Ирээд, Намайг дага
9-р сарын 14–20. 3 Нифай 8–11: “Босогтун мөн над дээр нааш ирэгтүн”


“9-р сарын 14–20. 3 Нифай 8–11: ‘Босогтун мөн над дээр нааш ирэгтүн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020 (2020)

“9-р сарын 14–20. 3 Нифай 8–11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Би дэлхийн гэрэл, Жэймс Фүллмэр

9-р сарын 14–20

3 Нифай 8–11

“Босогтун мөн над дээр нааш ирэгтүн”

Та 3 Нифай 8–11-ийг хувиараа судалж байхдаа бичиж тэмдэглэсэн бодол сэтгэгдлээ эргэж харах нь заах санааг төрүүлж болох юм. Доорх саналууд танд илүү олон санааг өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүмүүс заримдаа тэднээс ямар нэгэн тодорхой зүйлийг асуух үед хуваалцах магадлал өндөр байдаг. Жишээлбэл, та ангийн гишүүдийг 3 Нифай 8–11 дээрээс Есүс Христийн зан чанарын талаар өөрсдөд нь заасан ямар нэг зүйлийг хуваалцахад урьж болно. Та энэ урилгыг хэдэн өдрийн өмнө өгч болох бөгөөд тэгснээр тэд хуваалцах бэлтгэлтэй ирнэ.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

3 Нифай 8–10

Хэрэв бид наманчилбал Аврагч биднийг цуглуулж, хамгаалж мөн эдгээх болно.

  • Эдгээр бүлэг нь устгал, сүйрлийн түүхүүдийг агуулдаг боловч тэдгээр нь түүнчлэн Есүс Христэд ойртоход бидэнд туслах сүнслэг хичээлүүдийг заадаг. Та ангийнхныг гурван бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд 3 Нифай 8–10-аас нэг нэг бүлгийг оноон, хүмүүс юу ойлгож, мэдэрснийг дүрсэлж байгаа үгсийг хайн олуулж болох юм. Тэгээд бүлэг бүрээс нэг нэг хүн гарч ирэн, бүлгээрээ олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцаж болно. Эдгээр сүнслэг хичээл бидэнд Аврагчид ойртоход хэрхэн туслах талаар ярилцахад ангийн гишүүдийг урамшуул.

  • Эдгээр бүлэг дэх үнэ цэнтэй захиас нь хамгийн хэцүү бэрхшээл сорилтын үед ч Аврагч бидэнд хайр, нигүүлслээр ханддаг гэдэг захиас юм. Та ангийн гишүүдийг хэцүү бэрхшээлт цагийг туулж байгаа өөрсдийн таньдаг хэн нэгний талаар бодож, уг хүнд тусалж болох үгсийг 3 Нифай 9:13–22 болон 10:1–10 дээрх Аврагчийн үгсээс олоход урьж болно. Ангийн гишүүд түүнчлэн Аврагчийн тэдэнд хүрч туслахыг мэдэрсэн хувийн туршлагаасаа хуваалцаж болно.

3 Нифай 9:19–22

Их Эзэн “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг” шаарддаг.

  • Аврагчийг ирэхээс өмнө амлагдсан нутаг дахь итгэлтэй хүмүүс Мосегийн хуулийг, үүний дотор амьтнаар өргөл өргөх хуулийг дуулгавартай дагадаг байв. Та ангийн гишүүдэд энэ хуулийг илүү сайн ойлгоход туслахын тулд Moсе 5:5–8-ыг товч давтаж болно. Эрт дээр үед яагаад Бурханы хүмүүс амьтныг өргөл болгохоор зарлиглуулсан байсан бэ? 3 Нифай 9:20 дээр Аврагч ямар шинэ зарлигийг өгсөн бэ, бас энэ нь биднийг хэрхэн Түүн рүү болон Түүний золиос руу хандуулдаг вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа өргөлийн хуулийн талаарх эшлэлүүд тусална.

  • Та харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Та самбар дээр харууссан, гэмшсэн болон золиослол гэдэг үгсийг бичсэнээр эхэлж болно. Тэгээд ангийн гишүүдээс эдгээр үг тэдний хувьд ямар утгатайг харуулсан зураг зурахыг эсвэл эдгээр үгтэй холбоо хамааралтай үг, хэллэгийг бичихийг хүсэж болно. Ангийн гишүүд өөрсдийн зурсан зураг, үгс, хэллэгийг хуваалцах үедээ эдгээр нь хэрхэн 3 Нифай 9:19–22 дээр Аврагчийн биднээс хүсэж байгаа зүйлтэй холбоотой талаар ярилцаж болох юм. “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Д.Тодд Кристоффэрсоны эшлэл бас тусалж чадна.

3 Нифай 11:1–17

Есүс Христ бол дэлхийн гэрэл мөн.

  • 3 Нифай 11:1–17 дээр дүрслэгдсэн үйл явдлууд нь Мормоны Номон дахь хамгийн ариун нандин үйл явдлууд юм. Та эдгээр шүлгийг чимээгүй унших цөөн хормыг ангийн гишүүдэд гаргаж өгөхийг бодно уу. Та тэднийг уншиж байх үедээ тунгаан бодох дараахтай адил цөөн асуултыг самбар дээр бичиж болох юм. Хэрвээ та энэ хүмүүсийн дунд байсан бол танд ямар санагдах байсан бэ? Эдгээр шүлгээс Аврагчийн талаарх юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлдэг вэ? Та Есүсийн жишээнээс юу сурч чадах вэ? эсвэл Есүс Христ бол таны Аврагч гэдгийг танд ямар туршлагууд гэрчилж байсан бэ? Та ангийн гишүүдэд бодол, сэтгэгдлээсээ хуваалцах боломжийг олго.

