхан бидний цаг үед зориулан Мормоны Номыг бэлдсэн.

2 Нифай 26–27-д Нифай Исаиагийн эхэн үеийн бошиглолыг (Исаиа 29-ийг үзнэ үү) эш татсан байдаг ба үүнийг өөрийн хүмүүстэй болон тэдний цэдэг болох Мормоны Номтой адилтгажээ. Бүр Мормоны Номыг бичиж дуусаагүй байхдаа энэ нь нэгэн өдөр “хүмүүний үрсэд маш чухал байх болно” (2 Нифай 28:2) гэдгийг тэр илчлэлтээр мэдэж байв. Яагаад Мормоны Ном таны хувьд агуу үнэ цэнтэй вэ? Та 2 Нифай 29–30-ийг уншиж байхдаа энэ асуултын талаар бод. Мормоны Номоор дамжуулан Бурхан дэлхийд болон таны амьдралд “ямар гайхамшигт ажлыг” (2 Нифай 27:26) гүйцэлдүүлж байна вэ?

Мөн Иосеф Смит—Түүх 1:62–65-ыг үзнэ үү.

Зураг
Семинарын дүрс

2 Нифай 26:23–33

Есүс Христ бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг.

2 Нифай 26:23–24-өөс олон үнэнийг тунгаан бодож болно. Жишээлбэл: Есүс Христ дэлхийн сайн сайхны төлөө болон таны төлөө юу хийсэн тухай эргэцүүлэн бодож болно. Тэрээр хэрхэн “бүх хүмүүнийг”—болон—таныг “өөртөө ойртуулдаг” вэ? Та Түүний хайрын илрэлийн хариуд юу хийхээр сүнсээр өдөөгддөг вэ?

25–33-р шүлгийг үргэлжлүүлэн уншаад, Аврагчийн талаарх үнэнүүдийг хайж ол. Ялангуяа Түүний урилгуудыг олж хар. Есүс Христийн танд хандан өгсөн захиасыг та хэрхэн нэг өгүүлбэрээр дүгнэх вэ? “Есүс рүү ирцгээ” (Дуулал, д. 60) зэрэг дуулал нь танд нэмэлт ойлголт өгнө.

Эдгээр шүлэг таны бусадтай харилцах арга замд хэрхэн нөлөөлж мөн тэднийг Христэд ирэхэд хэрхэн урьж болохыг бодож үз. Та ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Нэгэн хэсэг нь байх сургаал” хэлсэн үгээс санаа авч болно (Лиахона, 2022 оны 11-р сар).

Мөн 3 Нифай 18:30–32-ыг болон Даллин Х.Өүксийн “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Ангид нам жим болоход сандрах хэрэггүй. Сайн асуултад хариулахад цаг хугацаа шаардагдана. Тэд хариулахын тулд эрэлхийлж, тунгаан бодож, сүнсээр өдөөгдөх хэрэгтэй. Хариулт хүлээхэд зарцуулсан цаг нь тунгаан бодох ариун нандин цаг байж болох юм. Өөр сэдэв рүү шилжих гэх мэт замаар энэ цагийг хурдан дуусгахаас зайлсхий.

2 Нифай 28

Сатан хууран мэхлэхийг эрэлхийлдэг.

Сатаны олон худал үг, заль мэх 2 Нифай 28 дээр гардаг. Тэдгээрийг 6, 8, 21–23, 29-р шүлгээс хайж ол. Яагаад та Сатаны худал үгсийн талаар мэдэх хэрэгтэй вэ? Дайснууд таныг хууран мэхлэх гэвэл та юу хийх вэ?

Сатаны худал хуурмагийг үгүйсгэсэн зарим судрыг доор оруулав. Эдгээр шүлгэн дээрх үнэн сургаалыг Нифайн 2 Нифай 28 дээрх бидэнд сэрэмжлүүлсэн худал сургаалтай тохируулж үз.

Мөн Гари Э.Стивэнсоны “Намайг бүү мэхэл” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 103–107-оос үзнэ үү.

2 Нифай 28:27–3129

Бурхан Өөрийн хүүхдүүдийг удирдан чиглүүлэх илчлэлтүүдийг өгсөөр байгаа.

Хожмын үеийн гэгээнтнүүд бид Их Эзэний үгээр өгөөмрөөр адислагдсан хүмүүс. Гэсэн ч Нифайн сэрэмжлүүлснээр бид “бидэнд илүү хэрэггүй” гэж хэзээ ч бодож болохгүй. Та 2 Нифай 28:27–31, 2 Нифай 29 дэх сэрэмжлүүлгийг уншихдаа, дараахтай адил асуултуудыг тунгаан бод.

