Ирээд, Намайг дага
6-р сарын 15–21. Алма 13–16: “Их Эзэний амралтад ор”


“6-р сарын 15–21. Алма 13–16: ‘Их Эзэний амралтад ор,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 15–21. Алма 13–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Алма, Амюлек хоёр шоронгоос гарч ирж байгаа нь

Алма, Амюлек хоёр шоронгоос чөлөөлөгдөж байгаа нь, Андрью Бозлий

6-р сарын 15–21

Алма 13–16

“Их Эзэний амралтад ор”

Судруудыг тунгаан бодох үед таны хүлээн авдаг өдөөлтүүд эрхэм нандин билээ. Та үүнийг бичиж тэмдэглэн, үүнийхээ дагуу үйлдсэнээр тэдгээрийг нандигнадгаа харуулж чадна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Амюлек, Зиезром хоёр Аммонайхад олон талаараа сайхан амьдарч байсан. Амюлек “нэр хүндээр багагүй” бөгөөд “олон садан төрөл, найзуудтай,” “их баялаг олж авсан” хүн байв (Алма 10:4). Зиезром хуульчдын дунд “хамгийн нөлөө бүхий нэгэн” байсан ба “их хэргийг” бүтээдэг байв (Алма 10:31). Гэтэл Алма Аммонайхад наманчилж, “Их Эзэний амралтад ор” (Алма 13:16) гэсэн тэнгэрлэг урилгатай иржээ. Амюлек, Зиезром болон бусад хүний хувьд энэхүү урилгыг хүлээн авахын тулд золиослол гаргах шаардлагатай, тэр ч бүү хэл даван гарахад нэн хэцүү эсэргүүцэлтэй тулгарах байв.

Мэдээж энэ түүх үүгээр дуусдаггүй. Алма 13–16-аас “авралд хүргэх Христийн хүчинд” (Алма 15:6) итгэдэг хүмүүст эцсийн эцэст юу тохиолддогийг бид мэдэж болно. Заримдаа аврагдаж, эдгээгддэг ч заримдаа энэ амьдралд аливаа зүйлс тийм ч амар хялбар байдаггүй. Гэсэн ч ямагт “Их Эзэн [хүмүүсээ] өөртөө алдар суугаар хүлээн авах болно” (Алма 14:11). Их Эзэн үргэлж “Христэд итгэх [бидний] итгэлийн дагуу хүчийг өг[дөг]” (Алма 14:28). Мөн үргэлж “Их Эзэнд итгэх итгэл” бидэнд “мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн найдварыг” (Aлмa 13:29) төрүүлдэг. Та эдгээр бүлгийг уншихдаа эдгээр амлалтаас тайтгарал авч, “Их Эзэнд амрах” талаар Алма ярихдаа үүнийг ямар утгаар хэлснийг илүү сайн ойлгож болох юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 13:1–19

Санваарын ёслолууд нь Есүс Христээр дамжуулан гэтэлгэл хүлээн авахад надад тусалдаг.

Алма 12-т Алма Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар заасныг та санаж байгаа байх (Алма 12:24–27-г үзнэ үү). 13-р бүлэгт “хүмүүст эдгээр зүйлийг заах[аар]” (Алма 13:1) Бурханы томилсон санваартнуудын талаар тэр өгүүлсэн. Алмагийн үгс санваарын талаар олон хүчирхэг үнэнийг илчилдэг. Алма 13:1–9 дэх шүлэг бүрээс та ядаж нэг үнэнийг тодорхойлох гэж үзэж болно. Эхлэхэд тань туслах хэдэн санааг харуулав. Үүнд:

1-р шүлэгСанваарыг “[Бурханы] Хүүгийн жаяг” хэмээн түүнчлэн нэрлэдэг ( С ба Г 107:1–4-ийг үзнэ үү).

2-р шүлэгХүмүүсийг гэтэлгэгдэхийн тулд Түүний Хүү рүү харахад тэдэнд туслахын тулд Бурхан санваартнуудыг томилдог.

3-р шүлэг:Санваартнууд “дэлхийн үүслээс эхлэн” өөрсдийн үүрэгт бэлтгэгдсэн.

Та өөр юу олсон бэ? Эдгээр үнэний талаар тунгаан бодоход танд санваарын талаар ямар мэдрэмж төрж байна вэ? Санваарын ёслолууд таныг гэтэлгэгдэхийн тулд Христ рүү харахад хэрхэн тусалсан бэ?

Аммонайха дахь олон хүн Нихорын дагалдагчид байсныг ажиглах нь сонирхолтой (Алма 14:18; 15:15-ыг үзнэ үү). Нихорын жаягийн санваартнууд (Алма 1:3–6-г үзнэ үү) Алмагийн өгүүлсэн “Бурханы Хүүгийн жаягийн дагуу” (С ба Г 107:3) томилогдсон санваартнуудаас юугаараа ялгаатай байсан бэ? (Алма 13:1–19-ийг үзнэ үү).

Түүнчлэн Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” Ensign, Nov. 2017, 64–67 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60–63.

Зураг
Ариун ёслолын ширээний дэргэд байгаа залуу эрэгтэй

Санваарын ёслолууд гэтэлгэгдэхийн тулд Есүс Христ рүү харахад бидэнд тусалдаг.

