Ирээд, Намайг дага
7-р сарын 13–19. Алма 32–35: “Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь”


“7-р сарын 13–19. Aлма 32–35: ‘Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 13–19. Aлма 32–35,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Хүүхдийн алган дээр байгаа үр

7-р сарын 13–19

Алма 32–35

“Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь”

Та Aлма 32–35-ыг залбиран судалж байхдаа зааж байгаа хүүхдүүдээ бод. Ийнхүү үйлдсэнээр тэдэнд хэрхэн заах тухай бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Тэдгээр сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, үүнийхээ дагуу үйлд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхэд бүрийн нэрийг саванд хий. Хэн нэгнээс нэг нэр сугалахыг хүсээд, уг хүүхдийг Мормоны Номоос хамгийн сүүлд ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад урь. Хүн бүрд хуваалцах боломж олдтол үргэлжлүүл. Гэхдээ тэднээс хуваалцахыг шаардах хэрэггүй.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Алма 32:28–43

Би Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхөд тусалж чадна.

Үр, мод, жимс гэх мэт танил эд зүйлс нь итгэл, гэрчлэл гэх мэт хийсвэр ойлголтыг ойлгоход нь хүүхдүүдэд тусална. Хүүхдүүдэд заахын тулд Алмагийн зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 32:28–43-ыг дүгнэн ярьж өг. Та “29-р бүлэг: Алма итгэл ба Бурханы үгийн тухай номлосон нь” (Мормоны Номын түүхүүд, 81 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Ургалтын янз бүрийн шатанд яваа ургамлын зураг үзүүлээд, зургийг зөв дэс дарааллаар байрлуулахад туслахыг хүүхдүүдээс хүс (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх зургуудыг үзнэ үү). Биднийг сайн мэдээний дагуу амьдрах үед гэрчлэл маань өсдөг. Энэ нь эхлээд үр шиг жижигхэн байж болох ч мод шиг том болох боломжтой гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдэд нэг үр үзүүлээд, тэдэнд Алма 32:28-ын эхний хэдэн мөрийг уншиж өг. Бурханы үг үртэй адилхан гэдгийг хүүхдүүдэд хэл. Бид үрийг ургуулахад хэрхэн тусалж болохыг асуу. Үр суулгаж, усалж, ургахад нь тусалж байгаа дүрийг хүүхдүүдээр үзүүлүүл. Үр суулгасныхаа дараа бид үүнийг харах боломжгүй ч тэнд байгааг нь мөн ургаж байгааг нь мэддэг. Бид мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж чадахгүй ч Тэд амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг нь мэднэ гэдгийг онцлон хэл. Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тус болох хийх зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.

  • Самбарт мод зураад, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд туслахын тулд хийх ямар нэгэн зүйлийг бодох бүрд нэг навч юм уу жимс нэмж зурах боломжийг хүүхдүүдэд олго. Бодсон зүйлийг нь төлөөлсөн энгийн үйлдэл хийхэд тэднийг урь.

Алма 33:2–11; 34:17–27

Намайг залбирахад Тэнгэрлэг Эцэг сонсдог.

Зорамчууд долоо хоногт ганцхан удаа, яг ижил үгийг давтан хэлж залбирдаг байжээ (Алма 31:22–23-ыг үзнэ үү). Бид сүнсний болон бие махбодын бүхий л хэрэгцээнийхээ талаар хэзээ ч хамаагүй залбирч болно хэмээн Алма, Амюлек хоёр заасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 33:4–11 дэх залбирч болох газруудыг дурдсан сонгосон хэсгүүдийг уншаад, залбирч болох газруудынхаа талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэгээд өөрсдийгөө тэдгээр газарт залбирч байгаагаар зурахад тэднийг урь. Тэд дотроо байсан ч гэсэн хаана ч залбирч болно гэдгийг гэрчил.

  • Бидний залбирч болох зүйлсийг дурдсан хэсгийг Алма 34:17–27-оос сонгоод, хүүхдүүдэд уншиж өг. Залбирахдаа Тэнгэрлэг Эцэгт хандан хэлж болох зүйлсийн талаар бодож, тэдгээрийн зургийг зурахад нь тусал. Тэднийг бодож, мэдэрсэн бүх зүйлээ Тэнгэрлэг Эцэгт хэлж болно гэдгийг гэрчил. Тэнгэрлэг Эцэг таны залбирлыг сонсож байсан туршлагаасаа хуваалц.

  • Хүүхдийн залбирал” эсвэл “Бид толгойгоо бөхийн” (Хүүхдийн дууны ном, 6–7, 18) гэх мэт залбирлын талаар хүүхдүүдэд заадаг дууг дуул. Уг дуу залбирлын талаар юу зааж байгааг олж харахад тэдэнд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 32:1–16, 27–28

Даруу байвал Их Эзэн надад зааж чадна.

