Ирээд, Намайг дага
12-р сарын 7–13. Моронай 7–9: “Христ чамайг өргөг”


“12-р сарын 7–13. Моронай 7–9: ‘Христ чамайг өргөг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 7–13. Моронай 7–9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Моронай: Хамгийн сүүлийн нифай үндэстэн, 1949–1951, хавтан дээрх тосон будаг, 89x120 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

12-р сарын 7–13

Moронай 7–9

“Христ чамайг өргөг”

Та Моронай 7–9-ийг судалж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг сонсож, Түүний танд өгсөн захиасыг бичиж тэмдэглэ. Тэр таны мэдэх болон хийх хэрэгтэй зүйлийн аль алиныг танд зааж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өнөөдөр бидний Мормоны Ном хэмээн мэддэг цэдгийн төгсгөлд Моронай сүүлчийн үгсээ бичихдээ өөрийн эцэг Мормоны “Христийн амгалан дөлгөөн дагалдагчдад” (Моронай 7:3) хандан хэлсэн гурван захиасыг болон Мормоны Моронайд бичсэн хоёр захиаг хуваалцсан байдаг. Моронай өөрийн амьдарч байсан үеийн болон бидний энэ үеийн асуудлуудын хооронд адил төстэй зүйлийг зөгнөн харсан тул эдгээр захиасыг Мормоны Номд оруулсан байж магад. Эдгээр үгийг бичиж байх үед нифайчууд бүхэлдээ урвалтад автсан байв. Тэдний олон нь “нэг нэгэндээ хандах хайраа гээсэн” бөгөөд “сайн болох тэрнээс өөр бусад бүх зүйлд баясдаг” байв (Моронай 9:5, 19). Гэсэн ч Мормон найдах учир шалтгаан олж, итгэж найдах гэдэг нь дэлхийн асуудлуудыг үл хайхрах эсвэл гэнэн байх гэсэн үг биш, харин тэдгээр асуудлаас илүү агуу бөгөөд үүрдийн хүч чадалтай Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх гэсэн үг гэдгийг бидэнд заадаг. Энэ нь “сайн зүйл болгоноос зууран барь” (Моронай 7:19) гэсэн үг. Мөн энэ нь Есүс Христийн Цагаатгал “мөн Түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар оюунд чинь үүрд байг” (Моронай 9:25) гэсэн үг. Энэ нь бас Христийн Хоёр дахь ирэлтийн алдар суут өдөр хүртэл “бүх зөв шударгын дайсныг ялж, … [бидэнд байгаа] гүйцэтгэх хөдөлмөрөө” (Моронай 9:6) хэзээ ч зогсоож болохгүй гэсэн үг юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Моронай 7:12–20

Христийн гэрэл надад сайн, мууг хооронд нь ялган танихад тусалдаг.

Өнөөгийн дэлхий нөлөө бүхий захиасаар дүүрсэн байна. Бид тэдгээрийн аль нь зөв, буруу болохыг хэрхэн ялгах вэ? Моронай 7 дээрх Мормоны үгс бидэнд “буруугаар дүгнэх[ээс]” (Моронай 7:18) зайлсхийхдээ ашиглаж болох хэд хэдэн зарчмыг өгдөг. Та Моронай 7:12–20-ийг судалж байхдаа, таныг юу Бурхантай ойртуулдаг болон холдуулдаг болохыг мэдэхэд туслах үнэнийг олж мэд. Та тэдгээр үнэнийг энэ долоо хоногт тохиох захиас болон үйл явдлуудаа үнэлж дүгнэхдээ ашиглан, тэдгээр нь таныг сайныг үйлдэхэд урин дуудаж байгаа эсэхийг тодорхойл (Моронай 7:13-ыг үзнэ үү).

Түүнчлэн “Judging Others,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; Судруудын удирдамж, “Гэрэл, Христийн гэрэл”-ийг үзнэ үү.

Moронай 7:20–48

Христэд итгэх итгэлээр дамжуулан би “сайн зүйл болгоноос барьж” чадна.

Мормон сайн ба мууг хэрхэн ялган таних талаар заасныхаа дараа өнөө үед хамаатай байж болох дараах асуултыг тавьсан. Ялангуяа дайсны уруу таталт ийм дур татмаар байхад “сайн зүйл болгоноос барих нь яавал боломжтой байх вэ?” (Моронай 7:20). Мормоны хариултыг 7-р бүлгийн үлдсэн хэсгээс олж болно. 20–48-р шүлгийг уншиж байхдаа, Есүс Христийн ачаар өөрт буй “сайн зүйл бүрийг” олж харахад тань туслах үнэнийг олж мэд. Түүнд итгэлтэй байх нь хэрхэн бидэнд сайн зүйлийг эрэлхийлэхэд тусалдаг вэ? Та өөр олон сайн зүйлээс хэрхэн “зууран барьдаг” вэ?