Алма 13:3

Санваартнууд “дэлхийн үүслээс дуудагдаж мөн бэлтгэгдсэн” цорын ганц хүмүүс үү?

Алма 13:3 дахь Алмагийн заасан зүйлст зөвхөн санваартнуудыг өгүүлсэн байсан. Гэвч хувь хүмүүс “дэлхийн үүслээс эхлэн” үүрэг даалгавар хүлээн авч, тэдгээрийг хийж гүйцэтгэхэд бэлтгэгдсэн хэмээн түүний заасан зарчим бидний хүн нэг бүрд хамаатай. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Биднийг энд ирэхээс өмнө өмнөх дэлхийд итгэлтэй эмэгтэйчүүдэд тодорхой даалгаврууд өгөгдөж, итгэлтэй эрэгтэйчүүд санваарын тодорхой үүргүүдэд урьдчилан томилогдсон юм. Бид эдүгээ нарийн ширийн зүйлийг нь санадаггүй ч энэ нь тэр үед бидний зөвшөөрсөн зүйлийн агуу бодит үнэнийг өөрчлөхгүй” хэмээн хэлжээ (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 215–216; мөн СГ 138:55–56-г үзнэ үү).

Aлма 14

Заримдаа Бурхан зөв шударга хүмүүст зовлон зүдгүүр амсуулахыг зөвшөөрдөг.

Алма 14-т шашин шүтлэгийнхээ улмаас зовж, бүр амиа өгсөн хүмүүсийн талаар өгүүлдэг. Та бусдын адил яагаад зөв шударга амьдрахыг хичээж байгаа хүмүүст муу зүйлс тохиолддог юм бол гэж бодож байсан байх. Та Алма 14-өөс энэхүү хэцүү асуултын бүх хариултыг олохгүй байж болох ч Алма, Амюлек хоёрын тулгарсан нөхцөл байдалдаа хэрхэн хандсан байдлаас олон зүйлийг суралцах боломжтой. Тэдний үг, үйлдэл Их Эзэн заримдаа зөв шударга хүмүүст зовлон зүдгүүр үүрүүлэхийг зөвшөөрдөг шалтгааны талаар танд юу зааж байна вэ? Та тэднээс хавчлагыг даван гарах талаар юу сурсан бэ?

Түүнчлэн Матай 5:43–44; Марк 14:55–65; Ром 8:35–39; 1 Петр 4:12–14; Сургаал ба Гэрээ 122:5–9-ийг үзнэ үү.

Алма 15:16, 18

Шавь байх нь золиослол шаарддаг.

Сайн мэдээг хүлээн авахын тулд Амюлекийн золиосолсон зүйлсийг жагсааж бичээд (Алма 10:4–5; 15:16-г үзнэ үү), түүний олж авсан зүйлүүдтэй харьцуулбал сонирхолтой байж болно (Алма 15:18; 16:13–15; 34:8-ыг үзнэ үү). Та илүү итгэлтэй шавь байхын тулд ямар золиослол гаргахад бэлэн байна вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Aлма 13

Алма 13 дээр “амрах” гэсэн үг гарах болгонд бичиж тэмдэглэх нь гэр бүлийнхэнд тань тустай байж болно. Үүнтэй хамт өөр ямар үгс болон санаа гарч ирж байна вэ? Энэ нь “Их Эзэний амралт” гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ? Энэ нь биеэрээ амрахаас юугаараа ялгаатай вэ?

Алма 13:10–12

Эдгээр шүлэг юу зааж байгааг төсөөлөн бодоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд та тэдэнтэй хамт цагаан хувцас гэх мэт зүйлсийг угааж болно. Халтар, хиртэй байхад бидэнд ямар санагддаг вэ? Дахин цэвэрхэн болоход бидэнд ямар санагддаг вэ? Эдгээр мэдрэмж нь нүгэл үйлдэн, дараа нь наманчилж, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан цэвэршихтэй юугаараа адилхан бэ?

Алма 15:1–12

Алдаа гаргасан байсан ч Их Эзэний хүч биднийг хүчирхэгжүүлж, эдгээдэг талаар Зиезромын туршлагаас бид юу сурч болох вэ? Биднийг Түүнээс хүч, эдгэрэл хүлээн авахад санваар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Алма 16:1–10

Та эдгээр шүлгийг уншсаны дараа Алма 9:4-ийг уншиж болно. Бид бошиглогчдын үгсийн талаарх Зорамын бодлыг Аммонайха дахь хүмүүсийнхтэй харьцуулснаар юу сурч мэдэх боломжтой вэ? Бид амьд бошиглогчдын үгсэд итгэлтэй байхын тулд юу хийж байгаа вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Ямагт бэлэн бай. Заах мөчүүд хурдан өнгөрдөг тул боломж гарч ирсэн даруйд ашигла. Тухайлбал дэлхий дээрх гай зовлон яагаад Их Эзэн заримдаа гэм зэмгүй хүмүүст зовлон өгдөг талаарх Алма 14 дээрх зарчмуудыг хуваалцах боломжийг олгож болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү).

Зураг
Алма, Амюлек хоёр шоронд байгаа нь

Алма, Амюлек хоёр шоронд байгаа нь, Гари Л.Капп