Алма, Амюлек хоёр Бурханы үгийг сонсоход бэлэн, даруу байсан зорамчуудад амжилттай заасан. Даруу байхыг сонгохын тулд хүүхдүүдийг хэрхэн урамшуулж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өнгөрсөн долоо хоногт зорамчуудын талаар ойлгож мэдсэн зүйлээсээ юу санаж байгааг нь хүүхдүүдээс асуу (Aлма 31:8–24-ийг үзнэ үү). Алмагийн санааг зовоож байсан зүйлийн нэг бол тэдний бардамнал байсныг тэдэнд сануул (Алма 31:24–28-ыг үзнэ үү). Алма 32:1–5-ыг хамтдаа уншаад, ядуу зорамчуудад юу тохиолдсоныг товч хураангуйлахыг хүүхдүүдээс хүс. Дараа нь 12–13-р шүлгийг уншаад, яагаад Алма тэр зорамчуудад синагогоосоо (эсвэл сүмээсээ) хөөгдсөн нь сайн хэмээн үзэж байсныг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Даруу байснаас ирдэг зарим адислал юу вэ?

  • Судруудын удирдамж эсвэл толь бичгээс “даруу байх эсвэл даруу байдал гэсэн үгийн тодорхойлолтыг олоход хүүхдүүдэд тусал. Тэд Алма 32:13–16-аас эдгээр үгийн утга агуулгын талаар өөр ямар сэжүүр олж болох вэ? “Би байснаар даруу байдаг” гэсэн өгүүлбэрийг хэд хэдэн арга замаар гүйцээж хэлэхэд хүүхдүүдийг урь.

Алма 32:26–43

Намайг Есүс Христийн талаарх гэрчлэлээ тордох үед энэ нь өсөн нэмэгддэг.

Бурханы үгийг зүрх сэтгэлдээ “суулгахын” тулд юу хийж болох талаар олж мэдэхэд нь заадаг хүүхдүүддээ тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хатуу эсвэл бардам зүрх сэтгэлийг төлөөлүүлэн хатуу зүйлийг (чулуу гэх мэт), харин зөөлөн эсвэл даруу зүрх сэтгэлийг төлөөлүүлэн зөөлөн (шороо гэх мэт) зүйлийг үзүүл. Хүүхдүүдэд аль алиныг нь барьж үзэх боломж олго. Дараа нь Бурханы үгийг төлөөлүүлэн нэг үрийг хүүхдүүдэд үзүүл. Үрийг хатуу болон зөөлөн зүйл рүү шахаж оруулахад тэднийг урь. Алма 32:27–28-ыг хамтдаа уншаад, Бурханы үгийг зүрх сэтгэлдээ “байрлуулах” (27-р шүлэг) гэдэг нь ямар утгатай болохыг ярилц.

  • Алма 32:26–43-ыг хамт уншиж байхдаа үе үе зогсож, дүрсэлсэн үр эсвэл ургамлын зураг зурахад хүүхдүүдийг урь. Жишээлбэл, үр юм уу суулгац (28-р шүлэг), ургаж байгаа ургамал (30-р шүлэг) болон бүрэн ургаж боловсорсон жимс бүхий ургамал (37-р шүлэг). Зурсан зургуудаа Алма 32 дээрээс олсон эшлэлүүдээр нэрлэхэд тэднийг урь. Үрийг арчлан тордох нь Есүс Христийн тухай гэрчлэлээ тордохтой хэр адилхан бэ? Бид гэрчлэлээ хэрхэн торддог вэ? Гэрчлэл нь хэрхэн өсөж байгаа тухай мөн үүнийгээ арчлан тордохын тулд юу хийх талаараа дотроо бодоход хүүхдүүдийг урь.

Алма 33:2–11; 34:17–27

Намайг залбирахад Тэнгэрлэг Эцэг сонсдог.

Зорамчууд залбирлын талаар буруу ташаа ойлголттой байсан бөгөөд заримыг нь бид өнөө үед ч харж болно. Алма, Амюлек хоёр эдгээр буруу ойлголтоос салах хүчтэй үнэнийг заасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 33:2–11-ээс залбиралтай холбоотой, олон давтагдсан чухал үг, хэллэгийг хайж олоход хүүхдүүдэд тусал. Эдгээр үг, хэллэг нь залбирлын талаар бидэнд юу зааж байна вэ?

  • Өөрийн амьдралын болон Алма 33:4–10, 34:17–27-д дурдсан, залбирч болох нөхцөл байдлуудыг жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Тэдний залбирч байсан үеийн болон Бурхан залбиралд нь хариулж байсан үеийн туршлагынхаа талаар бодоход хүүхдүүдийг урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Боломжтой бол, тэдэнд Есүс Христийн тухай гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхийг сануулахаар хүүхэд бүрд гэртээ авч очин, суулгах үр өг. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар ойлгож мэдсэн зүйлээ гэрийнхэндээ ярихад тэднийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Амлагдсан адислалуудын талаар гэрчил. Та хүүхдүүдийг тодорхой сайн мэдээний зарчмын дагуу амьдрахад урихдаа уг зарчмын дагуу амьдардаг хүмүүст өгсөн Бурханы амлалтын талаар хэлж өг (Аврагчийн арга барилаар заах нь, 35-ыг үзнэ үү).