Ирээд, Намайг дага
1-р сарын 6–12. 1 Нифай 1–7: “Би явж бас биелүүлэх болно”


“1-р сарын 6–12. 1 Нифай 1–7: ‘Би явж бас биелүүлэх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 6–12. 1 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Лихайн гэр бүл цөлд аялсан нь

Улаан тэнгисийн ойролцоо аялж буй Лихай, Гари Смит

1-р сарын 6–12

1 Нифай 1–7

“Би явж бас биелүүлэх болно”

Та 1 Нифай 1–7-г уншихдаа хүүхдүүдэд заахад ашиглахаар сүнслэгээр өдөөгдсөн шүлэг, туршлага, асуултууд болон бусад эх сурвалжийн талаар бодоорой. Энэ тоймд байгаа үйл ажиллагаануудыг хүүхдүүдийн насанд тааруулан өөрчилж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань зарим хүүхэд 1 Нифай 1–7 дахь Нифайн гэр бүлийн туршлагын талаар аль хэдийн сонссон эсвэл уншсан байж болно. Тэднийг мэддэг зүйлээ хуваалцахад урь. Хэрвээ хүүхдүүд Нифайн туршлагын талаар ихийг мэдэхгүй бол, хичээлийн төгсгөлд ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Нифай 2:16

Надад өөрийн гэсэн гэрчлэл хэрэгтэй.

Нифайд эцгийнхээ үгсийг мэдэх хүсэл байсан бөгөөд Их Эзэнд хандан залбирсан учраас тэдгээрт итгэсэн. Түүний жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дотор нь Аврагчийн зургийг хийсэн тагтай хайрцаг авчраад, хайрцган дотор юу байгааг ээлжлэн харах боломжийг хүүхэд бүрд олго. Их Эзэн өөрийнх нь гэр бүлд Иерусалимыг орхихыг зарлигласан гэдгийг Нифай өөрөө мэдэж авахыг хүсэж байсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Та 1 Нифай 2:16-г уншихдаа, Нифай өөрийн гэсэн гэрчлэлтэй болохын тулд юу хийснийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Бидний хүн нэг бүр дотор нь юу байгааг олж мэдэхээр хайрцгийг нээх ёстой байсны адил өөрсдийн гэсэн хувийн гэрчлэлтэй болохын тулд Бурханаас асуух хэрэгтэй гэдгийг гэрчил.

  • Есүс Христ, Мормоны Ном эсвэл амьд бошиглогчийн зураг гэх мэт хүүхдүүдийн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж болох зүйлсийг төлөөлсөн зураг эсвэл үзүүлэн авчир. Хүүхдүүдийг нэг зураг эсвэл үзүүлэнг сонгоод, үүний талаарх гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

1 Нифай 2:2–4; 3–4

Бурхан надад Өөрийнх нь зарлигуудыг сахихад туслах болно.

Бурхан дуулгавартай дагахад хэцүү санагдсан үед ч гэсэн бидэнд Өөрийнх нь зарлигуудыг сахихад тусалдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд та эдгээр түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Нифай 2:2–4-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, майхан, хөнжил, нум сум гэх мэт Лихайн гэр бүлийн аглаг буйд руу явахдаа авч явсан байж болох зүйлсийн цөөн хэдэн зургийг үзүүл. Хэрэв тэд гэр орноо орхин, аглаг буйд руу явах ёстой болбол тэдэнд ямар санагдахыг төсөөлөн бодохыг тэднээс хүс. Их Эзэн өнөө үед биднээс Өөрийг нь дуулгавартай дагахын тулд юу хийхийг хүсдэг вэ?

  • Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх дүрснүүдийг өнгөөр будаж, хайчлахад тусалж; тэднийг зургуудаа ашиглан, Нифайн ах нартайгаа хамт гуулин ялтаснуудыг авч байгаа түүхийг дүгнэн ярихыг хүс (1 Нифай 3–4-ийг үзнэ үү). “Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 64–65) дуу болон “4-р бүлэг: Гуулин ялтаснууд” (Мормоны Номын түүхүүд, 8–12; ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү) нь энэ түүхийг ярьж өгөхөд танд тусална.

  • Их Эзэний бидэнд хийхийг зарлигласан зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд туслахын тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулгын 103–115-р зургийг ашигла. Бид Түүнийг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагддаг вэ? Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно (1 Нифай 3:7) гэсэн бичиг бүхий энгэрийн тэмдгийг чимэглэн зүүхэд нь тэдэнд тусал. Энэ өгүүлбэрийг хамтдаа хэд хэдэн удаа давтан хэл.

1 Нифай 3:19–21; 5:19–22

Судрууд бол агуу эрдэнэс юм.

Та судруудыг буюу Бурханы үгийг эрхэмлэн дээдэлдэг болоход нь хүүхдүүдийг хэрхэн өдөөж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та өөртөө маш их үнэ цэнтэй нэг зүйлийг (эсвэл зургийг нь) хүүхдүүдэд үзүүл. Та үүнийг хэрхэн харж, ханддаг талаараа ярь. Лихайн гэр бүлд судрууд нь үнэт эрдэнэ мэт үнэ цэнтэй байсныг тайлбарла.