  • Бурхан Өөрийнх нь үгийн талаар юу гэж бодож, хэрхэн хариулаасай гэж надаас хүсдэг вэ?

  • Яагаад хүмүүс Бурханаас илүү их үнэнийг хүлээн авахдаа заримдаа “уурладаг” вэ? (2 Нифай 28:28). Надад ийм мэдрэмж төрдөг үү? Хэрэв тийм бол би хэрхэн өөрчилж чадах вэ?

  • Бурханы үгийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Түүний үгийг илүү их хүлээн авахыг хүсэж байгаагаа би Түүнд хэрхэн харуулж чадах вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 26:23–28, 33

Есүс Христ хүн бүрийг Өөр дээрээ ирээсэй хэмээн хүсдэг.

  • Хүүхдүүдэд эдгээр шүлгэн дээрх Аврагчийн урилгуудын талаар заахын тулд төрсөн өдөр гэх мэт онцгой үйл явдалд хүмүүсийг урьж байсан тухай нь тэдэнтэй ярилцаж болох юм. Та дараа нь 2 Нифай 26:23–28-ыг хамтдаа уншаад, Есүс биднийг юу хийгээсэй хэмээн урьж байгааг олж мэдэж болно. Танай хүүхдүүдэд хэн нэгнийг Есүс Христэд ирэхийг урьсан ил захидал хийх таалагдаж болох юм. Урилгадаа эдгээр шүлгийн үг хэллэгийг ашиглахад тэднийг уриал.

  • Энэ тоймын сүүлд байгаа зураг янз бүрийн үүсэл гаралтай хүмүүсийг харуулдаг. 2 Нифай 26:33-ыг унших үед хүүхдүүд энэ зураг руу харж болно. Хүүхдүүдийг зурган дээрх хүн болгон руу, дараа нь өөрсөд рүүгээ заах үед “Есүс бүгдийг Өөрт нь ирэхэд урьдаг” хэмээх хэллэгийг давтан хэлж болно. Бид Есүс рүү хэрхэн очдог вэ?

  • Бүх хүнийг хайрлах тухай гардаг “Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78) гэх мэт дуу нь 2 Нифай 26:33-ын захиасыг заахад танд тусална.

2 Нифай 28:2; 29:7–11; 30:3–6

Мормоны Ном бол адислал юм.

  • Мормоны Номын “агуу үнэ цэнийг” (2 Нифай 28:2) мэдрэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та номын нэг хувийг бэлэг болгон боогоод, дотор нь юу байгааг тэднээр таалгаж болно. Тэд 2 Нифай 30:3–6-аас сэжүүр үгсийг хайж болно. Мормоны Ном танд яагаад ийм агуу үнэ цэнтэйг хэлж, тэднээр бас бодлыг нь хуваалцуул.

  • Нэг найз нь “Надад Мормоны Номыг унших шаардлага байхгүй. Би аль хэдийн Библийг уншсан” гэж тэдэнд хэлж байна гэж төсөөлөхийг хүүхдүүдээс хүс. Бид найздаа юу гэж хэлж болох вэ? 2 Нифай 29:7–11-ийг хамт уншаад, Бурхан яагаад бидэнд энэ хоёр номыг хоёулаа байгаасай гэж хүсдэгийг олж мэд.

2 Нифай 28:30–31

Тэнгэрлэг Эцэг надад бага багаар заадаг.

  • “Шат шатаар” сурна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь хүүхдүүддээ туслах үзүүлэнт хичээл заахыг бод. Жишээлбэл: Тэд нэг нэгээр нь зураг эвлүүлж эсвэл нэг нэг блокоор ямар нэг зүйл барьж болно. Эсвэл та тууз зангидах, зураг зурах гэх мэт ямар нэгэн чадварыг хүүхдүүддээ шат шатаар нь зааж өг. Дараа нь 2 Нифай 28:30-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг хэрхэн бидэнд үнэнийг нэг нэгээр нь заадаг тухай ярилцаж болно.

  • Өөр нэг санаа бол 2 Нифай 28:30-аас нэг үг хэллэг сонгож аваад, үгийг нь нэг нэгээр нь ээлжилж бичих юм. Энэ нь хэрхэн Бурханы бидэнд үнэнийг өгдөг арга замтай төстэй байна вэ? Яагаад Бурхан бидэнд үнэнийг нэгмөсөн биш, харин “шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханаар” илчилдэг вэ? Бид Бурханаас илүү их үнэнийг хүлээн авахыг хүсэж байгаагаа Түүнд хэрхэн харуулж чадах вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Есүс Христ цугларсан олны дунд

Христ тэдний дунд, Жүдит Мэр