    Зураг
    Есүс өөрийн гар дээрх ормыг нифайчуудад үзүүлж байгаа нь

    Нэг нэгээрээ, Волтэр Рэйн

3 Нифай 11:10–41

Есүс Христ Өөрийн сургаалыг бий болгож, Өөрийн Сүмийг байгуулсан.

  • Өгөөмөр нутагт үзэгдэхдээ Аврагчийн хамгийн эхэнд хэлсэн, хийсэн зүйлсийг анхаарах нь сургамжтай байж магад. Ангийн гишүүд 3 Нифай 11:10–41 дээрх Аврагчийн үгс, үйлдлээс өөрсдийн олж тогтоосон үнэнүүдийг тэмдэглэж, бичиж авч болно. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу ойлгож мэдэх вэ? Бид Түүний Сүмийн талаар юу ойлгож мэдэх вэ?

  • Хүмүүсийн дунд байсан, баптисмтай холбоотой маргааныг төгсгөхийн тулд Аврагч 3 Нифай 11 дээр энэ ёслолын талаар чухал үнэнийг илчилсэн. Эдгээр үнэнийг олж мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд та 21–25, 26–27, 33–34 гэсэн шүлгүүдийг самбар дээр бичиж болох юм. Ангийн гишүүн бүрд нэг, хоёр шүлгийг сонгон, баптисмын талаар зааж байгаа үнэнийг хуваалцахад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Аврагчийн нифайчууд, леменчүүд дээр айлчилсан айлчлал тэдэнд маш ихээр нөлөөлсөн учраас энэ зөрчилдөөнт хүмүүс дараачийн 200 жилд амар амгалан амьдарсан гэдгийг мэдэх нь ангийнханд тань сонирхолтой байж магадгүй (4 Нифай 1-ийг үзнэ үү). Ийм том өөрчлөлт гарахад хүргэсэн байж болох юуг Аврагч хүмүүст заасныг мэдэхийн тулд 3 Нифай 12–16-г судлахад ангийн гишүүдийг өдөөж болох юм.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Золиосын хууль.

Өнөөдөр золиосын хуулийг дагадаг бидний нэг арга замыг ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн тайлбарласан.

“Аврагчийн эцсийн золиосын дараа … [золиослолын хуульд] хоёр өөрчлөлт хийгдсэн. Нэгдүгээрт, тахил өргөх ёслол нь ариун ёслолоор солигдов. Хоёрдугаарт, энэ нь тухайн хүн малаар тахил өргөхөд анхаарал төвлөрүүлдэг байсныг уг хүнд өөр дээр нь анхаарал төвлөрүүлдэг болгож өөрчилсөн юм. Нэг талаар, золиос нь тахил өргөх тухай байснаа тахил өргөгчийн тухай… болж өөрчлөгдсөн.

… Их Эзэн аль нэг хүний мал юм уу үр тариаг шаардахын оронд эдүгээ бурханлаг бус бүх зүйлээ хаяхыг биднээс хүсэн хүлээдэг. …

…Бид ямар ч төлөөс төлсөн бай аминч хүслээ ардаа орхиод, Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавин, Түүнд үйлчлэх гэрээг байгуулах аваас золиосын хуулийн дагуу амьдарч байгаа хэрэг юм” (“The Law of Sacrifice,” Ensign, Oct. 1998, 10).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл: “Жинхэнэ хувийн золиос хэзээ ч тахилын ширээн дээр мал амьтныг тавих явдал байгаагүй. Оронд нь энэ бол бид өөрсдийн дотор тахилын ширээн дээр малаа гаргаж тавиад шатаана гэсэн үг юм!” (“Deny Yourselves of All Ungodliness,” Ensign, May 1995, 68).

Харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэл.

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатайг ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн дүрсэлжээ.

“Та нар Их Эзэнд харууссан эсвэл наманчилсан зүрхтэй болон гэмшсэн эсвэл дуулгавартай сэтгэлийн бэлэг барьж болно. Үнэндээ, энэ нь та хэн болох мөн хэн болж байгаагаа үзүүлсэн буюу өөрийгөө өгч байгаа бэлэг юм.

Та нарт болон та нарын амьдралд бохир юм уу зохисгүй зүйл байна уу? Та нар үүнээсээ салбал энэ нь Аврагчид барих бэлэг болдог. Амьдралд тань дутагдаад байгаа сайн дадал хэвшил юм уу шинж чанар байна уу? Та нар үүнийг зан чанарынхаа нэг хэсэг болгох үедээ Их Эзэнд бэлэг барьж байдаг” (“When Thou Art Converted,” Ensign or Liahona, May 2004, 12).

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийн бусад гишүүнтэйгээ хамтран ажилла. “Ихэвчлэн сайн, муу аль ч байдлаар хүмүүст хамгийн хүчтэй нөлөөлж чадах хүмүүс бол тэдний гэр орныхон байдаг. Сайн мэдээний дагуу амьдардаг амьдралын гол цөм нь гэр орон байдаг учраас хэрэв та … гэр бүлийн гишүүдтэй нь хамтран ажиллах юм бол ангийн гишүүнийг хүчирхэгжүүлэхэд гаргах хичээл зүтгэл тань юу юунаас илүү үр дүнтэй байх болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 8–9).