  • Нифай ах нарынхаа хамт гуулин ялтаснуудыг олж авахын тулд юу хийснийг жүжигчлэн үзүүлж эсвэл ярьж өгөхөд хүүхдүүдийг урь. Жишээлбэл: хол аялж, алт мөнгөө өгч, амиа аврахын тулд агуйд нуугдсан. 1 Нифай 5:21-ийг унш. Судрууд яагаад Лихайн гэр бүлд ийм үнэ цэнтэй байсан бэ? Бид судруудыг хэрхэн үнэт эрдэнэ мэт хайрлаж чадах вэ?

Зураг
Лихай гуулин ялтаснуудыг судалсан нь

Лихай гуулин ялтаснуудыг хүлээн авч байгаа нь, Кларк Кэлли Прайс

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Нифай 2:16, 19–20

Би өөрийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

Та өөрийн гэсэн гэрчлэлтэй болох талаар Нифайн жишээнээс юу сурсан бэ? Та түүний жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нифай эцгийнхээ үгсийн талаар хэрхэн гэрчлэлтэй болсныг олж мэдэхийн тулд хүүхдүүдийг 1 Нифай 2:16, 19-өөс суралцахыг хүс. Нифайн хийсэн үйлдлийг дөрвөлжин шоо юм уу өөр бусад зүйл дээр бичүүлээд, дараа нь эдгээр нь гэрчлэлтэй болоход хэрхэн тусалдгийг харуулахын тулд эдгээр зүйлээр ямар нэгэн юм барьж босгоход тэднийг урь.

  • Та сайн мэдээний талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо хүүхдүүдэд хэл. Тэднийг үүнтэй адил туршлагаасаа хуваалцахад урьж мөн гэрчлэлээ үргэлжлүүлэн бэхжүүлэхийн тулд Нифайн жишээг дагахад урамшуул. Өөрийн гэсэн гэрчлэлтэй байх нь бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

1 Нифай 3:1–8

Би Их Эзэний зарлигуудад итгэлтэйгээр хариулж чадна.

Нифайтай адил хандлагыг бий болгох нь Их Эзэн хэцүү санагдсан зүйлийг хийхийг өөрсдөөс нь хүсэх үед хүүхдүүдэд туслах болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ангийнхныг хоёр бүлэгт хуваарил. Нэг бүлгийг нь Лемен, Лемүел хоёрын Лихайд өгсөн хариултыг (1 Нифай 3:2–5-ыг үзнэ үү), нөгөө бүлгийг нь Нифайн хариултыг (1 Нифай 3:2–4, 7-г үзнэ үү) уншихад урь. Нэг хүүхдийг Лихайн дүрд, бусад хүүхдийг гуулин ялтаснуудыг авахаар Иерусалим руу буцаж явж байгаагаар жүжигчлэн тоглоход урь. Бүлэг бүрийг уншиж байгаа хүмүүсийнхээ дүрд орж, өөрсдийн үгээр хариулахад урь. Бурханы биднээр хийлгэхээр зарлигласан зарим зүйл юу вэ? Бид хэрхэн Нифайтай адил байж чадах вэ?

  • Дуулгавартай байдлын тухай гардаг “Нифайн зориг” эсвэл “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 64–65, 68–69) гэх зэрэг дууг хамт дуулж, бидний Их Эзэнд хэрхэн хариулах ёстойг зааж байгаа үгсийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс.

1 Нифай 3–4

Их Эзэний хүслийг үйлдэхээр эрэлхийлэх үед Ариун Сүнс намайг удирдах болно.

“[Нифай] хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй” (1 Нифай 4:6) байсан ч Сүнсийг дагасан. Та заадаг хүүхдүүддээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нифай ах нарынхаа хамт гуулин ялтаснуудыг авахаар хичээж байгаа түүхийг жүжигчлэн тоглоход хүүхдүүдийг урь (1 Нифай 3–4-ийг үзнэ үү). Нэг хүүхдийг 1 Нифай 4:6-г уншихад урьж, Нифай амжилттай байхад туслах ямар зүйл хийснийг олж сонсохыг ангийнхнаас хүс.

  • Сургууль дээрээ ганцаардаж байгаа хүүхэдтэй найзлах, ах дүүсээ уучлах эсвэл алдаа гаргасныхаа дараа үнэнээ хэлэх гэх мэт Бурханы тэднээр хийлгэхийг хүсэх зарим зүйлийн жишээг хүүхдүүдтэй хуваалц. Эдгээр нөхцөл байдалд Ариун Сүнс тэдэнд хэрхэн тусалж болох талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Бид Бурханыг дуулгавартай дагахад өөрсдөдөө туслуулахын тулд Ариун Сүнсийг хэрхэн урьж чадах вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Зарлигуудыг сахисныхаа төлөө адислагдсан үеийнхээ тухай туршлагаа гэр бүлтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Үүнтэй адил туршлагаасаа хуваалцахыг гэр бүлийнхээ гишүүдээс хүсэхэд нь тэднийг урамшуул.

Заах арга барилаа сайжруулах

Судруудаас суралцахад нь бага насны хүүхдүүдэд тусал. Судруудаас суралцахад нь бага насны хүүхдүүдэд туслахын тулд судрын нэг шүлэг юм уу түлхүүр үгсэд төвлөр. Та хүүхдүүдийг уг үг эсвэл хэллэгийг сонсмогцоо босох юм уу гараа өргөхөд урьж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)