Мөн Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү.

Moронай 7:44–48

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Энэрэл хэзээ ч дуусдаггүйн, мөн энэрэл ихэнх сайн сайхны үйлдлээс илүү агуу байдгийн учир … нь энэрэл бол ‘Христийн цэвэр хайр’ (Моро. 7:47) бөгөөд үйлдэл биш, харин нөхцөл байдал буюу хүний мөн чанар юм. … Энэрэл бол хэн нэгний болж болох зүйл юм” гэдгийг судалж мэджээ (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34). Моронай 7:44–48-ыг уншиж байхдаа, энэрлийн талаарх Мормоны тайлбарыг бодож, Ариун Сүнснээс ирэх өдөөлтийг сонс. Тэр танд сайжрах арга замуудыг олоход тусална. Яагаад энэрлийн бэлгийг хүлээн авахад бидэнд итгэл ба найдвар хэрэгтэй байдаг вэ?

Моронай 9:9

Ариун явдал хийгээд онгон байдлыг маань надаас салгаж болно гэж үү?

Нифайчуудын аймшигт нүглийн талаарх Моронайн дүрслэл зарим хүнийг бэлгийн хүчирхийллийн юм уу дарамтын хохирогчид ариун явдлын хуулийг зөрчсөн хэмээн буруу бодоход хүргэсэн юм. Гэсэн ч энэ нь тийм биш болохыг ахлагч Ричард Г.Скотт тодруулсан. Тэрээр “Хэн нэгний хэрцгий үйлдэл, завхайрал, эсвэл цус ойртолт таныг хүсээгүй байхад танд аймшигтай хор хөнөөл учруулбал та үүнд хариуцлага хүлээхгүй бөгөөд өөрийгөө гэм буруутай гэж бодох ёсгүй” гэж заасан (“Healing the Tragic Scars of Abuse,” Ensign, May 1992, 32).

Моронай 9:25–26

Би нөхцөл байдлаас үл хамааран Христэд найдаж чадна.

Харсан ёс бус байдлаа дүрсэлснийхээ дараа Мормон хүүдээ бүү шанал гэж хэлдэг. Найдварын тухай Мормоны захиасын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Христ “чамайг өргөх” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай үг вэ? Христийн ямар зан чанар, сайн мэдээний зарчмууд “оюунд чинь байж,” танд найдвар өгдөг вэ? (Мoронай 9:25).

Мөн Дийтр Ф.Угдорф, “Бурханы гэрлийн найдвар,” Ensign, May 2013, 70, 75–77 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 84–87-г үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Моронай 7:5–11

Моронай 7:5–11-д цэдэглэснээр, зөв зүйлийг зөв шалтгаанаар хийх нь яагаад чухал вэ? Бид “үнэн сэтгэлээсээ” залбирч, Бурханы зарлигуудыг дагаж байгаа эсэхээ хэрхэн мэдэж болох вэ? (6-р шүлэг).

Moронай 7:12–19

Цаг заваа хэрхэн, хэнтэй өнгөрүүлэхтэй холбоотой сайн сонголт хийхэд Мормоны зөвлөгөө бидэнд хэрхэн туслах вэ? Та гэр бүлийн гишүүдээ “сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд” (Моронай 7:13) тэднийг урьдаг зүйлсийг гэрээсээ хайж олон, “зууран барихад” (Моронай 7:19) буюу хадгалахад урь. Сайн зүйлсийг олоход нь тэднийг магт.

Mоронай 7:29

Энэ шүлгийг уншсаныхаа дараа гэр бүлийн гишүүд өөрсдийн гэрчилсэн гайхамшгууд эсвэл амьдралдаа Бурханы мутрыг харж байсан бусад арга замынхаа талаар ярьж болно.

Моронай 8:5–26

Бага насны хүүхдүүдэд баптисм хүртээж байсан нифайчууд Есүс Христийн Цагаатгалын талаар юуг буруу ойлгосон байсан бэ? Бид Мормоны сургаалаас Цагаатгалын тухай юу сурдаг вэ?

Моронай 8:16–17

“Төгс хайртай” байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь биднийг айдсаа ялан дийлэхэд хэрхэн тусалдаг вэ? Энэ нь үнэнийг зоригтой заахад бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид үүнийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Сүнсийг урьж, сургаал заахад дуу хөгжим ашигла. “Дуу хөгжим нь [биднийг] илүү агуу сүнслэг байдалд хүргэдэг хязгааргүй их хүч чадалтай” (“First Presidency Preface,” Hymns, x). “Love One Another” (Hymns, no. 308) зэрэг хайрын тухай дуу нь Моронай 7:44–48 дээрх энэрлийн тухай гэр бүлийн ярилцлагыг баяжуулж болох юм.

Зураг
Есүс Христ

Аврагч Христийн хөрөг, Хэйнрих Хофманн